Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 0559

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Өсөхбат,

улсын яллагч Д.Нямбат /томилолтоор/,

шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Ч.Энхтүвшин /ШТЭД-1691/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-од холбогдох эрүүгийн 2008 01780 0801 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Номунгоо” ХХК-д автомат хаалганы угсрагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

.......................

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод иргэн Ц.Ө- “...архины мөнгө өгсөнгүй...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар монгол гэрийн униар толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь духанд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Шуурхай удирдлаын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх3/, хохирогч Ц.Ө-гийн мэдүүлэг /хх12/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4922 дугаартай дүгнэлт/хх29-30/, Г.Б-ийн мэдүүлэг /хх41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх48/, ял шалгах хуудас /хх43/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх51/, ажлын газрын тодорхойлолт /хх52/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа  /хх46/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Г.Б-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх3/

2. Хохирогч Ц.Ө-гийн “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн орой 21 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн .............. тоот гэртээ нөхөр Г- хамт байж байхад гаднаас хажуу айлын хүн болох Б-согтуу орж ирээд нэг шил архины мөнгө өгчих гэхээр нь би хариуд нь байхгүй гэхэд буцаад гараад явсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа Б-дахин орж ирээд манай нөхөр Г-хандаж танай эхнэр чинь архины мөнгө харамлалаа гээд цохих гээд гараа далайхаар нь би очиж дундуур нь ороход Б-далайсан гараа буцаагаад намайг архины мөнгө өгчихгүй арчаагүй янхан, гичий гээд доромжлоод гарах гээд босохоор нь нуруу руу нь гараараа түлхэхэд хаалгаар гарах гэж байгаа хөл алдаж газар унаад босоод гэрийн нэг унь сугалаад уг униараа миний толгойны духны хэсэг рүү нэг удаа цохиод гэрээс гараад явсан... миний биед эмнлэгийн байгууллагаар явж эмчилгээ хийлгэх хэмжээний гэмтэл бэртэл учраагүй...ямар нэгэн гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх12/

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4922 дугаартай “...Ц.Ө-гийн биед духанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт  /хх29-30/                 4. Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...хаалганы босгонд хөл бүдрээд газар унаад босоод гэрийн нэг унийг сугалж аваад Өнөрзаяа эгчийн толгой руу нэг удаа цохиод гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх41/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод хохирогч Ц.Ө-г “...архины мөнгө өгсөнгүй...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар монгол гэрийн униар толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн “...гэрийн нэг унь сугалаад уг униараа миний толгойны духны хэсэг рүү нэг удаа цохиод гэрээс гараад явсан...” мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.  

Шүүгдэгч Г.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Ц.Ө-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4922 дугаартай “...духанд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Б-ыг хохирогч Ц.Ө-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.  

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Г.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР