Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/01127

 

    Ж.У-ын нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02929 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 544 дүгээр магадлалтай,

Ж.У-ын нэхэмжлэлтэй,

“К” ХХК, “М” ХХК-д холбогдох,

Хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах, барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, А.Түвшинтөгс нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч П.Сарантуяа, Д.Нарангоо, хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  С.Ялалт, Г.Чинбат, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ХБНГУ-ын иргэн Холзварт Иохам Эрих нь 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр М ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Блю скай хотхоны 44б байрны, 1 дүгээр орц, 4 давхрын 7 тоотод байрлах 148.44 м.кв, 4 өрөө орон сууцыг мөн зоорийн давхрын 146 тоот авто зогсоолын хамт захиалж, төлбөр болох 192.972 ам.долларыг бүрэн буюу 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 135.080 ам.доллар, 2009 оны 11 сарын 10-ны өдөр 30.000 ам.доллар, 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 27.892 доллар тус тус төлж барагдуулсан. Ингээд 2009 оны 09 дүгээр сарын дундуур орон сууцаа хүлээн авч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, амьдарч байна. Амьдарч байх хугацаандаа Холцварт Иохан Эрих нь эхнэр Холцварт Ундрахад орон сууц худалдан авах гэрээний эрхийг шилжүүлэх хүсэлтийг М ХХК-нд гаргасны дагуу 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр М ХХК-тай 160 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг шинэчилж байгуулсан. Ийнхүү гэрээний дагуу М ХХК-иас орон сууц болон авто зогсоолыг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компанийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд шүүхэд Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Блю скай хотхоны 44б байрны, 7 тоот орон сууц болон зоорийн давхрын 146 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 102/Ш2015/02919 дугаар шүүгчийн захирамжаар орон сууц болон авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Холзварт Ундрахыг тогтоосон. Гэтэл хариуцагч М ХХК нь орон сууц болон авто зогсоолыг өөрийн компанийн нэр дээр бүртгүүлсэн байсан. М ХХК нь К ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, уг гэрээний хавсралтаар 44 АБВГ дугаар байрны зоорийн давхрын 205 ширхэг авто зогсоол барьцаалсны дотор Холзварт Ундрахын өмчлөлийн 146 тоот авто зогсоол орсон байна. Иймд М ХХК болон К ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан Т07\208 тоот Зээлийн барьцааны гэрээний Холзварт Ундрахын өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг, мөн М ХХК болон К ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний 146 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Холзварт Ундрахын өмчлөлийн орон сууц болон авто зогсоолуудыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: "М" ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013638, Ү-2206014189 дугаар бүхий, 000103633, 000106184 тоот гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44Б байрны 7 тоот орон сууц болон 44АБВГ байрны зоорийн давхрын 146 тоот автозогсоолын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж.У-ыг бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, "М" ХХК болон "К" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Т07/208, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний зүйл болсон Хан-Уул дүүргийн 11 дугээр хороо "Блю скай" хотхоны 44Б байрны 7 тоот 4 өрөө орон сууц, мөн байрны 146 тоот авто зогсоолыг барьцаалсан хэсгийг улсын бүртгэлд бүртгэсэн барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь К ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн, Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 205 автомашины гражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Си Эм Эс Эл ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44А тоотод байрлах 1692 мкв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44 Б тоотод байрлах 1692 мкв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн Богд хан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг К ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд 44А, 44Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус тус банк бүрэн чөлөөлсөн байдаг.  Үүний дараа буюу 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд 44Б байрны 146 тоот зогсоолыг, Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөн байрны 7 тоот орон сууцыг Кны шаардлагаар Ундрах Холзвартад мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч К ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: К нь М ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1.400.000 америк долларыг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн К нь Си Эм Эс Эл ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн гэрээг байгуулж, 1.500.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг “Си Эм Эс Эл” ХХК-тай байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн 44 А тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,  Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн 44 Б тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, М ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар.

Түүнчлэн 2010 оны 05 дугаар сарны 13-ны өдөр М компанийн өмчлөлд 44АБВГ дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44АБВГ дүгээр байрны 1-205 тоот авто зогсоол, Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44АБВГ 1-24 тоот орон сууцнуудыг тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан. Кны М ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ. К нь Хөхтэнгэр хотхоны 44Б байрны 7 тоот орон сууц болон 146 тоот автозогсоолыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууц болон авто зогсоолын өмчлөгчийн гэрчилгээ нь М компанийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02929 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан К ХХК, М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний улсын бүртгэлийн Ү-2206014189 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан, 44АБВГ байрны зоорийн давхрын 146 тоот авто зогсоолыг барьцаалсан хэсгийг, мөн М ХХК болон К ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхоны 44Б дүгээр байрны 7 тоотод байрлах 148.44 мкв талбайтай 4 өрөө иргэн Холзварт Ундрахын өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч К ХХК болон М ХХК-нд даалгаж, нэхэмжлэлээс барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 586 391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас нийт 2 516 191 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 544 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02929 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч К ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 516 191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, А.Түвшинтөгс нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 181/ШШ2017/02929 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 544 тоот магадлалыг хариуцагч К эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Ж.У- нь орон сууц болон автозогсоопын эцсийн төлбөрийг төлсөн мэт баримтаас харагдаж байгаа боловч тухайн үед Мфикскалитал ХХК-тай 160 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж эрх, үүрэг хүлээсэн этгээд нь ХБНГУ-ын иргэн Эрик байсан. Мөн Ж.У- болон Мфикскапитап ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-ний эрх зүйн харилцаа огт үүсээгүй. Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн зүгээс ХБНГУ-ын иргэн Эрик болон Ж.У-ын хооронд үүссэн эрх зүйн харилцааг огт дүгнэн үзээгүй. Тус харилцааг дүгнэн тодорхойлоогүй учраас Ж.У- нь 160 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр олж авсан 7 тоот орон сууц болон 146 тоот автозогсоолыг хэрхэн өөртөө шилжүүлэн авсныг тогтоох боломжгүй болж, өмчлөх эрх хэзээ үүссэнийг буруу тодорхойлох нэг үндэслэл болсон. М ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44Б байрны 1-24 тоот орон сууц болон 1-205 автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, К нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141, Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох “М” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин Ж.У- дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир К нь тухайн үед зохих ёсны этгээдэд мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан.Хариуцагч Кны зүгээс 2007 он болон 2010 онд зээлийн барьцаа хөрөнгийг газар дээр нъ очиж үнэлгээ хийсэн тухай баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Кны хувьд 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайланд 44Б байрыг нэг бүрчлэн шалгаж, үнэлсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Харин шүүгч дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалсан атлаа Кийг уг хуулийн дагуу газар дээр нь очиж, үнэлгээ өгөөгүй гэж буруутгасан байна. Хариуцагч К нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23.2.3, 23.4 дэх заалтыг биелүүлсэн бөгөөд зөрчил гаргаагүй талаарх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байхад шүүх банкийг буруутгаж байгаа нъ тодорхой бус, ойлгомжгүй байна. К нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141,2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан зохицуулалтын дагуу ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалсан. Өөрөөр хэлбэл, “М” ХХК-ийн өмчлөлийн 44АБВГ байрны 1-205 тоот авто зогсоол болон орон сууцны барьцааны эрх нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үүссэн бөгөөд улмаар уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх “М” ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээг дахин байгуулсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан зохицуулалтад хамаарч байгаа. Нөгөөтэйгүүр, барьцаалагчийн шаардах эрх нь гагцхүү барьцаалуулагчид өмчлөх эрх бий болсноор хэрэгжихээр заасан нь бусад өмчлөгчдийн эрхийг хөндсөн бус, эсрэгээр хамгаалсан зохицуулалт юм. Нэхэмжлэгчийн хувьд барьцааны эрхээс хойно өмчлөх эрх нь үүссэн байх тул Кны хувьд барьцааны гэрээг байгуулах үед мэдэгдэх шаардлага байгаагүй бөгөөд мэдэгдэх боломжгүй байсан. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай 11.1.9 болон 13.1 дэх зохицуулалтыг шүүхийн зүгээс буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь дээрх зохицуулалтад байгаа гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх хэмээх ойлголтод Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар түрээслэх болон хязгаарлагдмал эрхийг хамааруулахаар байна. Иймээс Кны хувьд хязгаарлагдмал эрхийг хэрэгжүүлээгүй, эрхгүй этгээдэд мэдэгдэх шаардлага байгаагүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч Ж.У- нь хариуцагч “К” ХХК болон “М” ХХК-д холбогдуулан “...2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний өөрийн өмчлөлийн орон сууц, гаражид холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлүүлэх, барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох, өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага гаргажээ. Хариуцагч М” ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн бол “К” ХХК эс зөвшөөрч, маргажээ.

ХБНГУ-ын иргэн Холзварт Иохам Эрих нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Блю Скай” хотхоны 44Б байрны 1 дүгээр орц, 4 давхар, 7 тоотын 148.44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 146 тоот автозогсоолыг  192.972 ам доллараар захиалан бариулах, хариуцагч “М” ХХК нь  2009 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохирч 2009 оны 6 дугаар сарын 1-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

Тэрээр 2010 оны 6 дугаар сарын 16-нд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэрээний эрхийг эхнэр Ж.У-ад шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн “М” ХХК 2012 оны 8 дугаар сарын 15-ний өдөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн захирамжаар дээрх орон сууц, авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай Ж.У-ын нэхэмжлэлийг хариуцагч “М” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ орон сууц, гаражийн төлбөрийг бүрэн төлсөн, “М” ХХК нь “К” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалахдаа өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй тул хүчин төгөлдөр бус гэжээ.

К нэхэмжлэлээс татгалзахдаа барьцааны гэрээ байгуулах үед маргааны зүйл болох орон сууц, зогсоол нь зээлдэгч  “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэлд бүртгэлтэй байсан тул нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “К” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний зүйлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44АБВГ байр, тус байрны зоорийн давхарт байрлах авто зогсоолууд тусгагдсаны дотор нэхэмжлэгчийн одоогийн эзэмшиж буй 44Б байрны 7 тоотын 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 146 дугаартай зогсоол оржээ /хэргийн 23-29 дүгээр тал/.

Зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан тухайн үед буюу 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй байр, автозогсоолууд “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-т зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах ба мөн зүйлийн 156.2.-т “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж зохицуулжээ.

“К” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ хуульд заасан дээрх шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь барьцааны гэрээ байгуулах үед маргааны зүйл болох орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байжээ.

Иймд “М” ХХК нь “К” ХХК-тай барьцааны гэрээ байгуулахдаа өөрийн өмчлөлд бүртгэгдсэн 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан нь хууль зөрчөөгүй бөгөөд барьцааны гэрээний талууд өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгээгүй байсан нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй.

Нэхэмжлэгч 2015 онд шүүхэд орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь барьцааны эрх болон түүгээр хангагдах үүрэг үүсэх үед өмчлөх эрхийн талаар маргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т “худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж тодорхойлсон.

Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг “М” ХХК-иас шаардах, эсхүл өөрийн өмчлөлийн эд хөрөнгөнд ногдох хэмжээний үүргийг тус компанийн өмнөөс банкинд төлж, зардлаа “М” ХХК-иас шаардах, өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардлага гаргахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Кны гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02929 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 544 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “К” ХХК, “М” ХХК-д холбогдох “К” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний 44Б байрны 7 тоотын 148.44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 146 тоот авто зогсоолыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах, “М” ХХК-ийн нэр дээрх бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, дээрх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай Ж.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч  “К” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 2.516.191 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ