Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 416

 

“Наранбулаг Хан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 101/ШШ2016/06779 дүгээр  шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Наранбулаг Хан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Би Би Сервис” ХХК-д холбогдох

 

69 784 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Наранбулаг Хан” ХХК нь “Би Би Сервис” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 15/15 дугаартай, Асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээ байгуулсан. “Наранбулаг Хан” ХХК нь гэрээний дагуу нийт 620,8 тн өнгө, 12,06 тн суурь асфальтобетон хольц нийлүүлсэн бөгөөд “Би Би Сервис” ХХК нь гэрээний 2.2 дугаар зүйлд заасны дагуу нийт 120 122 800 төгрөг төлөх үүрэгтэй байсан. “Би Би Сервис” ХХК энэ төлбөрийг гэрээний 2.3 дугаар зүйлд зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж дуусгах ёстой байсан боловч 46 522 800 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд “Би Би Сервис” ХХК-иас төлөгдөөгүй байгаа асфальтобетон хольцны үнэ 46 522 800 төгрөг, гэрээний 2.4 дүгээр зүйлд заасны дагуу 23 261 400 төгрөгийн алданги, нийт 69 784 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Би Би Сервис” ХХК-иас 69 784 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Наранбулаг Хан” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506 871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Би Би Сервис” ХХК-иас 506 871 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Наранбулаг Хан” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Учир нь “Наранбулаг” ХХК-тай “Би Би Сервис” ХХК нь “Асфальтон бетон хольц нийлүүлэх гэрээ”-г байгуулсан нь үнэн бөгөөд гэрээний үүргээ “Би Би Сервис” ХХК нь ихэнхи хувь буюу төлбөрийг өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөр дутуу байгаа нь үнэн билээ. Бид хамтран ажилладаг байгууллагууд бөгөөд эдийн засаг хямралтай энэ хүнд цаг үед компанийн зүгээс мөнгөний бололцоо одоохондоо тааруу, мөн “Наранбулаг” ХХК-тай харилцан тохиролцож, авто замын механик, машин техник өгч баартар хийх, аль алиндаа ашигтайгаар шийдвэрлэх гэж байтал ийнхүү шүүхээс энэ нөхцөл байдпыг харгалзан үзэлгүйгээр, талуудын эвлэнэ хэлэлцэх бүрэн боломжтой үед ийнхүү үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр, алданги хүү бодож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн хариуцагч “Би Би Сервис” ХХК-д хурлын товыг мэдэгдэлгүйгээр ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь Үндсэн хуулиар олгогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох, хууль зүйн туслалцаа авах, мэтгэлцэх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг шүүхээс эдлүүлэлгүйгээр, энэ боломжоор хангах бүрэн боломжтой байхад энэхүү боломжийг олголгүйгээр, хариуцагчийн төлөөлөгчийг эзгүйд ийнхүү шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн нь хууль бус байна.

Иймээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06779 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж хуралд биечлэн оролцох боломж олгож, нотлох баримт гаргаж өгөх, эдлэрэх зэрэг эрхээ эдлүүлэх боломж олгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Хариуцагч “Би Би Сервис” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч “Наранбулаг Хан” ХХК нь “Асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр болон алданги нийт 69 784 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээ” байгуулагдаж, нэхэмжлэгч “Наранбулаг Хан” ХХК нь чанар стандартын шаардлагыг хангасан асфальтобетон хольцыг хариуцагч “Би Би Сервис” ХХК-д нийлүүлэх, хариуцагч нь худалдан авсан бүтээгдэхүүний үнийг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсоныг шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Тодорхой бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхдээ үнийг төлөх хугацааг талууд гэрээндээ тодорхой зааж, тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болно.

 

Өмчлөлдөө шилжүүлэн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөх хугацааг бараа хүлээн авах үеэс өөрөөр тогтоосон байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэх үндэслэл болохгүй.

 

Зохигчид гэрээндээ Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан заавал тусгавал зохих нөхцлүүдийг заагаагүй, энэ талаар тохиролцоогүй байгааг шүүх анхаараагүй байна.

 

Талууд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар өгч, авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж, хариуцагч нь 66 522 800 төгрөгийн үлдэгдэлтэй талаар “тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт үйлдсэн байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд тус бүр 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 46 522 800 төгрөгийн үлдэгдэлтэй талаар хариуцагч маргаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний төлбөр 46 522 800 төгрөг, 23 261 400 төгрөгийн алдангийн хамт нийт 69 784 200 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваад хуульд заасан эрх үүргийг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тайлбарлан өгч, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг, мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түүний 88112854 дугаарын утсаар мэдэгдсэн нь 9 тоот баримтаар нотлогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт нийцсэн, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 101/ШШ2016/06779 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Би Би Сервис” ХХК-иас 69 784 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Наранбулаг Хан” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                                              ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР