Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 5

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 У.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Эрдэмбаатар,

яллагдагч У.Э-, түүний өмгөөлөгч А.Ариунаа, Г.Наранбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ын өмгөөлөгч Ч.Ням,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,        

                                                                                                                                                                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуугийн гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 16ы өдрийн 1136 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 19 дүгээртэй прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 201626023157 дугаартай У.Э-д холбогдох хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У.Э, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймагт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

У.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ланд” нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнд Д.Д-ийн нүүрэн тус газарт цохиж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: У.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд хэргийг прокурорт буцаах үндэслэлүүдийг дурджээ. У.Э-д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл уг хэрэг бүрэн гүйцэд нотлогдон тогтоогдсон, яллагдагчийн гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд боломжтой гэхэд эргэлзээтэй, тухайлбал гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй, талийгаачид учирсан гэмтлүүд хэний буруутай үйлдлээс үүссэн, ямар ямар гэмтлүүд нь түүнийг үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн зэргийг нарийвчлан шалгах нь зүйтэй. Гэхдээ шүүхийн зүгээс чухам ямар мөрдөн шалгах ажиллагаа хийхийг нэг бүрчлэн зааварчлах нь зохимжгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох

1. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

2. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний ундсэн дээр тогтооно.

4. Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно гэж заасан бөгөөд энэ зүйл хэсгийн 3 дахь хэсэгт заасан заалт нь “...шүүхийн зүгээс чухам ямар мөрдөн шалгах ажиллагаа хийхийг нэг бүрчлэн зааварчлах нь зохимжгүй” гэсэн агуулгад нийцнэ. Иймд өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, хүсэлтийг анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30 дахь заалтад “шөнийн цаг” гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг хэлнэ тодорхойлжээ. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө” гэсэн мөртлөө эрүүгийн хэргийг 12 дугаар сарын 22-ны өдөр үүсгэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно. У.Э-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянгол дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч У.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Эрдэмбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...У.Э-д холбогдох хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичиж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30 дахь заалтад “шөнийн цаг” гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг хэлнэ гэж тодорхойлжээ.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд үзлэгийг 02.05 минутанд эхэлж 03.00 цаг дуусгаж, цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Сарангэрэлд 03.05 минутанд хүлээлгэн өгч, 09-67 УНТ дугаартай машинд өгч явууллаа гэсэн тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын төвд 01.34 минутанд дуудлага ирсэн бүртгэл болон гэрч Б.Базарсадын “...би тэгээд 23 цаг 50 минутын орчим “Засагт хан” дээд сургуулийн шинэ жил болж байгаа газарт ирсэн. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бол гээд банкны эдийн засгийн ангийнхны орсон 203 тоот өрөөнд ороод хартал талийгаач газар дээш харан хэвтсэн 2 гар 2 хөл биеийн дагуу шулуун байдалтайгаар байсан” гэх мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шөнө гарсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг мөрдөн байцаагч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэнийг прокурор хянаад 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэргийн дугаар олгож, мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. Дээрх ажиллагаа нь тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 173 дугаар зүйлийн 3-д заасан “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэсэн бол тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулж, эрүүгийн хэргийн дугаар авна...” гэж заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр прокурорт танилцуулж эрүүгийн хэргийн дугаар авсан болохыг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчдод мэдэгдэнэ” гэж заасан байна. Гэтэл У.Э-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 20 минутанд эхэлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн товийг прокурорт 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цаг 17 минутанд мэдэгдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна.

3. Шүүгчийн 1136 дугаар захирамжид “гэхдээ шүүхийн зүгээс чухам ямар мөрдөн шалгах ажиллагаа хийхийг нэг бүрчлэн зааварчлах нь зохимжгүй юм”, “Өмгөөлөгч нарын гаргасан тайлбар хүсэлтийг анхаарах зүйтэй” гэсэн үндэслэлүүд заасан боловч хэрэгт ямар ажиллагааг хийх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудаар У.Э- нь Д.Д-г алсан гэмт хэргийг үйлдэгдсэн нь хангалттай баримтаар нотлогдсон байхад хэрэгт ямар гэрчийг байцаах, үзлэг хийх, шинжээчийн дүгнэлт гаргах буюу эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх чухам ямар ажиллагаа явуулах нь талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 16.1 дүгээр зүйлийн 14 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хэрэгт хамааралтай гэрч Б.Оюунжаргал, Б.Сүхбаатар, Б.Лхагвадорж, Б.Мягмар нарыг тус бүр 3 удаа, Б.Даянбаатар, Ц.Дарьсүрэнг 2 удаа тус бүр байцаалт авсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэрч шүүх прокурорын дуудсанаар ирж хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу гэрчүүд өөрийн үзэж харсан зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж дүгнэж байна. Тухайлбал:

гэрч Б.Лхагвадорж “...Талийгаачийг Э цохиж байхыг нь би нүдээрээ харсан өөр хэн нэгэнтэй талийгаачийг маргалдаж байгааг би хараагүй. Оюунжаргал миний сууж байсан өрөөнд орж ирээд хэлсэн даруйд нь нөгөө өрөөнд ороход талийгаачийг Э цохиж байгаа харагдсан...”,

гэрч Б.Даянбаатар “...Э бас нэлээд согтсон байсан ба талийгаач ч гэсэн нэлээд согтсон байсан.. Тэгэхэд Оюунжаргал яагаад муудалцаж яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлж байсан...”,

гэрч Б.Мягмар “...Би талийгаачийг хэн нэгэнтэй маргалдаж байгааг хараагүй юу ч гэсэн Оюунжаргал Эд хандаж яаж байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэгээд бужигналдаад байж байсан чинь Э хүүхдүүдийг гарцгаа гээд өрөөнөөс хөөгөөд гаргасан...”,

гэрч Б.Оюунжаргалын “...Тухайн У.Э- дунд зэргийн согтолттой байсан ба талийгаач нэлээд согтсон байсан...У.Э- талийгаачийг шанаан тус газар нь буюу зүүн шанаанд 2 удаа л гараараа цохисон өөрөөр цохиж зодоогүй... Миний мэдэхээр талийгаачийг тухайн өдөр Эгаас өөр хүн цохиж зодсон асуудал байхгүй...”,

гэрч Б.Бекарысын “...Намайг унтаад сэрэхэд Оюунжаргал Эд хандаж чи яагаад энийг цохиж байгаа юм бэ гэж хэлж байсан. Э хариуд нь ямар нэг зүйл хэлээгүй...”,

гэрч Э.Эрдэнэбатын “...Тэр өрөөнд байсан 2 залууд гэмтэл бэртэл шарх сорви харагдаагүй ба бүдүүн залуугийн гар нь баруун гарын сарвууны гадар орчмоор цус болсон бас цамц нь цус болсон байсан... У.Э- гээд байгаа залууг бол гадаа хүмүүстэй маргалдаж байхад нь анх удаа харсан тэгээд л 2 дахиа 203 тоотод харсан...” гэх мэдүүлгүүдээр амь хохирогчийн биед учирсан гэмтлийг У.Энх Амгалан учруулсан болох нь нотлогдсон байна. Дээрх үйлдлийн улмаас талийгаач Д.Д-гийн биед хүнд хохирол учирч нас барсан болох нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 72 дугаар шинжээчийн дүгнэлтээр талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархины зөөлөн бүрхүүл доор цус харваж нас барсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 609 дүгээр хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн шинжилгээний дүгнэлтэд “Талийгаач нь дээрх тархины гэмтлийг аваад ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй.Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт болон шинжээч эмч Т.Амартүвшин “...Талийгаач Д-гийн хувьд тархины гэмтэл авсан даруйдаа ямар нэг үйлдэл хийх боломжгүйгээр үхэлд хүргэнэ. Ховч ясны зүүн их биеийн зөрүүгүй хугарал гэмтэл нь үхэлд хүргэхгүй эмнэлгийн тусламж аваад эдгэрэх боломжтой. Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтлүүд нь 1-2 удаагийн хүзүү эрүүний хэсэгт цохих үед үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон.

Мөн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолд 21 настай эрэгтэй Д- нас барсан гэх хэрэгт шинжээч томилж асуулт тавьсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 72 дугаар шинжээчийн дүгнэлт, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 773 дугаар шинжээчийн дүгнэлт, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 775 дугаар шинжээчийн дүгнэлт, 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 774 дүгээр шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 392, 391 дугаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан цус нь амь хохирогч Д-гийн цус болох нь тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1136 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагч У.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

Яллагдагч У.Э-гийн өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Хэрэгт нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэм хэмжээг зэргийг тодорхой болгоогүй атлаа өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаагүй. Шинжээчийг дахин томилж амь хохирогч хэний, ямар үйлдлийн улмаас нас барсан болохыг тогтоох байсан. Гэтэл хэрэгт гол зодолдож байсан этгээдийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон...” гэв.

 

Яллагдагч У.Э-гийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 15 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд зааснаар гэрч Оюунжаргал, Дарьсүрэн, Сүхбаатар, Нямжав нарын мэдүүлэг зөрүүтэй. Уг мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай. Тухайн гэмт хэрэг онц хүнд гэмт хэрэг учраас хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоосны дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байгаа тул уг зөрчлүүдийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй дахин ажиллагаа хийх шаардлагатай байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан. Уг захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ын өмгөөлөгч Ч.Ням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2 талтай гэж ойлгож байна. Шүүх хэргийг бодит байдлыг мэтгэлцээнд үндсэнд шийдвэрлэх талаар Эрүүгийн хуульд заасан. Гэтэл талийгаачид хүнд гэмтэл учруулсан Сүхбаатар ял завших боломжтой болсон байна. У.Э- хохирогчийн амь насыг хохироосон болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. У.Э- хүний амь насыг хохироосон үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх У.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

У.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх хүсэлт гараагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийн нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзээд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1136 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 19 дүгээртэй прокурорын эсэргүүцлийг ханган У.Э-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч У.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ