| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0674/Э |
| Дугаар | 0752 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 0752
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
Улсын яллагч Ц.Ариунтуяа,
Шүүгдэгч У.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ...т холбогдох 2008012700617 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бага боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын ...тоотод түр оршин суух, урьд;
- Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 54/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 346 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт ...ийн ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
У.... нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын ...тоотод “түлээ мод авчир гэр орон чинь хоолгүй боллоо” гэж хэлсний улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н....ийг гараараа болон хөлөөрөө зодож цохиж, эрүүл мэндэд нь "... зуун бугалга, зүүн дал, зүүн шуу, баруун өгзөг, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Н....ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 02 сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо Ногоончулуутын ...тоот гэртээ байж байсан. Тэгээд 11 цагийн үед манай нөхөр орноосоо босохгүй хөнжилдөө хэвтээд байхаар нь гарч мод түлээгээ ав, гэр орон чинь мөнгө төгрөг байхгүй, хоосон боллоо гэж хэлтэл ... над руу чи ажил хийнэ гэснээрээ өөрөө явж мөнгө төгрөг олгээд уурлаад байсан. Тэрнээс болоод хэрэлдээд ... намайг толгойруу гараараа цохиод бас нурууны дал хэсэг рүү гараараа цохисон бас миний араас өшиглөөд гал тогооны тавиур дээр байсан аягыг авч шидэхэд миний гарыг оносон. ...... бид 2 хоорондоо гарч мод түлээ авчир, гэр орон чинь идэх хоолгүй боллоо гэж хэлснээс болж маргалдаад намайг гараараа толгой, нуруу, дал, хөл хэсэг рүү цохиж гэмтээсэн. ...бид 2 урьд өмнө нь гэр бүлийн асуудлаас болж маргалдаж байсан боловч намайг цохиж, зодсон асуудал гаргаж байгаагүй. ...Миний биед тухайн үед гар, зүүн дал өгзөг орчим хөхөрсөн нэлээд өвчтэй байсан. Одоо бол ямар ч зовиур гэмтэл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 22-23 х/,
2.Шүүгдэгч У....ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Ногоон Чулуутын ...тоотод “түлээ, мод авчир гэр орон чинь хоолгүй боллоо” гэж хэлсний улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н....ийг гараараа болон хөлөөрөө зодож, цохиж эрүүл мэндэд нь “...зүүн бугалга, зүүн дал, зүүн шуу, баруун өгзөг, эуун шилбэнд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 11.6 дугаар йлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мэдүүлэг авч байгааг би ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрч байна. ... Тухайн үед би эрүүл байсан бөгөөд 2020 оны 02-р сарын 28-ны өдөр сэрээд босохын хооронд манай эхнэр ... надруу хурдан босооч модоо хагалж авчир, гэр орон чинь хоолгүй боллоо гээд уурлаад хашгичаад байсан. Энэ шалтгааны улмаас бид 2 маргалдаж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 43 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Ж....ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ... бол бага байхын л бүрэг ичимхий, даруухан, төлөв томоотой хүүхэд байсан. Одоо ч тэр байдал нь хэвээрээ байгаа. Ер нь их цагаан цайлган, хүнд тусархаг, ах дүү нартайгаа эв түжинтэй, элдэв янзын муу зуршилгүй, хааяа баяр ёслолоор архи уудаг. Ажил хийгээд амьдралаа аваад явий гэсэн тийм л хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 27 х /,
4.Шинжээчийн 3163 тоот дүгнэлт
1.Н....ийн биед зүүн бугалга, зүүн дал, зүүн шуу, баруун өгзөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 31 х/,
5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48 х/
6.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 49 х/
7.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 50 х/
8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 52 х/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 79 х/
10.Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 82-90 х/
11.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 91-94 х/
12.Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 95-96 х/
13.Аюулын зэргийн үнэлгээ “бага” гэх дүгнэлт /хх 97-98 х/ зэрэг болно.
Шүүгдэгч У.... нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын ...тоотод хамтран амьдрагч Н....ийг “түлээ мод авчир гэр орон чинь хоолгүй боллоо” гэж хэлсний улмаас гараараа болон хөлөөрөө зодож цохиж, эрүүл мэндэд нь "... зүүн бугалга, зүүн дал, зүүн шуу, баруун өгзөг, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Н....ийн “... ... намайг толгой руу гараараа цохиод бас нурууны дал хэсэг рүү гараараа цохисон бас миний араас өшиглөөд гал тогооны тавиур дээр байсан аягыг авч шидэхэд миний гарыг оносон. ......т гарч мод түлээ авчир, гэр орон чинь идэх хоолгүй боллоо гэж хэлснээс болж маргалдаад намайг гараараа толгой, нуруу, дал, хөл хэсэг рүү цохиж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 22-23 х/,
Шүүгдэгч У....ын “...Н....ийг гараараа болон хөлөөрөө зодож, гэмтээсэн нь үнэн ...” гэх мэдүүлэг /хх 43 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээчийн 3163 тоот дүгнэлт
1.Н....ийн биед зүүн бугалга, зүүн дал, зүүн шуу, баруун өгзөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 31 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
У.... нь хохирогч Н....ийн биед зүүн бугалга, зүүн дал, зүүн шуу, баруун өгзөг, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч У.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Шүүгдэгч У....ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Шүүгдэгч У...., хохирогч Н.... нар гэр бүлийн гишүүд болох нь тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 22-23,43 х/-ээр тогтоогдож байгаа тул гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч У....ын эхнэр Н....ийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, У....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Н.... хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 22-23 х/-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: У....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 270 цагийн ниитэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын санал болгосон ял дээр хэлэх зүйлгүй гэсэн.
У....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 3 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, тогтсон ажил хөдөлмөр эрхлдэггүй, орлоггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хохирогч гомдол, саналгүй, аюулын зэргийн үнэлгээ бага гарсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У....ыг 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У....т мэдэгдсүгэй.
4.У....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ