| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0692/Э |
| Дугаар | 0738 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 0738
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
Улсын яллагч А.Тунгалагтуяа,
Шүүгдэгч Ц....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхөлбөр овогт ...ын ...д холбогдох 2008000000851 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 04 сарын 28-ны өдөр Улаан... хотын Налайх дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Эксковаторын операторчин, засварчин мэргэжилтэй, “...” ХХК-нд өрмийн ажилтай, ам 3, эхнэр хүүхдийн хамт Сонинохайрхан дүүрэг 2 дугаар хороо, Орбит ...тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хөхөлбөр овогт ...ын .../.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Ц....нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны зүүн талын засмал замын урд байрлах дугуй засварын хажууд иргэн Б....ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний биед доод эрүү ясны хоёрлосон далд хугарал, тархи доргилт, зулайн хуйх, зүүн хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Б....ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 04-р сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо 11-р байрны граж дотор ..., ...нарын хамт миний санаж байгаагаар 2 шил архи авч уугаад машин техникийн тал дээр ...тэй маргалдсан. Тэгээд гражаас гараад бид 3 Хилчин хотхоны урдуур явдаг засмал замын цаана байдаг Болдоо ахынд очих гээд зам хөндлөн гараад дугуй засварын тэнд ...тэй машин техникээс болоод маргалдаж эхэлсэн бөгөөд нэг мэдсэн чинь би газар уначихсан ...минии нүүрэн тус газар өшиглөсөн. Тэгтэл ... ирж салгаад намайг Хилчин хотхонд байдаг гэрийн орц руу оруулж өгөөд явсан. Тухайн үед ...хаашаа явсныг мэдэхгүи байна. 2020 оны 04-р сарын 28-ны өдөр цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл өгсөн. ... Би ...эс эмчилгээний зардалд зарцуулагдсан 1,100,000 төгрөгийг авсан. Надад одоо ямар нэгэн гомлол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хх 9-10 х/,
2.Шүүгдэгч Ц....ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би шинжээчийн №5240 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан Б....ын биед үүссэн доод эрүү ясны хоёролсон далд хугарал, тархи доргилт, зулайн хуйх, зүүн хацар шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг би ар нуруу хэсгээс нь өргөж хойш нь унагааж үүсгэсэн. Би гэм буруугаа хүлээж байна. Би ...ын хохирлыг барагдуулж нийтдээ бэлнээр 1 сая 180 мянган төгрөг, эмнэлэгийн зардал гэж 335,000 мянган төгрөг төлсөн... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү?” гэх мэдүүлэг /хх 45 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Г....ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Хилчинхотхоны 11-р байрны граж дотор ...тэй архи уугаад байж байтал миний танил ... орж ирээд бид 3 нэг шил 0.75 граммын Экс нэртэй архи хувааж уусан. Тэгээд архиа дуусгачихаад гражаас гараад Хилчин Хотхоны замын эсрэг талд байдаг дугуй засвар дээр очоод байж байхад ... ...рүү таксинд явдаг талаараа ярьж ...ийн хорыг малтаад, хорон үг хэлээд байсан. Тэгээд би дугуй засварын баруун талын айлын жорлонд бие засчихаад гарч иртэл ......ыг дэвсэлж байхаар нь би гүйж очоод салгасан. Тэгээд би ...ыг өргөж түшиж байгаад Хилчин Хотхонд байдаг гэрийнх нь орц руу оруулж өгөөд явсан. Яг юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй. Зодоон болохын өмнө ...ын биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Зодоон болсоны дараа ...ын амнаас цус гарсан байсан ба шүлсээ хаяхад цус гарч байсан. Маргааш ...тай уулзахад хацар нь хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,
4.Гэрч Д....ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр багын даруухан, ажилсаг, хүнд тусархуу хүүхэд байсан, одоо ч тэр зан нь хэвээрээ байгаа, цагаан цайлган, ах дүү нартайгаа эв түнжинтэй, эцэг эхийн хүмүүжил сайн, элдэв янзын хэрэг төвөгт орж байгаагүй, Одоо “...” ХХК-д жолооч, туслах ажилтан хийж байгаа, бөгөөд том тэрэгний операторчин, жолооч мэргэжилтэй хамт олон дундаа нэр хүнд сайтай, нийтэч ажил хийгээд хэдэн төгрөг олоод эхнэр, хүүхдээ тэжээж амьдралаа авч яваа тийм л хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 26 х/,
5.Гэрч О....ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай ах ...бол энгийн даруухан, төлөв томоотой, ажилсаг, цагаан цайлган, урьд өмнө хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 29 х/,
6.Шинжээчийн 5240 тоот дүгнэлт
1.Б....ын биед доод эрүү ясны хоёрлосон далд хугарал, тархи доргилт, зулайн хуйх, зүүн хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээ, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 33 х/,
7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50 х/,
8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 54, 70 х/,
9.Ажлын газрын тодорхойлолт /хх 65 х/,
10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 69 х/,
11.Ц....ийн ХААН банкны дансны хуулга /хх 56-62 х/
12.Хохирол хүлээн авсан талаарх хохирогчийн бичгээр гаргасан баримт /хх 9-10, 80 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Ц....2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр согтуурсан үедээ “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны зүүн талын засмал замын урд байрлах дугуй засварын хажууд иргэн Б....тай машин техник ярьж маргалдан улмаар түүний нуруугаар тэврэн газар унаган өшиглөж түүний биед доод эрүү ясны хоёрлосон далд хугарал, тархи доргилт, зулайн хуйх, зүүн хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б....ын “... ...тэй машин техникээс болж маргалдсан нэг мэдсэн чинь би газар уначихсан ...минии нүүрэн тус газар өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 9-10 х/,
Шүүгдэгч Ц....ийн “...Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан Б....ын биед үүссэн доод эрүү ясны хоёролсон далд хугарал, тархи доргилт, зулайн хуйх, зүүн хацар шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг би ар нуруу хэсгээс нь өргөж хойш нь унагааж үүсгэсэн. Би гэм буруугаа хүлээж байна. ...” гэх мэдүүлэг /хх 45 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Г....ийн “... жорлонд бие засчихаад гарч иртэл ......ыг дэвсэлж байхаар нь би гүйж очоод салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,
Шинжээчийн 5240 тоот дүгнэлт
1.Б....ын биед доод эрүү ясны хоёрлосон далд хугарал, тархи доргилт, зулайн хуйх, зүүн хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндвтэр гэмтэл учруулсан ..." гэх дүгнэлт хх 33 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Б....ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч Ц....түүнийг нуруугаар тэвэрч газар унаган хөлөөрөө өшиглөх байдлаар учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогтдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой, уг гэмтлийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 33 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Ц....нь хохирогчийг газар унаган өшиглөсөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б....ын эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 9-10, 80 х/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Шүүгдэгч Ц....д 1500 нэгжтэй тэнцэх төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, би ажил хөдөлмөр эрхэлдэг, хөнгөн ял оноож өгнө үү? гэв.
Шүүгдэгч Ц....гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,500,000 төгрөгийг өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогч гомдол, саналгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг арилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 1000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөхөлбөр овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Ц....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ц....д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц....д мэдэгдсүгэй.
5.Ц....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1,5 сая төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ