| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 172/2020/0210/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/224 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ч.Батзориг,
Хохирогч Б.М,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бхолбогдох эрүүгийн 2038000000207 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Мхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Мхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000207 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Архи ууснаас болж маргалдсан. Тэгээд би Б.Мын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Б.Мыг гэрийн гадаа гаргаж ирээд модоор цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Бын гэрт ороход Эрдэнэчимэг орондоо орцон хэвтэж байсан. Тэгээд удалгүй араас Б.Б манай эхнэр Үүрийнцолмон орж ирсэн. Тэгээд байж байтал Б.Б хоёулаа гаръя гэхээр нь дагаад гарсан. Тэгсэн юу болсон юм мэдэхгүй намайг модоор нүүрлүү цохисон...Бид хоёрын хооронд маргаан гээд байх зүйл болоогүй. Тухайн үед Б.Б яагаад цохисон талаар мэдэхгүй байна. Намайг дагуулж гаргаад модоор нүүрлүү цохисон...Эмчилгээний зардалд 7 сая төгрөг нэхэмжилж байна. Би эмчилгээний төлбөрөө гаргуулж авмаар байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Үмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Бын гэрт байж байхад Б.Мыг Б.Б аваад гарсан. Тэгж байснаа пижигнээд явцан. Тэгэхээр нь би Эрдэнэчимэгийг аваад өөрийн ээж Хишигбаярын хашаанд ороод сууж байхад ээж урдаас юун чимээ бэ гэсэн. Гэрэл тусгаад гэрээсээ гарч ирсэн. Тэгээд ээж бид хоёрыг орж унт гээд бид хоёр орж унтсан. Тэгээд өглөө сонсоход Б.Мыг эмнэлэгт байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Л.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б.Б, Б.М хоёрыг маргалдаад зодоон болох үед байгаагүй. Энэ талаар маргааш нь мэдсэн. Б.Б надад хэлэхдээ бид хоёр нээх тэгэж хоорондоо цохилцсон юм байхгүй. Би тэрнийгээ сайн мэдэхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Гэрч Т.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай дүү Б.М орж ирээд Мөнхөөд дүү нь хүнд зодуулчихлаа гээд ярьж байсан. Тэгээд эгч гараад ирээч гэхээр нь босоод үүдний өрөөндөө ороод харахад Б.Мын нүүр ам, хувцас нь нилдээ цус болчихсон байсан. Тэгээд хэнд зодуулчихсан юм бэ гэж асуусан чинь Хожий гэж дууддаг Б.Б гэдэг залууд зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 214 дугаартай:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000207 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Мхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Э.Ү/хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Л.Э/хх-ийн 21-22-р хуудас/, гэрч Т.Т/хх-ийн 24-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 214 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 7 сая төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.
Хохирогч Б.М нь эмчилгээний зардалд: Монос эмийн сангийн 5250 төгрөгний Е баримт, Нахиа импекс ХХК-ний 4995 төгрөгний Е баримт, эмний үнэ 6400 төгрөгний Е баримт, Хатгал эмийн сангийн 23.500 төгрөгний Е баримт, эмний үнэ 5050 төгрөгний Е баримт, Гашуун булаг ХХК-ний 48.000 төгрөгний Е баримт, эмний үнэ 3800 төгрөгний Е баримт, Хөвсгөл эмийн сангийн 39.205 төгрөгний Е баримт, шинжилгээний төлбөр 4000 төгрөгний баримт, Улсын 1-р төв эмнэлгийн 110.710, 761.480 төгрөгний Е баримт, Эн Ар Би-ийн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр 81.500, 4000, 25.000 төгрөгний Е баримт, Эн Ар Би-ийн 35.000 төгрөгний тооцооны хуудас нийт 1.157.890 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байна.
Замын зардалд: Шунхлай петролиумын 5000 төгрөгний Е баримт, Ник ХХК-ний 10.000 төгрөгний Е баримт, МТ ШТС-ын 21.000 төгрөгний Е баримт, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн №109079933 дугаартай 36.000 төгрөгний зорчих тасалбар нийт 72.000 төгрөгний зардал гарсан байна.
Эмчилгээний болон замын зардалд нийт 1.229.890 төгрөгний хохирол нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Баас 1.229.890 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мт олгох нь зүйтэй байна.
Харин Оргил төвийн 4080 төгрөгний Е баримт, Баян буурал миний маркетын 3700 төгрөгний Е баримт, Эрхэм хангайн 15.400 төгрөгний Е баримт нь авсан барааны нэр тодорхойгүй, 5000 төгрөгний мөнгөн шилжүүлгийн баримт, Оранж дэлгүүрээс хүнсний зүйл худалдан авсан тухай 7050, 37.150, 16.900 төгрөгний Е баримт, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн №109079934 дугаартай 36.000 төгрөгний зорчих тасалбар нь Үүрийнцолмон гэх хүний нэр дээр бичигдсэн, Эрхэс бөөний төвийн 19.415 төгрөгний Е баримт зэрэг баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралгүй зардлууд байх тул хохиролд оруулан тооцоогүй болно.
Хохирогч Б.М нь эмчилгээний зардал 5.770.110 төгрөгний хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Баас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Б нь ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038000000207 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-аас 1.229.890 /нэг сая хоёр зуун хорин есөн мянга найман зуун ер/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мт олгосугай.
5. Эрүүгийн 2038000000207 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.М нь эмчилгээний зардал 5.770.110 төгрөгний хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Б-аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР