Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2017/0023/З/ |
Дугаар | 00007 |
Огноо | 2018-06-25 |
Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болормаа, шүүгч Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны иргэн Б.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах болон Б.Н, Б.Н нарын өмчлөлд Ү-1701000147 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098469 дугаар гэрчилгээ олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлээс өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага” бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ч.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Д нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 3 тоотод гурван айлын орон сууцны баруун үзүүрт оршин суудаг юм. Би энэ орон сууцандаа 1979 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй амьдарч ирсэн бөгөөд 1992 оны өмч хувьчлалаар ягаан тасалбараа трестэд өгч байраа өөрийн болгож авсан юм. Үүнээс хойш өөрийн байрандаа байгаа, оршин сууж байгаа итгэлээр амьдарч ирсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулаагүй байсан юм.
Гэтэл манай 3 айлын орон сууцны 1 тоотод оршин суух Б.Н-ийн нэр дээр 000199891 гэрчилгээний дугаартай, Ү-1701000147 тоот улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрх гурван айлын орон сууцны зориулалттай байшинг нийтэд нь хамруулан бүртгэгдсэнийг Б.Н-ийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэл бусад баримтаас 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр олж мэдсэн юм.
Хууль бус бүртгэл хийсэн улсын бүртгэгч Ц.Д-ын бүртгэлтэй холбогдуулан Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.О-т гомдол гаргасан бөгөөд тус хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/969 тоот албан бичгээр шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Б.Н нь ямар бичиг баримт бүрдүүлж, улмаар улсын бүртгэгч Ц.Д хуульд заасан ямар шаардлагад нийцүүлэн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэснийг ойлгохгүй байгаа бөгөөд тухайн бүртгэлийн өөрт хамаарах буюу тус гурван айлын орон сууцны 3 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Б.Н-ийн нэр дээр өмчлөх эрх үүсгэн бүртгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 000199891 гэрчилгээний дугаартай, Ү-1701000147 улсын бүртгэлийн дугаартай Б.Н-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлээс Б.Д-д хамаарах тус орон сууцны 3 тоотод байрлах орон сууцыг оролцуулан бүртгэснийг хүчингүй болгож миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Миний бие Б.Д нь тус шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ 000199891 дугаартай гэрчилгээтэй, Ү-1701000147 улсын бүртгэлийн дугаартай, Б.Н-г Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр багт байрлах хуучнаар худалдаа бэлтгэлийн трестийн 3 айлын орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлээс өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон юм.
Энэхүү шаардлага дээрээ Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанаас 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр баг, Худалдаа бэлтгэлийн трестийн 3 айлын орон сууцны зориулалттай 108 м2 талбайтай, үл хөдлөх хөрөнгийг Б.Н, Б.Н нарын өмчлөлд Ү-1701000147 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098469 дугаар гэрчилгээ олгосон бүртгэлээс өөрт хамаарах хэсэг болох тухайн орон сууцны 3 тоотод байрлах хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү нэмэгдүүлж байна.
Учир нь маргаан бүхий орон сууцыг анх 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б.Н, Б.Н нарын өмч хэмээн улсын бүртгэлд бүртгэсэн үеэс нэхэмжлэгч Б.Д миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болохыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдэж байна. Б.Н, Б.Н нарын нэр дээр өмчлөх эрх үүсгэсэн бүртгэлийн хувийн хэргээс харахад бүрдүүлэн өгсөн баримтууд нь 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоос өмнөх үед бүрдүүлсэн байх ба 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагаанд маргаан үүсгэх нь миний эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.
Иймд 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б.Н, Н нарын нэр дээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Худалдаа бэлтгэлийн трестийн байранд байршилтай гурван айлын орон сууцны зориуллалттай, 108 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг баталгаажуулан, эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаарт бүртгэгдэж, 000098469 дугаартай гэрчилгээ олгосон өмчлөх эрхийн бүртгэлээс Б.Д-д хамаарах хэсэг буюу тухайн орон сууцны 3 тоотод хамраарах хэсгийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нэхэмжлэгч Б.Д-ийн ач хүү юм. Миний хөгшин ээж Б.Д Хатгал тосгоны худалдаа бэлтгэлийн трестийн байранд 1979 оноос хойш амьдарч байгаа. Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны байр шатаж, архивт байсан баримт бичгүүд устаж үгүй болсны дараа 2017 оны зун манай эмээг газар чөлөөлж өгөхийг шаардсан нэхэмжлэл Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Н гуай өгсөн байсан. Урьд өмнө ийм маргаан гарч байгаагүй, хөгшин ээж маань намайг төрөхөд л энэ гэртээ амьдарч байсныг би мэднэ. Хөгшин ээж маань өмч хувьчлалын үед ягаан тасалбараа худалдаа бэлтгэлийн трестэд өгч Хатгал тосгоны Худалдаа бэлтгэлийн трестийн гурван айлын орон сууцны 3 тоотод байрлах байрыг хувьчилж авсан юм. Б.Д нь 1999 оноос хойш өөрийн оршин сууж байгаа байрны хэсэгт хамаарах газрыг Хатгал тосгоны захирагчийн 34 дүгээр захирамжаар ашиглаж ирсэн бөгөөд газар эзэмших эрхээ 2017 онд баталгаажуулж авсан. Б.Н, Б.Д нар өөр өөрсдийн байрны харгалзах газраа хувааж ашиглаж, эзэмшиж ирсэн боловч урьд нь хамарлаагүй нэг том хашаа байсан, 2017 оны зун дундуур нь хамарласан. Хэрэв Д.Н-ийн хашаа кадастрын зурагт байгаа хэмжээндээ хүрэхгүй байгаа бол манайх хашааныхаа хамрыг дотогш татаж болно. Манай эмээ гурван айлын орон сууцны нэгийг нь өмчлөх эрхтэй болохоо бүртгүүлэхээр Хатгал тосгоны газрын даамал Оюунгэрэлд хандаж баримт бүрдүүлж байсан. Тэр үед Оюунгэрэл гуай танай байшин шиг нурж унах шахсан актлагдсан байранд үл хөдлөхийн гэрчилгээ олгодоггүй юм гэж хэлсэн. Тэгээд л үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлж чадаагүй. Харин аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр өргөдөл гаргаж байгаагүй. Нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Д-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаарт бүртгэгдсэн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр баг, /хуучнаар худалдаа бэлтгэлийн трестийн байр/ хаягт байрлалтай 108 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.Н бүртгэлтэй байгаа бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг анх 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Н, Б.Н нар нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйл, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.2, 4.3-т заасан материалыг бүрдүүлж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна. Мөн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн иргэн Б.Нямаа /РХ53061504/-ийн өмчлөлд шилжсэн бүртгэлтэй байна. Дээрх бүртгэлүүд нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д заасны дагуу бүртгэгдсэн болно. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр бүрдүүлж өгсөн баримтуудаас үзэхэд бүхэлдээ Б.Н-ийн өмч байгаа тул Б.Д-д хамаарах хэсэг буюу тухайн орон сууцны 3 тоотод хамаарах хэсгийг хүчингүй болгох боломжгүй болно. Холбогдох материалыг хавсаргав” гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.О нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа: “... эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаарт бүртгэгдсэн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр баг, хуучнаар худалдаа бэлтгэлийн трестийн байр хаягт байрлалтай 108 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.Н бүртгэлтэй байгаа бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг анх 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Н, Б.Н нар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.2, 4.3-т заасан материалыг бүрдүүлж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна. Мөн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн иргэн Б.Н-ийн өмчлөлд шилжсэн бүртгэлтэй байна. Дээрх бүртгэлүүд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамд заасны дагуу бүртгэгдсэн болно. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр бүрдүүлж өгсөн баримтуудаас үзэхэд бүхэлдээ Б.Н-ийн өмч байгаа тул Б.Д-д хамаарах хэсэг буюу тухайн орон сууцны 3 тоотод хамаарах хэсгийг хүчингүй болгох боломжгүй болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаарт бүртгэгдсэн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр баг, худалдаа бэлтгэлийн трестийн байр буюу 108 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.Н бүртгэлтэй байгаа бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг анх 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Н, Б.Н нарын нэр дээр бүртгэсэн байдаг. Энэхүү гурван айлын орон сууц нь төрөөс иргэдэд хувьчилсан орон сууц гэж байгаа боловч өмч хувьчлалаар олгосон тухай эрх бүхий этгээдийн тогтоол, шийдвэр байдаггүй. Хэрэв төрөөс иргэдэд өмчилсөн орон сууц бол заавал өмч хувьчлалын комиссын тогтоол ч юм уу ямар нэгэн эрх бүхий этгээдийн шийдвэр байх ёстой. Гэтэл Б.Н, Б.Н нар 2010 онд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ уг гурван айлын орон сууцыг өмч хувьчлалаар авсан тухай ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байхад бүртгэл хийсэн нь буруу. Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны дарга П.М-гийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолтыг үндэслэн Б.Н, Б.Н нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэх ёсгүй байтал бүртгэсэн нь буруу болжээ. Тосгоны захирагчийн ажлын албаны дарга бол иргэний хувьчлалаар авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг нотолдог субьект биш. Шүүхэд улсын бүртгэлийн маргаан үүссэний дараа гуравдагч этгээд Б.Н нь Хөвсгөл аймгийн Хатгал суман дахь Илч хоршооны даргын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай тушаалыг манай улсын бүртгэлийн байгууллагад канондаж өгсөн. Гэхдээ нотариатаар гэрчлүүлээгүй байсан. Энэ баримтыг анх 2010 онд улсын бүртгэлд Б.Н, Б.Н нарын өмчлөх эрхийг бүртгүүлэхэд, дараа нь Б.Н-ийн нэг хүний өмчлөлд бүртгүүлэхэд гаргаж өгөөгүй байж байгаад шүүхэд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн маргаан үүсгэсний дараа ирүүлсэн. Гэхдээ манай байгууллага асуудлыг шүүхээр шийдэх хүртэл бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэж байгаа. Хэрэв анх өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ энэ баримтаа өгсөн бол манай улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл үндэслэлтэй байж болох талтай. Ер нь өмчлөх эрхийн маргаан үүссэн тохиолдолд шүүхээр шийдвэрлэсний дараа улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой. Нэхэмжлэгч Б.Д, гуравдагч этгээд Б.Н нарын хэн аль нь өмч хувьчлалаар орон сууцаа авсан гэдгээ нотолж чадаагүй. Өмчлөх эрхийн маргаан шийдэгдсэний дараа манай байгууллага бүртгэл хийхэд татгалзах зүйлгүй. Б.Д нь орон сууцаа өмчлөх тухай мэдүүлэг гаргаж хандаж байгаагүй” гэв.
Гуравдагч этгээд Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Хатгал тосгоны өндөр настан эмэгтэй, Б.Н би 1953 онд Хатгалд төрсөн. Миний ээж Бадам 1965 оноос Худалдаа бэлтгэлийн трестэд 25 жил ажиллаад 1990 онд тэтгэвэртээ гарсан. Амьдралын эрхээр манайх 1965 оноос Худалдаа бэлтгэлийн трестийн ажилчдын байранд амьдарч ирсэн.
1982 онд Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа төлөөлөгчийн газрын ажилтнуудын байр гэх, одоогийн амьдарч байгаа 3 айлын сууцанд орсон. 1992 онд өмч хувьчлал явагдаж Худалдаа бэлтгэлийн трест Түүхий эд, Худалдаа, Нийтийн хоол гэж 3 хуваагдсан ба “Тулга”, “Түшиг”, “Илч”, хоршоо болж хуваагдахад миний амьдарч байгаа 3 айлын сууц “Илч” хоршоо буюу нийтийн хоолны харьяа мэдэлд шилжсэн. Би тогтооч байсан тул “Илч” хоршооны гишүүн болсон. Энэ үед 3 айлын байранд жолооч Даваадалай, Б.Д нар манайхтай хамт байсан. 1994 онд хоршоо тарж хөрөнгөө хуваахад манайх 3 айлын сууцыг 9 хүний 27 ширхэг ягаан тасалбараар худалдаж авч өөрийн болгосон. Б.Д худалдааны хоршоо буюу “Тулга”-д орсон тул манай байрнаас гарч Ц.О даргынхтай, Худалдаа бэлтгэлийн трестэд шинэ байранд орсон юм. Гэтэл 1994 оны намар Б.Д эргэн ирж манай ээжээс “Намайг байрандаа оруулаач Ц.О-ийнх юмыг минь гадаа гаргаж овоолоод намайг хөөчихлөө гэсээр уйлан гуйхад нь ээж минь өрөвдөөд байрандаа оруулсан юм.
2010 онд 3 айлын сууцандаа Үл хөдлөх хөрнгийн гэрчилгээ гаргуулан авсан ба 43 м2 газар эзэмших гэрчилгээ нь 1998.06.25-ны А/34 тоот шийдвэрийг үндэслэж газраа өөрийн болгож 0003818 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэж
Ингээд Б.Н миний бие Ү-1701000147 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 3 айлын сууцны 1 айлын сууцыг ихэнх газрын минь хамтаар миний байранд анх гуйж орсон Б.Д хууль бусаар булаан авах гэж завдаж байгаад маш их гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ээж Б.Н нь Хатгал хотын худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн трест хувьчлагдан гурван өөр хоршоонд хуваагдахад Илч хоршоонд шилжсэн. Хөвсгөл аймгийн Хатгал суман дахь Илч хоршооны даргын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Худалдаа бэлтгэлийн трестийн гурван айлын орон сууцыг хувьчилж авсан юм. Өмч хувьчлалын 3000 төгрөгийн ягаан тасалбараа нийлүүлж 9 хүний 27 ягаан тасалбараар уг орон сууцыг 1994 онд хувьчилж авсан. Б.Д нь Худалдаа бэлтгэлийн трест тарахад өөр хоршоонд хуваагдаж ажиллаж байгаад орох оронгүй болж манай ээжийн хувьчилж авсан гурван айлын орон сууцны нэг айлын сууцанд гуйж амьдарсан. Б.Д гуайг адилхан хөгшин настай хүн гэж өрөвдөөд хорь гаруй жил хөлс мөнгө авалгүй амьдруулж ирсэн. Манай гурван айлын орон сууц нэг том хашаатай байсан. Гэтэл өнгөрсөн зун Б.Д-ийн хүүхдүүд гэнэт л дундуур нь хамар хашаа бариад манай ээжийг жорлонгүй ч үгүй болгочихсон. Б.Д нь Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны байр шатаж архивын баримт бичгүүд шатсаны дараа зориуд маргаан гаргаж байна. Манай ээж Б.Н нь Худалдаа бэлтгэлийн трестийн гурван айлын орон сууцыг ягаан тасалбараар хувьчилж авсныг Мөнгөн ширээ ХЭАА-н дарга байсан Хүрэлбаатар гэрчилнэ. Тэр хүн манай ээжийг байраа хувьчилж авахад нь хамт машинаа хувьчилж авч байсан юм билээ. Хөвсгөл аймгийн Хатгал суман дахь Илч хоршооны даргын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тушаалыг 2017 онд Хүрэлбаатар гуай хадгалж байсан бөгөөд түүнээс энэ тушаалыг авсан юм. Анх улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхэд Хөвсгөл аймгийн Хатгал суман дахь Илч хоршооны даргын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тушаал бидэнд байгаагүй учраас улсын бүртгэлд гаргаж өгөөгүй юм. Харин өнгөрсөн жил Хүрэлбаатар гуайгаас уг тушаалыг олж авсан. Талийгаач эгч Б.Н маань яагаад кадастрын зураг гаргуулан авахдаа 0,08 га гэж гаргуулсныг мэдэхгүй байна. Тухайн үед банкнаас зээл авахын тулд газрынхаа хэмжээг багасгаж кадастрын зургаа тэгж гаргуулсан байх гэж бодож байна. Манай ээжийн гурван айлын орон сууц нэг л том хашаатай байсан. Б.Д нь 1999 оноос хойш тэр хашааны газрын хагасыг ашиглах эрхтэй байсан гэдгийг нотолсон баримт байхгүй. Хатгал тосгоны захирагчийн 1999 оны 34 дүгээр захирамжийн хавсралт байхгүй болохоор Б.Д газар ашиглах эрхтэй байсан гэдэг нь нотлогдохгүй байна. Газрын даамал Оюунгэрэл нь Б.Д 1999 оноос хойш газар ашиглах эрхтэй байсан мэтээр будлиантай мэдүүлэг өгснөөс болоод энэ маргаан үүсч байна. Оюунгэрэл дээр үед Б.Д-ээр хүүхдээ харуулдаг байсан болохоор түүний талд худап мэдүүлэг өгч байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.М “Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн буруутай үйл ажиллагаа харагдаж байна. ...” гэв.
Шүүх хэргийн оролцогч болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д-ийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б.Н, Б.Н нарын өмчлөлд Ү-1701000147 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098469 дугаар гэрчилгээ олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлээс өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж,
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгэл үнэн зөв байх зарчмыг баримтлахаар хуульчилжээ.
Анх Хатгал тосгоны иргэн Б.Нямаа нь 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Хатгал тосгоны 1 дүгээр баг, Худалдаа бэлтгэлийн трестийн гурван айлын орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхээр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, хамтран өмчлөгч Б.Н-ийн хамт, улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авчээ.
Дараа нь гуравдагч этгээд Б.Н талийгаач Б.Н-ийн өвлөгч болохын хувьд дээрх Ү-1701000147 эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг нэг хүний өмчөөр бүртгүүлж 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээгээ шинэчлэн авсан байна.
Иргэн Б.Н нь хамтран өмчлөгч Б.Н-ийн хамт Хатгал тосгоны худалдаа бэлтгэлийн трестийн гурван айлын орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахдаа уг байрыг хувьчилж авсан хэмээгээд Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны дарга П.М-ийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолтыг хавсарган өгчээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Улсын бүртгэгч дараахь эрх, үүртэй байна: 11.5.1.улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гургуулан авах”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13.5-д “Мэдүүлэгт … дараахь баримт бичгийг хавсаргана: 13.5.1. тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэж тус тус заасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны дарга П.М-ийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолтыг үндэслэн Б.Н, Б.Н нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэх ёсгүй байтал бүртгэсэн нь буруу болжээ. Тосгоны захирагчийн ажлын албаны дарга бол иргэний хувьчлалаар авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг нотолдог субьект биш” гэх тайлбар, Б.Н-ийн 2010 онд анх өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ бүрдүүлсэн баримт бичгүүд зэргээс үзэхэд Б.Н, Б.Н нар нь Хатгал тосгоны худалдаа бэлтгэлийн трестийн гурван айлын орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг нотолсон ямар нэгэн баримт мэдүүлэгтээ хавсаргаж өгөөгүй байхад тэдний өмчлөх эрхийг бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.5.1-д заасанд нийцээгүй байх ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан бүртгэл үнэн зөв байх зарчмыг зөрчсөн, улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байна.
БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “Улсын үйлдвэрийн газрын захиргаа нь зохих шатны өмч хувьчлалын комиссын шийдвэрийн дагуу үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ”, 9 дүгээр зүйлд “Эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь хувьчилсан эд хөрөнгийн шинэ өмчлөгчийн эрхийг нотолсон гэрчилгээ олгоно”, 12 дугаар зүйлийн 3-т “Эрхийн бичгийн хууль ёсны эзэмшигч нь хувьчлах эд хөрөнгө худалдан авах эрх (бичиг)-ээ бусдад хариу төлбөртэй ба үнэ төлбөргүйгээр шилжүүлэх эрхтэй” гэж тус тус заасан.
Хэрэв Б.Н нь БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн дагуу Хатгал хотын /хуучин нэрээр/ Худалдаа бэлтгэлийн трестийн гурван айлын орон сууцыг хувьчлах эд хөрөнгө худалдан авах эрх (бичиг) буюу ягаан тасалбараар худалдан авсан бол үүнийгээ нотолсон гэрчилгээ, эрх бүхий этгээдийн шийдвэрийг Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэгтээ хавсаргах ёстой. Гэтэл ийнхүү нотолсон баримтыг үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгтээ хавсаргаж өгөөгүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.5.1-д заасныг зөрчиж байна.
Хэдийгээр гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Хатгал хотын /хуучнаар/ Худалдаа бэлтгэлийн трестийн гурван айлын орон сууцыг Илч хоршооны дарга Д.Ганбатын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар хувьчлан авсан, уг тушаалыг Мөнгөн ширээ хоршооны дарга Ц.Х-аас 2017 онд авч хуулбарыг 2017 онд Улсын бүртгэлийн газарт нөхөн бүрдүүлж өгсөн” хэмээн тайлбарлаж байгаа боловч Б.Н, Б.Н нарын өмчлөлд эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл болон түүнийг үндэслэн Ү-1701000147 эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг нэг хүний өмчөөр Б.Нямаагийн нэр дээр бүртгэсэн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Учир нь гуравдагч этгээд Б.Н, Б.Н нар анх 2010 онд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэгтээ Худалдаа бэлтгэлийн трестийн гурван айлын орон сууцыг Илч хоршооны дарга Д.Ганбатын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаалыг хавсаргаж өгөөгүй,
Гэрч Ц.Хүрэлбаатар шүүхэд өгсөн мэдүүлэгт Илч хоршооны дарга Д.Ганбатын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаалыг гуравдагч этгээдэд өгсөн талаар дурдаагүй,
Хатгал хотын /тухайн үеийн нэрээр/ Худалдаа бэлтгэлийн трестийн дарга Цүлтэмжамц овогтой Очирпүрэв Хатгал хотын 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дуудлага худалдаагаар тус худалдаа бэлтгэлийн трестийг 2640 тасалбараар худалдан авсан болох нь Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 36 дугаар “Эд хөрөнгө эзэмшүүлэх тухай” тогтоолоор нотлогдож байгаа,
Дээрх дуудлага худалдаанд Худалдаа бэлтгэлийн трестийн санаачилгын комиссын дарга буюу эдийн засагч Далх овогтой Ганбат /Илч хоршооны дарга гэх/ оролцож ялагдсан,
Гэрч Ц.Очирпүрэвийн “Анх 1991 онд өмч хувьчлалд орсон. Тэгээд ажилтнуудын нийтийн орон сууцыг дуудлага худалдаанд оруулалгүйгээр эрхийн бичиг /ягаан тасалбар/ байгууллагадаа нийлүүлснээр байрыг өгч байсан. Б.Д 5 ам бүлтэй, 1 хүнд гурван тасалбар гээд 15 ягаан тасалбараар байрыг өмчлүүлж шилжүүлсэн. Б.Д-г трестийн байраар явж байгаад л байраа эзэмшиж авсныг би сайн мэдэж байна. 1992 онд хувьчлагдаад хувьд очсон байр бөгөөд 1994 онд Илч хоршоонд очсон байх ямар ч боломжгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Оюунгэрэл, гэрч П.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар Б.Д нь маргаж буй үл хөдлөх хөрөнгийн оршин байгаа газарт газар ашиглах эрхтэй байсан /Хатгал тосгоны төвийн газар улсын тусгай хамгаалалттай байх үед/ бөгөөд одоо газар эзэмших эрхтэй байгаа, Б.Н-ийн 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн нэгж талбарын кадастрын зураг, Б.Д, Б.Н нарын хэн алинд нь газар эзэмшүүлсэн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн талаар гуравдагч этгээд маргаагүй зэргээс үзэхэд гуравдагч этгээдийн “Илч хоршооны дарга Д.Г-ын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар Худалдаа бэлтгэлийн трестийн гурван айлын орон сууцыг хувьчлан авсан” гэх тайлбар эргэлзээтэй болж байна.
Иймд нэхэмжлэгч Б.Д Хатгал хотын /хуучин нэрээр/ худалдаа бэлтгэлийн трестийн гурван айлын орон сууцны нэг айлын хэсгийг өмчилж авсан уу, эсхүл гуравдагч этгээд Б.Н уг гурван айлын орон сууцыг гурвууланг нь өмчилж авсан уу гэдгийг иргэний журмаар тогтоолгох нь зүйтэй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “... эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасан тул дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Б.Д-ийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”, “Б.Н, Б.Н нарын өмчлөлд Ү-1701000147 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098469 дугаар гэрчилгээ олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлээс өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ хариуцагчийн буруутай үйлдэл байна гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг баримтлан Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Н, Б.Н нарын өмчлөлд эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн улсын бүртгэл болон түүнийг үндэслэн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА
ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ
.