Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0745

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Шүүгдэгч Э.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Равдандорж овогт ...ын ...т холбогдох 2008000000734 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “...” авто засварын газар машин засварчинаар ажилладаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн ...тоотод оршин суух, урьд;

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Равдандорж овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Э.... нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “...” авто засварын газарт “хүний будаг авч машинаа будлаа” гэсэн шалтгааны улмаас уурлаж, цээртэй үгээр доромжилж иргэн Э....ыг нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, гар хөрөөгөөр толгой хэсэг рүү цохиж эрүүл мэндэд нь “дээд 3 шүдний паалангийн эмтрэл, зүүн хүзүүнд цус хуралт, зулайн хуйханд шарх, зүүн дал, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

                                     1.Хохирогч Э....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “...” нэртэй авто засварын газар ажил дээрээ машинаа будах гээд будаг олдохгүй байхаар нь ... ахын шинэ будаг байхаар нь аваад машинаа будсан чинь ... ах уурлаад чи хүний будаг авч машинаа будлаа гэж харааж зүхэж лоом авч шидсэн. Гэхдээ лом нь намайг оноогүй. ...тэгэхээр нь би уурлаад очоод заамдаж аваад байж байсан чинь миний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, мөн пааран дээр байсан гар хөрөөг авч иртэй талаар нь миний толгой хэсэг рүү цохиж авсан. Тэгээд бид 2-ыг маргалдаж зодолдож байхад ... гэх ах ирээд бид хоёрыг салгаж авсан юм. ...Миний толгой шархтай болж үүдэн 3 шүд эмтэрсэн байсан. Мөн хүзүү зулгарсан байсан. ... Надаа санал гомдол байхгүй. ... надад эмчилгээний гаргаж өгөх баримт байхгүй, эмчилгээний мөнгө төгрөг гэж өгөөгүй, надад цаашид нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 9-11, 13 х/,

 

                                     2.Шүүгдэгч Э....ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 04 сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..." авто засварын газарт ажилладаг ба би тухайн өдөр машинаа засах гээд замаасаг, будаг шингэлэгч эд нар аваад ирсэн чинь надтай хамт ажилладаг залуу ... гражид байсан миний будагнаас хэрэглэсэн байхаар нь миний уур хүрээд яахаараа миний будагнаас хэрэглэдэг юм гээд ууралсан чинь чи ямар сүртэй юм бэ гээд байхаар нь би гарт байсан машины сэв гаргадаг лоомыг бариад явж байсан юм. Тэгээд тухайн лоомыг айлгахаар шидсэн юм. Тэгсэн ... намайг ирээд заамдаад давраад байгаарай гэхээр нь би нүүрэн тус газар нь мөргөсөн юм. Тэгээд бид хоёр барьцалдаад ноцолдоод байсан чинь пааран дээр гар хөрөө байхаар нь би хөрөөны ишээр нь ...ын толгойг цохиод авсан юм. Тэгсэн манай ажлын залуу ... ирж бид хоёрыг салгасан. ...би гэм буруу, хэргийн зүйчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оноож өгнө үү?” гэх мэдүүлэг /хх 62-63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.

                  3.Гэрч Д....ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 04 сарын 08-ны өдөр би гадуур эхнэр хүүхэдтэйгээ эмнэлэг орж ирчихээд доод талын засварын газар орсон чинь ..., ... хоёр маргалдаад ... ...ийг заамдсан ... нь гартаа жижиг гар хөрөө барьчихсан зогсож байсан. Тэгээд би та хоёр боль гээд салгачихаад гараад явсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 19 х /,

          4.Шинжээчийн 4575 тоот дүгнэлт

   1.Э....ын биед дээд 3 шүдний паалангийн эмтрэл, зүүн хүзүүнд цус хуралт, зулайн хуйханд шарх, зүүн дал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 23 х/,

 

    5.Шүүх сэтгэц эмгэг судлалын 562 дугаар дүгнэлт:

           1.Э.... нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            2.Э.... нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

           3.Э.... нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

           4.Э.... нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

     5.Э....ийн сэтгэхүйн хөгжил өөрийн насны түвшинд байх бөгөөд IQ=86% /щ.о=86/ байна.

     6.Э.... нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна.

            7.Э.... нь хэрэг хариуцах үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

            8.Э.... нь хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт /хх 68 х/,

 

    6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30 х/,

    7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34 х/

8.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 35 х/

9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 37 х/

10.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 70-72 х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.... нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “...” авто засварын газарт “хүний будаг авч машинаа будлаа” гэсэн шалтгааны улмаас Э.... луу уурлаж маргалдан улмаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, гар хөрөөгөөр толгой хэсэг рүү цохиж эрүүл мэндэд нь “дээд 3 шүдний паалангийн эмтрэл, зүүн хүзүүнд цус хуралт, зулайн хуйханд шарх, зүүн дал, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

                                      Хохирогч Э....ын “... ... ах уурлаад чи хүний будаг авч машинаа будлаа гэж үүрлаж харааж зүхэж лоом авч шидсэн. Гэхдээ лом нь намайг оноогүй. ...тэгэхээр нь би уурлаад очоод заамдаж аваад байж байсан чинь миний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, мөн пааран дээр байсан гар хөрөөг авч иртэй талаар нь миний толгой хэсэг рүү цохиж авсан. ...” гэх мэдүүлэг /хх 9-11 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

                                     Шүүгдэгч Э....ийн “... тухайн лоомыг айлгахаар шидсэн юм. Тэгсэн ... намайг ирээд заамдаад давраад байгаарай гэхээр нь би нүүрэн тус газар нь мөргөсөн юм. Тэгээд бид хоёр барьцалдаад ноцолдоод байсан чинь пааран дээр гар хөрөө байхаар нь би хөрөөны ишээр нь ...ын толгойг цохиод авсан ...” гэх мэдүүлэг /хх 62-63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

                                      Гэрч Д....ы “... 2020 оны 04 сарын 08-ны өдөр ... засварын газар орсон чинь ..., ... хоёр маргалдаад ... ...ийг заамдсан ... нь гартаа жижиг гар хөрөө барьчихсан зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх 19 х /,

           Шинжээчийн 4575 тоот дүгнэлт

   1.Э....ын биед дээд 3 шүдний паалангийн эмтрэл, зүүн хүзүүнд цус хуралт, зулайн хуйханд шарх, зүүн дал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 23 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглрасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

 

Шүүгдэгч Э.... нь хохирогч Э....ын биед дээд 3 шүдний паалангийн эмтрэл, зүүн хүзүүнд цус хуралт, зулайн хуйханд шарх, зүүн дал, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Э.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Э....ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Э.... гомдол саналгүй  нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “надад гаргаж өгөх баримт байхгүй, эмчилгээний мөнгө төгрөг гэж нэхэмжлэх зүйл байхгүй, ...санал гомдолгүй” гэх мэдүүлэг /хх 13 х/-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: Э....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэсэн.

 

            Э....ийн үйлдсэн гэмт хэрэгт зөвшөөрөлгүй машины будгийг нь авч хэрэглэсэн хохирогчийн зүй бус үйлдлэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхэр ял шийтгүүлж байсан, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, ар гэрийн амьдралын хувьд бага насны хүүхдүүдтэйгээ амьдардаг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

                     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Равдандорж овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Э....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Э....т үүрэг болгосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э....т мэдэгдсүгэй.

 5.Э....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ