Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Б.Д,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б.А-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймгийн Ө суманд төрсөн, ... настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймаг Өргөн сумын Баялаг гэх газар оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Б.А,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн А.Г-г зодож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Би Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багт ам бүл ганцаараа бүртгэлтэй. Манай төрсөн аав ганцаараа бас амьдардаг болохоор би аав Б-тэй хамт амьдардаг. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хөдөө яваад айл дээр ямаа самнаж дуусаад орой гэртээ ирээд амарсан. Тэгээд маргааш өглөө буюу 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Өргөн сумын 4 дүгээр баг төрсөн аав Б, манай төрсөн ээжийн ах О нарын хамт гэртээ байж байхад гаднаас 15 цаг өнгөрч байхад манай сумын ах эгч хоёр болох Г ах, эхнэр Э-н хамт орж ирсэн. Г ах, эхнэр Э хоёр дотор эвгүй байна ганц архи байна уу гэж асуусан. Би өмнөх өдөр нь айлд ямаа самнаад 2 кг ноолуур хөлсөнд нь авсан байсан. Тэгээд би 2 кг ноолуураа авч гараад ноолуур авдаг хүнд 80,000 төгрөгөөр өгөөд 40,000 төгрөгийг дүүдээ өгөөд үлсэн 40,000 төгрөгөөр гэртээ хүнсний зүйл аваад 0,75 граммтай Е нэртэй нэг шил архи аваад гэртээ ирсэн. Намайг гэрт орж ирэхэд аав зүүн талын орон дээр унтаж байсан. О ах аавын наад талаар газар унтаж байсан. Тэгээд Г ах, эхнэр Э нарын хамт миний авчирсан архийг хувааж ууж дуусаад Э эгч нилээн муудсан унтах гээд газар хэвтсэн чинь нөхөр нь Г ах эхнэр Э-н толгойноос үсдэж чирээд байхаар нь дундуур нь орж салгаад миний үгэнд орохгүй та хоёр энд унтаж амраад яв гэж хэлсэн чинь Г ах Э эгчийг аваад гэртээ харьж амарна гээд чирээд байхаар нь би Г ахын куртикнээс бариад гэрээс чирж гаргаад гэрийн гадаа баруун талын гараа атгаж байгаад Г ахын цээж болон толгойн хэсэг рүү 2-3 удаа цохиж, мөн нэг удаа өшиглөсөн. Гэрээс Э эгч гарч ирээд бид хоёрыг салгаад Г ахыг аваад авсан. Би гэртээ орж амарсан. Би учирсан хохирлыг төлж барагдуулсан. Би гэм буруугаа ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/,

- Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдөр өөрийн эхнэр Э-н хамт Б-нд очсон. Бид хоёрыг очиход Б, О, А гурав байсан, тэдний гэрт хоол идээд сууж байтал 1 шил 0,4 литрийн архийг А гаргаж ирснийг хувааж уусан, архиа ууж дуусгаад эхнэр Э-г аваад явах гэтэл эхнэр маань согтоод унатаад өгсөн байсан. Тэгтэл А, Э эгч эндээ унтаж байг та яв гээд зодоод гэрээсээ чирээд гаргасан. Надад гомдол санал байхгүй. Надад учирсан хохирол болох 300,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед Өргөн сумын эрүүл мэндийн төвийн эмч Б миний гар утас руу залгаад танай аав хүнд зодуулсан байна чи хүрээд ир гээд аавын гэрт дуудсан. Тэгээд би яваад очтол гэрт сумын эмч нар ирсэн байсан ба манай ээж болох Э нар байж байсан. Тухайн үед манай аав болох Г-н нүүр ам нь хөхөрч хавдсан амьсгаа өндөртэй хамраас нь цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд сумын эмч нар аавыгаа аваад аймаг явж цээжний зураг авахуул гэсэн учраас би аавыгаа аваад аймгийн эмнэлэгт үзүүлээд цээжний зураг авахуулахад өвчүү нь хугарсан байна гэсэн. Ийм учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

- Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд “...Миний бие Дорноговь аймаг Өргөн сумын төвд гэртээ хадам болох О-н хамт амьдардаг. Тухайн өдөр манай хадам болох О айлын бэр гуйлгахад яваад ирэхдээ нэг шил архитай ирсэн тэрийг нь бид хоёр хувааж уугаад би согтчихсон байна лээ тэрнээс хойш юу болсон мэдэхгүй санахгүй байна...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

- Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд “...Миний бие Дорноговь аймаг Өргөн сумын төвд нутгийн хөгшин болох Ш.Б-н гэрт өөрийн нөхөр болох А.Г-н хамт тухайн өдрийн 16 цагийн орчим очсон тухайн үед Б-н гэрт О, Б, А нар байж байсан. Тэгээд бид хэд тэдний гэрт хоол идээд сууж байтал А дэлгүүр гарч яваад 0.5л Е нэртэй архи авч ирсэн ба бид хэд тухайн архийг хувааж уусан тэгээд би тэр архийг уугаад нилээн согтсон байсан учраас сайн санахгүй байна. Нэг мэдэхэд А манай нөхөр болох Г-г куртикнийх нь захнаас заамдаж аваад гэрийн гадна чирч гаргасан тэгээд би араас нь гараад очтол А манай хүнийг гэрийн гадна газарт хэвтүүлж байгаад нүүр болон цээжний хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би тэр хоёрыг салгаад Г-г аваад гэртээ харьж нүүр амийг нь угааж өгөөд тэр өдөртөө амарцгаасан. Нөхөр бид хоёр тухайн үед Дундговь явж ямаа самнаад дөнгөж ирсэн байсан учир гэрт хоол хийх ус байгаагүй байсан учир Б-н гэрт хоол идэхээр очсон юм...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 04/60 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. А.Г-н биед өвчүүний дунд 1/3 хэсгийн хугарал, өвчүү орчимд зулгаралт, баруун нүдэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
  3. Дээрх гэмтлүүдийн нь өвчүүний 1/3 хэсгийн хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журм”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, өвчүү орчимд зулгаралт, баруун нүдэнд цус хуралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
  4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27/,

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/,

- Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Б.А-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 50-51/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч Б.А нь гэрч хохирогч А.Г эхнэр Г.Э-н хамт ирж согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар А.Г зодсон үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.А нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн А.Г-г зодож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч А.Г “... А намайг тухайн үед гэрийн гадна газар унагаж байгаад нүүр болон цээжний хэсэгт гар болон хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн...” гэсэн, гэрч Г.Б “...манай аав Г-н нүүр ам нь хөхөрч хавдсан амьсгаа өндөртэй хамраас нь цус гарсан байдалтай байж байсан...цээжний зураг авхуулахад өвчүү нь хугарсан байна. А намайг ийм болгочихлоо гээд уйлаад байсан...” гэсэн, гэрч Г.Э “... нэг ухаан ороход А, Г-г чирээд гадаа гарч байсан, тэгээд араас нь гартал А, Г-г газарт унагаачихсан зодож байсан...манай хүний нүүр нь битүү хөхөрч хавдсан ба өвчүүний яс хугарсан...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 04/60 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэм хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Б.А-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Б.Н