Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 0762

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Шүүгдэгч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чимиддоо овогт ...ийн ...д холбогдох 2008000001060 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, 1977 оны 07 сарын 30-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, 6 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын ...тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Чимиддоо овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Б.... нь 2020 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 00 цагаас 02 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд Туул голын эрэг дээр О...“хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар үснээс нь зулгааж газар мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

                                     1.Хохирогч О....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажлаа 17 цагийн үөд тараад гэртээ ирээд сууж байхад найз болох ... миний гар утас руу залгаад чи зам дагуу гараад ир гээд бага зэрэг халамцуу залгаад байсан. Тэгэхээр нь би хэсэг гэртээ суухад дахин дахин залгаад байхаар нь гэрээс гараад урд зам дагуу очиход ... машинтай 2 залуугийн хамт сууж байсан. Тэгээд ... манай гэрт очъё гэхээр нь би зөвшөөрөөд хамт нөгөө машинтай 2 залуугаар ...гийн гэрт хүргүүлсэн. Бид 2 ...гийн гэрт орохдоо дэлгүүрээс 0,5 литрийн Лимонтой Сэнгүр нэртэй пиво 2-г худалдаж аваад гэрт нь ороод сууж байхад ...гийн найзууд гэх хүмүүс гар утас руу нь залгаад байсан чинь ... тэгье гээд байсан. Тэгээд надад хэлэхдээ найз нь өдөржингөө голын эрэг дээр сууж байгаад ирлээ. Тэнд их гоё байсан болохоор буцаад явмаар байна хамт явах уу гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 гэрээс нь 21 цагийн үед гараад такси бариад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин худалдааны төвийн урд зогсож байхад ...гийн найзууд гэх машинтай 3 залуу нэг эмэгтэй хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд бид нар Сонсголонгийн гүүрний хойд хэсэгт Туул голын эрэг дээр сууж 0,75 литрийн Хараа нэртэй архи 3 шилийг хувааж уусан. Намайг ... найзуудтайгаа танилцуулсан болохоор би нөхөртэйгөө хамт ярьж байсан эмэгтэй болох ...тай машинд ойр зуурын юм яриад сууж байхад ..., одоо орой болсон байхад хүүхэд гадаа унтаад байна. Доороосоо жиндэж байгаа байх, хамт гараад хүүхдийг машинд оруулж унтуулах хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ ч мөн амарцгаая гэж хэлэхээр нь би машинаас буугаад гадаа дэвссэн байсан дэвсгэрийг нь татсан чинь дээр нь хэвтэж байсан хүүхэд цаад шороон дээр унаад уйлсан чинь нөхөр нь ...г чи миний охиныг ад үзлээ гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Би эхнэрийг нь аргадаад нөхөрт нь тайлбарлан хэлээд буцаад эвлэрүүлсэн. Тэгээд би нилээн согтсон байсан болохоор түүнээс хойш хэсэг зүйлийг санахгүй болсон байсан. Миний мэдэж байгаагаар ... миний үснээс зулгаагаад тавихгүй байхад хүмүүс ирээд салгасан. Тэгээд би машины хажууд ирээд суухад ...гийн нөхөр жолооч залуутай хамт сууж байсан. Тэгээд би үсээ янзлаад толгойгоо илсэн чинь миний толгойноос цус гарсан байхаар нь би амьд дээрээ гэртээ харья гэж бодоод тааралдсан эрэгтэй хүний гутлыг өмсөөд төв зам руу зугтаагаад такси бариад гэртээ ирсэн. Тэгээд маргааш нь ирж өргөдөл гаргасан юм. Тухайн үед хамт байсан ..., нөхөртэйгээ салгасан. Миний биед учирсан гэмтлийг ... учруулсан. Надад эмчилгээнд гарсан зардал байгаа баримтаар нэхэмжилнэ. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээнд зарцуулсан мөнгийг ... барагдуулсан бөгөөд надаас уучлал гуйж бид 2 сайн дураараа эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг /хх 8, 90 х/,

 

                                     2.Шүүгдэгч Д....гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 06 сарын 06-ны өдрийн 17 цагийн үед гэрлүүгээ найз ...аар хүргүүлэх замдаа хамт ажиллаж байсан ...гийн гар утас руу залгаад уулзах уу гэхэд би яг одоо хүнтэй уулзахаар гэрээсээ гарах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийнх нь урд зам дагуу хүлээгээд зогсож байхад ... гарч ирээд бид 2 ...аар манай гэрийн ойролцоох 32-ын тойргийн автобусны буудал дээр хүргүүлсэн. Тэгээд дэлгүүрээс 0,5 литрийн лаазтай пиво 2-ыг худалдан аваад гэрт ороод ойр зуурын юм ярих хооронд уугаад дууссан. Тэгтэл найз ... миний гар утас руу залгаад нөхөр бид 2 буцаад гол орох гэж байна. Чи хамт гол орох уу гэхээр нь найз ...г хамт явах уу гэж асуухад зөвшөөрөөд бид 2 такси бариад очсон. ...... хамт явж байсан танихгүй залуутай бүжиглэж байснаа маргалдаад байсан. Тэгэхээр нь би газар сууж байгаад чи одоо болиоч анх уулзаж байж хүнтэй маргалдаад байх юм гэж хэлсэн чинь чамд хамаагүй шүү, 6 хүүхэд төрүүлсэн янхан минь гэх мэтээр намайг доромжлоод байхаар нь би тоохгүй тэвчээд удаан сонсож суусан. Тэгтэл миний жижиг цүнхээр намайг ороолгохоор нь уур хүрээд үснээс нь зулгаахад миний үснээс мөн зөрүүлээд зулгаасан. Тэгээд бид хоёр хоорондоо ноцолдож байгаад хамт газар унасан. Тэгэхэд ... дээшээ хараад унасан би дээр нь гараад үснээс нь зулгаан сэгсэрч толгойн зүүн хэсгээр нь газар мөргүүлсэн. Тэр үед ... нөхөртэйгээ ирж бид хоёрыг салгасан. Шинжээчийн дүгнэлтээр учирсан зүүн зулайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтлийг би үснээс нь зулгааж газар унагаад толгойг нь сэгсэрч газар мөргүүлэхэд чулуу мөргөсөн байсан. Харин хүзүү бугалганд учирсан гэмтэл нь ноцолдож байхад үүссэн байх боломжтой. Үйлдсэн гэмт хэргээ ухамсарлаж байгаа тул надад хуулийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 83 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           3.Гэрч Г....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эхнэр ..., охин Энэрэлийн хамт гэртээ байж байхад эхнэртэй хамт ажилладаг ... гэх эмэгтэй эхнэртэй гар утсаар ярьж байгаад манай гэрт 2 танихгүй залуугийн хамт ирсэн. Тэгээд хамт гол орохоор боллоо гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хамт 15 цагийн үед СХД-н 20 дугаар хороо Сонсголонгийн гүүрний баруун доод хэсэгт Туул голын эрэг дээр сууж 0,75 литрийн Экс нэртэй архи хувааж уугаад хэсэг сууж байгаад эхнэр бид 2 гэр лүүгээ явсан. Тэгтэл ... нөгөө 2 залуутайгаа гэрлүүгээ явчихаар нь би эхнэр, хүүхдийн хамт голын эрэг дээр хонох болоод тэндээсээ такси бариад гэртээ ирээд өөрийн машинаа аваад найз Нэмэх...р бариулаад найз ...ийн хамт буцаад явах гэхэд ... эхнэр лүү залгаад хамт явахаар болсон байсан тул Номин худалдааны урдаас ...г авах үед ... гэх танихгүй эмэгтэйн хамт байсан. Тэгээд бид нар өдөр сууж байсан голын эрэг дээр суугаад дэлгүүрээс худалдан авсан 0,75 литрийн Хараа нэртэй 2 шил архи худалдан авсан байснаа жолооч Нэмэх...с бусад нь хувааж уусан. Тэгтэл хүмүүс нилээн согтоод эхэлсэн чинь ... манай найз ...ийг архи уудаг архичин гэж хэлснээс болоод хоорондоо маргалдаад эхэлсэн. Хэсэг хугацааны дараа болиод хүмүүс унтах болоод би охинтойгоо голын эрэг дээр унтаж байгаад сэрсэн чинь охин нүцгэн байхаар нь эхнэртэйгээ маргаад хүүхдэд хувцас өмсүүлсэнгүй, даарууллаа гэж хэлээд бид машиныхаа ойрхон сууж байхад арай зайтай голын эрэг дээр ... ...г 6 хүүхэд төрүүлсэн янхан минь гээд орилоод тэр 2 хоорондоо маргалдаад эхэлсэн. Удалгүй хоорондоо үснээсээ зулгаалцаад эхлэх үед ... очоод салгах гэсэн дийлдэхгүй байна гэхээр нь би очоод салгасан чинь ... ...гийн үснээс зулгаасан, ... сөхрөөд суусан байдалтай байхаар нь салгаад холдуулсан чинь ...гийн толгойноос цус гараад байсан. Бид юунаас болоод толгой нь хагарсан талаар ярьсан чинь ... чулуунд цохисон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 31х /,

 

          4.Гэрч Б....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би ... гэх эмэгтэйтэй хамт ажиллаад 10 гаруй хонож байсан юм. Тэгэхэд намайг 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байхад хамт ажилладаг ... миний гар утас руу залгаад манай 2 найз гол орох гээд байна. Чи хамт явах уу гэхээр нь манай нөхөр амарч байгаа болохоор нөхөр хүүхдээ хамт аваад явж болох юм уу гэж асуусан чинь болно гэж хэлэхээр нь манай гэрт хүрээд ир гэж хэлээд хүүхдээ хувцаслаад байж байхад удалгүй ... 2 танихгүй залуугийн хамт манай гэрийн гадаа хүрээд ирсэн. Тэгээд бид 15 цагийн үед СХД-н 20-р хороо Сонсголонгийн гүүрний баруун доод хэсэгт Туул голын эрэг дээр сууж 0,75 литрийн Экс нэртэй архи хувааж уугаад хэсэг суухад жолооч ажилтай боллоо гээд суугаагүй. Бид нарыг нэг шил архийг хувааж уугаад дуусах үед жолооч ажилтай боллоо гээд явсан болохоор нөхөр бид 2 хүүхдийн хамт голын эрэг дээр сууж байхад миний 8 настай охин Энэрэл голын эрэг дээр хономоор байна гээд байсан болохоор тэндээсээ такси бариад гэртээ ирээд өөрийн машинаа аваад нөхрийн найз Нэмэх...р машин бариулаад найз ...ийг дуудаад буцаад явах гэхэд ... дахин миний гар утас руу залгахаар нь бид буцаад хонохоор боллоо гэж хэлсэн чинь нэг найз эмэгтэйн хамт явмаар байна гээд гуйгаад байхаар нь нөхрөөсөө асуухад зөвшөөрөхгүй байсан. Тэгтэл дахин дахин гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд 5 шарын Номин худалдааны төвийн урд зам дагуу зогсож ...г найзтай нь суулгаад голын эрэг дээр суугаад хоорондоо танилцаад дэлгүүрээс худалдан авсан 0,75 литрийн Хараа нэртэй 2 шил архи худалдан авсан байсныг хувааж уугаад сууж байхад ... найз ...той бүжиглээд сүрхий байж байснаа түүнийг архичин гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд хэрүүл намжаад орой болсон байсан тул унтаж амрахаар болоод зарим нь унтаж байсан. Тэгтэл голын эрэг дээр ..., ... нар хоорондоо янхан, гичий гээд хэрэлдээд эхлэхээр нь би гүйж очоод салгах гэхэд ... ...гийн үснээс нь зулгаагаад салахгүй байхаар нь ...ыг дуудаад салгуулсан. Тэгэхэд ...гийн толгойноос цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 34 х /,

 

5.Шинжээчийн 6746 тоот дүгнэлт

   1.О....гийн биед зүүн зулайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонгид алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 17 х/,

 

    5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41 х/

    6.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 42 х/

    7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 74 х/

8.Хохирогчийн гомдол саналгүй, хохиролд 250,000 төгрөг авсан тухай бичгээр гаргасан баримт /хх 90, 95 х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.... нь 2020 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 00 цагаас 02 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд Туул голын эрэг дээр О...“хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар үснээс нь зулгааж газар мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч О....гийн “...Миний мэдэж байгаагаар ... миний үснээс зулгаагаад тавихгүй байхад хүмүүс ирээд салгасан. Тэгээд би машины хажууд ирээд суухад ...гийн нөхөр жолооч залуутай хамт сууж байсан. Тэгээд би үсээ янзлаад толгойгоо илсэн чинь миний толгойноос цус гарсан байхаар нь би амьд дээрээ гэртээ харья гэж бодоод тааралдсан эрэгтэй хүний гутлыг өмсөөд төв зам руу зугтаагаад такси бариад гэртээ ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 8, 90 х/,

                                     Шүүгдэгч Д....гийн “... намайг хэл амаар доромжлохоор нь бид хоёр хоорондоо ноцолдож байгаад хамт газар унасан. Тэгэхэд ... дээшээ хараад унасан би дээр нь гараад үснээс нь зулгаан сэгсэрч толгойн зүүн хэсгээр нь газар мөргүүлсэн. Тэр үед ... нөхөртэйгээ ирж бид хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг /хх 83 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Г....ын “... хоорондоо үснээсээ зулгаалцаад эхлэх үед ... очоод салгах гэсэн дийлдэхгүй байна гэхээр нь би очоод салгасан чинь ... ...гийн үснээс зулгаасан, ... сөхрөөд суусан байдалтай байхаар нь салгаад холдуулсан чинь ...гийн толгойноос цус гараад байсан. Бид юунаас болоод толгой нь хагарсан талаар ярьсан чинь ... чулуунд цохисон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 31х /,

          Гэрч Б....гийн “... голын эрэг дээр ..., ... нар хоорондоо янхан, гичий гээд хэрэлдээд эхлэхээр нь би гүйж очоод салгах гэхэд ... ...гийн үснээс нь зулгаагаад салахгүй байхаар нь ...ыг дуудаад салгуулсан. Тэгэхэд ...гийн толгойноос цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 34 х /,

Шинжээчийн 6746 тоот дүгнэлт

   1.О....гийн биед зүүн зулайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонгид алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 17 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглрасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

 

Шүүгдэгч Д.... нь хохирогч О....гийн биед зүүн зулайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Д.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч О.... гомдол саналгүй хохирлоо авсан, нэхэмжлэх зүйлгүй  болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 90, 95 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.

 

            Улсын яллагч: Д....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

            Д....гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон мөн хуулийн 6.6. дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирол төлөгдсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Чимиддоо овогт ...ийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Д....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д....д үүрэг болгосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д....д мэдэгдсүгэй.

 

 5.Д....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирлын 250,000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ