Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0672

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

“Б” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Д.Г, хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 576 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын дагуу “Б” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газар, тус газрын хяналт, шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагчид тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 576 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.4, 9.4, 16 дугаар зүйлийн 16.3, 16.3.4, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.6 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх заалтуудыг тус тус баримтлан “Б” ХХК-ийн Татварын ерөнхий газрын хяналт, шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Б.Э нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0178651 тоот шийтгэлийн хуудасны хадгаламжийн хүүгийн орлогод ногдох албан татварыг дутуу ногдуулж төсөвт төлж тайлагнаагүй зөрчилд 89,958,532.20 төгрөг, бусдад олгосон хөдөлмөрийн хөлс шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган төсөвт төлөөгүй зөрчилд холбогдох 8,721,372 төгрөгийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан гомдол гаргагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Б.Г нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсанд заагдсан буюу албан татвар дутуу ногдуулсан болон төсөвт төлж тайлагнаагүй гэх нийт 599,723,547 төгрөгийн орлогоос, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн бүх хэсэгт заасныг баримтлан хасагдах зардал /2016, 2017 оны татварын тайлангийн алдагдал 558,455,558 төгрөг/-ийг хасаж тооцоогүй учраас ногдуулж байгаа татвар, торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 2016, 2017 оны алдагдлыг тооцож татвар ногдуулах ёстой байтал, хасалгүйгээр 55,845,455 төгрөгийн татвар илүү ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

Тухайн үеийн хяналт шалгалт хийж шийтгэл оногдуулах үед мөрдөгдөж байсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”-ийн 12 дугаар зүйл, шинэчлэгдэн батлагдаж мөрдөгдөж байгаа “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”-ийн 13 дугаар зүйлд “Татвар ногдох орлогоос хасаж тооцох зардлуудыг хуульчилсан” бөгөөд хуулийн энэ заалтаар манай компанийн татвараас хасагдах зардлыг хасаж тооцолгүй бидний эрх ашгийг илт зөрчсөн болно. 

Хяналт шалгалтын явцад бид энэ хасагдах зардлын талаар тайлбар мэдүүлэг, хүсэлтээ гаргахад Татварын улсын байцаагч Ц.Б нь энэ хасагдах зардлыг хасаж болно гэж хүлээн зөвшөөрч байсан бөгөөд эцсийн байдлаар дүгнэлт гаргахдаа 2016, 2017 оны татварын тайлангийн алдагдлыг хасалгүй гаргасан байгаа юм. /ямар шалтгаанаар хасаагүй нь тодорхойгүй/

2. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нарын шийтгэлийн актад заасан бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөхгүй байх гэсэн үндэслэлээр ногдуулсан нийт 59,166,417 төгрөгийн нөхөн төлбөрт оногдуулсан 5,916,641 төгрөгийн нөхөн татвар нь “Б” ХХК-ийн үйл ажиллагаатай хамааралгүй орлогыг тус компанийн үйл ажиллагаанд хамааруулсан нь хүлээн зөвшөөрөхгүй байх нэг үндэслэл болж байгаа. Энэ татвар ногдуулсантай тэнцэх хэмжээний ажил, үйлчилгээг бусдад үзүүлсэн тухай үйл баримт нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй, нотлогдохгүй байгаа учир нөхөн татвар ногдуулсан нь илт үндэслэлгүй байна гэж гомдол гарсан.

Мөн дээрх шалгалтаар 2015 онд 51,075,509, 2016 онд 3,545,451, 2018 онд 4,545,454 төгрөг нийт 59,166,417 төгрөгийг Монгол улсын болон Солонгос улсын иргэдэд мөн Ц, О гэдэг иргэдэд олгон татвар авч төсөвт төлөөгүй байна гэж үзэж 5,916,641 төгрөгийн нөхөн татвар, 1,720,447 төгрөгийн торгууль, 1,084,282 төгрөгийн алданги, нийт 8,721,372 төгрөгийн төлбөр ногдуулсан. Дээрх баримтууд нь нярав Х.Э-ийн хувийн тэмдэглэл, бусдад шилжүүлсэн шилжүүлэг дээр үндэслэн тавигдсан болно. 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1-ийн 3-д анхан шатны баримт гэж “ажил үйлчилгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэл, төлбөр төлсөн баримтыг хэлнэ, мөн хуулийн 13.5-д анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурна, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. 13.7-д анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэж заасан байгаа . 

Тухайн үед буюу 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Авилгатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд “Б” ХХК-ийн байранд орж бүх хүний ажлын болон хувийн тэмдэглэл компьютер бичиг цаасыг авч явсан байдаг. Тус компанийн нярав Х.Э 8 дугаар ангийн боловсролтой бөгөөд хувийн тэмдэглэлдээ компанитай холбоогүй хувийн гэж болох зүйлсийг хөтөлсөн байсныг санхүүгийн баримтад тооцож татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. “Б” ХХК-д хамааралгүй баримтаар нотлогдохгүй зүйл дээр тавигдсан татварыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. 

“Б” ХХК нь 2015 онд Монгол Улсын Засгийн газраас хөнгөн үйлдвэрүүдэд зориулж гаргасан 6,5 тэрбум төгрөгийн зээлийг Голомт банкаар дамжуулан авсан. Энэхүү зээл нь яам, банк, аж ахуйн нэгж гурвалсан гэрээгээр зөвхөн үндсэн үйл ажиллагаанд зарцуулах заалттай бөгөөд зориулалтын бусаар ашиглавал арилжааны банкны зээлийн хүү рүү шилжих нөхцөлтэй олгогдсон юм. 

Тухайн үед малын гаралтай арьс ширний үнэ зах зээлд унасан учир үлдэгдэл 3,2 тэрбум төгрөгийг эдийн засаг сайжиртал банк гаргах боломжгүй гэж зогсоосон. Үүнээс үүдэн энэ мөнгөний хүүг хэн яаж төлөх вэ гэдэг асуудал үүссэн. Компани нэгэнт ашиглаагүй мөнгөний хүүг төлөх боломжгүй тул банктай зөвшилцөж энэ мөнгөний хүүнд тохирсон тусгай хадгаламжид байршуулсан. Энэ мөнгө нь жилийн 10,4% -11%-ийн хүүтэй байсан. Хэрэв компани ашиг олох сонирхол байсан бол сарын 3%, жилийн 36% хүүтэй хадгалуулж болох байсан. Тухайн үед банкны ердийн хадгаламжийн хүү ийм л байсан. Гэвч энэ мөнгө зөвхөн үндсэн үйл ажиллагаанд зарцуулах ёстой бөгөөд ашиглаж чадахгүй байгаа, банк бидэнд гаргаж өгөхгүй байгаа 3,2 тэрбум төгрөгтэй холбоотой тусгай хадгаламж юм. Татварын улсын байцаагч нар дээрх үндсэн үйл ажиллагаанд зориулж авсан зээлийг нийтлэг хувь, хэмжээгээр тооцолгүйгээр, тусгай хувь, хэмжээгээр тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. 

Энэ нь илтэд хүү олох зорилготой хадгаламж биш, үндсэн үйл ажиллагаанд зориулагдах зээл юм. Үндсэн үйл ажиллагаанд ашиглаж чадаагүй 3,2 тэрбум төгрөгтэй холбоотой орлого ба тусгай хувь хэмжээнд яагаад ч хамаарахгүй юм. 599,726,548 төгрөгөөс компанийн алдагдалтай ажилласан онуудын нийт алдагдал 558,455,558 төгрөгийг хасаж тооцох нь тэнцвэртэй байдлыг хадгалах зарчимтай тохирч байгаа юм.

 Тухайн үед тус компанийн захирал Р.Б нь бусад хүмүүстэй нийлж  Ховд аймагт нөхөн сэргээлтийн ажил хийж байсан бөгөөд энэ асуудлыг хуулийн байгууллагаас шалгах явцдаа энэ ажилд ямар ч хамааралгүй “Б” ХХК-ийн санхүүд Авлигатай тэмцэх газраас 2 удаа татварын шалгалт оруулж заавал зөрчил гарга гэсэн шахалтаар ийм нөхөн татварыг тавьж байна гэж ойлгогдож байгаа. 

Мөн Авилгатай тэмцэх газар Нийслэлийн Прокурорын газраас дээрх 3,2 тэрбум төгрөгийг Р.Б-ийн хувийн өмч гэж үзээд, битүүмжлээд, хөдөлгөөнийг хязгаарлаж, шүүхэд шилжүүлээд байна. 

Компанийн дээрх зээлийн хугацаа 2020 оны 8 дугаар сард дуусаж тухайн зээл эргэн төлөгдөж чадахгүй битүүмжлэлд ороод компани санхүүгийн байдал маш хүнд нөхцөлд ороод байна.

 Энэ мөнгийг эрүүгийн хэрэгт хувь хүний өмч гээд шүүхээр шийдвэрлэх гээд байдаг нөгөө талаас “Б” ХХК-ийн өмч гэж үзээд хууль бус байдлаар татвар тавиад байна. 

Энэ 3,2 тэрбум төгрөгийн асуудал эрүүгийн хэрэгтэй хамт хэрхэн шийдэгдсэний дараа татвар ногдуулах эсэхийг шийдэх шаардлагатай байдал үүсээд байгааг давж заалдах шатны шүүгч нар анхаарч үзнэ гэж найдаж байна .

Ийм нөхцөл байдлууд байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаж, 128/ШШ2021/00576 дугаартай шийдвэрээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2021/00576 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Гомдол гаргагч “Б” ХХК Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Б. Э нарын нийт 7 төрлийн зөрчилд 92,277,349.00 төгрөгийн нөхөн татвар, 33,938,858.00 төгрөгийн торгууль, 20,572,526.00 төгрөгийн алданги, нийт 146,968,734.70 төгрөгийн шийтгэл ногдуулсан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 360178651 дүгээр шийтгэлийн хуудасны 4 төрлийн зөрчлийг буюу 759,414,722.87 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч  маргажээ.

“Б” ХХК дээрх шийтгэлийн хуудасны холбогдох хэсгүүдийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх боловч тус зөвлөл 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар гомдлыг хянан хэлэлцээд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудасны “хүүгийн орлогод ногдох албан татварыг дутуу ногдуулж, төсөвт төлж тайлагнаагүй зөрчил болон бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган төсөвт төлөөгүй” гэх зөрчлүүдэд холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасныг хүлээн авах үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт шийдэл үндэслэл бүхий болжээ.

Хүүгийн орлогод ногдох албан татварыг дутуу ногдуулж, төсөвт төлж тайлагнаагүй” гэх зөрчлийн тухайд нэхэмжлэгчээс “2016, 2017 оны татварын тайлангийн алдагдал 558.455.558 төгрөгийн хасагдах зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар татвар ногдох орлогоос хасаж тооцоогүй, манай компани ямар ч хүүгийн орлого олоогүй, хадгаламжаас ашиг олоогүй, уг мөнгө зээлд зарцуулагдаж байсан” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Б” ХХК нь Арьс шир худалдаж авах, эцсийн бүтээгдэхүүн худалдан авах, тоног төхөөрөмж шинэчлэх зорилгоор Хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд Голомт банкнаас авсан 6.5 тэрбум төгрөгийн зээлээс 4 тэрбум төгрөгийг тус компанийн захирал Р.Баатархүүгийн Голомт банкин дахь хадгаламжийн данснуудад байршуулж, улмаар бодогдсон хүүгийн орлогыг санхүү, татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй болох нь тогтоогдсон гэж үзсэн, улмаар уг зөрчилд шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “хүүгийн орлого”, 9.4-д “энэ хуулийн 9.1.4-т заасан хүүгийн орлогод зээлийн хүү, харилцах дансны үлдэгдлийн хүү, мөнгөн хадгаламжийн хүү, ... хамаарна” гэж, мөн 16 дугаар зүйлийн 16.3.4-д “хүүгийн орлого”-ийн нийт дүнгээс 17 дугаар зүйлийн 17.2.6 дахь заалтад зааснаар 10 хувиар тооцож татвар ногдуулна” гэж заасантай нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Гомдол гаргагчаас маргаан бүхий актын “бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган төсөвт төлөөгүй” гэх зөрчилтэй холбоотой хэсгийг эс зөвшөөрч маргасантай холбогдуулан анхан шатны шүүх “татвар төлөгчөөс шүүхэд татварын улсын байцаагчийн энэ талаарх зөрчил гэж үзсэн үндэслэлтэй холбогдуулан үгүйсгэх баримтуудыг гаргаагүй тул төлбөр ногдуулсныг буруутгах үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй.

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна”, 8.1.1-д “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”, 11 дүгээр зүйлийн  11.1-д “Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараахь орлого хамаарна”, 11.1.6-д “үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого” гэж тус тус хуульчилсан.

Татварын улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 360178651 дүгээр шийтгэлийн хуудсаар компанийн барилга дээр ажилласан хүмүүст 2015 онд 51,075,509.09 төгрөг, 2016 онд 3,545,454.55 төгрөг, 2018 онд 4,545,454.55 төгрөг, нийт 59,166,417 төгрөгийн цалин хөлсөнд олгосон боловч хувь хүний орлогын албан татвар суутган авч, төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэж уг зөрчилд 5,916,641.90 төгрөгийн нөхөн татвар, 1,720,447.20 төгрөгийн торгууль, 1,084,282.90 төгрөгийн алданги, нийт 8,721,372 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гомдол гаргагчаас актын тус хэсэгтэй холбогдуулан “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль журмын дагуу явуулаагүй, зөрчлийг ямар баримтаар тогтоосон эсэх нь тодорхойгүй” гэж маргасан байх боловч татвар төлөгчийн зүгээс шүүхэд уг тайлбараа дэмжих, байцаагч нарын актын тус хэсэгтэй холбогдуулан үгүйсгэх үндэслэлийг нотлохуйц баримт нотолгоог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 2 сар гаруй хугацаанд шүүхэд гаргаж өгөөгүй байх тул маргаан бүхий актын “бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган төсөвт төлөөгүй” зөрчилд хариуцлага ногдуулсан хэсгийг шүүх үгүйсгэж, няцаах үндэслэлгүй юм.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Б.Г нарын  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ