Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/239

 

 

                                

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бхолбогдох эрүүгийн 2038000000245 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын хооронд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг “Бөөгийн мухар” гэх газраас 10.5 шоо метр нойтон шинэс модыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн ойн санд 3.855.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын хооронд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг “Бөөгийн мухар” гэх газраас 10.5 шоо метр нойтон шинэс модыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн ойн санд 3.855.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000245 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би бүдүүн нарийн нийлсэн мод унагааж авсан. Тоог нь сайн мэдэхгүй байна...Хашааг 2019 оны 10 дугаар сараас барьж эхлээд 2020 оны 2 дугаар сард ирж буугаад үргэлжлүүлээд барьсан хашааны туурганд нь бүдүүн мод дээвэр хэсэгт нь нарийн мод орсон...хууль бусаар мод бэлтгэсэн нь миний буруу...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,    

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-15-р хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-22-р хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 24-30-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-34-р хуудас/,

Хохирогч Г.Умөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг “Бөөгийн мухар” гэх газраас иргэн Б.Б нь хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж экологид хохирол учруулсан байсан. Экологи эдийн засгийн үнэлгээг нь гаргуулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч М.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг “Бөөгийн мухар” гэх газарт хяналт шалгалтаар очиход 90 гаруй ширхэг босоо мод унагасан байдалтай байсан. Цас орсон болохоор бүрэн тоолж чадаагүй мод бэлтгэсэн газраас мод чирсэн мөрийг нь хархад иргэн Б.Б нь гэрийнхээ гадаа мод буулгаж малын хашаа барьсан байсан...Унагасан модны төрөл нь шинэс мод байсан. Хэмжээ насжилт нарийн голчтой залуу мод байсан. Мөн түлшний бүдүүн мод том машинаар чирсэн байдалтай Зил-131 машин гэрийн гадаа нь нарийн шургааг их хэмжээгээр унагаасан, малын хашаа барихаар бэлтгэсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/,

Гэрч М.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай хадам ах Б.Б хаваржаандаа хашаа баримаар байна. Мал төллөөд хашаа саравч байхгүй мал зутарч байна. Намайг мод бэлтгэх эрхийн бичиг авч өгөөч гэж 250.000 төгрөг өгсөн...би гоожин бичүүлэхэд сумын байгаль хамгаалагч Баттулга эрхийн бичиг дээр Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг “Бөөгийн мухрын хамар” гэдэг газарт 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд бэлтгэхээр заасан байсан. Би яг энэ дагуу нь утсаар хэлж өгсөн. Манай хадам ах Б.Б нь сургуульд сураагүй бичиг үсэг мэдэхгүй, бараг мөнгөний тооцоо мэдэхгүй тийм хүн болохоор би өмнөөс нь гоожин авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” Сум дундын ойн ангийн инженер  М.Бямбацогтын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

1. Иргэн Б.Бын мод бэлтгэсэн газарт хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход нойтон мод байна.

2. Уг мод нь хэрэглээний мод байв. Мод бэлтгэсэн Бөөгийн мухар гэх газар нь 1-р мужид хамаарна.

3. Уг бэлтгэсэн мод нь шинэс мод байна.

4. Б.Бын бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээгээр 10.5 метр куб хэмжээтэй 3.855.600 төгрөгийн үнэ бүхий хэрэглээний бөөрөнхий нойтон шинэс мод байна...гэх дүгнэлт /хх-ийн 60-р хуудас/,

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 66-р хуудас/,

     Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Малын тооны баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 75, 77, 82, 84-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000245 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын

хооронд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг “Бөөгийн мухар” гэх газраас 10.5 шоо метр нойтон шинэс модыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн ойн санд 3.855.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-15-р хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-22-р хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 24-30-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-34-р хуудас/,

Хохирогч Г.У/хх-ийн 39-р хуудас/, гэрч М.Б/хх-ийн 41-43-р хуудас/, гэрч М.С/хх-ийн 52-53-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” Сум дундын ойн ангийн инженер  М.Бямбацогтын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-р хуудас/,

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 66-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б нь экологи эдийн засагт 3.855.600 төгрөгний хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 11.566.800 төгрөгний хохирлыг учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Б.Баас 11.566.800 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 84-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн 2038000000245 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн улбар шар тагтай “Дружба” хөрөө, хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг “Бөөгийн мухар” гэх газар/ 140 ширхэг 10.5 шоо метр шинэс модоор барьсан хашааг  тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл нь Ж.Б. гэх хүний өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул ... улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй тул хэрэгт битүүмжилсэн ... улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36 .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч  Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-с 11.566.800 /арван нэгэн сая таван зуун жаран зургаан мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2038000000245 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн улбар шар тагтай “Дружба” хөрөө, хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг “Бөөгийн мухар” гэх газар/ 140 ширхэг 10.5 шоо метр шинэс модоор барьсан хашааг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ... улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

      6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР