Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 0570

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Р-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Р- холбогдох эрүүгийн 1908 03338 0364 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монос Фарт Трейд” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод оршин суух, урьд

...............................

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Р-нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан ............ тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.О-“пиво авч өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх16/, хохирогч Б.О- мэдүүлэг /хх55/, гэрч Б.З-мэдүүлэг /хх63/, шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 1016 дугаар дүгнэлт /хх72/, шинжээч эмч О.Оюунбаясгалангийн мэдүүлэг /хх76/, аюулын зэргийн үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүл хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх26, 39, 42/ хохирогчийн хохиролтой холбоотой болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч  Б.Р- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.О- “...би Б.Р-гэх хүнтэй 2015 онд танилцаж гэр бүл болон хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй миний 19 настай охин Х-хамт амьдардаг. Бид хоёр мөнгөнөөс болж маргалддаг. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би ажлаа тараад гэртээ ирэхэд Р- хүргэн, дүү хоёртойгоо архи, пиво ууж сууж байгаад ...намайг архи, пиво аваад ирээч гэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн чинь зээлчих гэж хэлсэн. Р- надаар дэлгүүрээс юм зээлүүлчихээд ерөөсөө мөнгө өгдөггүй болохоор нь зээлж өгч чадахгүй гэж хэлээд бид хоёр маргалдахад дүү, хүргэн хоёр нь гараад явсан. Тэгсэн Р- намайг гараараа цохиж шалан дээр унагаагаад дээрээс хөлөөрөө өшиглөөд, чарласан чинь хоолой боогоод байхаар нь би арайхийж салаад зугтаасан. ...2019 оны 6 сарын эхээр нэг удаа намайг хөөгөөд зодсон. Тэгэхдээ хана мөргүүлж газар унагаагаад газар шалан дээр чирж зодсон...” гэх мэдүүлэг /хх55/,

2. Гэрч Б.З-“...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр над руу Б.О- эгч утсаар яриад би Р-ид зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж уулзсан. О- эгчийн биеийн нэг тал нь тэр чигтээ шороо тоос болсон газар унагаагаад миний дээрээс дэвсэлсэн гэж хэлсэн. Тэгээд хамт шүүх эмнэлэг ороод биеийг нь харахад биеийнх нь нэг тал нь маш их хөхөрсөн байсан бөгөөд амьсгаа авч чадахгүй цээж өвдөөд байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх63/,

3. Материалаар хийсэн Шүүх эмнэлгийн 1016 дугаартай нэмэлт шинжилгээгээр “...Б.О- биед зүүн 6 дугаар хавирганы далд хугарал, баруун мөр, шуу, зүүн бугалга, цээж, зүүн дал, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зүүн гуя, өвдөг эрүүнд зулгаралт, хүзүү зүүн эгэмд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь  хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.О- биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн 6 дугаар хавирганы далд хугарал гэмтэл нь дангаараа, бусад гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ амь биед аюулгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх76/,

4. Шинжээч эмч О.Оюунбаясгалангийн “...хохирогч О-ийн биед учирсан баруун мөр, баруун шуу, зүүн бугалга, цээж, дал, зүүн гуя, зүүн өвдөгт учирсан гэмтлүүд нь шаргал ногоон өнгийн туяа орсон хэрэг болсон гэх цаг хугацаанаас 5-7 хоногийн өмнө үүссэн гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин зүүн гуя, зүүн өвдөг, эрүү, хүзүү, эгэм, цээжинд учирсан гэмтэл болон зүүн 6 дугаар хавирганы гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх76/,

5. Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшинг “дунд” гэж тодорхойлсон маягт /хх26/,

6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх42/,

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Р-нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

          Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч болон хохирогч нар нь 2015 оноос хойш гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь талуудын мэдүүлэг тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.  

          Шүүгдэгч Б.Р-нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.О-“пиво авч өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь дараах үйл баримтаар тогтоогдож байна.

          Энэ нь хохирогч Б.О- “...намайг архи, пиво аваад ирээч гэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн чинь зээлчих гэж хэлсэн. Р- надаар дэлгүүрээс юм зээлүүлчихээд ерөөсөө мөнгө өгдөггүй болохоор нь зээлж өгч чадахгүй гэж хэлээд бид хоёр маргалдахад дүү, хүргэн хоёр нь гараад явсан. Тэгсэн Р- намайг гараараа цохиж шалан дээр унагаагаад дээрээс хөлөөрөө өшиглөөд, чарласан чинь хоолой боогоод байхаар нь би арайхийж салаад зугтаасан. ...2019 оны 6 сарын эхээр нэг удаа намайг хөөгөөд зодсон. Тэгэхдээ хана мөргүүлж газар унагаагаад газар шалан дээр чирж зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.З-“...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр над руу Б.О- эгч утсаар яриад би Р-ид зодуулчихлаа гэж хэлсэн. ... тэгээд хамт шүүх эмнэлэг ороод биеийг нь харахад биеийнх нь нэг тал нь маш их хөхөрсөн байсан бөгөөд амьсгаа авч чадахгүй цээж өвдөөд байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.О- биед “...биед зүүн 6 дугаар хавирганы далд хугарал, баруун мөр, шуу, зүүн бугалга, цээж, зүүн дал, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зүүн гуя, өвдөг эрүүнд зулгаралт, хүзүү зүүн эгэмд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шүүх эмнэлгийн 1016 дугаартай нэмэлт шинжилгээгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл урьд давтагдаж байсан нь  хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэгт хуучин гэмтлийн талаар дурдагдсан бөгөөд бие махбодийн хүчирхийлэл үйлдэж буй шалтгаан нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ хохирогчийг өөрийн эрхшээл, дарамтанд байлгах шинжтэй байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Хохирогч Б.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ажилгүй байсан хугацааны 425.000 төгрөг болон шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгний зардлын баримт гаргаж өгч нийтдээ 433.000 төгрөг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хохирогч нь “Бид бест бейкери” ХХК-д ажилладаг, сарын 750.000 төгрөгний цалинтай болох нь ажлын газрын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд ажилгүй байсан хугацаанд 425.000 нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Р-оос 433.000 төгрөг гаргуулж хохирогч Б.О-д олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Р- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

            Шүүгдэгч одоогоор ажилгүй байгаа, нийтэд тустай ажлыг хийх ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, хохирол төлөхөө илэрхийлж байгаа болон шүүгдэгчийн хувийн байдлын хувьд одоогоор хөдөлмөр эрхэлдэггүй нөхцөл байдал болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч Б.Р- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р- 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-оос 433.000 /дөрвөн зуун гучин гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.О-д олгуулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР