| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0230/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/248 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/248
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч Ч.Б-И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ч.Б-Ит холбогдох эрүүгийн 2018000000267 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ч.Б-И /РД: /, УлаанБ хотын Найлах дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “................” ХХК-ийн Дархан салбарт жолооч ажилтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Ч.Б-Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.Б-И нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах Монгол Ардын намын байрны ертөнцийн зүгээр баруун талын төв асфальтан зам дээр 5*-5* ДАР улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан Ч.Быг мөргөж эрүүл мэндэд нь баруун гарын атгаал ясны битүү хугарал, цээжний өмнө хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...би явган хүний гарцаар Монгол Ардын намын байр луу зам хөндлөн гараад замын төгсгөлд ирэхэд цагаан өнгийн суудлын машин ирээд миний баруун талаас мөргөсөн. Би замын хашлага мөргөөд газарт унасан гэх хохирогч Ч.Бын мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- ...миний ард явж байсан тээврийн хэрэгсэл дуут дохио ажиллуулахаар нь зүүн талын толиндоо хараад буцаад урагш харахад явган хүний гарцаар явган зорчигч гарч байсан. Би тухайн үед тормос гишгэсэн боловч автомашин бүрэн зогсож амжилгүй тухайн хүнийг автомашины баруун урд хэсгээр мөргөсөн... гэх шүүгдэгч Ч.Б-Иийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61/,
- Хэрэг болсон гэх газар нь Дархан сумын 10 дугаар баг Монгол Ардын намын байрны ертөнцийн зүгээр баруун урд талын асфальтан хучилттай төв зам байна гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хх-ийн 5-10/,
- Шүүгдэгч Ч.Б-И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, 16 дугаар бүлгийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэх зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх-ийн 11/,
- “Ч.Бын биед баруун гарын атгаал ясны битүү хугарал, цээжний өмнө хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ч.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Ч.Бын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 481 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/,
- Ч.Бын баруун дал мөрөөр хөдөлгөөн хязгаарлагдмал, тэмтрэхэд эмзэг, яс шүргэлцэх чимээтэй гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, рентген зураг /хх-ийн 20-22/,
- Ч.Бын цусны бүлэг AII, Rh/+/ байна, цусанд спирт илрээгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 53, 70 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 26-27, 30-31/,
- Ч.Б-Иийн цусны бүлэг ОI, Rh/+/ байна, цусанд спирт илрээгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 54, 69 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 35-36, 39-40/,
- Жолооч Ч.Б-И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн нь уг зам тээврийн ослын шалтгаан нөхцөл болно гэх 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/,
- Ч.Б-Иийн жолоодож явсан***** улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн бүтэн, үндсэн болон туслах эд ангид ямар нэгэн эвдрэлгүй байсан. Зам тээврийн осол үүсэхэд техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй гэх 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 017 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-51/,
- Жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2028 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэх Ч.Б-Иийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 68/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Бын биед баруун гарын атгаал ясны битүү хугарал, цээжний өмнө хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, хохирогч Ч.Б нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ч.Бын “...цаашид ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх өргөдөл /хх-ийн 71/, “...Ч.Б-И нь Ч.Бын эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлж барагдуулсан...” гэх хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх-ийн 76/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Б-Иийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах Монгол Ардын намын байрны ертөнцийн зүгээр баруун талын төв асфальтан зам дээр 5*-5* ДАР улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан Ч.Быг мөргөж эрүүл мэндэд нь баруун гарын атгаал ясны битүү хугарал, цээжний өмнө хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Б-Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.Б-И нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ч.Б-И нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б-Ит 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Б-Иийн цалин хөлс, бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.Б-Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-Иийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б-Ит оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-Ит өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Б-Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР