Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 12

 

                                                                                                                                                                                                                                                                                                                           

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Н.Эт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Мижиддорж,

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцлээр Н.Эт холбогдох эрүүгийн 1710000000129 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Галуут овогт Намсрайжавын Н.Э, 1964 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хамгаалалтын албанд ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Бурхантын 00-000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000000/,

   Н.Э нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Бурхантын 00-000 тоотод өндөр настай эх П.Бтой согтууруулах ундааны зүйл хэрэглэн хоорондоо маргалдаж, түүний биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Н.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Эыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Эаас 157.000 төгрөгийг гаргуулан хохирогч П.Бод олгож шийдвэрлэжээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн 326 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж заасан боловч торгох ялыг ямар хугацаанд хэсэгчлэн төлөхийг өөрөөр хэлбэл шүүхээс хугацаа тогтоож өгөөгүй орхигдуулсан байна.

Ийнхүү торгох ялыг ямар хугацаанд төлөхийг шийдвэрлэж, хугацаа тогтоож өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар тусгах заалтыг зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор Т.Мижиддорж тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулах, мөнгөн төлбөр хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар тусгах заалтыг анхан шатны шүүхээс орхигдуулсан тул үүнд өөрчлөлт оруулах дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Н.Э нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16-271 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өндөр настай эх П.Бтой маргалдаж, түүнийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Бын “...2017 оны 8 дугаар сарын 31-ний орой Н.Э намайг гэртээ дуудаад байхаар нь очсон. Тэгтэл нэг шил архи гаргаад “та уучих” гэсээр байгаад надад 3 аяга өгсөн. Дахиад нэг жижиг шил архи эхнэр нь авч ирсэн. Үлдсэн архийг нь эхнэртэйгээ хуваагаад л уусан. Тэгтэл Н.Э “та ааваас салсан” гээд шууд барьж аваад сандал дээр сууж байхад дээр гарч ирж суучихаад толгой тархи руу олон удаа цохисон. Эхнэр хүү нь гараад явсан. Намайг “ална” гээд л зодоод байсан. Тэгээд би өөрөө арай гэж ноцолдож байгаад салж охиныдоо очиж, болсон асуудлын талаар хэлж цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн. Тухайн үед хамар амнаас нэлээн цус гарсан байсан...” /хх-5/,

Гэрч Г.Отгонсүрэнгийн “...2017 оны 8 дугаар сарын 31-ний орой намайг гэртээ байж байхад хадам ээж П.Б “зураг үзнэ” гэж охин Азбаяраараа хүргүүлж ирсэн. Ингээд Азбаяр хүргэж ирчихээд нөхрийнхөө хамт яваад өгсөн. Ингээд нөхөр архи гаргаж ирээд ээжтэй хувааж уусан. Би “маргааш ажилтай, эрт босно” гээд нэг их уугаагүй. Тэр 2 архиа хувааж уучихаад дахиад нэг жижиг архи ууцгаасан. Тэгээд Н.Э эцэг өөртэй хүүхдүүдийнх нь тухай яриад маргалдсан. Тэгтэл хадам ээж уурлаад “Чи миний хүүхдүүдийг мууллаа, бид нарын амьдрал та нарт хамаагүй” гээд Н.Эыг сууж байхад нь шууд очоод нүүр лүү нь мөргөсөн. Тэгээд Н.Эын үснээс нь зулгаагаад салахгүй болохоор нь би салгах гэтэл миний гарыг маажаад, хазаад байсан. Н.Э ээжийг цохиогүй нүүрнээс нь түлхээд холдуулсан. Тэгтэл П.Б нь “цагдаа” гэж орилоод гараад гүйсэн. Гарч гүйхээр нь би араас нь дагаж яваад гэрт нь хүргэж өгсөн. Их согтсон байсан болохоор унаж тусаад яваад байсан...” /хх-12/,

Шүүгдэгч Н.Эын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “... 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би ээжийгээ дуудсан. Манай ээж тухайн үед бага охин Азбаярын хамт ирсэн. Тэгээд ээжийг үлдээчихээд яваад өгсөн. Тухайн өдөр би ээжид хоол цай хийж өгөөд дайлсан. Тэгээд 0.5 литрийн савлагаатай “Ерөөл” нэртэй архи задалж өгсөн. Би тэр архиа эхнэр болон ээжтэйгээ хувааж уусан. Тэгээд би ээжтэйгээ архи ууж сууж байгаад “танай хүүхдүүд ажил хийдэггүй, танд тусалдаггүй, дандаа худлаа ярьж явдаг” гэж ээжид хэлсэн. Тэгтэл ээж өөрийн хүүхдүүдээ өмөөрөөд надтай маргалдаж миний үснээс зулгаагаад шүд хэсэгт мөргөсөн. Тэгээд би өөрөөсөө салгах гэж нүүрэн хэсэгт нь түлхэж орон дээр хэвтүүлсэн. Тэгэхэд ээж маань босоод “намайг зодлоо, аллаа” гэх мэтээр орилж байгаад гараад явсан. Манай хашаан дотор өөрийн эд зүйлүүдээ орхиод явсан байсныг манай эхнэр цуглуулаад өөрт нь өгсөн. Манай эхнэр тухайн үед ээжийг гэрт нь хүргэж өгөөд ирсэн. Би гэртээ ганцаараа байсан. Эхнэр ээжийг хүргэж өгөөд ирсний дараа цагдаа ирээд намайг аваад явсан. Манай ээж цагдаад өргөдөл өгсөн байсан...” /хх-23/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11138 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...1. П.Бын биед тархи доргилт, дух, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, эрүү, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-16/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболд нь “анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа уг торгох ялыг ямар хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож өгөлгүй орхигдуулсан байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”-аар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримт болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор болон бусад оролцогчдоос шүүгдэгчид оногдуулах торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй, нөгөөтэйгүүр Эрүүгийн хуульд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар шүүх заавал шийдвэр гаргаж байхыг үүрэг болгоогүй байна. Иймд шүүхийн шийдвэрт торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоогоогүй тохиолдолд ял шийтгүүлсэн этгээд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ