Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/244

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Г.Эд холбогдох эрүүгийн 2018001130247 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Г.Э /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” баарны урд талаас иргэн Г.Жгийн гээгдүүлсэн 800.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А50 загварын гар утас олж аваад бусдад худалдсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...Тэгээд би нэлээн согтоод 22:00 цагийн орчимд ажлын хүмүүс болох А, С нарын хамтаар гарч таксинд суугаад намайг гэрт хүргэж өгсөн. Би шөнө 02:00 цагийн орчимд гар утсаа хайгаад олоогүй. Миний гар утас Самсунг А-50 загварын цагаан өнгийн, улаан ягаан өнгийн цэцэгтэй, өнгөгүй гэртэй байсан. Би гар утсаа гээгдүүлсэн байх гэж бодож байна. Би өөрийн эзэмшлийн гар утсаа хүлээн авлаа. Миний утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, яг хэвээрээ байна. Надад өөр санал хүсэлт, гомдол санал байхгүй гэх хохирогч Г.Жгийн мэдүүлэг /хх-ийн 6-9/,

- ...Улаанбаатар хотод Монителын гадна хувиараа гар утас авч, зардаг үеэл дүү Б.Оаас 2020 оны 01 дүгээр сард Самсунг А-50 загварын гар утас худалдаж авсан. Надад хэлэхдээ “Монителын гаднаас хүнээс худалдаж авлаа. 9437**** гэсэн дугаартай Дархан-Уул аймгийн залуу байсан. Гар утасны хайрцаг сав нь байгаа, аваарай” гэж хэлсэн. Би Г.Э гэх залуугаас Айпоне-6 плас загварын гар утас авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх гэрч Ч.Бийн мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- ...Би 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр 24-26 орчим насны 172 сантиметр орчим өндөртэй, бор царайтай, халимаг үстэй, Дархан-Уул аймгийн харьяат, ШУТИСургуульд суралцдаг оюутан залуугаас цагаан өнгөтэй, шинэвтэр Самсунг А-50 загварын гар утсыг Айпоне-6 плас загварын гар утсаар сольж авсан гэх гэрч Б.Оын мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- ...манай нөхөр Ч.Б үеэл дүү Б.Оаас Самсунг А-50 загварын гар утсыг 2020 оны 01 сарын сүүлээр 350.000 төгрөгөөр худалдаж авсан гэх гэрч Ц.Бын мэдүүлэг /хх-ийн 16-17/,

- “Капитал зууч” ХХК-ийн “Самсунг А-50 загварын сувдан цагаан өнгийн шинэвтэр гар утас 800.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/,

- Гэрч Ч.Бөөс цагаан өнгийн Самсунг А-50 загварын IMEI:358583103****** дугаартай гар утас 1 ширхгийг хураан авч, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Г.Жд хүлээлгэн өгсөн тухай эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28-29/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Жд 800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гар утсаа буцаан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан гэрч Ч.Бөөс цагаан өнгийн Самсунг А-50 загварын IMEI:358583103****** дугаартай гар утас 1 ширхгийг хураан авч, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Г.Жд хүлээлгэн өгсөн тухай эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28-29/, хохирогч Г.Жгийн “...Би өөрийн эзэмшлийн гар утсаа хүлээн авлаа. Миний утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, яг хэвээрээ байна. Надад өөр санал хүсэлт, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 6-9/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Эийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” баарны урд талаас иргэн Г.Жгийн гээгдүүлсэн 800.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А50 загварын гар утас олж аваад бусдад худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Г.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, багийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 925 дугаартай албан бичиг /хх-ийн 64/ зэргээр нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Эд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Э нь оюутан бөгөөд түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 110.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР