Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/245

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч П.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш овогт П.Тэд холбогдох эрүүгийн 2018000000239 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт П.Т /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...........” ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч П.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.Т нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуут 3 дугаар гудамжны 45-42 тоот хашааны урд талын хоёр урсгалтай төв асфальтан зам дээр 1*-2* ДАР улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан бага насны явган зорчигч Д.Өыг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...гэртээ байж байхад хажуу айлын охин “танай хүүхэд машинд мөргүүлчихлээ” гээд дагуулаад ороод ирсэн. Тэгээд би хүүхдээ дагуулаад мөргүүлсэн гэх газарт нь очиход саарал өнгийн Соната-6 маркийн автомашинтай хэдэн залуучууд “Танай хүүхдийг гэнэт зам дээр гараад ирэхээр нь мөргөчихсөн” гэж байсан. Тэгээд тэр жолоочтой хамт хүүхдээ эмнэлэгт очиж үзүүлэхэд эгэмний яс нь хугарсан гэж хэлсэн.  гэх хохирогч А.Згийн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

- ...2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр цайндаа орчхоод Төөмкөгийн 1*-2* ДАР улсын дугаартай мөнгөлөг өнгийн Соната-6 маркийн машинтай Дархан-2 луу ажил руугаа явж байтал машин гэнэт даялаад зогссон. Тэгээд би “яачхав аа” гэхэд “хүүхэд мөргөчихлөө” гэж Төөмкө хэлсэн. Тэгээд цонхоор харахад бага насны эрэгтэй хүүхэд зам дээр хэвтчихсэн байдалтай байсан гэх гэрч Э.Бийн мэдүүлэг /хх-ийн 22/,

- ...Тэгсэн чинь машин жолоодож байсан Төөмкө “хүүе хүүе” гэж хэлээд зогссон. Тэгтэл бага насны хүүхэд хар зам дээр уйлаад хэвтэж байсан... гэх гэрч Б.Мын мэдүүлэг /хх-ийн 23/,

- ...машины урдуур гурван хүүхэд зам хөндлөн гарч гүйгээд ард явж байсан бага насны хүүхэд нь жолоочийн эсрэг талаар мөргүүлээд газарт унасан... гэх гэрч П.Б-ийн 0мэдүүлэг /хх-ийн 24/,

- Тухайн тээврийн хэрэгслийн хойд тэнхлэгийн баруун талын дугуйн хээ элэгдэж хязгаарлалтын тэмдэгт хүрсэн нь замын хөдөлгөөнд оролцож болохгүй стандартын шаардлага хангахгүй байна гэсэн үг юм. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрээсээ 205:65:15 хэмжээтэй дугуйтай байх ёстой байтал осол болох үед 215:70:16 хэмжээтэй дугуйтай байсан. Тийм учраас стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож осол гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэсэн гэх шинжээч Л.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 26/,

- ...Би тухайн хүүхдийг зам гарч байхыг харсан бөгөөд тухайн хүүхэд буцаад зам руу орохоор нь сандраад хажуугаар нь гарах гэж байгаад тээврийн хэрэгслийн баруун буюу буруу талын урд хэсгээр мөргөсөн... гэх шүүгдэгч П.Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 54/,

- Зам тээврийн осол болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуут 45-42 тоот хашааны урд талын хоёр урсгалтай асфальтан зам байх... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/,

- Шүүгдэгч П.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, явган зорчигч дөрвөн настай Д.Өын асран хамгаалагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар бүлгийн 27.2а-д “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэснийг тус тус зөрчсөн гэх зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх-ийн 10/,

- Шүүгдэгч П.Т нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй гэх тэмдэглэл /хх-ийн 11/,

- “Д.Өын биед зүүн эгэм ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 390 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,

- Д.Өын зүүн эгэм орчимд бага зэрэг хавдартай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31-32/,

- Д.Өын компьютер томографын шинжилгээний хариу, рентген зураг /хх-ийн 25-26/,

- Жолооч П.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан. Явган зорчигч 4 настай Д.Ө өөрөө замын хөдөлгөөнд бие даан оролцох боломжгүй бөгөөд асран хамгаалагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар бүлгийн 27.2а-д “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэснийг зөрчсөн байна гэх 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/,

- П.Тийн жолоодож явсан 1*-2* ДАР улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн бүтэн, техникийн хойд талын тэнхлэгийн дугуйн хээ зөрсөн, элэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс ихтэй байгаа нь осол гарахад нөлөөлсөн. Зам тээврийн ослын шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй гэх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 011 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-47/,

- Жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэх П.Тийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 60/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 4 настай Д.Өын биед зүүн эгэм ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, хохирогч А.З нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан “эмчилгээний 150.000 төгрөгийн хохирлыг П.Т нь барагдуулсан тул надад гомдол санал байхгүй...” гэх хохирогч А.Згийн хүсэлт /хх-ийн 74/, П.Тээс А.Зд 150.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 75/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч П.Тийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуут 3 дугаар гудамжны 45-42 тоот хашааны урд талын хоёр урсгалтай төв асфальтан зам дээр 1*-2* ДАР улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан бага насны явган зорчигч Д.Өыг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч П.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч П.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч П.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагчаас шүүгдэгч П.Тэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.Тийн цалин хөлс, бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Хэргийн хамт ирүүлсэн 11***** дугаартай жолоочийн үнэмлэх, 01781*** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц П.Тэд буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт П.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Тэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн 11***** дугаартай жолоочийн үнэмлэх, 01781*** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц П.Тэд буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Тэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Тэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР