Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 154

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч С.С,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.У-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018002270172 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Өсөх урам” ХХК-д талбайн даамал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг, ........ тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.У,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, .......... эхнэр С.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч С.С “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчим ажилдаа ирсэн. Тэгээд ажлаа хийж байсан чинь 17-18 цагийн орчим манай нөхөр Уранчимэг залгаад манай гэрт “Г, Н хүүхдүүдтэйгээ ирчихсэн байна. Чи ирж байна  байна уу” гэж ярьсан. Би ажлаасаа 21 цагийн орчим гараад гэртээ очиход манай нөхөр, Г, Н гурав нийлээд нэг том 2.5 литртэй пиво хувааж уугаад сууж байсан. Би очоод 0.75 литрийн Соёрхол нэртэй архи байсныг гаргаад бид дөрөв хувааж уусан. ...Манай нөхөр өвөлдөө гэртээ байдаг, бусад үед хөдөө барилгын ажил хийдэг юм. Тэгсэн чинь Г ууж байхдаа байн байн “танай эхнэр чамайг байхгүй байх үед өөр хүнтэй уулздаг бол яахуу” гэсэн чинь нөхөр тэгвэл яахавдээ хүний амьдрал шүү дээ гэсэн. Г дахиад байн байн тэгж хэлээд байхаар нь би Г чимээгүй болгох гээд тиймээ би өөр хүнтэй уулздаг гээд хэлсэн чинь манай нөхөр Уранчимэг уурлаад миний нүүр рүү гараараа цохихоор нь би цаашлах гэж байгаад жижиг сандалд бүдэрч унаад толгойныхоо зүүн талаар ширээ мөргөөд унасан чинь У дахиад миний нуруу, хөл рүү 2-3 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

 

Гэрч Г.Г “...бид архи, пиво ууж сууж байгаад би тоглоом шоглоод болгоод У эхнэр чинь чамайг байхгүй байхад өөр хүнтэй уулздаг юм бишүү гэж ярьсан байсан. Тэгээд архиа ууж дуусаад би тасраад унтаад өгсөн. Өглөө сэрээд би эхнэр хүүхдээ аваад гарахад манай эхнэр Н чи У айлын эхнэрийг юу гээд хэлчихсэн юм бэ, орой тэр  хоёр маргалдаад цагдаа гээд бөөн юм боллоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Гэрч Ж.Н ...манай нөхөр У юм ярьж сууж байгаад танай эхнэр өөр хүнтэй уулздаг шүү дээ гэж хэлсэн чинь Саруултуяа тийм юм байхгүй гэсэн. Тэгээд архи дуусаад манай нөхөр тасраад унасан. Тэгсэн чинь С У 2-3 удаа гараа цохисон. Яг хаашаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тэгсэн чинь С орилоод нөгөө өрөө рүү орсноо цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 270 дугаартай “...С.С биед тархи доргилт, цээжний ар, баруун мөр, зүүн чихний дэлбэн орчим, зүүн хонго, гуя, баруун хонго гуя, баруун хацрын цус хуралт, духны зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн  хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 6 оноо буюу бага түвшинд байна” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Б.У хохирогч С.С нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хэрэгт авагдсан Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Б.У нь хохирогч С.С биед тархи доргилт, цээжний ар, баруун мөр, зүүн чихний дэлбэн орчим, зүүн хонго, гуя, баруун хонго гуя, баруун хацрын цус хуралт, духны зулгаралт гэмтэл учруулах зэргээр зодож буй үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг хохирогчийн хүсэлтийг үндэслэж багасган торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, сард олдог орлогынх нь хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн /хохирогч, шүүгдэгч нарын гаргасан баталгаа, хэргийн 56, 57/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.У-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Б.У-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД