Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 0753

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

Улсын яллагч Д.Нямбат,

Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт ...гийн ...д холбогдох 1908062150912 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-ны цагаан идээний цехэд бэлтгэгч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Орбитын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Буурал овогт ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Б.... нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага нарангийн 45 дугаар гудамжинд “чи манай нөхөртэй мессежээр харьцаж, утсаар ярилаа” гэх шалтгаанаар иргэн С....тай маргалдан түүнийг хазаж, үсдэж, цохиж биед 2 гарын сарвуу, баруун шууны зулгаралт, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

                                     1.Хохирогч С....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ВИП ХХК-н таксины жолооч хийдэг юм. 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 11 цаг өнгөрч байхад надтай хамт хуучин ажиллаж байсан ... гэдэг залуу фэйсбүүк чатаар холбогдоод “би Хөвсгөл явах гэсэн чинь автобуснаас хоцорчихлоо, Толгойтод ахынхаасаа бичиг баримтаа авах гэсэн юмаа, таксины мөнгийг нь өгнө” гэхээр нь би 1 хорооллын Драгоны урд талаас очиж аваад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага наран 47 дугаар гудамжны 225 дугаар худагны орчимд очоод тэр залуу айл руу ороод та хүлээж бай би орчоод гараад ирнэ гэж хэлсэн. Тэр залуу ороод 3 минут орчим болсноо над руу залгаад та наанаасаа хурдан хөдлөөрэй, хүүхэн гарчихлаа гэж хэлсэн. Би юу болсон учрыг нь олоогүй таксины мөнгө аваагүй болохоор худаг өнгөрөөд зогссон. Худагын хажууд зогсож байсан чинь цагаан өнгийн приус машинаас 2 хүүхэн бууж ирээд 2 талын хаалгыг онгойлгосон. Тэгсэн жолооч талын хаалгыг онгойлгосон хүүхэн “чи муу хөгшин янхан, манай нөхөртэй явалдлаа” гээд үснээс зулгаагаад дарсан. Би тухайн үед суудлын бүс зүүсэн байсан болохоор хөдөлж чадаагүй. Тэгсэн нөгөө талын хаалгыг онгойлгосон хүүхэн нь миний гарнаас хазаад утас авах гээд байсан. Би утас дээрэмдэх гэж байна гэж бодоод утсаа урдаа бариад дарсан чинь гарнаас дахиж хазаад байхаар нь би утсаа тавьсан. ... мөн “...... нь миний гарыг хазаж, түлхүүрийг булаагаад буцаад машиндаа суусан. ... нь намайг нөхөртэйгээ хардаад үсдэж зодсон. ......тай фэйсбүүкээр харилцаж байхад эхнэр нь давхар хараад байсан юм билээ, өдөрт 40,000 төгрөг тушаах ёстой байдаг ба зодуулсаны улмаас 10 өдөр ажилдаа яваагүй тул 400,000 төгрөгийг, мөн шуүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Тухайн үед болсон асуудлыг худгийн түгээгч эгч харсан, өөр зодоон болсныг үзсэн харсан хүн байхгүй. ... ажилдаа яваагүй 10 хоногийн эмнэлэгийн акт байхгүй. ... ажилд орсон тушаал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 25, 28, 31 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

                                     2.Шүүгдэгч Б....гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 11-р сарын 18-ны өдөр би ажил дээрээ байхад манай хамтран амьдрагч ... гэрийн гадаа нэг машинтай ирж зогссон. Би тэгээд ажлаас гараад /Би ажлын хашаан дотор амьдардаг/ хашааны гадаа гарсан. Машин дотор жолооч нь гээд нэг хүүхэн байсан. Би тэр өдөр ...г нэг эмэгтэй хүнтэй фэйсбүүкээр чатлаад байсныг мэдсэн байсан учир тэр чатлаад байгаа хүүхэн мөн байна гэж харсан. Би тэгээд тэр машин дээр очоод хаалгыг нь онгойлгох гэтэл тэр эмэгтэй онгойлгохгүй байсан. Энэ үед гэрээс манай хамтран амьдрагч ... гарч ирсэн. Тэр ирээд намайг тэвэрч аваад нөгөө эмэгтэйгээ яв гэж хэлсэн. Би тэгээд тэр эмэгтэйтэй уулзахаар эгч ...ийг утсаар дуудсан. Тэгээд манай эгч ... маш хурдан ирээд би эгчийн машинд суугаад хойшоо араас нь явья гээд гудамж өгсөөд гараад ирэхэд нөгөө машинтай хүүхэн яг худгийн хажууд зогсож байсан. 5-10 минутын дараа очиход тэр хүүхэн яваагүй байсан. Би тэр машиныг заагаад эгчийг замыг нь хаагаад зогсчих гэж зогсоогоод тэр унаж явсан машиных нь цонхыг цохиход онгойлгохгүй байсан. Чанга тогшиход онгойлгохоор нь би тэр эмэгтэйг яахаараа эхнэр хүүхэдтэй хүнтэй явалддаг юм бэ? гэж загнаад тэр эгчийг алгадаад авсан. Тэгээд би тэр эмэгтэйн утаснаас нь мессежийг нь харах гээд гар утсыг нь машиных нь түлхүүртэй хамт булаагаад авсан. Энэ үед тэр эгч намайг машин дотроосоо бас өшиглөсөн. Би тэгээд утсыг нь аваад машин дээрээ очоод суусан. Тэгсэн чинь тэр намайг дагаад арын суудал дээр суусан. Тэгээд би тэр эгчийн утсыг голын хайрцаганд хийчихсэн чинь тэр эгч авах гээд миний гарыг холдуулах гээд ноцолдсон. Тэгээд ноцолдож байхдаа тэр эгч манай эгчийг бас үсдсэн. Тэр эгч тэгээд намайг үсдсэн байсан. Тэгээд бид хоёр зууралдаад зодолдож байхад манай эгч машинаасаа бууж ирээд бид хоёрыг буулгасан. Та хоёр одоо боль гэж хэлсэн. Тэгээд машинаас буугаад тэр эгч бид хоёр бас үсдэлцээд зодолдсон. Тэр эгч миний хувцаснаас зулгаагаад ураад байхаар нь би болиоч гэхэд чиний асрагчийн хувцасыг урсан ч яадаг юм гээд миний ажлын нормын цамц, халадыг аймаар ураад байсан. Тэгээд миний хувцасыг тавихгүй байсан учир би тэр эгчийн гарыг хоёр удаа шүдээрээ хазаж байж тавиулсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 59 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

                                      3.Гэрч Б....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү ... бид 2 Гэгээ шим нэртэй цагаан идээний үйлдвэрт хамт ажилладаг ба цехийн хашаанд ...гийн гэр байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилдаа ирээд байж байтал манай дүү ... нь нөхөр ...гаа хүнтэй явалдаад байх шиг байна, утсаараа мессеж бичээд салахгүй юм гэж хэлсэн. Удалгүй ... гэртээ ирлээ гээд ... гараад явснаа буцаж ирсэнээ эгчээ гараад ирээч гэсэн. Тэгээд худаг дээр хүргээд өгөөч гэхээр нь яваад очтол Соната-6 маркын машин байсан. ... гүйж очоод хаалгыг нь татаад нөгөө эгч нь машинаасаа гарч ирээд тэр 2 зууралдаад бие биенээ цохиод, үснээсээ зулгаалцаад байсан. ...би тэр эмэгтэйг ...тай явалдаад байгаа эмэгтэй юм байна гэж шууд ойлгосон. ... чи манай нөхөртэй байнга утсаар ярьдаг, утсаа гаргаад ир гэхэд би танай нөхрийг танихгүй гэсэн. Энэ үед утас нь дуугарахад ... булааж аваад нээх гэсэн чинь цэнэг нь дуусаад унтарсан. Тэгээд машинд орж цэнэглэсэн. Машин дотор тэр 2 бас л үсдэлдцээд муудалцсан. ... тэр хүүхний утас, түлхүүрииг худгийн эгчид өгсөн. Дараа нь цагдаа ирэхэд утас түлхүүрийг нь буцааж өгсөн. Би тэр эгчид гар хүрээгүй, хазаагүй. Болсон үйл явдлыг худгийг эгч хараад зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх 38-39 х /,

 

          4.Гэрч А....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би СХД-ийн 3-р хороонд 225 дугаар худаг дээр ус түгээгчээр ажилдаг юм. Тэр өдөр 12 цаг өнгөрч байхад цагаан эрээн өнгөтэй кабин дээрээ симфортой такси ирээд худгийн хажууд ухраад зогссон. Тэр машин ирж зогсоод 5 минут хиртэй болж байхад нэг приус машин /өнгийг нь санахгүй байна./ ирээд тэр таксины урдуур нь хаагаад зогссон. Тэр приус машины жолоочийн хажуу талаас ажлын хормогч зүүсэн намхан охин бууж ирсэн. Манай худгаас ус авдаг зүс таних нэрийг нь мэдэхгүй охин байсан. Тэр охин бууж ирээд нөгөө таксины жолооч дээр очоод хаалгыг нь онгойлгоод “Чи муу эхнэр хүүхэдтэй хүнтэй явалдахаасаа ичихгүй байна уу” гээд орилоод байсан. Тэгээд тэр таксины жолооч эмэгтэйн утсыг нь гарнаас нь гэнэт булаагаад авсан. Тэр эмэгтэйн утсыг булааж авчихаад өөрийнхөө сууж ирсэн машин дотор ороод суусан. Араас нь таксины жолооч эмэгтэйг бууж ирээд утсаа авах гээд нөгөө эмэгтэйн сууж байсан машин дээр очсон. Нөгөө охин манай “нөхөртэй харьцсан мэссеж нь байна” гээд л чанга хашгираад байсан. Нөгөө таксины жолооч эмэгтэй утсаа авах гээд зууралдаад нөгөө охин өгөхгүй байсан чинь өөрөө машины гадна зогсож байгаад нөгөө охиныг машин дотор нь үсдээд толгойг нь доош нь дарсан. ...” гэх мэдүүлэг /хх 41 х /,

 

           5.Гэрч Ү....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 11 сард /өдрийг нь сайн санахгүй байна/ би Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу явахаар Драгон төв рүү очоод байж байтал ... миний утас руу залгаад “Би таван шар дээр таксинд явж байна. Чи хаана юу хийж байна” гэхээр нь би “Би драгон дээр байна. Хөвсгөл явах гэсэн чинь айлд юмаа мартчихсан байгаа гэтэл ... “Би машинтайгаа яваад чамаас би таксины мөнгө авахгүй” гэхээр нь би зөвшөөрч ... бид хоёр манай гэрийн гадна очоод би гэр рүү орсон. Тэгсэн манай эхнэр ... надтай юм дуугаралгүй надтай зөрөөд гэрээс гараад явчихсан. Би тэгэхээр нь өөрийн мартсан зүйл болох банкны виза карт, хүзүүний гинж хоёроо авчихаад эргээд гартал манай эхнэр ... ... дээр оччихсон уулзаад юм яриад зогсож байхаар нь би яваад очтол ... над руу “Энэ чиний уулздаг хүүхэн юм байна тийм үү?” гэх зэргээр хэрүүл хийж эхлэхээр нь би ...г тэвэрч аваад ...г “Чи яваа” гэж хэлсэн. Тэгтэл ... машинтайгаа хөдлөөд хашааны булан тойроод явчихаар нь би эхнэрээ тавиад гудамжинд зогсож байсан машинд суугаад Драгон рүү хүргүүлж мөнгийг нь өгөөд Хөвсгөл аймаг руу явах автобусанд сууж явсан. ...” гэх мэдүүлэг /хх 41 х /,

 

6.Шинжээчийн 14034 тоот дүгнэлт

   1.С....гийн биед 2 гарын сарвуу, баруун шууны зулгаралт, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 47 х/,

 

    7.Шинжээч эмч Т.Амартүвшигийн: “...зүүн гарын сарвууны гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх мэдүүлэг /хх 48 х/,

 

    8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 62 х/

    9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 63 х/

    10.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 65 х/

    11.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 66 х/

    12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 67 х/  

13.“ВИП такси сервис” ХХК-ийн Г.... нь 2019 оны 11 сарын 18-28-ны өдрийн хооронд түрээсийн 400,000 төгрөг төлөөгүй тухай тодорхойлолт хх 73 х зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.... нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага нарангийн 45 дугаар гудамжинд С....г нөхөртэйгээ хардан “чи манай нөхөртэй мессежээр харьцаж, утсаар ярилаа” гэх шалтгаанаар маргалдан түүнийг хазаж, үсдэж, цохиж биед 2 гарын сарвуу, баруун шууны зулгаралт, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

                                      Хохирогч С....гийн “... жолооч талын хаалгыг онгойлгосон хүүхэн “чи муу хөгшин янхан, манай нөхөртэй явалдаа” гээд үснээс зулгаагаад дарсан. Би тухайн үед суудлын бүс зүүсэн байсан болохоор хөдөлж чадаагүй. ... утсаа урдаа бариад дарсан чинь гарнаас дахиж хазаад байхаар нь би утсаа тавьсан. ...” гэх мэдүүлэг /хх 25, 28, 31 х/,

                                     Шүүгдэгч Б....гийн “... машиных нь цонхыг цохиход онгойлгохгүй байсан. Чанга тогшиход онгойлгохоор нь би тэр эмэгтэйг яахаараа эхнэр хүүхэдтэй хүнтэй явалддаг юм бэ? гэж загнаад тэр эгчийг алгадаад авсан. Тэгээд би тэр эмэгтэйн утаснаас нь мессежийг нь харах гээд гар утсыг нь машиных нь түлхүүртэй хамт булаагаад авсан. Энэ үед тэр эгч намайг машин дотроосоо бас өшиглөсөн. Би тэгээд утсыг нь аваад машин дээрээ очоод суусан. Тэгсэн чинь тэр намайг дагаад арын суудал дээр суусан. Тэгээд би тэр эгчийн утсыг голын хайрцаганд хийчихсэн чинь тэр эгч авах гээд миний гарыг холдуулах гээд ноцолдсон. Тэгээд ноцолдож байхдаа тэр эгч манай эгчийг бас үсдсэн. Тэр эгч тэгээд намайг үсдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 59 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

                                      Гэрч Б....ийн “... ... гүйж очоод хаалгыг нь татаад нөгөө эгч нь машинаасаа гарч ирээд тэр 2 зууралдаад бие биенээ цохиод, үснээсээ зулгаалцаад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 38-39 х /,

            Гэрч А....ийн: “...Тэр охин бууж ирээд нөгөө таксины жолооч дээр очоод хаалгыг нь онгойлгоод “Чи муу эхнэр хүүхэдтэй хүнтэй явалдахаасаа ичихгүй байна уу” гээд орилоод байсан. Тэгээд тэр таксины жолооч эмэгтэйгийн утсыг нь гарнаас нь гэнэт булаагаад авсан. ...” гэх мэдүүлэг /хх 41 х /,

           Гэрч Ү....гийн “...манай эхнэр ... ... дээр оччихсон уулзаад юм яриад зогсож байхаар нь би яваад очтол ... над руу “Энэ чинь уулздаг хүүхэн юм байна тийм үү?” гэх зэргээр хэрүүл хийж эхлэхээр нь би ...г тэвэрч аваад ...г “Чи яваа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 41 х /,

Шинжээчийн 14034 тоот дүгнэлт

   1.С....гийн биед 2 гарын сарвуу, баруун шууны зулгаралт, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 47 х/,

    Шинжээч эмч Т.Амартүвшигийн: “... зүүн гарын сарвууны гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх мэдүүлэг /хх 48 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглрасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

 

Шүүгдэгч Б.... нь хохирогч С....гийн 2 гарын сарвуунд  хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Б.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч С.... нь таксийн үйлчилгээ эрхэлдэг гэх бөгөөд түүний нэхэмжилсэн хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй хэдий ч 10 хоног такси үйлчилгээ эрхэлж чадаагүй гэж өдрийн 40,000 төгрөгөөр тооцож 400,000 төгрөгийг “ВИП такси сервис” ХХК-ийн гаргаж ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэж нэхэмжилсэн бөгөөд шүүх дан ганц уг тодорхойлолтыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлыг гаргуулах нь учир дутагдалтай гэж үзсэн.Учир нь хохирогчийн эрүүл мэндэд түүний хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхөөргүй хөнгөн гэмтэл учирсан бөгөөд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон гэрээр эмчилгээ хийлгэсэн бол энэ талаарх эмчийн болон эмнэлгийн хуудас болон бусад шаадлагатай баримтууд дутуу тул уг хохирлын асуудлыг энэ шүүх хурлаар хэлэлцэхгүй орхиж баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

 

            Улсын яллагч: Б....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэсэн.

 

            Б....гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхэр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлын хувьд бага насны хүүхдүүдтэй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Буурал овогт ...гийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....г 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б....д үүрэг болгосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б....д мэдэгдсүгэй.

 

 5.Б....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ