Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/238

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Г.Баянбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бхолбогдох эрүүгийн 2008004250237 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Б нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт байх “Доод нуур” гэх нэртэй нуурнаас 2019 оны 11 дүгээр сарын 7-10-ны өдрийн хооронд ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан буюу нуурын мөсний 3 хэсэгт цоолон тор тавьж хориотой аргаар ховор амьтан болох тул загас 3 ширхэгийг барьж 1.266.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт буюу сумын төвийн хойд зүгт төвөөс 2 км зайд байрлах газраас ховор амьтан болох Халиун бугын эр бодьгалд хамаарах нэг чив, нэг сүүл, эм бодьгальд хамаарах нэг сүүл зэрэг ховор амьтаны гаралтай 3 ширхэг түүхий эдийн зүйлийг олж авч хадгалан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Ц.Б нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт байх “Доод нуур” гэх нэртэй нуурнаас 2019 оны 11 дүгээр сарын 7-10-ны өдрийн хооронд ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан буюу нуурын мөсний 3 хэсэгт цоолон тор тавьж хориотой аргаар ховор амьтан болох тул загас 3 ширхэгийг барьж 1.266.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2019 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт буюу сумын төвийн хойд зүгт төвөөс 2 км зайд байрлах газраас ховор амьтан болох Халиун бугын эр бодьгалд хамаарах нэг чив, нэг сүүл, эм бодьгальд хамаарах нэг сүүл зэрэг ховор амьтаны гаралтай 3 ширхэг түүхий эдийн зүйлийг олж авч хадгалан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2008004250237 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Цагаан загас агнахаар сумын байгаль хамгаалагч                               Түмэн-Өлзийгээс зөвшөөрөл авсан. Цагааннуурын мөсийг цоолж загас барихаар 2 ширхэг тор тавьсан. Тороо тавьчихаад өдөр болгон эргэдэг байсан юм. Хоёр ширхэг тул загас орсон. Эдгээр тул загасыг хүнсэндээ хэрэглэхээр авсан. Тэгээд загас барих хугацаа дуусахаар тороо хурааж авсан...Үхэртээ явж байхад замын хажуу талд шар ууттай зүйл хэвтэж байсан. Тэр зүйлийг аваад гэр рүүгээ харьсан. Тэр өдөр үхрээ ирээд олоогүй гэртээ харьсан юм. Уг ууттай зүйлийг задлаж үзэхэд уутны дээр арц байсан. Гэртээ очоод ууттай зүйлийг гэртээ оруулж задлаж үзэхэд цустай, үстэй амьтны эд эрхтэн байсан. Тэгээд амбаартаа оруулаад тавьчихсан байсан юм...2020 оны 1 дүгээр сард Улаанбаатар хот руу жимс, 3 ширхэг тул загас, Дорнод руу нагац эгчид өгөх зүйлийн хамт явуулсан...Учруулсан хохирлоо төлж барагдуулах болно...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

      Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-23-р хуудас/,

      Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26-р хуудас/,

      Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29, 31-33, 36-37-р хуудас/,

      Хохирогч Г.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сумаас тул загас агнах зөвшөөрөл олгодоггүй. Байгаль орчны яамнаас олгодог. Байгаль орчинд учирсан нөхөн төлбөрийг гаргуулан авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

Гэрч Б.Нармандахын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гарахаас өмнө 15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын автовокзал дээр байж байхад нэг танихгүй залуу ирээд Улаанбаатар хот руу явуулах дайвар ачаа байна авч явах уу? гэсэн. 100 гаран кг ачаа байгаа гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр тохироод 80.000 төгрөгөөр ачааг нь авч явахаар болсон. Нийт 5 хэсэг зүйл байснаас 3 цаасан хайрцагтай амыг нь нааж багалсан байсан. 2 нь шуудаатай жимс байсан. Яг ямар жимс гэдгийг нь мэдэхгүй байсан. Би тэгэхээр нь тэр залуугаас өгч явуулсан зүйлд чинь юу байгаа юм бэ гэж асуухад. Бага зэргийн сүү цагаан идээ, жимс байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарал үүслийн гэрчилгээ байгаа юу? гэхэд тийм зүйл байгүй ээ гэсэн. Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо 22-ын товчоон дээр цагдаа зогсоож шалгасан юм. Тэгэхэд миний тээвэрлэж явсан цаасан хайрцагнаас 3 ширхэг тул загас, хэсэг бугийн чив яг хэдэн ширхэг байсныг нь мэдэхгүй байна. Уг ачаанд ямар эд зүйл байгаа эсэхийг Ц.Бгээс асуухад аньс жимс, сүү, мах, цагаан идээ л байгаа гэж хэлсэн...Зөвхөн гаднах байдлаар л харсан. Хайрцаг шуудайд юу байгааг бол шалгаж үзээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

Гэрч Ц.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай төрсөн ах Ц.Б над руу өөрийнхөө 88609339 дугаараас залгаад ах нь дүүгийн чинь сургалтын төлбөрт хэрэглээрэй гээд загас, жимс хүнээр дайвраар өгч явууллаа. Маргааш өглөө тосч аваарай гээд жолоочийнх нь дугаар болох 88078417 дугаарыг надад өгсөн. Өнөөдөр өглөө 07 цагт дайвар авч явж байсан жолооч над руу залгаад та 22-ын товчоон дээр хүрээд ир дайвар чинь асуудалтай юм шиг байна. Би сайн мэдэхгүй байна. Цагдаа нар шалгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах Ц.Б руу залгаж асуухад ах маань 3 ширхэг зэвэг загас байгаа. Цагдаа нарт зэвэг гэдгийг нь тайлбарлаж хэлээрэй гэж байсан. Өөр зүйл яриагүй. Тэгээд би 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-ын товчоон дээр очиход цагдаа болон мэргэжлийн хяналтынхан ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

Гэрч М.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын эхээр намайг өөрийн эзэмшлийн пургон машинтай Мөрөн сум ороход Ц.Б хоёр үхрийн мах, хоёр шуудай аньс, 2-3 хайрцагтай зүйл ачиж Мөрөн орсон юм...Ц.Б дотор нь ямар эд зүйл байгаагаа хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдийн дүгнэлтүүд /хх-ийн 60-61, 66-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан №2020/2 дугаартай дүгнэлт:

...Шинжээч Гүнбилэгийн гаргасан дүгнэлтээр 2 эр тул загас, 1 эм тул байна гэж тогтоогдсон байна. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор 1 тул загасны экологи эдийн засгийн үнэлгээ 211.000 төгрөг байдаг бол 3х211.000=633.000 төгрөг. Байгаль орчинг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон үнэлгээгээр 3 тул загас 633.000х2=1.266.000 төгрөгний нөхөн төлбөр гарч байна...гэх дүгнэлт /хх-ийн 72-73-р хуудас/,

     Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 87-88, 157-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2008004250237 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт байх “Доод нуур” гэх нэртэй нуурнаас 2019 оны 11 дүгээр сарын 7-10-ны өдрийн хооронд ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан буюу нуурын мөсний 3 хэсэгт цоолон тор тавьж хориотой аргаар ховор амьтан болох тул загас 3 ширхэгийг барьж 1.266.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт буюу сумын төвийн хойд зүгт төвөөс 2 км зайд байрлах газраас ховор амьтан болох Халиун бугын эр бодьгалд хамаарах нэг чив, нэг сүүл, эм бодьгальд хамаарах нэг сүүл зэрэг ховор амьтаны гаралтай 3 ширхэг түүхий эдийн зүйлийг олж авч хадгалан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-23-р хуудас/,

       Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26-р хуудас/,

       Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29, 31-33, 36-37-р хуудас/,

Хохирогч Г.Т/хх-ийн 42-р хуудас/, гэрч Б.Нармандахын /хх-ийн 45-р хуудас/, гэрч Ц.М/хх-ийн 47-р хуудас/, гэрч М.Г/хх-ийн 54-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдийн дүгнэлтүүд /хх-ийн 60-61, 66-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан №2020/2 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар ан агнах гэмт хэргийг шүүгдэгч Б.Ц.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Ц.Б нь экологи эдийн засагт 633.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “амьтаны аймагт учирсан хохирлын экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ц.Б нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж 633.000х2=1.266.000 төгрөгний хохирлыг учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Б.Ц.Бгээс 1.266.000 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Б.Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Ц.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, Б.Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

      Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/356 дугаартай шүүгчийн захирамжаар  тул загас 3 ширхэг, ховор амьтны гаралтай буюу Халиун бугын эр бодьгалд хамаарах 1 чив, 1 сүүл, эм бодьгалд хамаарах 1 сүүл зэрэг 3 ширхэг түүхий эдийн зүйлсийг устгахыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсний дагуу 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр устгасан болох нь эд мөрийн баримт устгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна /хх-ийн 177-180-р хуудас/.

Эрүүгийн 2008004250237 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн загас барих зориулалтын ногоон өнгийн тор 2 ширхэгийг устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ц.Бд нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Ц.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ээс 1.266.000 /нэг сая хоёр зуун жаран зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

     6. Эрүүгийн 2008004250237 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн загас барих зориулалтын ногоон өнгийн тор 2 ширхэгийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

     7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР