| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0046/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Т.М
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Э-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн М суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 1, ганцаараа амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 123,750 төгрөгөөр торгох ялаар, Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 07 сарын 09-ний өглөө 05 цаг 00 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух иргэн Ж.Г-н гэрт хууль бусаар нэвртэн орж, цахилгаан харуул 1 ширхэг, батериатай дрилл 1 ширхэг, цахилгаан цохилттой дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би Г-г танина. Урьд нь айл хөрш байсан. Хүүхдүүдтэй нь найзууд л даа. Тоочигт архи ууж байгаад л айл руу орсон. Хохирол төлбөр бол төлсөн байгаа гэжээ.
Шүүгдэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сард санагдаж байна, би архи согтууруулах ундаа нэлээд хэрэглэсэн байхдаа Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах нэг айлаас ганцаараа ороод цохилттой дрилл, батерейтай дрилл, цахилгаан харуул зэрэг эд зүйл авч гараад тус суманд үйл ажиллагаа явуулдаг Б-н засварын дэлгүүрийн урд талд зогсож байсан үл таних том тэрэгний жолоочид батерейтай дриллийг 10,000 төгрөгөөр зарсан. Нөгөө хоёр эд зүйлээ хаана яасан талаар санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
Хохирогч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Миний бие 2019 оны 07 сарын 09-ний өдөр өглөөний 05 цагаас 08 цагийн хооронд Замын-Үүд сум, 2-р багт байрлах гэрээсээ эд зүйл хулгайд алдсан. Би өглөөний 05 цагт таксинд явахаар гэрээсээ гараад 08 цаг болж байхад гэрэтээ ирэхэд цоож эвдрэлгүй байсан. Түлхүүрээр онгойлгон ороход гэрийн хойморт байрлах төмөр сейф онгойсон байсан. Би очиж шалгаж үзэхэд сейф дотроос багажууд алга болсон байсан. Цэнэглэж хэрэглэдэг дрилл 1 ширхэг, хана цоолдог цохилттой дрилл 1 ширхэг, цахилгаан харуул 1 ширхэг тус тус алга болсон. Би алдсан эд зүйлсээ харвал танина, мөнгөн дүнгээр үнэвэл 500,000 төгрөгөөр үнэлж байна.Надад учирсан 260,000 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Хохирлын талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-21/
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 07 сарын дундуур таксинд явж байгаад Борхойн гудамжнаас өндөр нуруутай, туранхай биетэй 30-аад настай эрэгтэйг суулган хуучин карго одоогоор М баар ажиллаж байгаа газар хүргэж өгөх зуур тухайн хүнтэй юм ярихад тэр залуу надад нэг батерейтай дрилл байна, зарна шүү 20,000 төгрөгөөр өгнө авна гэвэл одоо очоод авч болно шүү гэж хэлж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 25/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 08-10/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-16/
А ХХК-ний Үнэлгээний дүгнэлт /хх-ийн 30-34/
Замын-Үүд сумын 3-р багийн Засаг даргын шүүгдэгчийн оршин суугаа хаяг, ам бүлийг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 47/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-54/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн ... дугаартай ялтан Ж.Э-н ялын тооцооны тухай албан тоот /хх-ийн 154/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 07 сарын 09-ний өглөө 05 цаг 00 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Ж.Г-н гэрт буюу орон байранд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвртэн орж, цахилгаан харуул 1 ширхэг, батериатай дрилл 1 ширхэг, цахилгаан цохилттой дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 260,000 төгрөгний хохирол учруулжээ.
Энэ үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ж.Э-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хууль бусаар, нууцаар бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өглөөний 05 цагт таксинд явахаар гэрээсээ гараад 08 цаг болж байхад гэртээ ирэхэд цоож эвдрэлгүй байсан. Түлхүүрээр онгойлгон ороход гэрийн хойморт байрлах төмөр сейф онгойсон байсан. Би очиж шалгаж үзэхэд сейф дотроос багажууд алга болсон байсан. Цэнэглэж хэрэглэдэг дрилл 1 ширхэг, хана цоолдог цохилттой дрилл 1 ширхэг, цахилгаан харуул 1 ширхэг тус тус алга болсон. Би алдсан эд зүйлсээ харвал танина, мөнгөн дүнгээр үнэвэл 500,000 төгрөгөөр үнэлж байна.Надад учирсан 260,000 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Хохирлын талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 07 сарын дундуур таксинд явж байгаад Борхойн гудамжнаас өндөр нуруутай, туранхай биетэй 30-аад настай эрэгтэйг суулган хуучин карго одоогоор М баар ажиллаж байгаа газар хүргэж өгөх зуур тухайн хүнтэй юм ярихад тэр залуу надад нэг батерейтай дрилл байна, зарна шүү 20,000 төгрөгөөр өгнө авна гэвэл одоо очоод авч болно шүү гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 08-10/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ж.Э нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэж, бусдад 260,000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Гомбо нь “надад учирсан 260,000 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Хохирлын талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хууль бусаар, нууцаар бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 06 сарын 26-ны өдрөөс 06 сарын 30-ны өдөр хүртэл 4 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд нь оруулан тооцно” гэж заасан тул түүний цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хураагдсан эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А ХХК-ний Үнэлгээний дүгнэлтэнд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг цахилгаан харуулыг 80,000 төгрөгөөр, батерейтай дриллийг 90,000 төгрөгөөр,цахилгаан цохилттой дриллийг 90,000 төгрөгөөр бүгд 260,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Э гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хувийн зан байдлын хувьд урьд нь шүүхээс 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас 4 цагийн нийтэд тустай ажил хийж, үлдсэн 296 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийж оргон зайлсан, мөн шүүхэд хэрэг нь шилжиж ирсэний дараа шүүхээс оргон зайлж, оргон зайлж явахдаа удаа, дараа бусдын эд хөрөнгийг хулгайлж, Нийслэлийн Баянгол дүүргээс шүүхээс 30 хоногийн баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн зэрэг хувийн зан байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан ял хөнгөрүүлэх заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Э нь энэ гэмт хэрэг үйлдэхээс өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ... өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа оргон зайлж 4 цагийн нийтэд тустай ажил хийж, 296 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээс санаатай оргон зайлсан болох нь ялтан Ж.Э-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал /хх-ийн 212-136/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн ... дугаартай ялтан Ж.Э-н ялын тооцооны тухай албан тоот /хх-ийн 154/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Э-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Э-н өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 296 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар сольж, 37 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хууль бусаар, нууцаар бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Э-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ... өдрийн ... дугаартай шийтгэх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 296 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар сольж, 37 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил, 37 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-н цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц