| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00153/и |
| Дугаар | 135/шш2017/00213 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 135/шш2017/00213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00153/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *********/-ийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс Дархан нэхий эдлэлийн үйлдвэрт хатаагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал бичигдээгүй, мөн тус компанийн архив усанд автсан учраас өөр баримт гарахгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон тул тус үйлдвэрт 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сар хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь тухайн үеийн нэрээр Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сар хүртэл хатаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
Ш.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагуудад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ш.******* нь тухайн үеийн нэрээр Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хатаагчаар ажиллаж байсан болох нь Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1983 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 284 тоот “Ажилд томилох тухай” тушаалын хавсралтаар Ш.*******ийг ажилд томилсон тухай бичилт /хх 4/, 1986 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Онцгой даалгавар дүгнэх тухай” 85 тоот тушаалаар Ш.*******ийг 200 төгрөгөөр шагнасан тухай бичилт /хх 5/, 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт, түр чөлөө олгох, түр чөлөөлөх тухай” 158 тоот тушаалаар Ш.*******т ээлжийн амралт олгосон тухай бичилт /хх 7/, Дархан хотын “Нэхий” ХК-ийн захирлын 1993 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Сул зогсолт, цаг зэргийн цалин олгох тухай” Б/63 тоот тушаалаар цалинжуулж байсан тухай бичилт /хх 8/, гэрэл зураг /хх 11/, гэрч Т.Норжинсүрэнгийн “... Ш.******* нь намайг 1991 онд Дархан нэхий эдлэлийн үйлдвэрт ажилд ороход хатаагч хийдэг байсан” гэсэн мэдүүлэг /хх 18/, гэрч Ж.Эрдэнэсайханы “... Ш.******* 1983 онд боловсруулах цехийн хатаалганы 177-р тасаг шинээр үүсгэн байгуулагдахад хатаагчаар ажилд орж байсан” гэсэн мэдүүлэг /хх 19/ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.
Хүсэлт гаргагч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* ******* /РД: ***********/-ийг тухайн үеийн нэрээр Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сар хүртэл хатаагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ