Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 160

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л овогт Б.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018002070131 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, .......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор оршин суух тодорхой хаяггүй, урьд:

- 1996 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 477 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

- 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын 7 дугаар шүүхийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлсэн,

- 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын 7 дугаар шүүхийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн,

- 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн,

- 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн, Л овогт Б.Г,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Компорт хүргэлтийн хоолны газраас иргэн Б.Б Ай поүн-6 плас маркийн гар утас 1 ширхэг, Нокиа 3310 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 370.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Б “...2020 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 09:00 цагт ажилдаа очсон, ... би үлдэгдэл бараа материал авах гээд хойд хэсэг рүү орохдоо өөрийн гар утас болох Ай поүн-6 плас, нокиа маркийн гар утсаа иргэдэд үйлчилж бүртгэл хөтөлдөг хэсэгт тавьчихсан байсан. Бараа материалаа хүлээж аваад гар утсаа авах гээд иргэдэд үйлчлэх хэсэг рүү очтол миний 2 ширхэг гар утас алга болсон байсан. Би тухайн үед ажлынхаа хүмүүсийг авсан байх гэж бодоод асуутал аваагүй гэхээр нь камер шүүж үзтэл зүүн талын хөл доголон, зүс царай тодорхой харагдахгүй хүн орж ирээд авч байгаа бичлэг байсан. Хохирол төлбөрөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 09/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 6/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7/,

 

 “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “...32 гб багтаамжтай Ай поүн-6 плас маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг, Нокиа 3310 маркийн хар хөх өнгийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг, зах зээлийн үнэ 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 370,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 14-15/

 

Шүүгдэгч Б.Г “...камерын бичлэгт гарч буй хүн би мөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахин хэрэг үйлдэхгүй байж чадна, сүүлийн удаа харж үзээд хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирол 370,000 төгрөгийг шүүгдэгч Б.Г нь төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Га гаргуулж, хохирогч Б.Б олгох нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г нь учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, өмнө дээрх төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж хорих ял эдлэн суллагдсанаас хойш дахин гэмт хэрэг үйлдсэн, 2019-2020 оны хооронд “хулгайлах” зөрчил үйлдэж 5 удаа баривчлах шийтгэл хүлээж байсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Г 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 7 хоногийг хорих ялын 7 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л овогт Б.Г-т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л овогт Б.Г-т 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Г-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг хорих ялын 7 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Г-с 370,000 /гурван зуун далан мянга/  төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг....... оршин суух Б овогт Б.Б-д  олгосугай.

 

6. Энэ хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си-диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД