Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 11

 

                                                                    

 

 

 

 

 

 

 

 

      Г.Г, Д.Бнарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Цолмон,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат,  

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,  

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Г, Д.Бнарт холбогдох эрүүгийн 201625010175 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Хиад боржигон овогт Гомбосүрэнгийн Г, 1982 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “АЭЭМ” ХХК-д менежер ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 41 дүгээр байрны 952 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар байрны 000 тоотод оршин суудаг,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 603 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

             Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2/133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, /РД: 0000/,   

 

             Дугар овогт Дүгэрсүрэнгийн Б, 1981 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Хард бокс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 00000000000/,   

         

             Г.Г нь “АЭЭМ” ХХК-ийн “Нарантуул” Олон Улсын Худалдааны төвийн борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгууллагын мөнгөнөөс 39.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000 төгрөг, нийт 81.000.000 төгрөгийг яллагдагч Д.Бтай бүлэглэн, мөн 2015 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд 66.388.336 төгрөгийг нийт 147.388.336 төгрөгийг завшсан,

             Д.Бнь яллагдагч Г.Гантулгыг “АЭЭМ” ХХК-ийн Нарантуул Олон Улсын Худалдааны төв хариуцсан борлуулалтын менежерээр ажиллаж байхад нь буюу 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 39.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000 төгрөг, байгууллагын мөнгөнөөс нийт 81.000.000 төгрөгийг өдөөн хатгаж гаргуулан бүлэглэж завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар,  

             Д.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг болгон өөрчилж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Хиад боржигон овогт Гомбосүрэнгийн Гантулгыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулж үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Гд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гантулгын урьд нь цагдан хоригдсон 89 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон эдлэх ялаас нь хасч үлдэх 8.665.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, Д.Бурьд нь 70 хоног цагдан хоригдсон, Г.Г нь хохирлоос 27.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар Г.Гас 40.228.336 төгрөг, Д.Баас 82.340.000 төгрөг гаргуулж, хохирогч “АЭЭМ” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх Г.Г, Д.Бнарын хамтран гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны талаар дүгнэлт хийхдээ Г.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн “Д.Бнадаас 81.000.000 төгрөг авахдаа намайг их хэмжээний мөнгөтэй харьцдаг гэдгийг мэддэг байсан тул намайг борлуулалтын орлогоосоо өгөөч, тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй байна гэж өргөтгөлийн 287 дугаар лангуунаас 27.840.000 төгрөгийг, өргөтгөлийн 350 дугаар лангуунаас 12.160.000 төгрөгийг, өргөтгөлийн 194 дүгээр лангууны Эрка гэх хүнээс 41 сая төгрөгийг авсан” гэх “тодорхой цаг хугацааны талаар хэлээгүй” мэдүүлсэн. Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн “Г.Г надад 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 39.000.000 төгрөг, 42.000.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн” гэх мэдүүлэг нотлох баримтуудыг үндэслэжээ. Энэ мэдүүлгүүд нь хангалттай нотлогдож чадаагүй гэж үзсэн. Анхан шатны шүүх Г.Гд ял оногдуулахдаа хамгийн хөнгөн ял болох 10.000.000 төгрөгөөр торгосон. Улмаар уг торгуулийг төлүүлэхдээ төлж болох хамгийн дээд хугацаа 3 жилд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Гэтэл шүүх зөвхөн Г.Г, Д.Бнарын мэдүүлгийг үндэслэн тэднийг 2015 оны 4 дүгээр сарын 19, 20-ны өдөр гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан…” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эгийн өмгөөлөгч Б.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлын үндэслэл болон давж заалдах шатны шүүхээс хүсэж буй шийдвэрийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ярьсан. Нэгдүгээр үндэслэл буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа нь шүүгч шийдвэрээ гаргахдаа шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг өөрөөр хэлбэл 2015 оны 4 дүгээр сар болоод 5 дугаар сард өгсөн гэх мэдүүлгүүдийг үндэслэж энэ цаг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлт хийсэн. Гэтэл үүний эсрэг нотлох баримт болох Г.Гантулгын  өгсөн мэдүүлэгт тодорхой цаг хугацааны талаар яриагүй байдаг. Д.Бын мэдүүлэгт цаг хугацааны талаар яригддаг. Хоёр дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө Д.Бын үйлдэл нь 2015 оны 8 дугаар сард үргэлжилж байсан мэтээр “7 дугаар сарын 30-ны өдөр Түмэнжаргал гэдэг хүнээс мөнгө зээлж тухайн өрөө төлөхийн тулд компанийн харилцагч нараас мөнгө авч өрийг төлсөн” мэтээр тайлбарласан байдаг. Мөн Д.Бөөрийн “Хард бокс” ХХК-аар яригдаж байгаа 147 сая төгрөгийн хохирлыг би хариуцах ёстой гэдэг албан бичиг хийж өгсөн байдаг. Зөрүүтэй нотлох баримтуудыг хүлээж авахгүй байх үндэслэл буюу ямар учраас 2015 оны 4 дүгээр сарын 19, 20-ны өдөр мөнгө авсан гэх Д.Бын мэдүүлгийг үндэслэж бусад нотлох баримтыг үгүйсгэсэн талаар заагаагүй учраас энэ бол хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт болсон гэж эхний гомдлын үндэслэл яригдаж байна. Анхан шатны шүүхээс Г.Гд ял оногдуулахдаа торгох ял шийтгэл оногдуулсан. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хохирол төлөхөө илэрхийлсэн гэх нөхцөл байдал байхгүй. Анхан шатны шүүх хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг үндэслэж хамгийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулж байна гэсэн утгатай зүйл ярьсан. Шүүхийн шийдвэрт хохирлыг гаргуулахаар заасан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тусдаа байгууллага ажилладаг боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хохирол, торгуулийн ял хоёрын аль ажиллагааг түрүүлж хийх талаар ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байна. Хохирол төлбөрөө төлөөгүй байхад нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдгээр ял шийтгэлийн бодлого явж болохгүй гэж үзэж байна. Д.Бын үйлдэл 2015 оны 4 дүгээр сараас эхэлж 2015 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжилсэн байдаг. Г.Гантулгын мэдүүлгээс 2015 оны 8 дугаар сард Д.Бмөнгө аваад өгчих гэсээр байгаад авсан гэх мэдүүлэг өгсөн байдаг. Хэргийн үйлдэл 2015 оны 4 дүгээр сарын 19, 20-ны өдөр үргэлжлээд дуусчихсан зүйл биш 8 дугаар сар хүртэл үргэлжилсэн учраас хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь заалт болгож Өршөөлийн хуульд хамруулсан нь буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэж шийдвэр гаргасан. Хуульд шүүгдэгч нарын мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэдэг зарчим байдаг. Бусад нотлох баримтуудыг харгалзаж үзэлгүйгээр зөвхөн шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал үүсэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Г.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Гантулгын өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлэхэд 1 дүгээр үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах гомдол гаргасан байна. Тодруулан үзвэл шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэж гомдол гаргасан байна. Шүүгдэгч нарын мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр цаг хугацааны байдлыг тодорхой тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаа шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтүүдээр цаг хугацааны байдал нь тодорхой тогтоогдсон байдаг. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд зөрүүтэй дүгнэлт хийсэн зүйл байхгүй гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч Түмэнжаргалаас зээлсэн мөнгө, компаниас Д.Бтай хамтран зээлсэн мөнгө зөрүүтэй байгаа талаар хэлж байна. Энэ үйл баримт нь компаниас авч байгаа мөнгөтэй хамаагүй үйл баримт юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт заасан гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг хэрэгт авагдсан бодит баримтад үндэслэж гаргасан учир ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд болон шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд энэ талаар хохирогч талаас мэтгэлцээгүй үйл баримт нь цаг хугацааны хувьд зөрүүтэй нөхцөл байдал үүсээгүйг, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт бодит байдалтай нийцэж байгааг харуулж байна. Дараагийн давж заалдах гомдлын үндэслэл нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл байна. Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад хохиролд 27.500.000 төгрөг төлсөн гэх зэрэг гэм буруугийн хэлбэрт тохирсон ялыг оногдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ял оногдуулах асуудалд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Г.Гантулгын тухайд ажлаасаа гараад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх хуралдаан дуусах хүртэл ажил эрхлээгүй байсан. Ах дүү нар нь уул уурхайн бизнес эрхэлдэг тухайн бизнест Г.Гантулгыг ажиллуулах замаар төлбөр болон торгуулийн ялыг төлүүлэх арга хэмжээ авч байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Г.Гантулгын хувьд хохирол төлбөрийг төлөхгүйгээр ор үндэслэлгүй хаясан зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар хохирлоо төлөх гэж хохирогч талаас гэрээний төсөл ирүүлэн автомашин барьцаанд тавьж байгаад хохирол төлөх талаар санал хэлэлцсэн. Хохирогч талаас машины үнэ хохирлын хэмжээнд хүрэхгүй байна гэдэг үндэслэлээр энэ асуудал шийдэгдэхгүй байгаа. Түүнээс хохирлыг төлөх талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй бус төлөх талаар идэвхи чармайлттай ажиллаж байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Ө.Амарбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс цаг хугацааны хувьд маргаантай байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд шүүгдэгч Г.Гас Д.Бнь нийт 81.000.000 төгрөгийг авсан нь тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ц.Одончимэг өмгөөлөгч хэлсэн урьдчилсан хэлэлцүүлгийн үед цаг хугацааны талаар ямар нэгэн маргаан үүсгэсэн зүйл байдаггүй. Шүүгдэгч Д.Бын хохирлын талаар “Өндөр заяа” ХХК-тай гэрээ хийж буулгалтын ажил хийх талаар яригддаг. Энэхүү компанид 81.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж одоог хүртэл тухайн мөнгийг гаргуулж авч чадаагүй байгаа. “Өндөр заяа” ХХК-тай холбоотой эрүүгийн хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар шалгагдаж байгаа. “Өндөр заяа” ХХК-аас ирэх долоо хоногоос хохирлын 50 хувийг барагдуулах талаар хэлсэн. Тухайн мөнгө орж ирсэн тохиолдолд хохирогч компанийн хохирлыг 100 хувь барагдуулна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хувьд Д.Бын зүгээс ямар нэгэн маргаангүй...” гэв.

 

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 652 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э давж заалдах гомдол гаргасан байна. Давж заалдах гомдлын гурван үндэслэлээр гаргасан байна. Нэгдүгээрт шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хоёрт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, гуравт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Цаг хугацааны асуудлыг бүрэн тогтоож чадаагүй гэж үзсэн байна. Хавтаст хэрэгт сэжигтэн нар мэдүүлэхдээ 81.000.000 төгрөгийг 4 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Г.Г нь Д.Бт өгсөн талаар хэн алиных нь мэдүүлэгт байдаг. Тухайн цаг хугацаанд энэ мөнгө нь “Өндөр заяа” ХХК-ийн захирал Долгорсүрэнд шилжүүлэгдсэн талаарх баримт байдаг. Түүнээс өгч байгаа, өгч байхад нь хажууд нь байсан талаар баримтууд байхгүй. Нийт 147 сая гаран төгрөгийг Г.Г ямар байдлаар байгууллагаас авсан талаар шалгасан. Анх 81.000.000 төгрөгийг 4 дүгээр сард Г.Г нь Д.Бт шилжүүлж байгууллагаас завшсан гэх эдгээр баримтад үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн. Г.Гантулгын үйлдэл нь дангаараа 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилсэн байдаг. Үүнд шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Нийт 147 сая төгрөгийн хохирол учруулсан үргэлжилсэн үйлдэл гэж үзэж байна. Д.Б4 дүгээр сард 81.000.000 төгрөг авсанаараа үйлдэл зогссон учир үргэлжилсэн үйлдэл гэж үзээгүй. Үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, үүнийг Өршөөлийн хуульд хамруулж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл нь 2002 оны Эрүүгийн хуулиас хөнгөрч байгаа хэдий боловч 2002 оны хуулиар зүйлчилснээр Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар баримталсан нь зүйтэй, хууль зөрчөөгүй гэж үзэж прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Прокурор 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар яллах дүгнэлт бичсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хохирогч талаас давж заалдах гомдол гаргасан байсан. Анхан шатны шүүх хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байсан. Хохирол төлбөрийн хувьд хохирлыг төлүүлэх талаар яригдаж байна. 2016 оны 12 дугаар сард давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш хуулийн байгууллага яагаад хохирол төлүүлэх арга хэмжээ аваагүй бэ гэдэг талаар ярьж байна. Хэн алиных нь эд хөрөнгийн лавлагаа авч өөрсдийнх нь нэр дээр битүүмжлэх эд хөрөнгө байгаа эсэхийг шалгахад байдаггүй ба хохирол төлбөр төл гэдгийг алхам тутамдаа шаардаж байсан. Энэ ч утгаараа хохирол төлөөгүй талаар яллах дүгнэлтэд бичигдсэн байгаа. Шүүхэд шилжсэний дараа 27.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх хуулийн заалтуудыг зөрчжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гд ял шийтгэл оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэснийг баримтлалгүй, энэ талаар дүгнэлт хийхдээ эргэлзээтэй, хоёрдмол утга бүхий дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Гантулгыг “...гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн...” /хх-85-4хх/ гэж ял хүндрүүлэх нөхцөл байдлыг шийтгэх тогтоолд дурдсан атлаа шүүгдэгчид хуульд заасан хөнгөн төрлийн ял шийтгэлийн хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулсан нь ойлгомжгүй байна.    

Мөн Прокуророос Д.Бт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан буюу гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх хэргийн зүйл, хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж, хэргийг шийдвэрлэхдээ шүүгч дангаараа шийдвэрлэж, Д.Быг Өршөөлийн хуульд хамааруулсан нь ойлгомжгүй байх ба энэ талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрхтэй хэдий ч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс уг хэрэгт дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.   

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Г, Д.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг энэ удаад хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 652 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Г, Д.Бнарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Г.Г, Д.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.МЯГМАРЖАВ