Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0618

 

 

 

 

 

 

“М к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 549 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын гаргасан давж заалдах гомдлоор “М к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 549 дүгээр шийдвэрээр:

“...1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “М к” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 05/82 тоот гэрээ байгуулахаас татгалзсан захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож”,

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “М к” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасны дагуу 35.543.650 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 05/82 тоот гэрээ байгуулахаас татгалзсаныг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“М к” ХХК нь 2020 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Соёл, спорт аялал жуулчлалын цогцолборын 2 дугаар шатны тохижилт /Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, дээд салхит/ түлхүүр гардуулах нөхцөлтэй ЧДХАА УТХ А20/33 тоот Байгал орчин, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр зарласан тендерт оролцсон. Улмаар 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 219 тоот албан бичгээр “М к” ХХК-ийн тендерийг үнэлгээний хороо “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсныг уламжилж гэрээнд гарын үсэг зурж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг мэдэгдсэн.

Улмаар “М к” ХХК нь ЧДХАА УТХ А20/33 тоот тендерийг хэрэгжүүлэх гэрээний эхийг боловсруулж Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаар хянуулж 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн. Гэрээг хүргүүлснээс хойш нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 5 сарын хугацаанд огт хариу өгөөгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заажээ.

Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан бөгөөд хуульд заасны дагуу талууд гэрээ байгуулах эцсийн хугацаа нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж холбогдох бүх бичиг баримт, банкны баталгааг хүргүүлсэн боловч хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж гэрээ байгуулаагүй.

Өөрөөр хэлбэл талууд хуульд заасан хугацаанд гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд татгалзах эрх хуулиар олгогдоогүй. Тендер шалгаруулалт явагдан ажил гүйцэтгэгч шалгарсан тохиолдолд тендер зарлагч нь тендерийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллах үүрэгтэй. Төсвийн тодотголоор тухайн зардал хасагдсан тохиолдолд дахин төсвийг батлуулах нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүрэг юм. Талууд ТБОНӨХБАҮХАтХ-ийн 46 дугаар зүйлийн 46.1.5-д заасныг хэрэгжүүлж тендерт оролцсон, харин тендер явагдах үед төсөв батлагдсан байсан.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын төсвийн багцаас тухайн төсөл, арга хэмжээний зардал хасагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан гэрээ байгуулсан тохиолдолд зохих хугацаанд санхүүжилт хасагдсан. Энэхүү үйл баримт нь хэргийн оролцогчдоос үл хамаарсан шинжтэй хууль зүйн факт юм. Тендерийн гэрээг байгуулсан тохиолдолд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5-д зааснаар зөрчигдөх нөхцөл байдал үүсэх байсантай холбоотойгоор тухайн гэрээг байгуулахаас татгалзсан хариуцагчийн шийдвэрийг шүүх тухайн нөхцөлд тохирсон байна” гэж дүгнэжээ.

Мөн “...тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон. Сангийн яамнаас тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа сунгах зөвшөөрлийг хариуцагчид олгоогүй байх тул нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ...” гэжээ.

Дээрхээс анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байсан хугацаанд үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэлт хийлгүй шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэн өдрөөр тооцож, өнөөдөр тендерийн хугацаа дууссан байна, өнөөдөр санхүүжилт хасагдсан байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан “Соёл, спорт, аялал жуулчлалын цогцолборын 2 шатны тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, дээд салхит/-ын ажлын тендерийн баримт бичгийн ТОӨЗ 19.1-д тендерийн хүчинтэй байх хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдрийг дуустал” гэж заажээ.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 246 тоот албан бичгээр хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүргүүлж гэрээ байгуулахыг даалгасан,

-Нэхэмжлэгч “М к” ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээний төсөл, банкны баталгаа, бусад шаардлагатай баримтыг хүргүүлсэн,

-Тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаагүй буюу 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл байсан,

-2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын V.1.17-д тухайн тендерийн төсөв батлагдсан байсан.

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах хуульд заасан нөхцөл бүрэн хангагдсан байсан ч хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэрээг үндэслэлгүйгээр байгуулахгүй байсаар хугацааг дуусгасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” зарчмыг баримтлах” бөгөөд хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “гэрээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж байгуулах”, ингэхдээ мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-т “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46.1.5-д “бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн их үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх бүрэн эрхтэй” гэж дүгнэжээ. Уг дүгнэлтээс хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2020 оны 8 дугаар сард гэрээ байгуулах үүрэгтэй байсан нь тодорхой харагдана.

Мөн анхан шатны шүүх бодит нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. Ажлыг компани нь эхний ээлжид өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд гүйцэтгэлээр санхүүжилтээ авна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тендерийн санхүүжилт авах хүсэлтээ хариуцагч Байгал, орчин аялал жуулчлалын яам болон Сангийн яаманд хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл тендерт ялагч нь ажлаа эхлэхэд бэлэн байгаа бөгөөд зөвхөн гэрээ байгуулахыг хүлээж байна.

Гэрээ байгуулахыг даалгаснаар “ТБОНӨХБАҮХАтХ-ийн 46 дугаар зүйлийн 46.1.5-д заасан зохицуулалт зөрчигдөхгүй. Гүйцэтгэгч ажлаа хийх явцад төсөв батлагдах боломжтой бөгөөд талууд энэ нөхцөл байдлыг мэдэж байсан болно.

2.Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол 35.543.650 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нь шүүхэд тухайн хохирол бодитоор учирсан болохыг нотолсон баримтыг бүрэн гүйцэт ирүүлээгүй” гэжээ.

Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 219 тоот албан бичгээр хуульд заасан хугацаанд гэрээ байгуулахыг даалгаад, шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохыг мэдэгдсэн.

Улмаар нэхэмжлэгч Хаан банктай жилийн 19.2 сая төгрөгийн Бизнесийн зээлийн гэрээг байгуулж 300.000.000 төгрөгийг зээлсэн. Үүнээс 99.421.000 төгрөгөөр гэрээ байгуулах банкны баталгаа гаргуулж нийслэлийн Засаг даргын тамгын газарт гэрээний хамт хүргүүлсэн.

Дээрх банкны баталгаанд гаргасан 99.421.000 төгрөг өнөөдрийг хүртэл банкинд байршиж байгаа бөгөөд сар бүр 1.6 хувийн хүүг нэхэмжлэгч төлж байгаа. Энэ үйл баримт Хаан банктай байгуулсан Бизнесийн зээлийн гэрээ болон Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн албан бичгээс тодорхой харагдана.

Зээл авсан өдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл 99.421.000 төгрөгийн 1.6 хувиар хохирол тооцоход 16.543.654 төгрөгийн хүүг нэхэмжлэгч төлсөн болох нь тодорхой харагдана. Мөн өмгөөлөгчөөс жил гаруй хугацаанд үйлчилгээ авч байгаа эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт авагдсан.

Тодруулбал Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдсон, мөн үндсэн нэхэмжлэлтэй хамтадган нэхэмжилсэн байтал шийдвэрлэхгүй орхигдуулсан нь үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй” гэж тус тус заажээ. Хуулийн дагуу хамтатган шийдвэрлэх ёстой байтал хүлээн авахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нөгөөтээгүүр, шүүхийн шийдвэр хуулийн болон бодит үндэслэлтэй байх хуулийн шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нь шүүхэд тухайн хохирол бодитоор учирсан болохыг нотолсон баримтыг бүрэн гүйцэт ирүүлээгүй” гэсэн дүгнэлтийг юуг үндэслэж гаргасан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан санхүүгийн баримтуудад огт дүгнэлт хийлгүй нэг өгүүлбэрт багтааж дүгнээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Дээр дурдсан байдлаар анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 549 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            1.Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр зарласан түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ЧДХААУТГ А20/33 тоот “Соёл, спорт, аялал жуулчлалын цогцолборын 2 дугаар шатны тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дэд салхит/-ын тендерийн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “М к” ХХК шалгарсан боловч мөн оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар уг тендерийн санхүүжилт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас хасагдсантай холбогдуулан гэрээ байгуулахаас татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

            Цаг хугацааны хувьд Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тендерт шалгарч, гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдэж, мөн сарын 24-ний өдөр Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн, улмаар “М к” ХХК-иас хэрэгжүүлэх ажлын гэрээний эхийг боловсруулан 25-ны өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн болохыг хариуцагчаас үгүйсгэж маргаагүй боловч үүнээс 3 хоногийн дараа батлагдсан дээрх хуулийг дагаж мөрдөх нь мөн л хариуцагчийн үүрэг болно.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 19.1-д хүчинтэй хугацааг “2020 оны 10 дугаар сарын 4-ний өдрийг дуустал” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч хуульд заасан хугацааг хэтрүүлснээс шалтгаалж гэрээ байгуулагдаагүй гэж үзэхгүй.

            Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлаас уг тендерийн санхүүжилтийг хуулиар хассан нь хариуцагчаас үл хамаарах харилцаа бөгөөд харин “…хууль батлагдахаас өмнө гэрээ байгуулах боломжтой байсан…” гэх гомдлын тухайд нэгэнт санхүүжилт хасагдсанаар тендер шалгаруулалтын дагуу ажил бодитоор хийгдэх боломжгүй болох үр дагаварт хүргэх тул гэрээ байгуулахыг даалгаснаар ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн шийдвэр нь биелэгдэх боломжтой эсэхийг харгалзах шаардлагатай. 

            Хэрэгт авагдсан гэрээний төслийн 3-т “…санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоно” гэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласанчлан нэхэмжлэгч өөрийн зардлаар ажлыг бүрэн хийж дуусгасны дараа санхүүжилт олгогдоно гэсэн агуулгаар ойлгох боломжгүй.

             Хэдийгээр гэрээ байгуулах нөхцөл тендер шалгаруулалтын хувьд бүрэн хангагдсан, харин санхүүжилт хасагдсан энэ тохиолдолд гэрээ байгуулаагүй нь хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдлээс шалтгаалсан гэж дүгнэх үндэслэлгүй, нэгэнт санхүүжилтийг хассан нь уг тендерийн тухайд гэрээ байгуулахаас татгалзах хангалттай нөхцөл болно.

            2.Шүүхээс “…гэрээ байгуулахаас татгалзсан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа захиргааны хууль бус ажиллагааны улмаас тендерт оролцоход болон шүүхийн маргаантай холбогдуулж эрх зүйн туслалцаа авсны зардал, төлбөрт нийт 35.543.650 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь буруу, өөрөөр хэлбэл энэ нь нэхэмжлэлийн эхний шаардлагатай шууд хамааралтай байх тул гэрээ байгуулаагүй нь хариуцагчаас үл хамаарах шалтгаантай гэж дүгнэсэн энэ тохиолдолд учирсан гэх “хохирол”-ыг хариуцагч төлөх үүрэггүй.

            Гэтэл шийдвэрт “…нэхэмжлэгчээс холбогдох нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй…” гэх зэргээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон дүгнэлттэйгээ зөрчилдсөн дүгнэлт хийснээс гадна Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлага үгүй байхад энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй орхигдуулсан, мөн хэрэгт хамаарал бүхий хуулийг баримтлаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 549 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.5-д заасныг баримтлан “М к” ХХК-иас нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулж гаргасан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 05/82 тоот гэрээ байгуулахаас татгалзсан захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах, хохирол 35.543.650 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, “2.Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлага байхгүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН