Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг, Харзат 7 дугаар гудамж, 15 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ДЗ64122609, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар сургуульд багш ажилтай, Гамбгай овогт Довжий Дулмаагийн нэхэмжлэлтэй,

1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү, Эрдэнэбаярын Бавууг нас барсан болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Дулмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: Миний бие 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү Бавууг Говь-Алтай аймгийн төрөх тасагт төрүүлсэн. Хүү маань зүрхний төрөлхийн гажгийн улмаас байнга өвддөг, эмчийн хяналтад байдаг байсан. Улаанбаатар хот руу яваад хагалгаа хийх боломжгүй гээд эмчийн хяналтад байсан. Тэгээд намайг ажлдаа явсан хойгуур 2000 оны 09 сарын 16-ны өдөр гэртээ ухаан алдаж унаад эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Тухайн үед өрхийн эмч Хандаа ирээд нас бараад 20-30 минут болсон байна гэж хэлсэн, тэгээд өрхийн эмнэлэгт бүртгүүлж, хороон даргад хэлж хасуулсан байсан. Мөн 2000 оны өвөл 12 сард хүн амын тооллого ирж бүртгэхэд хүү Бавууг нас барсан гээд гэрчилгээг нь үзүүлэхэд тэр гэрчилгээний өнцгийг хайчилаад хүчингүй гэж хэлсэн. Би 6 хүүхэд төрүүлснээс 3 хүүхэд маань эндсэн, одоо 3 хүүхэдтэй. Миний эндсэн 3 хүүхэд маань бараг 6 нас хүрсэн 2 нь 8 настай шахуу нас барьсан. 6 настай эмнэлэгт нас барсан хүүхдийнхээ талаар шүүж үзэхэд 5 нас хэдэн сартай нас барсан байдаг. Төрүүлсэн хүүхэд нь 6 нас хүрээд эндсэн бол 50 нас хүрээд тэтгэвэрт гарч болох хуультай юм байна. Тиймээс Э.Бавууг нас барсан болохыг тогтоолгох зорилготой байгаа. Хүү Э.Бавуу 1 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж байгаад 3 дугаар сургуульд 1 дүгээр ангид орж суралцсан жилээ нас барсан. Хүүг маань Жаргах эмч эмчилж байсан энэ талаар сайн мэдэж байгаа. Тэр үед хүүхдэд нас барьсны гэрчилгээ олгодоггүй байсан юм байлгүй нас барсан 3 хүүхдэд маань нас барсны гэрчилгээ олгогдоогүй байдаг. Тиймээс хүү Э.Бавууг 2000 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болохыг үнэн зөвөөр нь тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дулмаа нь 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, хүү, Эрдэнэбаярын Бавууг 2000 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ нас барсан болохыг тогтоолгохоор шаарджээ /хх-1/.   

Эрдэнэбаярын Бавуу нь 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрж, Говь-Алтай аймгийн Алтай хотын төрөлтийн бүртгэлийн 36 дугаарт бүртгүүлсэн, төрсний гэрчилгээнд түүний эцгийг Гончигийн Эрдэнэбаяр, эхийг Довжий Дулмаа гэж бүртгэгдсэн болох нь 36 дугаартай төрсний гэрчилгээ, 103/000615, 105/000065 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна /хх-36, 32, 25/.

Архивын ерөнхий гзарын Үндэсний төв архивын газраас ирүүлсэн хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 248 дугаар хуудсанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр багийн оршин суугч, Гончигийн Эрдэнэбаяр, эрэгтэй, 1958 оны 02 дугаар сард төрсөн, 41 настай, Довжий Дулмаа, эмэгтэй, 1964 оны 12 сард төрсөн, 35 настай, Эрдэнэбаярын Амгаланбаатар, эрэгтэй 1987 оны 05 сард төрсөн, Эрдэнэбаярын Дагвадорж, эрэгтэй, 1994 оны 01 сард төрсөн гэж бүртгэгдсэн, Э.Бавуу уг бүртгэлд байхгүй талаарх лавлагааг 03/02/141 дугаартай тодорхойлолтоор ирүүлсэн байна /хх-58/.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар дунд сургуулийн сургалтын менежер 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “сурагч Э.Бавуу нь 2000 оны 09 дүгээр сарын 01-нд багш Нансалмаагийн ангид элсэн суралцаж байгаад 2000 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зуурдаар нас барсан тул бүртгэлээс хасагдсан тухай” тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст гаргасан тодорхойлолтдоо “Э.Бавуу нь тус цэцэрлэгт 1999 онд суралцаж байсан нь үнэн болно”  гэж тус тус тодорхойлолт гаргаж байжээ /хх-6, 9/.

Нэхэмжлэгч Д.Дулмаад 1985 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олгосон ГА783874 дугаартай хуучин улаан паспортын 5 дугаар хуудсанд дээрээс 4 дэх мөрөнд Э.Бавуу 1992-12-12, хүү, гэж бүртгэгдсэн байна /хх-39-40/.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Эрдэнэбаярын Бавуу /ДЮ92121211/ нь 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Гончигийн Эрдэнэбаяр, Довжий Дулмаа нарын гэр бүлд төрсөн талаарх бүртэл улсын бүртгэлд байгаа ч нас барсан талаарх бүртгэл, мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн сан, архивын санд байхгүй талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /хх-31, 24/,

Эрдэнэбаярын Бавуу /ДЮ92121211/ нь ямар нэгэн өвчнөөр эмчлүүлж байгаагүй, эрүүл мэндийн байдлын талаар дуудлага хүлээн аваагүй, нас барсан талаарх бүртгэл бүртгэгдээгүй болохыг Монгол Улсын ардын эмч Н.Жамбалын нэрэмжит Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг /хх-60/,

Эрдэнэбаярын Бавуу /ДЮ92121211/ нь хүний хөгжил сан болон хүүхдийн мөнгөний тэтгэмжид хамрагдаж байгаагүй болохыг Говь-Алтай аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /хх-29/,

Эрдэнэбаярын Бавуу /ДЮ92121211/ нь боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэгдээгүй болохыг Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагын газар /хх-23/,

Эрдэнэбаярын Бавуу /ДЮ92121211/ нь 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал суралцсан тухай” Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р цэцэрлэг /хх-30/,

Эрдэнэбаярын Бавуу /ДЮ92121211/ нь 2007 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн тухай бүртгэлд авагдаагүй болохыг Гадаадын иргэн, харьяатын газар /хх-34/ тус тус тодорхойлсон байна.

Харин Говь-Алтай аймгийн Энх-Алтай өрхийн эрүүл мэндийн төв нь Харзат, Баяншанд багийн хүн амын бүртгэл судалгаанаас шүүж үзэхэд Харзат багийн 7-15 тоотод Гончигийн Эрдэнэбаяр гэдэг айл бүртгэлтэй бөгөөд эхнэр Довжий Дулмаа нь 6 удаа жирэмсэлж төрсөн, талийгаач 4 дэх хүү нь төрөлхийн зүрхний гажиг өвчний улмаас байнгын хөхрөлт өгч амьсгааддаг эмчийн хяналтанд байгаад 2000 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ нас барсан талаар,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Засаг дарга Эрдэнэбаярын Бавуу нь Харзат багийн 7-15 тоотод амьдарч байгаад 2000 оны 09 дүгээр сарын 16-нд нас барсан талаар,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга Эрдэнэбаярын Бавуу нь Харзат багийн 7-13 тоотод аав, ээж, ах дүү нарын хамт амьдарч байгаад 2000 оны 09 дүгээр сарын 16-нд нас барсан талаарх тодорхойлолтыг тус тус ирүүлсэн байна /хх-62, 11, 61/.

Нэхэмжлэгч Д.Дулмаагийнх 2000 онд одоогийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7-15 тоотод гэр бүлээр амьдарч байхад түүний 4 дэх хүү Бавуу нь төрөлхийн зүрхний гажиг өвчний улмаас байнгын эмчийн хяналтанд байгаад гэртээ ухаан алдаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж, хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Эрдэнэбаярын Бавуугийн талаар ямар нэгэн бүртгэл, мэдээлэл байхгүй болох нь тогтоогдож байх тул Гончигийн Эрдэнэбаяр, Довжий Дулмаа нарын гэр бүлд 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, хүү, Бавуу нь 2000 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7-15 тоотод гэртээ нас барсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү Эрдэнэбаярын Бавууг /ДЮ92121211/-ын нас барсан байдлыг тогтоох нь түүний бүртгэлийг иргэний бүртгэл мэдээллийн санд нас барснаар бүртгүүлэхэд, мөн ээж Довжий Дулмаа нь хүү Бавууг 8 нас хүртэл нь өсгөсөн болохыг тогтооход эрх зүйн ач холбогдолтой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Гончигийн Эрдэнэбаяр, Довжий Дулмаа нарын гэр бүлд 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, хүү, Эрдэнэбаярын Бавуу /ДЮ92121211/ нь 2000 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7-15 тоотод гэртээ нас барсан болохыг тогтоосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ