Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 133

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000121 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ........ дугаар байрны 68 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г.М,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Буян” захын таксины зогсоол дээр Б.Х маргалдан зодож, эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, нэг шүдний сэлтрэл, духны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Х “...би 2020 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цаг өнгөрч байх үед бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ гэртээ харихаар Буян захын хажуугийн зогсоол дээрээс таксинд суухаар очсон. Тухайн үед би урьд нь хэд хэдэн удаа гэртээ хүргүүлж байсан зүс таних залуу машинтай байж байхаар нь явж очоод юу байна даа гээд гар барих гэсэн чинь цаашаа зайл, явахгүй гэж надад Г.М хэлсэн. Тэгэхээр нь би түүнд чи яасан сүртэй юм бэ, урьд нь явах уу гээд л зогсож байдаг байсан биз дээ, муу бацаан минь гэхэд надтай маргалдаж эхэлсэн. Ингээд бид хоёр маргалдахад Г.М машинаасаа бууж ирээд миний нүүр рүү буюу уруул руу гараа атгаж байгаад цохисон. Үүнийхээ дараа зүүн шанаа руу дахин цохисон. Тэгсэн тэнд байсан таксины жолооч бололтой залуу ирээд салгахад Г.М машинаа асаагаад хөдлөхөөр нь би цагдаа руу утасдаж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

 

Гэрч О.У “...2020 оны 02 дугаар сарын 28-ны орой би Буян захын хажуугийн толгойт руу явдаг таксины зогсоол дээр өөрийнхөө машинтай халтуур хийх санаатай машиндаа суугаад байж байхад миний машины хажуугийн машины цаана толгойтын чиглэлд бас надтай адилхан хувиараа машинаараа таксинд явдаг М гээд залуу нэг согтуу хүнтэй машиныхаа дэргэд маргалдаад хэрэлдээд зогсож байсан ба тухайн хүний нүүр рүү хоёр удаа гараараа цохиж байхыг нь хараад би машинаасаа бууж очоод боль боль гээд дундуур орж болиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Гэрч Б.Б “...Тэгсэн Г.М уурлаад машинаасаа буугаад түүнийг түлхээд нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохиод авсан, тухайн залуу Г.М цохиулсныхаа дараа хамар байсан уу, эсхүл ам байсан уу жаахан цус гарчихсан байгаа бололтой харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 222 дугаартай “... Б.Х биед нэг шүдний хугарал, нэг шүдний сэлтрэл, духны зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Х биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт” /хх-ийн 17-18/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Г.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Х шүүгдэгч Г.М нь гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд 250,000 төгрөг баримтаар төлсөн /хх-ийн 52/ бөгөөд хохирогч Увс аймгаас ирсэн явсан зардлаа нэхэмжлэнэ гэх боловч холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар холбогдох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч учруулсан хохирлыг нөхөн төлсөн,  хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ..

 

Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Г.М-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД