Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 24

 

 

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг 
       хэрэгсэхгүй болгох тухай
 
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би,
Нэхэмжлэгч: Ц.М
Хариуцагч: А аймгийн Ч сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Ц.М-г урьд эрхэлж байсан ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил болох Ч сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах тухай 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.М миний бие А аймгийн Ч сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр томилогдсон ба тэр цагаас хойш тус сумын Тамгын газрын даргаар ажиллаж байна. Ч сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар жирэмсний болон амаржсаны амралт авсан ба хүү Н.Ч-г 2017 оны 3 дугаар сарын 11-нд төрүүлсэн. Жирэмсний болон амаржсаны амралт дууссаны дараа хүүхэд асрах чөлөө авсан. Ингээд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад хүүгээ 1 нас хүрсний дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 22-нд эрхэлж байсан ажилдаа эргэн орох гэж бичгээр өргөдлөө өгсөн. Гэтэл сумын Засаг дарга Ж шийдвэрлэж өгөөгүй. Ингээд аймгийн төрийн албаны салбар зөвлөлд энэ асуудлыг шийдвэрлэж, ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүсч өргөдөл гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байна.
Иймд Ц.М-г урьд эрхэлж байсан ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил болох Ч сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч А аймгийн Ч сумын засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Захиргааны хэргийн шүүхэд дараах утга бүхий нэхэмжлэл гаргасан байна. Зуунмод багийн иргэн Ц.М-с Ч сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар жирэмсний болон амаржсаны амралт авсан ба хүү Н.Ч-г 2017 оны 3 дугаар сарын 11-нд төрүүлсэн. Жирэмсний болон амаржсаны амралт дууссаны дараа хүүхэд асрах чөлөө авсан. Ингээд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад хүүгээ 1 нас хүрсний дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 22-нд эрхэлж байсан ажилдаа эргэн орох гэж бичгээр өргөдлөө өгсөн. Гэтэл сумын Засаг дарга шийдвэрлэж өгөөгүй.
Иймд сумын Засаг даргын намайг эрхэлж байсан ажилд авахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож Ц.М намайг урьд эрхэлж байсан Ч сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллуулахыг сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэхийг хүлээн авлаа. Ц.М нь жирэмсний болон амаржсаны амралт авсаны дараа ээлжийн амралтаа үргэлжлүүлэн эдэлж, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүүхэд асрах хүсэлтээ өргөдлөөр өгсөн. Үүний дагуу 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар хүүхэд харах чөлөө өгсөн болно. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Цалинтай ээж хөтөлбөрт хамрагдаж байгаа.
Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Ц.М-г тамгын газрын даргаар томилсон болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар хариуцагч П.Ж миний бие, нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх иргэн Ц.М-с А аймгийн Ч сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “иргэн Ц.М-г урьд эрхэлж байсан ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил болох Ч сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбараа 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлжээ. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхэд 21 дүгээр 21.1.1. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ..., 67 дугаар зүйлийн 67.1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно..,  гэж тус тус заажээ.
Хариуцагч А аймгийн Ч сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Ц.М-г тамгын газрын даргаар томилсон болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар хариуцагч П.Ж миний бие, нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Учир нь тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан иргэн, хуулийн этгээд байхгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа шийдвэрийн улмаас бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөргүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч А аймгийн Ч сумын Засаг дарга нэхэмжлэгч Ц.М-н “иргэн Ц.М-г урьд эрхэлж байсан ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил болох Ч сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн Ц.М-н нэхэмжлэлтэй А аймгийн Ч сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч А аймгийн Ч сумын Засаг дарга нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурдвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагч А аймгийн Ч сумын Засаг дарга “иргэн Ц.М-г урьд эрхэлж байсан ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил болох Ч сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж, иргэн Ц.М-н нэхэмжлэлтэй А аймгийн Ч сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Ч сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

  
                                                ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ