| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0119/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 147
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000870102 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, .................. оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
Урьд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож шийдвэрлэсэн,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сар хорих ял оногдуулсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2019 оны 10-р сарын 16-ны өдөр суллагдсан, Б овогт Ц.Т,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг “Орос” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн У.Өмөржайгийн халааснаас Ай поүн-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 550.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч У.Ө “...Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сургууль дээрээ байж байгаад сургуулийн хажууд байдаг “Орос” хүнсний дэлгүүр рүү юм авч идэх гэж найз Б, М нарын хамт орсон юм. Тэгээд буцаад гарах гэтэл үүдэн дээр жижиг биетэй шар царайтай нэг залуу урд тээгэлдээд байсан. Тэгэхээр нь би хажуугаар нь зөрөх гэсэн чинь намайг дагаад хөдлөөд байсан. Тэгсэн надаас гарах гээд байгаа юм уу? гэхээр нь тиймээ гэж хэлсэн чинь хажуу тийшээ болоод өгсөн. Тэгээд би гараад явсан, сургууль дээрээ ороод утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгэхээр нь буцаж гараад дэлгүүрийн үүдэнд байсан залуу халааснаас авчихлаа гэж бодоод яваад очтол нөгөө жижиг биетэй шар залуу байхгүй байсан. Хайгаад олдохгүй болохоор нь цагдаад хандаагүй юм. Тэгсэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай сургууль дээр явж байхаар нь цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан. Би гар утсаа 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үед Ихэр могойн гар утасны лангуунаас 600.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,
Иргэний нэхэмжлэгч К.М: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай хүү К.Ө над руу залган 16 дугаар сургуулийн хажуугийн “Орос” дэлгүүрийн үүдэнд гэртэй хар өнгийн Ай поүн-7 маркийн гар утсаа хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Дэлгүүрийн хяналтын камерыг шүүх боломжгүй байсан тул тухайн үед цагдаад мэдэгдээгүй. Гэтэл шүүгдэгч нь 2 сарын дараа 16 дугаар сургууль дотор явж байсныг манай таньж надад мэдэгдсэний дагуу Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан. Би тус гар утсыг анх 600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Гэрч Д.А “...М надаас гар утас худалдан авч байсан. 2019 оны 10 дугаар сард худалдаж авч байсан санагдаж байна. Хар өнгийн Ай поүн-7 маркийн гар утсыг 600.000 төгрөгөөр худалдан авч байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Насанд хүрээгүй гэрч Т.М “...Ө нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гар утсаа алдах үед нь би хамт явж байсан юм. Худалдаж аваад удаагүй, алтан шаргал өнгийн, Ай поүн-7 маркийн утас байсан. Алга болгодог өдөр дэлгүүр дотор Ө утсаар ярьсан санагдаж байна. Тэгээд сургууль дотор ороход гар утас алга болсон байсан. Дэлгүүрээс гарахад Ө үүдэн дээр замыг нь хаагаад байсан жижиг шар залууг авсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 06/,
Насанд хүрээгүй гэрч А.Б “...Ө гар утсаа алдсан асуудлыг мэдсэн. Тухайн үед би дэлгүүр орох гээд дэлгүүрийн үүдэнд зосгож байсан. Харин Ө, М хоёр дэлгүүр рүү орсон. Би дэлгүүрийн үүдэнд зогсож байхад жижигхэн шар царайтай залуу Ө араас орсон. Тэгээд Ө гарч ирээд сургууль дотор ороод утас байхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 07/,
“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “...32 гб багтаамжтай Ай поүн-7 маркийн гар утас /шинэвтэр/ 1 ширхэг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 550,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/,
Таньж олуулах ажиллагаа явуулахад /хх-ийн 22-25/ шүүгдэгчийг таньсан тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирол болох Ай поүн-7 маркийн гар утасны зах зээлийн үнэ болох 550,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Т нь төлөөгүй байх тул шүүгдэгч Ц.Т гаргуулж, иргэний нэхэмжлэгч К.М олгох нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Т нь учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, өмнө дээрх төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж хорих ял эдлэн суллагдсанаас хойш 2 сарын дараа дахин гэмт хэрэг үйлдсэн, засарч хүмүүжээгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс цагдан хоригдсон 19 хоногийг хорих ялын 19 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт Б овогт Ц.Т-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Т-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т энэ хэрэгт цагдан хоригдсон 19 хоногийг хорих ялын 19 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Т 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, ....... тоотод оршин суух К овогт К.М-т олгосугай.
6. Энэ хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД