Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0271/З |
Дугаар | 221/МА2021/0643 |
Огноо | 2021-12-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2021/0643
А.Гын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, Т.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 597 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, А.Гын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 597 дугаар шийдвэрээр:
“...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.4, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтыг баримтлан “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хоёр. Нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай тогтоолоор намайг “...албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан нь... сахилгын шийтгэл болон ёс зүйн хариуцлага хүлээлгэх” үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.
Ёс зүйн зөвлөлийн дээрх тогтоолыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар намайг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд уг тушаалд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 болон бусад хуулийн заалтуудыг үндэслэл болгосон.
Дээрх Ёс зүйн зөвлөлийн тогтоол болон даргын тушаалын аль алинд нь намайг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн. Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг,
-Засгийн Газрын 33 дугаар тогтоолыг үндэслэл болгон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А/47 дугаартай тушаалаар Нийгмийн даатгалын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг мөн баталсан байдаг.
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын байгууллагын Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 8.1-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар тус тус заасан бөгөөд хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэгч А.Гыг “ёс зүйн хэм хэмжээг” зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзсэн атлаа дээрх дүрэм, журамд зааснаас “хүндрүүлсэн” хариуцлага хүлээлгэсэн байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг зөрчин “зөрчлийн шинж байдалд тохироогүй, хүндэдсэн” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болсон.
2.Миний бие “Э м” ХХК болон тус компанийн нягтлан бодогч Даас шан харамж, хээл хахуул нэхээгүй, үйл явдал болсон 2021 оны 3 сарын 25-ны өдөр нөхөртөө явуулах мессежийг андуурч Дт явуулсан учраас энэ асуудал үүсэн, улмаар иргэн Л.Нын олон нийтийн сүлжээнд тавьсан мэдээлэлд үндэслэн надад холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 210200167 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “андуурч явуулсан мессеж”-тэй холбоотой үйл баримт, уг асуудлыг гэрчлэх иргэдээс байцаалт авах зэргээр шалгаж байгаа болно. Хэрэгт байгаа АТГ-ын мөрдөгчийн тогтоол, тус газрын 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 06/7138, мөн оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 06/8197 дугаартай албан бичиг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол зэргээр нотлогдоно.
Түүнчлэн нэг зөрчилд сахилгын болон эрүүгийн хариуцлагыг давхардуулан ногдуулах нь нэхэмжлэгчийн хувийн байдлыг дордуулсан, шударга ёсны зарчимд нийцэхгүй байхад “...уг үйлдлийг гэмт хэргийн шинжтэй хэмээн шалгаж байгаа нь сахилгын шийтгэл хүлээлгэхэд саад болохгүй гэсэн” шүүхийн дүгнэлт буруу болсон.
З.Иргэн Л.Нын олон нийтийн сүлжээнд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бичсэн зүйлийг үндэслэн тухайн өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ёс зүйн зөвлөл хуралдаж мөн өдрөө сонсгох ажиллагааны тэмдэглэл үйлдэн Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай тогтоолыг үндэслэн тус өдрийн Б/20 дугаартай ажлаас халах тушаал гарсан, харин дээрх үйл баримтаас харахад Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагааг хийсэн, оролцогчийг сонссон гэж харагдахаар боловч мөн хуулийн 27.5-д заасан “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасантай нийцээгүй буюу нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломжит хугацааг өгөөгүй, нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй байхад шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг хийсэн гэж хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн нь нэхэмжлэгч миний хуулиар олгосон эрх, ашиг сонирхлыг зөрчсөн юм.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 597 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Төрийн албаны тухай хуулийн 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж дүгнэн, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчээс “Э м” ХХК-ийн нягтлан бодогч О.Дын гар утас руу явуулсан “надад хаялага байхгүй юу тэ” гэсэн мессежийг нөхөртөө явуулах гэж байгаад “андуурсан” гэх боловч 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ёс зүйн болон даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс тус тус үзэхэд тухайн үед ийм агуулга бүхий тайлбар огт гаргаж байгаагүйгээс гадна гар утсаа шалгуулахаас татгалзсан, үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч нөхөртэйгөө чухам ямар асуудлаар харилцаж байсан болох, өөрөөр хэлбэл “андуурсан” гэх дээрх мессежийг нөхөртөө явуулах гэж байсан шалтгаан нь юу байсан талаар ямар ч баримт гаргаж өгөөгүй энэ тохиолдолд нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүхэд гаргасан аман тайлбарт үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэх боломжгүй.
Тухайлбал О.Даас А.Гын 99174054 дугаарын утас руу 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11.36 цагт “мессенжерээр төлбөр хийсэн баримт илгээчихлээ. 76.364.352 төгрөг” гэж бичсэнээс хойш 5 минутын дараа буюу 11.41 цагт “надад хаялага байхгүй юу тэ” гэсэн хариу мессежийг А.Г бичсэн, хэдийгээр үүнийг нөхөртөө явуулах гэж байгаад андуурчихаж гэх боловч үүнийгээ нотлох, өөрөөр хэлбэл нөхөртэйгөө энэ цаг мөчид ярьсан дуудлага, эсхүл мессежээр харилцаж байсан бол тэр талаарх баримтыг шүүхийн өмнөх шатанд ч, шүүхэд ч гаргаж өгөөгүй байна.
Иймд албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, холбогдох хуульд нийцсэн шийдвэр гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл А.Гын гаргасан үйлдэлд ногдуулсан сахилгын шийтгэл нь тухайн зөрчлийн шинж байдал, үр дагаварт тохирсноос гадна уг шийтгэлийг хүлээлгэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна.
Дээр дүгнэсэнчлэн “андуурч явуулсан” гэх тайлбараа бусад баримтаар нотолж чадаагүй энэ тохиолдолд “бусдаас шан харамж нэхсэн” гэж тайлбарлаж болохуйц ёс зүй зөрчсөн үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан нь нэг зөрчилд хоёр хариуцлага хүлээлгэсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй.
Учир нь эрүүгийн журмаар шалгагдаж буйг эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэхгүй, мөн захиргааны хэргийн тухайд нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн үйлдэлд ногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж байгаагаас бус эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх нь энэхүү захиргааны маргаанаас тусдаа асуудал болно. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ажиллагааны талаар захиргааны хэргийн шүүх дүгнэх эрхгүй.
Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахад зөрчлийг шалгаж тогтоох, мэдэгдэх, сонсох ажиллагааг хэрхэн хийсэн талаар хангалттай дүгнэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дахин дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.
Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Авлигын эсрэг хуулийг баримталсан нь зохимжгүй байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 597 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5…” гэснийг хасч, бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН