Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 135

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч ***** ,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918008590082 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Хонгор сумын .........., хөдөө тоотод оршин суух бүртгэлтэй,  Дархан-уул аймгийн Дархан сумын ......... тоотод түр оршин суух, урьд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснээс 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдээгүй үлдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.О,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь Д.У 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буудал түрээслэнэ гэж 3,500,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 16-аас 2018 оны 9-р сарын 16-ны хооронд “манай дүү ***** овогтой ***** Хаан банкнаас 30,000,000 төгрөгөөр байр гаргах гэж байгаа” гэж хуурч, 17,750,060 төгрөг,  нийт 21,250,060 төгрөг, 2018 оны 10 сарын 11-ны өдөр, 2018 оны 10 сарын 17-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан суманд иргэн Ц.С зээл чөлөөлөөд удахгүй мөнгийг чинь өгнө гэж хуурч 1,200,000 төгрөг тус тус авч үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.У “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр бүх зүйлээ мэдүүлсэн. 2017 оны 11 дүгээр сараас дүү Д.Б маань Б.О хамтран амьдарч эхэлсэн. Тэгээд Д.Б манай гэрт ирээд Б.О зочид буудал түрээслэн ажиллуулах гэж байгаа 3,500,000 төгрөг зээлээч гэсэн. Би эхлээд зөвшөөрөөгүй, Б.О залгаад асуугаад байхаар нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ээж Ч.Б данс руу 3,500,000 төгрөгийг Б.О зээлүүлэх зорилгоор шилжүүлээд, ээжид Б.О хүлээн авсан баримт үйлдээрэй гэж хэлсэн. Одоо тэр баримтыг нь хайгаад олохгүй байгаа. Б.О нь огт буудал түрээслэн ажиллуулаагүй байсан тул би мөнгөө буцааж авъя гэхэд таны мөнгийг хүнд өндөр хүүтэй зээлүүлчихсэн байгаа гэсэн. Б.О нь манайд амьдарч байх үедээ намайг орон сууц авах бодолтой байгааг мэдсэн. Нэг өдөр Б.О над руу залгаад “Би банкинд ажилладаг дүүтэйгээ ярьсан чинь 2 өрөө орон сууц 30,000,000 төгрөгөөр зарах гэж байгаа юм байна. Та авах уу” гэхээр нь би зөвшөөрсөн. Б.О нь манай Англи улсад амьдардаг эгч надад тусалсан гээд 20,000,000 төгрөг өгөхөөр нь таны байрыг бүтээчихлээ. Та хуваагаад өгөөрэй гэж хэлэхээр нь би итгээд Б.О мөнгө асуух бүрт шилжүүлдэг байсан. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ч.Б эзэмшлийн ***** данс руу “уу” гэх гүйлгээний утгатайгаар 500,000 төгрөг шилжүүлсэн, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөн тус данс руу 1,000,060 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Б.О эзэмшлийн ***** дугаар данс руу “одноо” гэх утгатайгаар 600,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ч.Б эзэмшлийн ***** дугаар данс руу 400,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ***** дугаартай Э.Р эзэмшлийн данс руу “ууганаа одноо” гүйлгээний утгатайгаар 1,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ***** дугаар Б.А данс руу 500,000 төгрөгийг “ууганаа” утгатайгаар, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ***** дугаар Ч.Б эзэмшлийн данс руу “ууганаа” утгатайгаар 500,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ***** дугаар Д.Д эзэмшлийн данс руу “одноо” утгаар 50,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ***** дугаар Ч.Б эзэмшлийн данс руу “одноо” утгатайгаар 150,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ***** дугаар Б.А данс руу 100,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ***** дугаар Ч.Б эзэмшлийн данс руу “одноо” утгатайгаар хоёр удаагийн гүйлгээр нийт 2,000,000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны ***** дугаар данснаас шилжүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр н.Сарантуяагийн эзэмшлийн ***** дугаар данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,450,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ***** дугаар Б.А данс руу 4,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр н.С эзэмшлийн ***** дугаар данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 2,000,000 төгрөг, ***** дугаар Б.А данс руу 3,000,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Төрийн банкны данснаас шилжүүлсэн. Нийт 21,250,000 төгрөгийг Б.О шилжүүлсэн байна. Үүнээс надад 1,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Хэзээ өгснийг нь санахгүй байна. Иймд би шүүгдэгч Б.О хохирол 20,250,060 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Б “...Би Б.О 2017 оноос 2019 оны 10 сарыг хүртэл хамтран амьдарч байсан бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй, 1 нас 6 сартай бөгөөд бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Одоо салаад тусдаа амьдарч байгаа. ... ***** 2018 оны 06 сард манай эгчийн хүүхэд ***** гэдэг хүүхэд Хаан банкинд зээлийн эдийн засагч хийдэг, маш хямдхан байр Хаан банкнаас иргэдэд зарагдах гэж байна. Байршил нь 380 дугаар айлд 2 өрөө гэж хэлж байсан. Байрыг ***** эгчид аваад өгчихмөөр байна, ***** эгчтэй ярьчихлаа гэсэн. Тэгэхээр нь би хямдхан байр бол чи миний эгчид туслачих гэж хэлсэн. Тэгээд ***** надад хэлэлгүйгээр ***** эгчээс байр авч өгнө гэж хэлээд увуулж цувуулж 17 сая орчим төгрөг авсан юм байна. 2019 оны 10 сар хүртэл байр чинь одоо гарна, ***** ээлжийн амралттай явчихсан байна, аль эсхүл би улсаас их хэмжээний мөнгө авахаар болчихсон байгаа, учир нь би цагаатгагдаад хийгээгүй хэргээсээ болж шоронд суусан болохоор их хэмжээний мөнгө авахаар байгаа гэж хэлдэг байсан. Надтай хамт байх хугацаандаа мөнгөтэй яваад байхаар нь чи хаанаас мөнгө аваад байгаа юм бэ гэж асуухад шоронд ороход дансанд мөнгө үлдээд хаагдсан байсан, тухайн дансаа нээлгээд үлдэгдэл мөнгөө авлаа, шүүхийн шийдвэр биелүүлэх дансанд хорих газар ажил хийсний мөнгө гэж 4,000,000 төгрөг үлдэгдэл байсан тэр мөнгөө авлаа, намайг хэлмэгдүүлж шоронд оруулсан хүнийг орон даяар эрэн сурвалжилсны мөнгө гэж 2,000,000 төгрөг өглөө гэх мэтчилэн худлаа хэлж тухайн мөнгийг өөртөө зарцуулж хувцас авсан. Би тухайн мөнгөнөөс өөртөө авсан асуудал байхгүй. ...мөн буудал түрээсэлнэ гэж ***** эгчээс 3,500,000 төгрөгийг бэлнээр авсан тэр мөнгийг үрээд дуусгачихсан юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/,

 

Хохирогч Ц.С “...Би 2018 онд Дорноговь аймаг, Замын-Үүд сумаас Дархан-Уул аймагт эрүүл мэндийн 2-р төвд эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх эмчээр шилжин ирж ажиллах болсон. Тухайн үед Б овогтой О миний хяналтанд байдаг байсан. Тухайн үед О надад бага хэмжээний мөнгө зээлчээд эргүүлж өгөхдөө 5-10 төгрөг нэмж өгдөг байсан. ***** өөрийгөө би зээл чөлөөлж мөнгө олдог ажил хийдэг, 3-4 хүүхэдтэй, нөхөртэйгээ хадмындаа амьдардаг гэж хэлж байсан. Надаас мөнгө зээлэхдээ мөнгө дутаад байна, зээл чөлөөлөх гэсэн юм гэж авдаг байсан. ...О надаас зээл чөлөөлөх гэж байна, мөнгө байвал өгчих гэж хэлээд 2018 оны 09 сар хавьцаа санагдаж байна, надаас дансаар нийт 1,000,000 төгрөг авсан. Тухайн үед би ***** ийн хүүхдийн данс буюу А данс руу шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

Гэрч Б.О “...Би он сар өдрийг нь сайн мэдэхгүй байна, нэг өдөр намайг Дархан сум, 7-р баг, Түлээтийн 1-93 тоот гэрээсээ гараад явж байх үед О ирээд Хаан банкны виза картаа өгчих, би хүнээс мөнгө авах гээд байна гэж хэлсэн. Тэгээд мөнгөө авчхаад буцаагаад өгье гэж хэлсэн. Би картаа өгчихөөд буцаагаад орой нь авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

 

Гэрч Ч.Б “... ***** гэх хүн манай хүү болох Б цуг амьдарч байх үедээ манай охин болох У Хаан банкны барьцаанд байгаа 2 өрөө байрыг хямдхан өгнө гэж хэлсэн. Тэгээд манай охин У удаа дараа мөнгө авч байсан. Гэхдээ мөнгийг нь миний данс руу шилжүүлж аваад О миний виза картаар банкнаас мөнгө авч байсан. Зочид буудал түрээслэнэ гэж 3,500,000 төгрөг ***** миний данс руу хийсэн. Тэгээд би тэр мөнгийг данснаасаа бэлнээр авч өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,

 

Гэрч С.С-ийн “...Тухайн үед О намайг виза картаа өгчих гэхээр нь би эхлээд яах гэж байгаа юм бэ гэж асуухад чиний картанд мөнгө шилжүүлж авчхаад буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ? өөрийнхөө картнаас аваач гэж хэлэхэд би шоронд ороод гараад ирсэн болохоор карт эзэмших боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд надаас гуйгаад байхаар нь би өөрийн Хаан банкны дансаараа шилжүүлэг хийлгэж авч өгсөн. Тухайн үед эхлээд 950,000 төгрөг орж ирсэн. Дараа нь удалгүй дахиад 500,000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг тухай бүрт нь О өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

 

Гэрч Ц.С “...Тухайн үед О намайг таньдаг болохоор би картаа орхичихсон байна, чи картаа өгч байгаач, таны данс руу мөнгө хийлгэж аваад картаа өгье гэж хэлсэн. 2019 оны 09 сарын 07-нд 1,000,000 төгрөг орж ирсэн. 2 хувааж авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

 

Гэрч Э.Р “... ***** дугаарын данс миний эзэмшлийн данс мөн. 2018 оны 8 сард О эгч хотод ирээд надад виза карт байхгүй, чи надад дансны дугаараа өгчих, би картанд чинь мөнгө хийгээд авъя гэсэн. Тэгээд би картаа өгсөн. Тухайн үед 1,500,000 төгрөг орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/,

 

Дансны хуулга /хх-ийн 7, 10-16/,

 

Хохирогч Ц.Солонгын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26/,

 

Хохирогч Д.У дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-29/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан гэрч С.З “...Намайг гэр бүл ойр дотны хүмүүс ***** гэж дууддаг, ...Б.О нь манай ээжийн хамгийн том эгчийн төрсөн хүүхэд байгаа юм, ...Би 2008 оны 03 сарын 25-нд теллерээр ажилд ороод 2016 оны 06 сарын 25-ны өдөр ажлаас гарч байсан, …О нь миний мэдэхээр сэтгэл зүйн хувьд хэвийн бус, маш их худлаа ярьдаг, ээж эгчээс дандаа юм гуйдаг байсан.  Би Дархан дахь Хаан банкны салбарт 8 жилийн хугацаанд теллерээс эрхлэгч хүртэл ажиллаж байсан юм, Банкны барьцаанд хураагдсан байрыг банкны удирдлагууд шийддэг байсан. Дуудлага худалдаа болон үнийн санал авах шугамаар банкнаас байр зардаг байсан. Би яг гардаж байр зарж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

 

Гэрч Н.Э “...Би Дархан-Уул аймаг дахь Хаан банкны салбарт зээлийн эдийн засагч хийдэг. Миний мэдэхээр манай байгууллагад ***** овогтой ***** гэх хүн ажилладаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,

 

Гэрч М.А “...Би Дархан сумын 9-р багт байрладаг Од зочид буудлыг 2010 оноос эхлэн ажиллуулж захирлаар нь ажиллаж байна. Би С, О, Б гэсэн нэртэй дээрх зурган дээр байгаа хүмүүсийг урьд өмнө харж уулзаж байгаагүй юм байна” гэх мэдүүлэг /хх-ийн 161 тал/ зэрэг баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, бодит байдал дээр Хаан банкнаас  ямар нэгэн байр 30 сая төгрөгөөр зарахаар шийдвэр гарч байгаагүй, ***** гэгч нь тухайн цаг хугацаанд Хаан банкинд ажиллаж байгаагүй, мөн буудал түрээслэх талаар ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй,  шүүгдэгч нь хохирогч ***** ыг хуурч, худал хэлэн төөрөгдөлд оруулсныг нотлож байна.

 

Шүүгдэгч хохирогчоос мөнгө шилжүүлэн авахдаа бусдын карт, дансыг ашиглаж шилжүүлж авч байсан болох нь гэрч Д.Б, Б.О, Ч.Б, С.С, Ц.С, Э.Р нарын мэдүүлэг, хохирогч Д.У банкны дансны хуулгуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Б.О хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд  шүүгдэгч Б.О нь хохирогч  Д.У 21,250,060 төгрөг, хохирогч Ц.С 1,200,000 төгрөгний хохирол учруулснаас хохирогч Д.У 1,000,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс нийт 21,450,060 төгрөг гаргуулж хохирогч Д.У 20,250,060 төгрөг, хохирогч Ц.С 1,200,000 төгрөг олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О нь учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, өмнө дээрх төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч засарч хүмүүжээгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Б.А асран хамгаалахыг эцэг Д.Б даалгах нь зүйтэй байна.

 

Мөн Б.О нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 323 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснээс, эдлээгүй үлдсэн 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон 31 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил, 31 хоногийн хугацаагаар тогтоов.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б.О-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б.О-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.О энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 323 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулнаас эдлээгүй үлдсэн 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож, 31 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 31 /гучин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О оногдуулсан 2 /хоёр/ жил, 31 /гучин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.О нийт 21,450,060 /хорин нэгэн сая дөрвөн зуун тавин мянга жаран төгрөг/ гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын .......... тоотод оршин суух Б овогт Д.У-д 20,250,060 /хорин сая хоёр зуун тавин мянга жар/ төгрөг, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын ...... тоотод оршин суух Б овогт Ц.С-д 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/  төгрөг тус тус олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.А-ыг асран хамгаалахыг эцэг Б овогт Д.Б-д даалгасугай.

 

7. Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б. ***** д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД