Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/232

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,  

Улсын яллагч Ч.Батзориг,

Хохирогч Д.Д,

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мхолбогдох эрүүгийн 2038000000275 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Мөрөн дэлгүүрийн арын гудамжинд 2020 оны 05 дугаар 12-ны өдөр найз охин Д.Днүүр, шанаа хэсэг рүү алгадаж чихний хэнхэрэгийг цоолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Ч.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Мөрөн дэлгүүрийн арын гудамжинд 2020 оны 05 дугаар 12-ны өдөр найз охин Д.Днүүр, шанаа хэсэг рүү алгадаж чихний хэнхэрэгийг цоолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000275 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Найз охин болох Д.Дтай ам зөрж маргалдсан. Тэгж маргалдаж байхад Д.Д намайг толгой, нуруу руу цохиж аваад байхаар нь түүний нүүрлүү гараараа нэг удаа алгадсан. Тэгж маргалдаж байгаад Д.Дгаас салаад явсан. Би Д.Дгаас салж яваад Нарантуяа эгчийн гэрт очиж хоносон. Би Д.Дгийн зүүн шанаа орчим руу гараараа нэг удаа алгадсан үүнээс өөрөөр түүнийг цохиж зодсон асуудал байхгүй...Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Хохирогч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Долгоржавын найз залуу та хоёр манай гэрт очоод хоночих гэж хэлэхэд Ч.М дургүйцээд миний гарнаас татаад хөл рүү өшиглөсөн. Би өшиглүүлээд газарт унахдаа өмдөө урчихсан. Намайг Мөрөн дэлгүүрийн арын ард талын гудамжинд оруулснаа хэвлий хэсэг рүү гараа атгаж 3 удаа, чихрүү маань нэг удаа цохисон. Мөн биеийн бусад хэсэгрүү цохиж байсан. Тухайн үед би хашгирах гэхээр амыг маань дарчихаад байсан. Миний чихний ард талаар байнгын өвдөж зовиурлаж байгаа. Чихээр өвдөж зовиуртай байгаа учраас өвчин намдаах эм ууж, чих рүүгээ дусаалга дусааж байгаа...Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал 468.950 төгрөг, үсчнээр ажиллаж олох байсан үйл ажиллагааны орлого 531.050 төгрөг нийт 1 сая төгрөгний хохирол болон цаашид гарах эчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

       Гэрч Н.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Д надруу фейсбүүк чатаар чат бичсэн. Чат бичихдээ би Нандиатай хамт байна. Ч.М намайг алгадсан гэж чат бичээд уйлсан зургаа явуулж байсан. Би тухайн үед Ч.Маас чи яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ гэж асуухад намайг доромжлоод байхаар нь алгадчихсан юм гэж хэлж байсан. Тэгж хэлэхдээ би одоо очоод уучлалт гуйчихна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Гэрч Б.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний найз Д.Д надруу залгаад найз нь хүнд зодуулчихлаа. Гудамжныхаа үзүүрт гараад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад очиход Д.Дгийн өмд хэсэг өвдгөөрөө урагдаж, үс нь сэгсийчихсэн, зүүн талын чихнээс бага зэрэг цус гарчихсан байдалтай байхаар нь яасан бэ гэж асуухад Ч.Мт зодуулчихлаа гэж хэлсэн. Тухайн үед Д.Дгийн зүүн талын чихнээс бага зэргийн цус гарсан байсан. Мөн бугалаг, шуу, дал нуруу хөхөрсөн, өвдөг шалбарсан, шилбэ бүдүүн гуя ард талд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 266 дугаартай:

1. Д.Дбиед зүүн хэнгэр цоорсон, баруун бугалга, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, хоолой, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Д.Дбиед хэнгэргэн хальсны гэмтэл нь тусдаа бусад хэсгийн цус хуралт болон зулгаралт нь нийт хэмжээгээр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-44-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000275 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Мөрөн дэлгүүрийн арын гудамжинд 2020 оны 05 дугаар 12-ны өдөр найз охин Д.Днүүр, шанаа хэсэгрүү алгадаж чихний хэнхэрэгийг цоолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

        Хохирогч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

       Гэрч Н.Н/хх-ийн 19-20-р хуудас/,  гэрч Б.Н/хх-ийн 22-23-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 266 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ч.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ч.М нь хохирогч Д.Дэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Д.Д нь Эмчилгээнд гарсан зардал 468.950 төгрөг, үсчнээр ажиллаж олох байсан үйл ажиллагааны орлого 531.050 төгрөг нийт 1 сая төгрөгний хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.

Эмчилгээний зардалд: Хөгжил мөрөн эмийн сангийн 6.000 төгрөгний Е баримт, эмний үнэ 1200, 2000, 850 төгрөгний Е баримт, Барагшуны үнэ 16.000 төгрөгний Е баримт, эмчилгээний зардал 36.470 төгрөг нийт 62.520 төгрөгний хохирол нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Маас 62.520 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дд олгох нь зүйтэй байна.

Бензин шатахууны баримтууд хэрэгт авагдсан байх боловч хохирогч нь хэний эзэмшлийн машинд ямар зориулалтаар шатахуун зарцуулсан нь тодорхойгүй, эмчилгээнд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Хохирогч Д.Д нь өвчтэй байх хугацаанд үсчнээр ажиллаж олох байсан үйл ажиллагааны орлого 531.050 төгрөг нэхэмжилж байх боловч нийгмийн даатгал болон татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлсөн баримт байхгүй, Хөвсгөл аймгийн үсчин гоо засалчдын холбооны тэргүүний тодорхойлолтоор орлогыг тодорхойлох боломжгүй байна. Иймд хохирогч Д.Дэлгэрмөрөн нь эмчилгээнд гарсан зардал 406.430 төгрөг, үсчнээр ажиллаж олох байсан үйл ажиллагааны орлого 531.050 төгрөг нийт 937.480 төгрөгний хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.Маас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч Ч.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000000275 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ч.Маас 62.520 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дд олгосугай.

     5 Эрүүгийн 2038000000275 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,

хохирогч Д.Д нь эмчилгээний зардал 406.430 төгрөг, үсчнээр ажиллаж олох байсан үйл ажиллагааны орлого 531.050 төгрөг нийт 937.480 төгрөгний хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.М-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР