Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 00008

 

                                   Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг

                                              хүлээн авахаас татгалзах тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, нарийн бичгийн дарга П.Х, нэхэмжлэгч П.Ж, түүний өмгөөлөгч А.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гэрч Ү.П нарыг оролцуулан хийж,

П.Ж-н нэхэжлэлтэй “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамжийн өөрт хамаарах хэсэг болох нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газарт  хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг иргэн П.Жамбад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай шаардлага бүхий Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.       

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие П.Ж 1998 оноос 2013 оныг хүртэл Хаан даатгал нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт /2009 онд Соёмбо даатгал нэртэй болсон/ 15 жил жолоочоор ажилласан юм.

Намайг ажиллаж байх үед Соёмбо даатгал ХХК нь миний ажлын цалин хөлсийг өгч чадахаа байж арга буюу тухайн үед актлагдсан байсан тус компанийн хөрөнгө болох 21070032 нэгж талбарын дугаартай, 150 м2 талбай бүхий газрын эзэмших эрхийг иргэн П.Ж надад өгсөн юм. Энэхүү газар нь анх байгалийн ухааны дунд сургуулийн эзэмшлээс Хаан даатгалын эзэмшилд шилжиж ирсэн агуулах, склад байсан газар юм.

Би газар эзэмших эрхээ хуулийн дагуу баталгаажуулж гэрээ, гэрчилгээ гаргуулахаар Соёмбо даатгал ХХК-ийн /өмнө нь Түшиг даатгал нэртэй байсан/ 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот албан бичгийг /Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай/ өөрийн хүсэлтийн хамт гаргаж Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандсан юм. Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар миний хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэсэн атлаа ийнхүү шийдвэрлэсэн тухай албан бичгээ миний эхнэр Мөнхтуяад 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гардуулснаар тухайн албан бичигт дурдсан “хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн шийдвэрийг олж мэдсэн юм. Улмаар миний бие Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасан журмаар Хөвсгөл аймгийн Засаг даргад өөрт нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гомдлоо гаргаж аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны 1/2039 тоот албан бичгээр шүүхэд хандахыг хүссэн хариу авч арга буюу шүүхэд хандаж байна.

Гэтэл Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй хэмээн үзэж миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар миний бие Хөвсгөл аймгийн Засаг даргад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дахин гомдлоо гаргаж нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг П.Ж миний нэр дээр эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хүссэн бөгөөд аймгийн Засаг даргаас “... аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамжаар 3533,5 м.кв газрыг 29 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэр гаргахад Хаан банкны эзэмших эрхтэй газар болсон байна. Иймд таны хүсэлтийг хүлээн авч таньд газар эзэмшүүлэх тухай албан ёсны шийдвэрийг гаргах боломжгүй байх тул шүүхэд хандана уу” гэсэн хариу өгсөн тул дахин шүүхэд хандаж байна.

Миний бие Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарт хоёргүй сэтгэлээр ажиллаж хөдөлмөрийнхөө үр шимээр алга дарам газартай боллоо гэж итгэж байсан ч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь Хаан банкны Хөвсгөл салбарт миний эзэмших ёстой газрыг эзэмшүүлсэн болохыг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/557 дугаартай албан бичгээс эзэслэн олж мэдэж байна. Урьд нь ийм нөхцөл огт яригдаж байгаагүй юм. Даатгалын сангаас орон тооны цомохтголд ороод гарахдаа би энэ Түшиг даатгалаас ажилын байр болгож аваараа гээд надад өгсөн. Тэгээд би хууль ёсны болчлоо гэж бодсон. Иймд дээрх нөхцөл байдлуудыг шалгаж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, Хаан банкны Хөвсгөл аймаг дахь төв тооцооны төвийн хашаанд байрлах нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 дугаартай захирамжаар Хаан банкны Хөвсгөл аймаг дахь төв тооцооны төвд эзэмшүүлснийг хүчингүй болгож, иргэн П.Ж миний нэр дээр нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”  П.Ж нь Хаан даатгалаас Соёмбо даатгал хүртэл жолоочоор 15 жил тасралтгүй ажилласан. Хамгийн сүүлд 2014 оны 1 сарын 1-нд ажлаас гарахад нь тухайн үед Түшиг даатгал нэртэй байсан компаниас нь агуулахын зориулалттай модон байшинг ажиллаж байсан гэдэг үүднээс эрх шилжүүлэх гэрээн дор шилжүүлсэн. Шилжүүлж авсан баримт бичигтэйгээ холбогдуулаад тэр баримт бичгээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах шийдвэр гаргуулах хүсэлтээ Хөвсгөл аймгийн Засаг даргад өгөхөд бид урьдчилан шийдвэрлэх журмын товыг тогтоосон гэсэн. 2011 оны 3 сарын 20- ны өдрийн 557 дугаартай албан бичгээр уг газар бол Хаан банкны 2010 оны 4 сарын 7-ны өдрийн гэрээ, гэрчилгээг шинэчилж өгнө үү гэх 284 дэх тоот хүсэлтээр аймгийн Засаг даргын 2010 оны 4 сарын 13- ны өдрийн А/141 тоот захирамжаар 3533.5 м.кв газрыг 29 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гаргахад Хаан банкны эзэмших эрхтэй байна гэсэн хариу өгсөн. Тэгэхээр аймгийн Засаг дарга буюу газар өмчлөгчийг төлөөлж байгаа этгээдүүд бол ерөнхийдөө уг 150 м.кв газар бол Хаан банкны эзэмшил рүү шилжсэн гэсэн тайлбар өгсөн. Тийм учраас 2004 оны Түшиг даатгалын Хөвсгөл аймаг дах салбарт Хөвсгөл аймгийн Засаг даргын 2004 оны 8 сарын 26-ны өдрийн 86 тоот шийдвэрийг үндэслэн 21070032 дугаар бүхий 150 м.кв бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн энэ шийдвэртэй холбогдуулан өөрт хамаарах 150 м.кв газартай хамааралтай эрхийг хүчингүй болгуулах нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хоёрдугаарт хүчингүй болгож байгаа учир өөрт нь Түшиг даатгал болон Соёмбо даатгалд энэхүү 150 м.кв агуулах бүхий газрыг шилжүүлсэн бусад бичиг баримтыг үндэслэн иргэн Ж-д энэ газрыг эзэмшүүлэх талаар үүрэг даалгавар өгөх гэсэн шаардлагыг гаргасан. Сая Соёмбо даатгал компаниас 2018 оны 5 сарын 25-ны өдрийн 04/439 тоот албан бичгээр Соёмбо компани нь тайлбар хийсэн. Тус тайлбар нь тодорхой бус хариу байсан учир үндсэн хөрөнгийн бүртгэлд байгаа эсэх талаар шүүхэд үнэн зөвөөр харуулж өгнө үү гэж өөрсдөө хүсэлт гаргасны дагуу өнөөдөр буюу 2018 оны 7 сарын 9-ний өдөр Соёмбо даатгал компаний 04/565 тоот албан бичгээр Хөвсгөл аймаг Мөрөн сумын 8-р багийн Хаан банкны хөрөнгө байхгүй гэсэн баримтыг шүүхийн албан ёсны хаяг руу явуулсан. Тийм учраас Соёмбо даатгал компаниас тухайн үед шийдвэрлээд иргэн Жамбад бол агуулахын зориулалттай газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн баримт бичгийг хавсарган өгсөн байгаа. Үүнтэй холбогдуулан бид аймгийн Засаг даргатай холбогдсон боловч энэ нь Хаан банкны газар хэмээн хариуцагч хандсан учир шүүхэд энэ 2 агуулагаар хандаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой үзлэг гэх зүйлүүдийг захиргааны хэргийн шүүхийн санаачлагаар хийсэн. Тухайн үед миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байхдаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Мөрөн сумын газрын даамал тухайн Түшиг даатгал компанид эзэмшүүлж байсан газартай холбоотой хувийн хэргүүд байхгүй хэмээн үзүүлээгүй. Харин Мөрөн сумын газрын даамал дээр 2004 оны 8 сарын 26-ны Мөрөн сумын Засаг даргын 86 тоот шийдвэртэй нэгж талбарын 21070732 дугаартай 150 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж байсан бүртгэл гарч ирсэн. Энэ бүртгэлээр 2004 оноос эзэмшсэн гэдэг нь нотлогдож байгаа юм. Хаан банк нь маргаандаа хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргаж байгаа тайлбартаа мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг дурьдсан. Тус дүгнэлтэнд 2004 онд Түшиг даатгал комьпанид олгосон газар эзэмших эрхтэй холбоотой баримт мөн 2005 онд Хаан банкинд газар олгосонтой холбоотой 2 хавтаст дээр шинжилгээ хийхэд зөрчилтэй байна гэсэн дүгнэлт гаргасан. Тэгэхээр мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтээс харахад тус бүртээ хавтастай 2 хувийн хэрэг байсан нь харагдаж байгаа юм. Гэтэл одоо аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хувийн хэрэг байхгүй байгаа нь хариуцагч өөрөө хувийн хэргээ устгасан уу? Эсвэл гуравдагч этгээдийн үйлдэл юм уу? гэсэн зүйлүүд харагдаж байна. Мөрөн сумын газрын даамал бол үндсэндээ инженерийн шугам сүлжээтэй бүсэд хамааралтай хувийн хэргүүдийг аймгийн барилга, хот байгуулалтын газар луу явуулсан гэсэн хариу тухайн үзлэг хийж байх үед хариулт өгсөн байснаас үзэхэд эдийн сонирхолтой байсан гэж харагдаж байна. Мөн түүнчлэн Түшиг даатгал компаний эзэмшихтэй нь холбогдуулан Хаан банк өөрийн байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбоотой баримт бичгийг дурьдвал 2014 оны 6 сарын 12-ны өдрийн 747 дугаартай Хаан банкнаас Түшиг даатгал компанид Хаан банкны хашаан дотор байгаа агуулахыг эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэсэн албан бичиг байгаа юм. Тухайн үед маргаангүй байсан газар өнөөдөр Жамба гэсэн иргэний нэр дээр шилжихтэй холбогдон үүсээд байгаа нь ойлгомжгүй байна. Аль аль талдаа хуулийн этгээдүүд өөрийн эрх зүйн чадамжтай учраас тухайн цаг үедээ илэрхийлээд ирсэн. Хавтас хэрэгт бүгдийн нь тусгаж өгсөн байгаа. Тийм учраас аймгийн Засаг даргын 2010 оны 4 сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамжаар 3533.5 м.кв болгохдоо 150 м.кв-г эзэмшүүлсэн хэмээн албан тоот бичигтэй дурьдаад байгаа. Энэ захирамжийн 150 м.кв газрыг нь хүчингүй болгож өгнө үү?  Яагаад гэвэл энд Жамба гэх иргэний эрх ашиг хөндөгдөн. Жамба гэдэг иргэн нь Соёмбо компани 2014 онд шилжүүлсэн үеээс үүнийг хүчингүй болгож өгнө үү? хэмээн нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хоёрдугаарт аймгийн Засаг дарга буюу эрх бүхий албан тушаалтанд удаа дараа хандсан боловч энэ бол Хаан банкны газар чамд олгохгүй хэмээн татгалзаж байгаа учраас үүрэг даалгах нэхэмжлэл, шаардлагыг тавьж байна. Энэ 2 нэхэмжлэлийн шаардлага болоод хэргийг мэргэн шийдвэрлэж өгнө үү? хэмээн хүсэж байна. Энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн П овогтой Ж нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 дүгээр захирамжийн өөрт хамаарах хэсэг болох нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м.кв газарт хамраарах хэсгийг хүчингүй болгуулах, нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м.кв газрыг иргэн П.Ж-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Маргаж буй газрын хуувийн хэрэг, кадастрын зураглалаар уг газар нь Хаан банкны эзэмшлийн газар ба аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 дүгээр захирамжаар 3533,5 м.кв газрыг 29 жилийн хугацаатай Хаан банк эзэмших эрхтэй байна. Хаан банкны эзэмшил хуулийн дагуу, аймгийн Засаг даргын шийдвэр үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж-ын гаргасан хүсэлтийн дагуу урьдчилан  шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Уг асуудлын маргаж байгаа газар нь Хаан банкны эзэмшлийн газар байсан. Хаан банк нь 1999 онд тус газрыг эзэмшиж байгаад 2005 онд гэрээ, гэрчилгээгээ шинэчилж авахдаа нийтийн эзэмшлийнхээ талбайг хасуулаад яг өөрсдийн эзэмшлийн талбайгаа тогтоолгоод 3533.5 м.кв хэмжээтэй газар эзэмших болсон. Энэ эзэмших эрхээ инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байсан учраас 2010 онд аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж баталгаажуулж авсан байдаг. Тус газар эзэмших эрх бол 3 удаагийн шийдвэр гаргахад өмнөх 2 шийдвэр дээр миний эрх ашиг хөндөгдөж байна гэсэн гуравдагч этгээдийн шийдвэр гарж байгаагүй тийм учраас бид аймгийн Засаг даргын шийдвэр бол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хоёрдугаарт газрын хэмжээний асуудал байгаа, газрын үзлэгээр харахад 47 м.кв газар байгаа. Гэрч Нямжав болон Батбаярын өгсөн мэдүүлэгээс харахад энэ газарт 2 барилга байсан гэдэг нь харагдаж байна.  Нямжавын тайлбараас харахад эхний барилга нь зоогийн газрын зориулалттай барилга, хоёр дахь нь агуулахын зориулалтай барилга байжээ. Мөн Батбаярын өгсөн тайлбараас харахад Хаан банк нь албан ёсоор өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн газартай нь худалдаж авсан байна. Харин Нямжавын тайлбараас харахад агуулахын зориулалттай байшинг зөвхөн худалдаж авсан байна гэдэг байдал харагдаж байна. Дараагийн асуудал нь тус газар нь өөрөө  инженерийн шугам сүлжээний бүсэд хамаарч байгаа тэгэхээр Монгол улсын газрын тухай хууль 2003 оноос хүчин төгөлдөр мөрдөгдсөн, аймгийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын бүсчлэлийг тогтоосон иргэдийн хурлын тогтоол 2004 оны 4 сард гарсан байдаг. Энэ газар эзэмшүүлэх шийдвэрийг Түшиг даатгал ХХК-д 2004 оны 8 сард  гаргасан байдаг. Тэгэхээр газрын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн зөрчил тогтоогдсон байсан энэ үед Мөрөн сумын Засаг дарга инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх эрх байхгүй байсан. Нөгөө талаасаа газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага гэж байгаа энэ дээр бүрдүүлэх бүрдүүлбэрийг газрын тухай хуулийн 38-р зүйлд зааж өгсөн байгаа. Тус заалтын дагуу мэргэжлийн хяналтын байгууллага энэ асуудлыг Хаан банкны хүсэлтийн дагуу улсын байцаагч шалгаж дүгнэлтээ гаргасан. Тус дүгнэлтэнд нэгдүгээрт газрын хувийн хэрэг байхгүй байсан. Хоёрдугаарт Хаан банкны шилжүүлж авсан боловч Хаан банкнаас Түшиг даатгал компанид шилжүүлсэн өөрийн зөвшөөрөл байхгүй байсан. Нөгөө талаасаа 2 талын нотиаратаар гэрчлүүлсэн өргөдөл байх ёстой боловч хууль зүйн шаардлага хангаагүй. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр хувийн хэрэг баримт бичгийг устгасан гэж үзэж байгаа бол эрх бүхий байгууллага устгасан байдлыг тогтоосон шийдвэр гаргасан байх ёстой. Энэ нь нэг талаасаа төрийн байгууллагын хариуцлага боловч үнэхээр хувийн хэрэг үүссэн байх л юм бол тэр баримт бичиг байх л ёстой. Тэгэхээр хүсэлтэнд хувийн хэрэг материаллын бүрдүүлэх бүрдүүлбэрт холбогдох матриаллыг өгөөгүй учраас хувийн хэрэг материал үүсээгүй гэж ойлгож байна. Тухайн үед газартай болсон гэсэн захирамж гаргуулж аваад хэдэн жилийн дараа өөр хүнд шилжүүлээд хөөцөлдөж байгаа асуудал гэж харж байна. Дараагийн асуудал бол нэхэмжлэгчид шаардах эрх байна уу? гэсэн асуудал тулгарч байна. Түшиг гэдэг даатгалын компанины 2018 оны 5 сарын 25-ны өдрийн 04/439 албан тоот ирсэн байдаг. Энэ нь 2018 оны 7 сарын 9-ний өдөр 04/565 албан тоотыг харахад Соёмбо ХХК нь бүртгэлгүй байна гэсэн тайлбар өгсөн байгаа юм. Үүнээс харахад 04/439 тоот албан бичигт даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай хуулиар Соёмбо ХХК-ний салбар төлөөлөгчийн газар нь зөвхөн даатгалын үйл ажиллагааны хүрээнд компанийг төлөөлөх эрхтэй. Харин даатгалын үйл ажиллагаанаас бусад төрлийн гэрээ хэлэлцэл байгуулахад тухайн салбарт нь тусгайлан итгэмжлэл төлөөлөл хийгдэх замаар байгуулагддаг. Одоо байгаа компаний баримт, бүрдэлт Хөвсгөл салбарт 1995 оноос 2014 онуудад ямар нэгэн итгэмжлэл зөвшөөрөл олгогдоогүй байна гэсэн тайлбар өгсөн. Тэгэхээр Соёмбо даатгал ХХК-ний дүрмийн 1.7-д зааснаар компани нь эрх зүйн харилцаанд удирдах байгууллагаараа дамжуулан оролцоно. Удирдах байгууллага нь компаний тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал байна гэж заасан байна. Энэ хугацаанд гүйцэтгэх захирлаар Пүрэвсүрэн гэгч хүн нь ажиллаж байсан эсэхийг улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад байхгүй байна. Хоёрдугаарт энэ хүн нь салбарын захирал дүрэмд тусгагдсанаар гүйцэтгэх захиралаасаа зөвшөөрөл олгогдсоны дагуу эрх үүсэх ёстой. Үндсэндээ бол газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ бол иргэн хоорондын иргэний гэрээ гэж үзэж болохоор байна. Нэг талаасаа Соёмбо ХХК-г Пүрэвсүрэн төлөөлж эрх шилжүүлсэн нь эрхгүй этгээдийн байгуулсан гэрээ юм. Энэ нь иргэний хуулийн 56.1.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болоод нэхэмжлэгчид нь шаардах эрх байхгүй. Хэрвээ шаардах эрх гаргах этгээд нь Соёмбо даатгал гаргаж болохоор байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар бол би цалин аваагүй харин оронд нь газар авсан гэж яриад байгаа. Гэтэл яг хэргийн баримт дотор  Жамбын нийгмийн даатгалын дэвтрээс харахад нэг ч жил тасраагүй цалин бодогдсон баримт байгаа. Тэгвэл цалингаа аваагүй гэдгээ хэрхэн нотлох вэ? Би бол үзэхдээ нийгмийн даатгалын бичилтээс хараад цалин авсан байна. Харин энэ нь цалин бодогдож шилжүүлсэн хөрөнгө үү эсвэл өөр арга замаар шилжиж байгаа хөрөнгө үү гэдэг асуудал байна.  Соёмбо даатгалын нэр дээр өмч хөрөнгө олж авсан мөртлөө тухай үед нь бүртгүүлээгүй байх магадлал харагдаж байна. Энэ газар эзэмших эрх нь өөрөө даатгалын зориулалтаар олгогдсон байгаа. Харин энэ зориулалтаар 2004 оноос хойш хэдэн жил даатгалын зориулалтаар нь ашигласан уу? гэтэл агуулахын зориулалтаар авчихаад орхичихсон уу? гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй болов уу. Хэргийн материалыг 4 үндэслэлээр авч үзэв.

Нэгдүгээрт нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй байгаа. Хоёрдугаарт хувийн хэрэг материал байхгүй байгаа нь төрийн байгууллагын алдаатай үйл ажиллагаа биш. Харин шаардлагатай материалыг бүрдүүлэн зохих журмын дагуу шийдвэрээ гаргуулаагүй. Тухайн үед Мөрөн сумын газрын харилцааны алба үүсэн хөгжиж байсан ба нарийвчилсан зохицуулалт хэрэглэхгүйгээр эрх бүхий этгээд шийдвэр гаргадаг тохиолдлууд байсан учир иймэрхүү алдаа гардаг байсан тийм учраас алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ зохих журмын дагуу олгогдсон газар байсан бол нэгж талбарын дугаар бүртгэгдсэн байх ёстой гэвч одоо хүртэл 2 талын бичиг баримт байгаагүй байна, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт зөрчилтэй байна гэсэн нь энэ харилцаа нь эхнээсээ хууль зүйн харилцаа зохих ёсоор явагдсан уу гэдэг нь эргэлзээтэй байгаа гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан тайлбартаа: “... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багийн нутаг дэвсгэр дэх Хаан банкны Хөвсгөл салбарын эзэмшдэг газраас иргэн  П.Ж-д 150 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг эс зөвшөөрч дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна Үүнд:

1. Хаан банкны Хөвсгөл салбар /тухайн үед Хаан банкны 603-р салбар нэртэй байсан/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын газрын албатай 1999 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 4000 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрээг байгуулан 210106225 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээг авсан байдаг. Газар эзэмших эрх Мөрөн сумын Засаг даргын 1999 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 тоот захирамжаар үүссэн байна. Уг газрыг 1993 оноос хойш Хаан банкны Хөвсгөл салбар эзэмшиж ирсэн болно.

2. Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 136 тоот захирамжаар гэрээг шинэчлэх шийдвэр гарч 2005 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Мөрөн сумын ЗДТГазартай гэрээ байгуулан газрын гэрчилгээг шинэчлэн авсан болно. Энэхүү гэрээг шинэчлэн байгуулж гэрчлгээ авах үед Мөрөн сумын газрын албанаас манай байгууллагын эзэмшил бүхий газар өөр ямар нэгэн байгууллага иргэн газар эзэмшиж байгаа талаар мэдэгдээгүй болно.

3. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А-141 тоот захирамжаар инженерийн шугам сүлжээтэй бүсэд шилжиж газраа хувааж гэрээ гэрчилгээ шинэчлэх шийдвэр гарч 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хөвсгөлд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай гэрээ байгуулан 000298403 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авч нэгж талбарын 210700225 дугаартай 3533,5 м2 газрыг 29 жилийн хугацаатай эзэмших эрхийг хууль ёсоор бталгаажуулж авсан болно.

Газрын хэмжээг банкны урд /ертөнцийн зүгээр баруун тал/ машины зогсоол талбайг нийтийн эзэмшлийнх гэж хасч газрын гэрчилгээ олгосон болно.

4. Түшиг даатгал ХХК-тай холбоотой газрын маргаантай асуудлыг Хөвсгөл аймгийн МХГазар хандаж шалгуулахад Түшиг даатгал ХХК-ийн газар эзэмших эрх нь Монгол Улсын Газрын тухай хуулийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан

5. Иргэн П.Жамба нэхэмжлэлдээ 21070032 нэгж талбарын дугаартай 150 м.кв талбай бүхий газар анх байгалийн ухааны дунд сургуулийн эзэмшлээс Хаан даатгалын эзэмшилд шилжиж ирсэн гэж байгаа боловч газрын гэрчилгээг Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 86 тоот шийдвэрээр 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр  авсан байгаа нь манай байгууллагад анх газар эзэмших эрх үүссэнээс хойш авсан байна. Хаан  банкны Хөвсгөл салбараас Түшиг даатгал компанийн Хөвсгөл аймаг дахь салбар Үлолдохын Пүрэвсүрэнд газар шилжүүлж өгөөгүй болно.

Хаан банкны Хөвсгөл салбар нь Түшиг даатгал ХХК-д өөрийн байгууллагын эзэмшил бүхий газраас 150 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлээгүй тул иргэн П.Ж-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Ж-ын нэхэмжлэлд Хаан банк нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна.

Нэхэмжлэлд 2 үндсэн шаардлагыг гаргасан байна. Харин нэхэмжлэгчийн шаардлагыг гуравдагч этгээдийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл одоо байгаа энэ газрыг 1993 оноос хойш Хаан банкны Хөвсгөл салбар эзэмшиж ирсэн. 1999 онд тухайн үед Байгалийн ухааны сургуулиас худалдаж аваад 1999 оны 6 сарын 29-ний өдөр 4000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшихээр холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж авсан байдаг. Үүнээс хойш 2 удаа газарт өөрчлөлт орсон байдаг. 2005 оны 136 тоот захирамжаар гэрээг шинэчлэх шийдвэр гарсан. Иргэн хуулийн этгээдэд олгож байгаа газрыг шинэчлэн байгуулах талаар захирамж гарсан. Уг захирамжийн дагуу 2005 оны 8 сарын 19 ны өдөр Мөрөн сумын Засаг даргын Тамгын газартай Хаан банк нь гэрээ байгуулан өөрөөр хэлбэл газар эзэмших гэрээ байгуулан газрын гэрчилгээг шинэчлэн авсан. Энэхүү гэрээг шинэчлэн гэрээ байгуулан гэрчилгээг шинэчлэн авахад  Мөрөн сумын газрын албанаас манай байгууллагын эзэмшил бүхий газарт өөр ямар нэгэн байгууллага иргэнд давхардуулж газар олгосон байдал бол байгаагүй байсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 4 сарын 13-ны  өдрийн А/141 тоот захирамжаар инженерийн шугам сүлжээтэй бүсэд шилжих газартай холбоотой газар хуваах гэрээ, гэрчилгээг шинэчлэх шийдвэр гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан 2013 оны 9 сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн газрын харилцаа барилга, хот байгууллалтын газартай гэрээ байгуулан 000298403 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авч нэгж талбарын 210700225 дугаартай 3533.5 м.кв газрыг 29 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг хууль ёсоор баталгаажуулж авсан байдаг. Яагаад өмнө нь байсан 4000 м.кв газар багассан бэ? гэхээр нэгдүгээрт инженериййн шугам сүлжээтэй бүсэд газар шилжүүлэх харилцаатай холбоотой газрын харилцаа буурсан байдаг. Мөн түүнчлэн Хаан банкны урд хэсэг буюу ертөнцийн зүгээр баруун талд байсан өөрийн эзэмшлийн газрыг бол нийтийн эзэмшлийн газар гэж үзээд 4000 м.кв газраасаа хасуулсан байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсоод өөрийн зүгээс тайлбар хийе. Банктай холбоотой хэрэг маргаан дээр бол ямар ч үед хэн нэгэнтэй холбоотой авилгалын хэрэг ярьж байдаг. Хардалт бол байж болно гэхдээ нотлох баримтайгаар хардах нь зүйтэй юм болов уу гэж үзэж байна. Түүнээс биш банкны хувьд Засаг дарга, тамгын газар, барилга, хот байгуулалтын газартай хамтраад иргэний бичиг баримт болон олгосон газрыг бичиг баримтыг устгуулах, алга болгуулах гэсэн санаа зорилго агуулаагүй ийм эрх бид нарт байхгүй. Мөн нөгөө талд төрийн байгууллагын албан хаагч бол олгосон чиг үүргээ хэрэгжүүлж байгаа гэж үзэж байна. Мөн түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг 100 хувь дэмжиж оролцож байна. Мөн 2018 оны 5 сарын 25-ны 04/439 Соёмбо даатгал компаний тухай албан бичигт тус компани зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэдэг гэдгийг дурьдсан. Хөвсгөл салбарт 1995 оноос 2014 онуудад ямар нэгэн итгэмжлэл зөвшөөрөл олгогдоогүй байна. Үүнээс үзвэл  тухайн үед Түшиг даатгалаас Соёмбо даатгал руу шилжихдээ П.Ж-д цалин хөлс өгч чадаагүй нь учраас газар олгосон гэж ярьсан. Гэтэл компаний тухай хуулинд салбар төлөөлөгчийн газар бол хуулийн төлөөлөгчийн эрхгүй хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл төр, байгууллагаас ирүүлсэн итгэмжлэл, шийдвэр дээр итгэмжлэл олгогдсоны дагуу харилцаа явагддаг бөгөөд энэ асуудал нь Соёмбо даатгалын хувьд байхгүй байна гэдэг нь нотлогдож байгаа. Мөн түүнчлэн Жамбын нэхэмжлэлд байгаа энэхүү эзэмшил нь анх Байгалийн ухааны дунд сургуулийн эзэмшлээс Хаан даатгалын эзэмшилд шилжиж ирсэн агуулах искалад байсан гэж товч дурьдсан. Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд тухайн үед Түшиг, Соёмбо, Хаан даатгал гэх нэр солигдож байсан гэдэг авч Байгалийн ухааны сургуулиас шилжүүлэн авсан гэрээ контракт нь алга байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн тайлбартаа дурьдсанаар 2013 оны 6 сарын 20-ны 23-04-023/386 тоот гэсэн улсын байцаагчийн дүгнэлтийг хэлсэн. Үүгээрээ Хаан банкид хувийн хэрэг гэнэт байхгүй болцон гэж ойлгодохоор буруу тайлбарлах нь зохимжгүй хэмээн бодож байна. Гэрээ яагаад шинэчлэгдээгүй шалтгаан нь миний өмнө нь дурьдсанчлан инженерийн шугам сүлжээтэй холбогдуулан газар эзэмших гэрчилгээг шинэчлэх асуудал байсан. Энэ дагуу Хаан банк нь албан бичгээ өгөөд шинжээчийн дүгнэлт гарсаны дагуу шинэчлэгдсэн гэрчилгээ авагдсан байдаг. Нөгөө талд Түшиг даатгалын компани, Засаг дарга нь 2004 он 8 сарын 26-ны өдрийн 84 тоот захирамжаар  150 м.кв газрыг Хаан банкнаас шилжүүлэн авсан байх бөгөөд тухайн үед хувийн хэрэгт 2 талын өргөдлөөс Хаан банкнаас газар шилжүүлэхийг зөвшөөрсөн бичиг байхгүй нь Монгол Улсын газрын тухай хуулийг зөрчсөн байна гэсэн нь улсын байцаагчийн дүгнэлт зөв байгааг харуулж байна. Хаан банкнаас Түшиг даатгал болон Соёмбо даатгалд газар шилжүүлэн өгсөн гэрээ контракт байхгүй. Газрын тухай хуулийн 38-р зүйлд зааснаар бусдын эзэмшил өмчлөлд байсан газрыг бусдад шилжүүлэхэдээ нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байна гэж заасан байдаг. Тус хуулийн 38.2.2 т эрхийн гэрчилгээ шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсанаар үүсэх эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа нотолгоо, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсвэл хэвлэмэл тодорхойлт байх ёстой гэвч хангаагүй. Түшиг даатгал компани нь Засаг даргын захирамжыг үндэслэн 2004 онд 150 м.кв газрыг авсан гэж ярьж байгаа боловч Газрын тухай хуулийн 27.1-т газрын зөрүүлэлт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэдэг ба тус хуулийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан учир уг гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх дээр эргэлзээтэй байна. Гуравдагч этгээдийн хувьд үзэхэд Түшиг даатгал компаниас иргэн Жамбад шилжүүлсэн гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.  Хариуцагчийн төлөөлөгчийн хэлсэнчлэн Иргэний хуулийн 56-р зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Ийм учир нэхэмжлэгчийн шаардлагыг шүүхээс бүхэлд нь хүчингүй болгох хүсэлттэй байна гэв.

Гэрч Ү.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ ... Би 1991 оноос 2015 он хүртэл даатгалын компанийн даргаар 23 жил ажилсан. Төрийн өмчит компани байж байгаад 1998 онд хувьчлагдаж Түшиг даатгал компани болсон. Дараа нь Соёмбо даатгал болж байсан. Энэ компани нь 4 удаа хувьчлагдаж байгаа. Жадамба нь 1998 оноос даатгалын компанид жолоочоор 15 жил ажиллаж байсан. 1990 онд манай даатгал байгууллагдаад 1991 онд хөдөө аж ахуйн компани байгууллагдсан. Анх байгууллагдахад дүрмийн санд 100.000.000 төгрөгийн 50 хувийг нэгтгээд манай даатгалын компани байгууллагдсан. Агуулахыг зарах болоход би авъя гэж байсан. Гэхдээ актлагдаж байхад нь би энэ  маргаан бүхий агууллахыг авч байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Ж “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамжийн хавсралтын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг иргэн П.Ж-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно.

Хөвсгөл Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 86 тоот шийдвэрээр Түшиг даатгал ХХК-ний Хөвсгөл аймаг дахь  салбарт Хаан банкны хашаан дотор 150 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн үед энэхүү захирамжинд гомдол гараагүй, одоо хүчин төгөлдөр захиргааны акт байх бөгөөд уг захирамжийг гаргахдаа хууль зөрчиж гаргасан, газар эзэмшигчээс хүсэлт авсан, аваагүй  гэж талууд маргах боловч, захиргааны байгуулагын буруутай үйл ажиллагааны улмаас  иргэн,  хуулийн этгээдийг буруутгах боломжгүй юм. 

Харин Салбарын захирал Ү.Пүрэвсүрэн нь Түшиг даатгал ХХК-ний Хөвсгөл аймаг дахь  салбарын “газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.2-д” .. бусдад зөвшөөрөлгүй шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалт болон   Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” гэсэн  заалтыг  зөрчиж П.Жамбад уг газрыг эзэмшүүлэхээр шилжүүлэх гэрээ байгуулсан, мөн энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно...” гэЖ заажээ. Гэтэл нь Түшиг даатгал ХХК-ний Хөвсгөл Салбарын захирал Ү.Пүрэвсүрэн нь өөрийн компаний дүрмийн 5.1-д  заасныг зөрчсөн,  төлөөлөх эрхгүйгээр, өмчийн захиран зарцуулах талаар компаний эрх бүхий хурлын шийдвэргүйгээр дур мэдэн  бусдад  газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ хийснийг  хуульд заасан хуулийн шаардлага хангасан хэлбэр  гэж үзэх боломжгүй юм. 

Өөрөөр хэлбэл П.Ж нь бусдаас газар эзэмших эрхийг хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангаж шилжүүлж аваагүй байх тул түүнийг уг маргаан бүхий газрыг өөрийн нэр дээр эзэмшүүлэхээр шийдвэрлүүлэх эрх үүсээгүй байна гэж үзлээ. 

Иймээс  П.Ж “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамжийн хавсралтын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг иргэн П.Ж-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах шийдвэр гаргахыг шаардах эрхгүй этгээд болох үндэслэлүүд шүүх хуралдааны үед тогтоогдсон тул түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан П.Ж-ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамжийн хавсралтын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг иргэн П.Ж-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай” шаардлага бүхий  Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Ж-ын Голомт банкны 4901000149 тоот дансанд 2018 оны 04 сарын 13-ны өдөр тушаасан 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.                             

            

           

ШҮҮГЧ                          Б.ЭНХТАЙВАН