| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0736/Э |
| Дугаар | 0751 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 0751
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
Улсын яллагч Д.Нямбат,
Шүүгдэгч П...., түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бойтог овогт ...гийн ...д холбогдох 2008019241003 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа Эмээлт зах дээр мал нядалдаг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хилчний ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бойтог овогт ...гийн ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
П.... нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчих ...тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С....ыг бусадтай хардаж хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч С....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би нөхөр ... 2 хүүхдийн хамтаар СХД-н 30-р хороо хилчний ...тоотод оршин суудаг. Нөхөр ...тай 2016 оноос хойш хамт амьдарч байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй. 2017, 2019 онд тус тус хүүтэй болсон. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн өдөр болоод өдөр 16 цагийн үед байхаа эмэгтэй найз ... намайг дуудаад хоолонд орьё гэсэн. Нөхөр ...д найз ...тай хоолонд орлоо гэж хэлээд гэрээсээ гарсан. Найз ... ирээгүй миний гар утасны цэнэг дууссан. Цамбагаравын байрны хойно өмнө зүс таних 2 залуутай дайралдсан. Миний гар утасны цэнэг дуусах гээд утсанд нь сим картаа хийе гэж хэлээд сим картаа хийсэн. Тэр хоёр залуутай сааданд суугаад би ганцаараа 3 лааз пиво уугаад нөгөө 2 залуу архи хувааж уусан. Ууж байхдаа сим картаа хүний утсанд хийсэнээ мартсан. Тэгээд нөхөр ... болон ах ... залгахад нөгөө зүс таних /нэрийг санахгүй байна/ бас мартаад өөрийнх нь дугаар нь байгаа гэж бодоод миний дугаарыг аваад ...тай ярья гэж манай нөхөр залгахад тийм хүн байхгүй, юун нөхөр энэ тэр яриад байгаан гэж хэлсэн. Найз эмэгтэй ... ирээд нөгөө хоёр залууг энэ хоёр хэн бэ? гэхээр зүс мэднэ гэж хэлээд ...тай хамт салаад гэр рүүгээ ганцаараа харьсан. Гэрт ороход нөхөр П.... уурлаад хоёр залуутай архи уулаа, утсаа тэр хүмүүсээр авахууллаа, ... гэх хүн байхгүй гэж хэлсэн хэмээн уурласан. Уг нь манай 2 найз надтай хамт явсан боловч гэрийн үүднээс яваад өгсөн. Гэрт ...ы эгч, ах ... нь сүүлд ирээд цагдаа дуудсан. П.... уурлаж байгаад баруун нүд рүү 2 удаа цохисон. Цохиулаад би уурлаад чи намайг төрсөн өдрөөр зодлоо цагдаагаа дууд бариулаад өгчих гэж хэлсэн. Би 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр П....ыг санаатай хутгалсан юм. Миний хэрэг шүүх дээр очсон удахгүй шүүх хурал болох гэж байгаа учраас сэтгэл санаагаар унаад чи намайг 2-3 жил шорондоо явуулахгүй юу? гэж уурласан. Ах ... нь урд өмнө ийм асуудалтай байсан учраас цагдаа дуудаад саатуулсан. Маргааш саатуулах байрнаас гарч ирээд миний баруун нүд хөхөрсөн байхыг хорооны хэсгийн байцаагч а/д С....
хараад шүүх эмнэлэгт үзүүл гэсэн. Би нөхөртөө гомдолгүй, өмнөх асуудлаа
шийдүүлээгүй байж шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлтэл би ажлаа мэдэж
байна заавал үзүүл гэж хэлээд үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,
2.Шүүгдэгч П....ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэр ...ын төрсөн өдөр болсон юм. Тэгээд тэр өдрийн 18 цагийн үед манай эхнэр найзтайгаа уулзаж хоол идээд ирье 2 цаг болно гээд гараад явсан. Дараа нь би оройн 21 цаг болж байхад эхнэрийн ...гэсэн дугаар луу залгахад хоёр эрэгтэй хүн гар утасыг нь ээлжилж аваад байхаар нь би эхнэртэйгээ ярья гэхэд тийм хүн байхгүй танихгүй гээд байсан. Түүний дараа 20 минутын дараа эхнэр над руу залгаад одоо гэр лүүгээ очиж байна гэж хэлсэн. Оройн 21 цаг 30 минутын орчим болж байхад манай эхнэрийг үл таних хоёр эрэгтэй архи уучихсан гэрт хүргэж ирсэн. Тэгээд уур хүрээд эхнэрээ 1-2 удаа алгадаад яв гэж хөөсөн. Тэгээд эхнэр явлаа гээд гараад явсан. Өөр болсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Д....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр ...гийн төрсөн дүү ... манай гэртээ ойролцоо буюу СХД-н 30-р хороо хилчин ...тоотод оршин суудаг юм. Хүргэн дүү ... нь ... гэх эмэгтэйтэй хамтран амьдраад 4 жил гаруй болж байна. Дундаасаа 2 хүүхэдтэй 2 настай хүү, 1 настай хүүтэй 4-лээ амьдардаг. ... нь архи байнга уудаг, архи уухаарааа агсан тавидаг. 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ... нь гадуур архи ууж ирээд дүү ...ыг зүүн талын хөхний дээд хэсэг буюу зүрхний дээр 1 хутгалсан хэрэг гараад цагдаагийн байгууллагаар шалгуулаад хэрэг шүүх рүү шилжсэн сурагтай байна. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажилтай явж байгаад ажлаасаа буугаад харих гэтэл эхнэр ... над руу залгаад ...ы гэр буюу СХД-н 30-р хороо хилчний ...тоотод хүрээд ир гэсэн. ... над руу залгахдаа энд хүрээд ир ... чинь согтуу архи уусан ирээд агсан тавиад байна, энд бөөн хэрүүл болоод байна гэсэн. Намайг гэрт нь орход ... согтуу, нөхөр ...тай хэрэлдээд намайг чи шоронд явуулаарай 1-2 жил багадна шүү гээд ухаан байхгүй согтуу байсан. ...ын баруун талын нүд хавьцаа хавдсан байдалтай байхаар нь дүү ...аас нүүр нь яасан юм бэ? гэж асуутал ... надад 2 залуутай согтуу архи уугаад нөгөө 2 залуу нь гар утсыг ээлжилж аваад чиний нөхөр гэж юу байдгийн гэх мэтээр доромжилсон гэсэн. Гэртээ ирээд чамд хамаагүй шорондоо явуулаарай гэхээр нь нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан гэсэн. Хэрүүл даамжраад дахиад хутга шөвөгний асуудал гарч болзошгүй гэж бодоод би өөрийн 96047604 дугаараас цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 38 х /,
4.Шинжээчийн 5971 тоот дүгнэлт
1.С....ын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 42 х/,
5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 63 х/
6.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 61, 64 х/
7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 54 х/
8.Хохирогчийн гомдол саналгүй тухай бичгээр гаргасан баримт /хх 77 х/ зэрэг болно.
Шүүгдэгч П.... нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчний ...тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.... нь архидан согтуурч бусдаар гэртээ хүргүүлж ирэхэд нь хардаж хоорондоо маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж биед нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч С....ын “... ... уурлаж байгаад баруун нүд рүү 2 удаа цохисон. Цохиулаад би уурлаад чи намайг төрсөн өдрөөр зодлоо цагдаагаа дууд бариулаад өгчих гэж хэлсэн. Би 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр П....ыг санаатай хутгалсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,
Шүүгдэгч П....ы “...Тэгээд уур хүрээд эхнэрээ 1-2 удаа алгадаад яв гэж хөөсөн. Тэгээд эхнэр явлаа гээд гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Д....ын “...2 залуутай согтуу архи уугаад нөгөө 2 залуу нь гар утсыг нь ээлжилж аваад чиний нөхөр гэж юу байдгийн гэх мэтээр доромжилсон гэсэн. Гэртээ ирээд чамд хамаагүй шорондоо явуулаарай гэхээр нь нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 38 х /,
Шинжээчийн 5971 тоот дүгнэлт
1.С.Бясбадуламын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 42 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглрасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.
Шүүгдэгч П.... нь хохирогч С....ын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч П.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Шүүгдэгч П....ы үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1. “... хамтран амьдрагч, ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч П...., хохирогч С.... нар нь нэг гэр бүлд хамтран амьдардаг болох нь тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 35, 74 х/, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдэл “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч С.... хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 77 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: П....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.
Хохирогчийн архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэсэн зүй бус үйлдэл уг гэмт хэрэг гарахад зохих хэмжээгээр нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар П....д оногдуулах эрүүгийн хариуцлагагы хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд улсын яллагчтай тохиролцож тогтоосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Бойтог овогт ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.П....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг П....д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П....д мэдэгдсүгэй.
5.П....ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ