Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 3 дугаар баг, Мааньт малчин, 3 гудамжны 2 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ДЙ84050805, Урианхай овогт Мягмардоржийн Цэцэгээгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Цэцэгээ, хариуцагчийн төлөөлөгч Б.Мянганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтний ажилд 2015 оны 03 дугаар сарын 19-ний Б/05 тоот тушаалаар түр томилогдоод 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Гэтэл Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 тоот тушаал гарч намайг төсөв төрийн сангийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөнийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Түүнээс өмнө 2014 оны 10 сарын 21-ний Б/11 тоот тушаалаар төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2015 оны 02 сарын 10-ны өдрийн Б/02 тоот тушаалаар улс төрийн буюу намын харьяаллаар ажлаас чөлөөлсөнийг хууль бус гэж үзэж холбогдох газарт нь хандаад 2015 оны 03 сарын 19-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон. Ингэж ажилд авах үедээ тухайн ажлын байрын сонгон шалгаруулалт болох хүртэл гэж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүнээс хойш төрийн албаны сонгон шалгаруулалт 2 удаа зарлагдаж, миний ажлын байр 1 удаа зарлагдсан боловч би шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн. 2016 оны 05 сард төрийн албаны шалгалт болох үед миний энэ ажлын байрыг зарлаагүй боловч би өөр ажлын байран дээр шалгалт өгөөгүй мөн тэнцээгүй. Өөрөөр хэлбэл миний энэ ажлын байрны сонгон шалгаруулалт 2015 оны 11 сард нэг удаа зарлагдсан байгаа. Миний ажил хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагддаг тул ажлаас халсан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 11.6 дахь заалтыг үндэслэн байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1.4-т зааснаар хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлээр халсан нь надад хамааралгүй, миний ажлын байр босоо тогтолцоогүй, хэт улс төржиж намын харьяаллаар төрийн албыг төрлийн алба болгож хууль зөрчиж байна. Мөн аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс тамгын газрын ажилд оролцож улс төржин хүнийг ажлаас халах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны салбар зөвлөл нь хуульд тогтоомжид заасан эрх бүхий байгууллага биш гэж үзэж байна. Ажлаас халсан тушаалд заасан Захиргааны ерөнхий хуулийн 40.1, 40.2, 40.3 гэсэн заалт нь надад ямар ч хамааралгүй. Төрийн албаны шалгалт өгөөгүй гэдэг нь ажлаас халах үндэслэл болохгүй бөгөөд Төрийн албаны хуульд шалгалтад ороогүй хүн ажиллаж болохгүй гэсэн заалт байхгүй. Хууль зөрчсөн тушаалаа халхавчлах гэж намайг шүүхэд хандсаны дараа өөрийнхөө алдааг засах гэж үндэслэлгүйгээр тушаалдаа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин нэмэлт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 гэсэн заалт нэмсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн намайг ажил мэргэжлийн хувьд хийж байгаа ажилдаа тэнцэхгүй гэсэн байгууллагын дүгнэлт гараагүй, ажиллах хугацаандаа үр дүнгийн гэрээгээ хангалттай үнэлүүлж дүгнүүлж байсан. Миний оронд ажилд авсан Энхцэцэг нь Засаг даргын хамаатан садан нь байгаа. Урьд нь очоод шуудангаас буцааж авсан гээд байгаа албан бичгийг би мэдэхгүй. Сүүлд нь сонсоход намайг ажилд ороогүй байхад тэр бичиг очсон гэсэн. Би төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Итэшмаагаас яагаад миний ажлын байр зарлагдаагүй талаар асуухад нөөцөөс нөхөгдсөн гэсэн. Миний ажлын байр зарлагдаагүй шалгалт өгөөгүй байхад нөөцөөс нөхөгдсөн байсан тиймдээ ч 2016 онд төрийн албаны шалгалт болох үед миний ажлын байр зарлагдаагүй. Иймд хууль зөрчсөн Засаг даргын тамгын газрын даргын Б/10 тоот тушаал, 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалуудыг хүчингүй болгож намайг буцааж ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, ажилгүй байх хугацааны цалинг олгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг даргын тамгын газарт 2014 онд төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан Хандсүрэн өндөр насны тэтгэвэрт гарч тухайн ажлын байр сул болсон. Энэ төрийн сангийн мэргэжилтэн гэдэг албан тушаал бол төрийн жинхэнэ албан тушаал юм. 2014 оны 04 сарын 04-ний өдөр 01/506 албан тоотоор М.Цэцэгээг төрийн сангийн төлөөлөгчөөр, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт хүртэл томилуулах тухай аймгийн Засаг даргын тамгын газрын албан тоот ирсэн. Уг нь төрийн албаны салбар зөвлөлөөс ирэх ёстой гэтэл аймгийн Засаг даргаас ирсэн. Үүнийг дагуу 2014 оны 11 сарын 21-ний өдрийн Б/11 тоот тушаалаар М.Цэцэгээг төрийн сангийн мэргэжилтнээр томилж ажиллуулсан. 2015 онд сумын тамгын газрын бүтэц өөрчлөгдөж санхүүгийн алба шинээр бий болж, санхүүгийн албаны төсөв төрийн сангийн мэргэжилтнээр Цэцэгээг ажиллуулсан. Ингэж ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт болж, төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр гарах хүртэл гэж байгуулсан. Манай тамгын газарт сул орон тоо 2014 онд бий болсноос хойш 5 удаа тухайн ажлын байрны зар буюу захиалгыг аймагт хүргүүлж 2015 онд тухайн ажлын байрын сонгон шалгаруулалт болсон. Энэ сонгон шалгаруулалт нэхэмжлэгч Цэцэгээ ороод унасан. Дараа нь 2016 онд төрийн албан хаагчийн шалгалт болох үед манай ажлын байр зарлагдаагүй. Энэ нь ямар учир шалтгаантай гэхээр тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас болсон. Учир нь 2015 онд манайх төрийн сангийн мэргэжилтны орон тооны захиалгыг хүргүүлэх үед тэр үеийн нөөцөд байгаа хүмүүсээс томилуулах тухай Золжаргалын гарын үсэг бүхий албан бичиг манай тамгын газарт очсон байдаг. Тэр үед би цэрэг татлагын ажлаар аймагт явж байсан. Улс төрийн өнцгөөс харж наад бичиг чинь худлаа бичиг явчихлаа гэсээр манай Засаг дарга цохолт хийж өгөх үед дараа нь шуудан хүргэгч наадах чинь буруу бичиг гээд байна гээд манай бичиг хэргээс буцааж авсан тухай сумын шуудан хүргэгчид очоод буцаан өгсөн нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа.

Төсөв төрийн сангийн мэргэжилтэн гэх орон тоо бол төрийн жинхэнэ албан тушаал юм. Төрийн албаны үндсэн зарчим төрийн алба мэргэшсэн тогтвортой байх ёстой иргэд хууль журамд заасны дагуу төрийн албанд орох боломж нь адил тэгш байх ёстой. Төрийн жинхэнэ албанд Төрийн албан тухай хуулийн 17.1, 17.4-т заасны дагуу орох ёстой. Цэцэгээ нь энэ шаардлагыг хангаагүй түр ажиллаж байсан. 2016 онд төрийн албаны салбар зөвлөлөөс 120 дугаартай албан бичиг ирж, уг бичигт энэ хүнийг ажлаас нь чөлөөл гэсэн байсан. Манай байгууллагын албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал учраас төрийн албаны салбар зөвлөл шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Мөн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 4-д “хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-д заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гэдэгт хамааруулж үзнэ” гэж заасан. М.Цэцэгээ нь 2015 оноос хойш төрийн жинхэнэ албаны шалгалтад 2 удаа орж тэнцээгүй нь “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шаардлагыг хангаагүй” тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т төрийн жинхэнэ албан хаагчийг мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албанд томилсон бол буруутай этгээдэд хариуцлага тооцно гэсэн байгаа. Ингээд Цэцэгээг авч ажиллуулж байгаагаар би буруутай болж байгаа учраас энэ алдаагаа засаж төрийн албаны шалгалтад орсон хүнийг авч ажиллуулбал зөв гэсэн байр суурьтай байна. Төрийн албаны салбар зөвлөлийн заавар нэг биш удаа ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

           Нэхэмжлэл, зохигчдийн тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Цэцэгээ нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан төрийн сангийн мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулах шаардлага гаргажээ /хх-1-2/.

Хариуцагч тал дээрх шаардлагыг эс зөвшөөрч “...аймгийн Засаг даргын албан бичгийн дагуу М.Цэцэгээг төрийн сангийн төлөөлөгчөөр түр томилж ажиллуулсан. 2015 онд сумын тамгын газрын бүтэц өөрчлөгдөж санхүүгийн алба шинээр бий болж, санхүүгийн албаны төсөв төрийн сангийн мэргэжилтнээр томилсон. Ингэж ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт болж, төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр гарах хүртэл гэж байгуулсан. Төрийн сангийн мэргэжилтны орон тооны захиалгыг хүргүүлэхэд 2015 онд нэг удаа зарлагдсан бөгөөд тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан уг орон тоог дахин зарлаагүй. Төсөв төрийн сангийн мэргэжилтэн гэх орон тоо төрийн жинхэнэ албан тушаал тул Төрийн албан тухай хуулийн 17.1, 17.4-т заасан шаардлага хангаагүй тул төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргаж байна /хх-28, 38, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 тоот тушаалдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 40.4 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасныг тус тус үндэслэн төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлаас чөлөөлсөн байна /хх-5-6, 53-54/.

Нэхэмжлэгч М.Цэцэгээ нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна /хх-2/.

Мөн М.Цэцэгээ нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газарт төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр түр хугацаагаар ажиллаж байсан болох нь ажилд томилсон 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б\05 дугаартай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, ажлаас чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б\10 тоот тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, хөдөлмөрийн гэрээ, 0569679 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон /хх-4, 41, 5, 53-54, 8-10, 16-17, 28, 38/. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газар нь М.Цэцэгээтэй 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээг тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт болж төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар байгуулж, ТҮ-5-3 буюу сарын 458.780 төгрөгөөр цалинжуулан, төсөв, төрийн сангийн мэргэжилтэнээр ажиллуулсанаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна /хх-8/.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б\10 тушаалд “...Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 120 дугаар албан тоотод заасан “Төрийн албаны тухай хууль, төрийн албаны зөвлөлийн 2013 оны  86 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу төрийн албаны шалгалт өгөөгүй” гэдгийг нотолж ажлаас чөлөөлүүлэх тухай мэдэгдэл, тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т хөдөлмөрийн гэрээний хугацааг “тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт болж төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр гарах хүртэл гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацааг “тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт болж төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр гарах хүртэл” хугацаатай байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байна /хх-8, 42-44/.

Дээрх хөдөлмөрийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сард Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байрыг зарлаж сонгон шалгаруулалт болж, төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байжээ. Гэтэл уг шалгалтад нэхэмжлэгч М.Цэцэгээ ороод тэнцээгүй болохыг ажил олгогч мэдсэн, үүнээс хойш тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт болоогүй талаар тайлбарлаж талууд маргахгүй байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаанд заасан үндэслэл 2015 оны 11 дүгээр сард болоод өнгөрсөн, уг хугацаанаас хойш нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэсээр байсан нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч байгууллага ажилтаныг ажлаас халсан тушаалын үндэслэлдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг үндэслэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

Ажил олгогчийн тушаалын үндэслэлд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” гэх үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. Учир хариуцагчийн төлөөлөгч “...М.Цэцэгээ нь 2015 оноос хойш төрийн жинхэнэ албаны шалгалтад 2 удаа орж тэнцээгүй нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шаардлагыг хангаагүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон бол буруутай этгээдэд хариуцлага тооцно гэж заасан. Тиймээс төрийн жинхэнэ албаны болзол шаардлага хангаагүй Цэцэгээг авч ажиллуулж байгаагаар би буруутай болж байгаа учраас энэ алдаагаа засаж төрийн албаны шалгалтад орсон хүнийг авч ажиллуулбал зөв гэсэн байр суурьтай байгаа. Тэгээд ч төрийн албаны салбар зөвлөлөөс энэ хүнийг ажлаас чөлөөлөх тухай албан шаардлага ирсэн...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн албан тушаалд тавих шаардлагын талаар зохицуулсан байх бөгөөд 10.1-т “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж, 17 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах талаар хуульчилсан байна.

Ажил олгогч тухайн байгууллагад ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд дээрх хуульд заасны дагуу сонгон шалгаруулах, эсхүл сонгон шалгаруулалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс ажил олгогчийн захиалсан ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон нэр дэвшүүлэх эрхтэй болохоос хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтаныг төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ажлаас чөлөөлөх талаар шийдвэр гаргах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж, эсхүл төрийн албаны төв байгууллагын нэр дэвшүүлсэн иргэнээр албан тушаалын сул орон тоог нөхөх эрх нь зөвхөн тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтай болно.

Түүнчлэн Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтнийн сул орон тооны захиалгыг төрийн албаны төв байгууллагад ирүүлээгүй, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулж авах саналаа хариуцагч байгууллага төрийн албаны төв байгууллагад ирүүлсэн болохоор баримтаа нотлоогүй байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгчийн “төрийн албаны салбар зөвлөл нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шаардлагыг хангаагүй иргэний ажлаас чөлөөлөхөөр шаардах эрхтэй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 34.13-т “зөвлөл нь орон тооны болон орон тооны бус салбар зөвлөл, ажлын албатай байна” гэж, 35 дугаар зүйлд зөвлөлийн бүрэн эрхийг 1-16 дугаарлаж жагсаасан байх бөгөөд эдгээр эрхүүдэд төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол шаардлага хангаагүй, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэнийг ажлаас чөлөөлөх эрхийг төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд хуульчилж заагаагүй байна.

Ажил олгогч ажилтаныг ажлаас чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 гэсэн заалтыг нэмсэн байна /хх-39/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр хамаарах бөгөөд хариуцагч тал дээрх үйл баримтыг нотолсон баримтаа шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй болно.

Дээрх байдлуудаас дүгнэхэд маргааны зүйл ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал тул уг тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан хугацаа дууссан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан М.Цэцэгээг урьд эрхэлж байсан төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно...” гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан тул ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо 0569679 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт нь 2016 оны 11, 10, 9 дүгээр сарууд байх бөгөөд /11 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн/ эдгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 458.780 + 458.780 + 461.330 = 1.378.890 : 3 сар = 459.630 : 21 = 21.887 төгрөг байна. Нэхэмжлэгч М.Цэцэгээгийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажлын 49 өдрөөр тооцож олговорт 1.072.463 /нэг сая далан хоёр мянга дөрвөн зуун жаран гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “...нийтэд илэрхий үйл баримт ...дахин нотлохгүй...” гэж заасан тул Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 12 дугаар сарын 29-ний өдөр, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 189 дүгээр тогтоолоор 2016 оны 12 дугаар сарын 30-ны ажлын өдрийг 2017оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шилжүүлж дээрх ажлын өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч М.Цэцэгээгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газарт даалгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа нотолсон баримтаа өөрөө цугуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.289  төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Урианхай овогт Мягмардоржийн Цэцэгээг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 49 хоногийн олговорт 1.072.463 /нэг сая далан хоёр мянга дөрвөн зуун жаран гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цэцэгээд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, М.Цэцэгээгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.289 /гучин мянга хоёр зуун наян есөн/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Д.ЯНЖИНДУЛАМ