| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0046/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 46
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Д-н Д-д холбогдох 2019000770041 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймаг, Т сум, З багт оршин суух хаягтай, 1978 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ДИ7000000 регистрийн дугаартай, У овогт Д-н Д.
Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчим Говь-Алтай аймгийн Т сум, А багийн нутаг Өндөр мөрөг гэх нэртэй газарт өөрийн эзэмшлийн 14-65 ГАҮ улсын дугаартай Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн hyundai mighty маркийн улаан өнгийн ачааны машиныг зогсоож тэвшнээс ачаа буулгах явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 14 дүгээр зүйл 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн доор сууж байсан Б.Т-ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр амь хохирогчийн гуйлтаар ачааг нь зөөж явсан. Нэг удаа буулгаад 2 дахь удаагаа ачаагаа буулгах гээд явж байхад энэ аймшигтай зүйл болсон. Наанаас очиж байх үед машин доогуур эвдрэл гараад байх шиг болсон. Доогуур нь нэг зүйл дуугараад байсан. Тэгээд дуу гараад байхаар нь тэр хоёрыг буугаад үзээтэх гэсэн юм. Надтай хамт явж байсан 2 хүн бууж үзээд мэдэгдэх зүйл алга гээд ачаа буулгах газраа очоод зогссон. Зогсохдоо чулуу эвүүлсэн. Тэгээд буугаад машинаа үзсэн чинь машины дунд гүүп салсан байсан. Түүнийг ачаагаа буулгачхаад янзалъя гээд машины тэвш дээр гарсан байсан. Тухайн өдөр их салхитай хүйтэн өдөр байсан. Машин дайвалзаад хөдлөөд байсан. Тэгж байхад хүний дуу гарах шиг болоод машин өнхрөөд буугаад ирэхэд амь хохирогч дугуйнд дайрагдаад өөд болсон байсан. Би энэ болсон явдалд үнэхээр их харамсаж байна. Ах дүү шиг явдаг байсан. Нэг нэгэндээ тус болох гэж яваад ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн
3-4, 6-8-р хуудас/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
Талийгаач Б.Т-ын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10-р хуудас/,
Талийгаач Б.Т-ын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл
зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16-р хуудас/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18-рт/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 25-28-р хуудас /,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны
04 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-61-р хуудас/,
Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн
тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Мөнхнасангийн 2020 оны 04 дүгээр
сарын 27-ны өдрийн 00 дугаартай ослын дүгнэлт /хх-ийн 84-рт/,
Д.Д-ийн жолоодож явсан 14-65 ГАҮ улсын дугаартай
БНСУ-д үйлдвэрлэсэн "hyundai mighty" маркийн улаан өнгийн тээврийн хэрэгслийн
техникийн байдлыг шалгасан шинжээч авто тээврийн мэргэшсэн инженер Д.Б-н 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн
дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50-54-рт/,
Хохирогч О.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...Машинаас сумын эмч, нэг сувилагч, мөн миний талийгаач нөхрийн авга ахын эхнэр Оюунчимэг нар явж байсан бөгөөд надад "Төөмөө ухаан алдчихлаа" гэж хэлээд намайг сумын төврүү дагуулаад явсан. Тэгээд сумын төвд ирээд эмнэлгийн цогцос хадгалах газарт шууд очихоор нөхрийгөө нас барсан гэдгийг ойлгосон" гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-рт/,
Гэрч Б.П-ын мөрдөн байцаалтад өгсөн "...Машины урд хэсэгт ачсан байсан жижиг дугуйнуудыг буулгах гээд холбож уясан мяндсыг нь тайлаад байж байтал машин гэнэт ганхаад хөдлөх шиг болсон юм. Тэгтэл "ооё" гэх дуу гарахаар нь Д ах бид 2 машин дээрээс үсрээд буутал талийгаач ах машины доор байсан ба зүүн хойд дугуйнд дайрагдаж, толгойны зүүн нүдний хавиас цус гоожиж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 36-рт/
Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн "...Машины урд хэсэгт ачсан байсан жижиг дугуйнуудыг буулгах гээд холбож уясан
мядсыг нь тайлаад байж байтал машин гэнэт ганхаад хөдлөх шиг болсон юм.
Тэгтэл "ооё" гэх дуу гарахаар нь Д ах бид 2 машин дээрээс үсрээд буутал талийгаач ах машины доор байсан ба зүүн хойд дугуйнд дайрагдаж, толгойны зүүн нүдний хавиас цус гоожиж байсан хэсэг дээ Пүрэвтулга бээлийтэй гараараа дарсан" гэх мэдүүлэг /хх-ийн 38-рт/
Гэрч Х.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 14 цаг өнгөрч байх үед надруу манай эмнэлгийн жижүүр П.О нь залгаад "дуудлага ирлээ" гэж ярьсан юм. Тэгээд би Т-т үзлэг хийхэд зүрх зогссон, амь үзүүлэлтгүй нас барсан байсан. Намайг Т-т үзлэг хийхэд Т-ын толгойн зүүн тал нь няцарсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 42-рт/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...биднийг очиход миний хүү Төмөрбаатарын толгойн дээгүүр машин гараад толгойноос нь цус гоожоод газраар нил болоод нас барсан байсан бөгөөд машин нь цаад сайр дээр зогсож байсан юм..."гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-рт/,
Гэрч Ч.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...биднийг очиход миний хүү Төмөрбаатарын толгойн дээгүүр машин гараад толгойноос нь цус гоожоод газраар нил болоод нас барсан байсан бөгөөд машин нь цаад сайр дээр зогсож байсан юм. Тэгээд авч очсон хөнжлөөрөө хулдаад өөрийнхөө машин дээр ачаад сумын төврүү гэр рүү нь аваад явж байтал сумаас эмнэлэг болон хэсгийн цагдаа ирж үзээд Гэрт нь аваачиж болохгүй. Сумын эмнэлгийн норгт хий" гэхээр нь сумын эмнэлгийн норгт авч очоод хийсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 46-рт/
Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай нөхөр Д.Д нь hyundai mightyмаркийн, 14-65 ГАҮ улсын дугаартай, улаан өнгийн бүхээгтэй ачааны машинтай. Манайх сумын төвд хашаатай бөгөөд тухайн хашаандаа Монгол гэрт амьдардаг юм. Мөн манайх 200 гаруй тооны малтай, манай нөхөр малладаг. Манайх ХААН банкинд малчны 4 сая гаруй төгрөгийн зээлтэй. Харин хадгаламж байхгүй. Төмөрбаатартай төрөл садангийн холбоо байхгүй. Харин морь хамт уядаг. Ах дүү шиг ойр дотно байдаг.” гэх мэдүүлэг /хх-48-рт/
Гэрлэлтийн лавлагаа /хх-103-рт/, Эд хөрөнгийн жагсаалт хх-108-рт/, Т сумын зүйл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-109-110-рт/, Хохирогчийн хүсэлт /хх-131-рт/, тодорхойлолт /хх-146-147-рт/, Тонхил сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх146-147-рт/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр дүгнэлтдээ: Яг энэ өдрөөс 3 сарын өмнө энэ осол гарч нэг хүний алтан амь нас хохирсон хэрэг гарсан. Хохирогч болон шүүгдэгчийн зүгээс нэг нэгэндээ дэм тус болж явж байсан гэсэн хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч уг гэмт хэрэг нь өөрийнх нь болгоомжгүй үйлдлийн улмаас налуу газар тээврийн хэрэгсэл зогсоохдоо хөдөлгөөнгүй байдалд зогсоосны дараа тээврийн хэрэгслийг орхиж явах замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн улсын яллагчийн зүгээс санал болгосон саналыг хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ам бүл 4 байж байгаад 5 болсон. Бага насны 3 хүүхэдтэй. Эхнэр нь нялх биетэй байгаа. Мөн хэдхэн хоногийн өмнө хадам аав нь гэнэтийн нөхцөл байдлын улмаас нас барсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасны дагуу хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа зөрчил болон гэмт хэрэгт холбогдож байгаа. Мөн хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байгаа. Хохирогч хэдийгээр гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч цаашдаа тусалж дэмжиж үр хүүхдүүдийг нь харж хандаж байх болно гэдгээ илэрхийлсэн байгаа. Мөн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тэнсэж өгнө үү? Түүнд оноосон ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү? гэв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.Д-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Д нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчим Говь-Алтай аймгийн Тонхил сум, Алтан-Оргил багийн нутаг Өндөр мөрөг гэх нэртэй газарт өөрийн эзэмшлийн 14-65 ГАҮ улсын дугаартай Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн hyundai mighty маркийн улаан өнгийн ачааны машиныг зогсоож тэвшнээс ачаа буулгах явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 14 дүгээр зүйл 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн доор сууж байсан Б.Т-ыг дайрч амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Д.Д үйлдсэн гэм буруутай болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Алтайбаатарын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Талийгаач Б.Т-ын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Талийгаач Б.Т-ын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ослын дүгнэлт, гэрч Б.П, Х.О, Д.Б, Ч.Нансалмаа нарын мэдүүлэг, хохирогч О.Б-ийн мэдүүлэг, шүүгдэгч Д.Д-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Д-ийг автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.Д нь шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хохирол төлбөрт 2.000.000 сая төгрөгийг төлсөн. Хохирогч О.Б “Д.Д-оос цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Д.Д нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид хохирогчид тусалж байхаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн.
Прокурор 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Д.Д-ийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналтай шүүгдэгч Д.Д нь танилцаж, гарын үсэг зурсан/хх139-рт/ байх бөгөөд шүүхээс прокурорын гаргасан санал, шүүгдэгч гэм буруугаа хүлээж буй байдал, уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлсөн байдал, хохирол төлбөрийн талаар хохирогчийн гаргасан хүсэлт зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д-ийн эзэмшлийн 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 14-65 ГАҮ улсын дугаартай ачааны автомашиныг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн эмжээртэй хар хөх өнгийн хантааз 1 ширхэг, улаан хүрэн өнгийн өрөөсөн бээлий 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1010638 дугаартай жолоочийн үнэмлэхийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгч нь хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Д-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2, 7.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулах болохыг шүүгдэгч Д.Д-д сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Д-ийн эзэмшлийн 8.000.000 /найман сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 14-65 ГАҮ улсын дугаартай ачааны автомашиныг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн эмжээртэй хар хөх өнгийн хантааз 1 ширхэг, улаан хүрэн өнгийн өрөөсөн бээлий 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1010638 дугаартай жолоочийн үнэмлэхийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА