Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 431

 

Д.Олонтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01419 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Олонтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Оюунчимэгт холбогдох

 

“Эрдэсийн Эрэлд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас 2016 оны 10 дугаар сарны 18-ны өдөр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, “Эрдэсийн Эрэлд” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Т.Оюунчимэгт даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Олонтуяа миний бие Т.Оюунчимэгтэй хамтарч түүний нөхөр Ч.Болдбаатарын нэр дээр байдаг “Эрдэсийн эрэлд” ХХК-ийг 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан. “Эрдэсийн эрэлд” компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдээр намайг бүртгүүлсэн байх боловч бодит байдал дээр компанийн үйл ажиллагааг би биш Т.Оюунчимэг, түүний нөхөр Ч.Болдбаатар, дүү Т.Очирбат, Т.Цолмон очир нар нь удирдан явуулж байсан. “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг дандаа Т.Оюунчимэгт л явдаг байсан. Надад явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгдөггүй, мөн ногдол ашиг орлого гэж хувиарлаж байгаагүй. Тиймээс би Т.Оюунчимэгтэй ярьж тохиролцоод 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ, “Эрх шилжүүлэх” гэрээ байгуулж, түүнд өөрт ногдох 101 000 000 төгрөгийн хувьцаа, эрхээ түүнд шилжүүлсэн бөгөөд хуулийн этгээд улсын бүртгэлд өөрчлөлт оруулах буюу намайг хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасуулах асуудлыг Т.Оюунчимэг хариуцахаар болсон. Т.Оюунчимэг нь “Сод монгол групп” ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээ, “Барьцааны гэрээ” тус тус байгуулахдаа Д.Олонтуяа миний өмчлөлд байсан Нортбенз маркийн чирэгч /0744 УНЭ/, ҮР72201005с1742 маркийн чиргүүл /0521 БЧ/, Нортбенз маркийн авто чирэгч /0745 УНЭ/, iht 9402 хху маркийн чиргүүл /0981БЧ/ Нортбенз маркийн чирэгч /0746/, iht 9402 хху маркийн чиргүүл /0980 БЧ/ зэрэг эд хөрөнгийг барьцаалсан байсан.

Т.Оюунчимэг зээлж авсан нефтийн төлбөрөө төлж чадахгүйд хүрээд ирэхээр барьцаанд тавьсан миний эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд намайг компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасуулахгүй өдийг хүрлээ. Энэ байдлаас болж “Сод монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэсийн эрэлд” ХКК-д холбогдох хэрэгт намайг шүүхээс хариуцагчаар оролцуулсан. Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1452 дугаартай шийдвэрээр “Эрдэсийн эрэлд” ХХК-иас нийт 306 126 196 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд мөн үүргийн гүйцэтгэлийг миний хөрөнгө болох барьцааны зүйлээр хангуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү Т.Оюунчимэг нь намайг бүртгэлээс хасуулахгүй явсаар өөрийн тавьсан өрөнд намайг унагаж, эцэст миний хөрөнгөөр “Сод монгол групп” ХХК-ийн өр төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлүүлсэн. Би “Эрдэсийн эрэлд” ХХК-иас бүртгэлээс нэр хасуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж “Сод Монгол групп” ХХК-тай нэхэмжлэлтэй хэрэгтэй хамт шийдвэрлүүлэхээр хоёр хэргийг нэгтгүүлж байсан боловч хариуцагч Т.Оюунчимэг нь Монгол улсад байхгүй шалтгаанаар миний нэхэмжлэлтэй хэргийг тусгаарлаж, “Сод Монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг түрүүлж шийдсэн.

Т.Оюунчимэг нь Монгол улсад ирсэн хойноо ч шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээж авахаас зугтсаар байсан тул би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, түүнийг эрэн сурвалжлуулж хаягийг тодруулсан боловч бас л хаягандаа байгаагүй тул 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 14261 тоот захирамжаар хэргийг буцсан. Тахарын албаар дахин хайлгуулсны үндсэн дээр Т.Оюунчимэгийн амьдарч байгаа газрыг тодруулсан бөгөөд дээрх хаяг дээрээ тэрээр одоо ч гэсэн байгаа болно.

“Эрдэсийн эрэлд” ХХК-д хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байх нь надаас үл хамаарах шалтгаанаар үүссэн өр төлбөрийг “Сод монгол групп” ХХК-нд тавьсан өр төлбөрийг төлөхтэй адилаар хариуцах үндэслэл болох тул миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Учир нь НШГА-аас одоо миний хувийн орон сууцыг битүүмжилж, хилээр зорчих эрхэд хориг тавьсан. Иймд миний эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлгүй юм. 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан “Хувьцаа хүдалдах, худалдан авах" гэрээ, “Эрх шилжүүлэх” гэрээ байгуулснаас хойш “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй, хувь хүртээгүй болно. Гэтэл Т.Оюунчимэг нь дээрх үндэслэл шалтгаанаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхээс татгалзаж байгаа нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд Т.Оюунчимэгт “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ, “Эрх шилжүүлэх” гэрээний дагуу “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг болон Д.Олонтуяаг “Эрдэсийн эрэлд” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс хасуулахыг даалгуулж, “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг Д.Олонтуяа гүйцэтгэж байгаагүй болохыг тогтоолгохоор анх нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Олонтуяа миний бие тус Компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.10-т заасны дагуу 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Эрдэсийн эрэлд” ХХК-иас гарах тухай өргөдлөө хувьцаа эзэмшигчдийн хуралд буюу хувьцаа эзэмшигч нарт гаргаад 1 сар өнгөрсний дараа 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын дагуу “Эрдэсийн Эрэлд XXК-ийн гүйцэтгэх захирлын шийдвэрээр ээлжит бус хурлыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зарлан хуралдуулахаар болж, Компанийн хууль, тогтоомжид заасан журмын дагуу хурлын зарыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ТВ 5 телевиз/ цацаж, хувьцаа эзэмшигчдийн хаягаар шуудан явуулсан боловч хувьцаа эзэмшигч Т.Оюунчимэг нь ээлжит бус хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй туг Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зарлагдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн хурлыг хойшлуулсан.

Ийнхүү хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.6-т заасны дагуу 2016 оны 10 дугаар сарны 18-ны өдрийн 10 цагт зарлан хуралдуулахаар тогтсон бөгөөд хурлын зарыг хурал болохоос 7 хоногийн өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор Олон нийтийн телевизээр хурал болох газар, өдөр, цагийг дахин мэдээлсэн боловч хувьцаа эзэмшигч Т.Оюунчимэг нь хуралд дахин ирээгүй. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т “Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 хувь буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т зааснаар хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан тул хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 50 хувийн ирцтэйгээр үргэлжлүүлэн явуулсан. Энэ хурлаар Д.Олонтуяа миний “Эрдэсийн эрэлд” ХХК-иас гарах буюу хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс нэрээ хасуулах өргөдөл хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд хуралд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар, “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс Д.Олонтуяаг хасах шийдвэр гаргасан боловч дүрэмд өөрчлөлт оруулж улсын бүртгэлд бүртгүүлэхэд, “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигчээр үлдэж байгаа Т.Оюунчимэгийн үйлдэл оролцоо зайлшгүй шаардлагатай байна. Гэтэл Т.Оюунчимэг нь үндэслэлгүйгээр намайг “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасуулахаас татгалзаж, Компанийн дүрэмд өөрчлөлт оруулахад гарын үсэг зурахгүй, улсын бүртгэлийн гэрчилгээ тамга зэргийг надад өгөхгүй байсаар байна. Энэ нь “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрт үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд саад болж байна.

Иймд “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж. “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Т.Оюунчимэгт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Д.Олонтуяа, Т.Оюунчимэг нар нь “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн 1010 ширхэг хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу худалдагч тал буюу Д.Олонтуяа нь 101 000 000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийн эрх бүхий хувьцааг худалдан авагчид шилжүүлэх ёстой байсан боловч уг гэрээг байгуулахаас өмнө компанийн өмчлөлд байсан эд хөрөнгө болох машинууд, Тавантолгой дахь компанийн хээрийн ангид байсан эд хөрөнгийг Д.Олонтуяа хувьдаа болон өөрийн эзэмшлийн “Орсил” ХХК-д шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээ нь бодит байдалд хэрэгжих боломжгүй, хувьцаа нь гэрээнд заасан үнэ, эрхийг төлөөлж чадахгүй болсон. Түүнчлэн “Сод Монгол групп” ХХК-иас их хэмжээний шатахуун зээлээр авч компанийн үйл ажиллагаанд ашиглахдаа тухайн үйл ажиллагаанаас олсон ашиг орлогыг бүгдийг нь Д.Олонтуяа ганцаар авч байсан. Харин хувьцаагаар Т.Оюунчимэгт өрнөөс өөр юу ч очихгүй болох нь гэрээ байгуулснаас хожим илэрхий болсон. Д.Олонтуяа нь компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, ямар нэгэн ашиг, орлого авч байгаагүй, Т.Оюунчимэг дангаар үйл ажиллагаа явуулж байсан мэтээр ярьж байгаа нь худал юм. “Сод монгол групп” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд автомашин барьцаалахыг Т.Олонтуяа мэдэгдэлгүйгээр ямар нэгэн хэлцэл хийгээгүй, цаашид ч ийм хэлцэл хийхгүй бөгөөд Компанийн тухай хуульд зааснаар Т.Оюунчимэг нь дур мэдэн их хэмжээний хэлцэл хийх боломжгүй. Хэрэв ийм хэлцэл хийсэн бол Д.Олонтуяа түүнийг хүчингүй болгуулах шаардлага гаргах эрхтэй байсан. Т.Оюунчимэг нь хорт хавдар өвчний улмаас удаан хугацаанд гадаад, дотоод эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд гэрээтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргах боломжгүй байсан. Энэ хэрэг 3 шатны шүүхээр ороод дахин анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд явж байна. Өмнө гаргасан шаардлагаас татгалзаж байна гэж ойлгосон. Одоо нэхэмжлэлийн шаардлага “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн ээлжит бус хурлын шийдвэрийг биелүүлэхийг Т.Оюунчимэгт даалгаж өгнө үү гэсэн байна. Ээлжит бус хурлын явцыг харахад компанийн тухай хуулинд заасан нөхцөлийг хангаагүй байна гэж харж байна. Д.Олонтуяа гүйцэтгэх захирал болохынхоо хувьд шаардлага хүргүүлсэн гэсэн байна. Өмнө гаргасан шаардлагаа няцааж байгаа юм байна. “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн дүрэмд заасан шаардлага зөрчсөн. Дүрмийн 6.10 дугаар заалтад хувь нийлүүлэгч компаниас гарах тухай өргөдлөө хувь нийлүүлэгчийн хуралд 1 сараас доошгүй хугацаанаас өмнө мэдэгдэнэ гэсэн. Хувьцаа эзэмшигч Т.Оюунчимэгт шаардлага хүргүүлсэн зүйл байхгүй ээлжит бус хурлыг зарласан шийдвэр байх ёстой. Энэ шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл эсвэл гүйцэтгэх захиралд гаргасан байх ёстой. Гүйцэтгэх удирдлага буюу Д.Олонтуяа өөртөө шаардлага хүргүүлсэн байж болох боловч шийдвэр гаргаагүй байна. Бичгээр албажиж гарсан шийдвэр байхгүй, хурлаар юу ярьсан талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй. Компанийн тухай хуулийн 60.3-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш 40 хоногийн дараа хувьцаа эзэмшигчийн хурал болох ёстой энэ хугацааг зөрчсөн 9 дүгээр сарын 28-нд хурал зарласан. Аль ч тохиолдолд 11 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчийн хурал зарлах боломж байхгүй хуулийн энэ зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тиймээс хурал хийсэн гэж үзэх боломж байхгүй. Д.Олонтуяа компаний хөрөнгийг хувьдаа авсан Өөрөөр хэлбэл, 100 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө шилжүүлэх боломжгүй болсон учраас Т.Оюунчимэг гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээний үүрэг биелүүлэх асуудал бол талуудын харилцан хүлээх үүрэг юм. Ганцхан Т.Оюунчимэг гүйцэтгэх гэсэн зүйл байхгүй. Хувьцаа худалдан авах гэрээ биелүүлэх боломжгүй болсон. Энэ талаар шүүхэд маргаан үүсээд Д.Олонтуяаг компаний хувьцаа эзэмшигчээс хасах боломжгүй гэх маргаан хэлэлцэх үед хүвьцаа эзэмшигчийн хурал хурапдаад энэ асуудлыг шийдэх боломж байхгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа ээлжит бус хурлын асуудал яригдах ёстой байсан байх. Д.Олонтуяа ганцаараа хурал хийгээд ганцаараа шийдвэр гаргачихаад үүнийгээ Т.Оюунчимэгт тулгаж болохгүй. Тиймээс өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 83 дугаар зүйлийн 83.1-д заасныг баримтлан Д.Олонтуяагийн нэхэмжлэлтэй, Т.Оюунчимэгт холбогдох “Эрдэсийн Эрэлд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 10 дугаар сарны 18-ны өдрийн ээлжит бус хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, “Эрдэсийн Эрэлд” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Т.Оюунчимэгт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.12 дахь хэсэгг заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.9-т “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь энэ хуулийн 61.4-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргасан тохиолдолд санал шаардлага хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн хурлыг хуралдуулна.” гэж заасан энэ хуулийн заалтыг баримталж ээлжит бус хурлын товыг гаргасан байна.

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт болох Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг зарлан хуралдуулахад баримтлах зохицуулалт юм. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа энэхүү заалтыг барьсан байна. Мөн энэ талаар Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй тул дүрэм зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

2. Компанийн тухай хуулийн 65.1, 65.2, 60.4 дэх заалтуудыг баримтлан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаснаас хойш 5 хоногийн дотор ТV5 телевизээр “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг явуулсан байх бөгөөд явуулсан зард Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-т заасан мэдээллийг бүрэн тусгасан байдаг. ТV5 телевизээс Д.Олонтуяад өгсөн “Зар явуулсныг гэрчлэх” санхүүгийн баримтандаа “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бур хурлыг зар” төлбөрийн утгыг товч дурдсан байх боловч шүүхэд гаргаж өгсөн бусад баримтаар зарын мэдээллийг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-т нийцүүлэн гаргасан гэдэг нь нотлогдоно.

3. “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болж хурлын шийдвэр гарсан. Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурал дууссанаас хойш ажлын 15 өдрийн дотор хурлын тэмдэглэлийг гаргаж, хурлын дарга гарын үсэг зурах..” гэж заасан тул хурлын тэмдэглэл бэлэн болж гарсан өдрийн огноо тавьж, гарын үсэг зуран баталгаажуулсан тул өөр хууль зөрчсөн асуудал байхгүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлүүд Компанийн хууль тогтоомжийн дагуу хийгдсэн бөгөөд өөрөөр хэлбэл хууль тогтоомж зөрчигдөөгүй болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01419 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Олонтуяа нь хариуцагч Т.Оюунчимэгт холбогдуулан “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрийг хэрэгжүүлж, “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хувьцаа эзэмшигч надад мэдэгдээгүй, Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан хугацааг зөрчсөн гэж маргасан байна.

 

“Эрдэсийн эрэлд” ХХК-ийн хувьцааны 50 хувийг Д.Олонтуяа, 50 хувийг Т.Оюунчимэг нар тус тус эзэмшдэг болон нэхэмжлэгч Д.Олонтуяа нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу тус компанийн гүйцэтгэх захирал болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа болон талуудын тайлбар зэргээр тогтоогджээ.

 

Түүнчлэн, талуудын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Олонтуяа нь Т.Оюунчимэгт өөрийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг, компанийн дүрэмд заасан эрх үүргийн хамт шилжүүлэх, мөн өдөр Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр хувьцаа эзэмшигч Д.Олонтуяа нь Т.Оюунчимэгт нэг бүрийн үнэ нь 100 000 төгрөгийн үнэтэй, нийт 1010 ширхэг хувьцааны 50 хувийг шилжүүлж, худалдагч нь 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хэтрүүлэлгүй хувьцааг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч нь худалдаж авсан хувьцааны төлбөрийг төлөхөөр тус тус тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хэргийн 14-16 дугаар тал/

 

Тус компанийн дүрмийн есийн 1-д “Компанийн удирдах буюу эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал болно”, Зургаагийн 10-т “Хувь нийлүүлэгч компанийн гишүүнээс гарах тухай өргөдлөө хувь нийлүүлэгчийн хуралд нэг сараас доошгүй хугацааны өмнө гаргана. Хувь нийлүүлэгчийг компаниас гарах тухай шийдвэр, дүрэмд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хувь нийлүүлэгчийг компаниас гарсанд тооцно.” гэж тус тус заажээ. /хэргийн 234-236 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Олонтуяа нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана.” гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан боловч уг хурлыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулсан нь мөн хуулийн 60.3 дахь хэсэгт “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна.” гэснийг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

/хэргийн 220, 237 дугаар тал/

 

Түүнчлэн дээрх хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрт Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан зүйлүүдийг бүрэн тусгаагүй байх бөгөөд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид хурлын зарыг мэдээлэх тухай Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу хариуцагч Т.Оюунчимэгт тус хурлын зарыг мэдээлэх үүргийг хүлээсэн хурал хуралдуулах шийдвэр гаргасан нэхэмжлэгч Д.Оюунтуяа хэрэгжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

“Эрдэсийн эрэлд” ХХК-иас ТV5 телевизээр зар явуулсан талаарх захиалгын хуудас хэрэгт авагдсан байх боловч юун тухай, ямар утга бүхий зар явуулсан болох нь тодорхойгүй байх тул тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хариуцагчид хүргэсэн гэж үзэх боломжгүй байна. /хэргийн 244 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулсан болохыг нэхэмжлэгч нотлоогүй тул уг хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй болно.

 

Шүүх Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д “энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй” гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01419 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.НАРАНЦЭЦЭГ        

 

                                                  ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

                       

                                                                                             С.ЭНХТӨР