Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 430

 

Я.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01398 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Орон сууц битүүмжилсэн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 159/03 дугаартай тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 159/05 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банк нь С.Даваажав, Я.Эрдэнэцэцэг нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү эвлэрсэн захирамжид Я.Эрдэнэцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байрны 33 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хурааж авсан гэсэн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж байхгүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба битүүмжлээд зогсохгүй хураан авсанд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүгчийн захирамжид дурдаагүй шүүхээр шийдвэрлэгдсэн асуудалд огт хамааралгүй Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байрны 33 тоот орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 159/05 дугаар тогтоолоор хураан авсанд гомдолтой байна. Мөн шүүгчийн захирамжид “Тэдд” ХХК, С.Даваажав нар нь хамтран хариуцагчаар татагдаж төлбөр авагчийн нэхэмжилсэн үнийн дүнг хамтдаа төлөхөөр тохиролцон хүлээн зөвшөөрсөн байхад ганц хүн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явуулсан байна. Иймд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байрны 33 тоот орон сууцанд холбогдуулан гаргасан 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 159/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 01-ний 159/05 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4065 дугаар шийдвэрээр “Тэдд” ХХК, С.Даваажав, Я.Эрдэнэцэцэг нараас 28 785 363 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шипдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч С.Даваажав өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байрны 33 тоот эрхиин улсын бүртгэлийн Ү-2204005228 дугаарт бүртгэгдсэн хоёр өрөө орон сууцыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн Худалдаа хөгжлийн банкинд барьцаалж зээл авсан болох нь тус банктай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12012/238 дугаартай зээлийн гэрээ, тухайн өдрийн 2012/238 дугаартай барьцааны гэрээ 2012/238А дугаартай зээлийн хувийн батлан даалтын гэрээ болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд эд хөрөнгийг битүүмжлэхдээ өмчлөгчийг заавал байлцуулах талаар зохицуулалт байхгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Даваажавын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байрны 33 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204005228 дугаарт бүртгэгдсэн хоёр өрөө орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 159/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасны дагуу хугацаа тогтоож уг тогтоолын нэг хувийг төлбөр төлөгч С.Даваажав, Я.Эрдэнэцэцэг нарын хүү Д.Дөлгөөнд хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч нар тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хөндлөнгийн гэрчийг оролцуулж, төлбөр төлөгч С.Даваажавын хүү Д.Дөлгөөнийг байлцуулан 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 159/05 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор барьцаалан хурааж тогтоолын нэг хувийг Д.Дөлгөөнд хүлээлгэн өгөхөд гарын үсэг зурахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар тэмдэглэлд тусгайлан тусгаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. Иймд төлбөр төлөгч “Тэдд” ХХК, С.Даваажав, Я.Эрдэнэцэцэг нарын Худалдаа хөгжлийн банкинд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн хүсэлтээр удаа дараа шүүх хурал хойшилж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4065 дугаартай шийдвэрийг биелүүлэхэд нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэг саад учруулж байна. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 цагт товлогдсон шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав миний бие оролцох боломжгүй байх тул шүүхэд бүрдүүлсэн нотлох баримт, хариуцагчаас гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4065 дугаартай шийдвэрийн дагуу явагдсан орон сууц битүүмжилсэн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 159/03 дугаартай тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 159/05 дугаартай эд хөрөнгө хураасан топгоолыг тус тус хүчингүй болгуулах тухай Я.Эрдэнцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэхдээ миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүгчийн захирамжинд дурьдаагүй шүүхээр шийдвэрлэгдсэн асуудалд огт хамааралгүй Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а-33 тоот орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 159/03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэхдээ Эд хөрөнгөний хууль ёсны өмчлөгч биш хүнийг байлцуулан тогтоолд гарын үсэг зуруулсан, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 159/05 дугаартай “эд хөрөнгө хураасан тогтоол”-оор хураан авсанд гомдолтой байна. Мөн шүүгчийн захирамжинд “Тэдд” ХХК, С.Даваажав нар нь хамтран хариуцагчаар татагдаж төлбөр авагчийн нэхэмжилсэн үнийн дүнг хамтдаа төлөхөөр тохиролцон хүлээн зөвшөөрсөн байхад ганц хүн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явуулж байгаад гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01398 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Эд хөрөнгө битүүмжлэх” 2016 он 02 дугаар сарын 24-ний өдрийн 159/03 дугаартай, “Эд хөрөнгө хураах” 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 159/05 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4065 дугаар захирамжаар “Тэдд” ХХК болон С.Даваажав, Я.Эрдэнэцэцэг нар нь 28 484 983 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 05-ны дотор “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр барагдуулах талаар нэхэмжлэгчтэй уулзаж, тэмдэглэл үйлдэн, мэдэгдэл гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгчээс “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас зээл авахдаа үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 7а байр, 33 тоот 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг дээрх тогтоолуудаар битүүмжилж, хураан авах ажиллагааг явуулсан байна. /хэргийн 29-31, 35-37, 42-43, 46-52 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Я.Эрдэнэцэцэгийн өмчлөлийн орон сууцыг хурааж авах талаар шүүгчийн захирамжаар шийдвэрлээгүй ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба явуулсан нь хууль бус” гэж тайлбарлаж байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “Төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах, төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах данснаас хасалт хийх, эд хөрөнгө болон биeд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид “барьцаалах” гэх/, хураах, худалдан борлуулах үйл ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч явуулж болно” гэж заасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулахтай холбоотойгоор дээрх ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулах ажиллагааг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулсан тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4065 дугаар захирамжид барьцааны зүйлийг албадан худалдаж, шийдвэрийн биелэлтийг хангах эсэхийг зааснаас үл хамааран хариуцагч дээрх ажиллагаануудыг явуулсан нь буруу биш юм.

 

Түүнчлэн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө нь төлбөр төлөгч “Тэдд” ХХК, С.Даваажав нарын өмчлөлд бүртгэлтэй эсэх нь уг төлбөрийг барагдуулахад саад болохгүй бөгөөд эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаанд төлбөр төлөгч С.Даваажав, Я.Эрдэнэцэцэг нарын насанд хүрсэн хүүхэд Д.Дөлгөөн байлцсан болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд төлбөр төлөгч нарыг өөрсдийг нь уг ажиллагааны явцад байлцуулаагүй нь хууль зөрчсөнд тооцогдохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.”, 11.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заажээ.

 

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                                              ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

 

                                                              С.ЭНХТӨР