Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 0572

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Өсөхбат,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б- холбогдох эрүүгийн 1908 05409 0693 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 11  дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ................. оршин суух, ярьд ял шийтгэлгүй,

.........................

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр такси тээврийн үйлчилгээ эрхэлж байхад Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.З-гээсэн  “СамсунгА50” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 650.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх14-17/, хохирогч Б.З-мэдүүлэг /хх20-21/, гэрч Г.М-гэх мэдүүлэг /хх36/, гэрч Э.З-мэдүүлэг /хх30/, эд хөрөнгийн үнэлгээ /хх41/, Б.Б- яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх52/ шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх79/, ял  шалгах хуудас /хх53/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Б.Б- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх14-17/,

2. Хохирогч Б.З-“...Би Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойргийн ойролцоох Шунхлай колонкийн хажуугаас баруун салааны ... хорооны өрхийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэх гээд баруун салаа руу явдаг 500 төгрөгний хувийн таксинд 2019.10.14-ны өдөр 09 цагийн 50 минутын үед эхнэр А- хамт приус 20 маркийн саарал өнгийн автомашинд суусан. Би хүүхдээ тэвэрээд уг автомашины жолоочийн хажуу талд буюу урд нь суусан юм. Жолооч нь эмэгтэй хүн байсан ба  33-38 орчим насны  эмэгтэй л харагдсан. Манай эхнэр А- ар талд нь мөн 2 эмэгтэй нэг эрэгтэйн хамт суугаад удалгүй хөдөлсөн юм. Тэгээд баруун салааны  ..-р хорооны  өрхийн эмнэлгийн  харалдаах автобусны  буудал дээр би эхнэрийн хамт сууж явсан таксинаасаа буухдаа эхнэр мөнгөө өгчихөөд  мөн ар талд сууж байсан эрэгтэй бас буусан. ...ажил руугаа ярих гээд гар утсаа халаасандаа тэмтэрээд хайсан чинь байдаггүй тэгээд юу билээ яачихваа гээд эхнэрийнхээ дугаараас гар утасруугаа залгатал холбогдох боломжгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх20-21/,

3. Гэрч  Г.М-“... Би 2019 оны 10 дугаар сарын  дунд үед л юм. Би Дундговь аймагт байхад зүс таних баруун салааны 500 унаанд приус 20 маркийн автомашинтай эхнэр, нөхөр байдаг юм. Би баруун салааны гэрлүүгээ хүргүүлдэг тэр хоёрыг ер нь 500 унаанд суудаг хүмүүс бүгд л мэддэг юм. Энэ үед нөхөр нь надруу утсаар залгаад чи гар утас авах уу гэж залгаад асуухаар нь ямар маркийн гар утас вэ самсунг маркийн гар утас авах уу гэж залгаад асуухаар нь ямар маркийн гар утас гэтэл А50 маркийн юм байна асахдаа бичиг нь гарч ирж байна. Таксинд явж байхад хүн үлдээгээд явчихсан юм олсон гар утас байна гэхээр нь би за за би хэд хоногоос хот руу орно тэгэхээрээ үзэж харж байгаад болье гээд утсаар ярилцсан юм...” гэсэн мэдүүлэг /хх36/

            4. Гэрч Э.З-“...Манай эхнэр Б- Сонгинохайрхан дүүргийн ... хорооны  баруун салааны 500 унаанд хүн зөөдөг юм. 2019 оны 10 сарын үед л юм. Приус 20 маркийн саарал өнгийн автомашинаараа хувийн таксинд явж байгаад баруун салаанд хүргүүлсэн хүн мөнгөө өгөхгүй байхаар нь түр барьцаанд гар утас үлдээгээд явсан байна лээ. Тэгээд манай эхнэр лүү ерөөсөө эргэж холбогдохгүй байхаар нь эхнэр маань худлаа болчихлоо гээд ярьж байсан. Түүнээс хойш самсунг маркийн цэнхэр өнгийн гадартай цэнэг гар утас байсан юм гэж эхнэр маань надад хэлэхээр нь би мэдсэн юм. За за таксины мөнгөндөө үлдээсэн юм бол яахав дээ гээд нэг гар утас зардаг танилаараа мөнгөний хэрэг гарахаар нь зарчихсан юм.Тэгээд өнөөр цагдаагийн байгууллагаас ярьж байна хэлтэс дээр ирж уулз гэхээр нь би дуудагдаж ирж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх30/

            5. “Мастер үнэлгээ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20/035 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайланд Самсунг А50 маркийн гар утсыг 650.000 төгрөгөөр үнэлжээ. /хх41/,

            6. Шүүгдэгч Б.Б- яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  намайг цагдаагаас дуудаад машинд хүн гар утсаа үлдээсэн талаар мэдүүлэг авсан би тухайн үед миний машинд гар утас байхгүй байна гэж бодоод гар утас байхгүй гэдэг мэдүүлэг өгсөн байсан тэгсэн чинь дараа нь би  машинаасаа цэнхэр өнгийн “СамсунгА50” маркийн гар утас олоод нөхөртөө таксины мөнгөнд барьцаанд үлдээсэн гэж хэлээд тэгээд хүн авахгүй байна гээд тэгээд нөхөр бид хоёр  “Тэди” дээр гар утасны ченж хийдэг Мөнхсайханд 200.000 төгрөгөөр зарчихсан юмаа...” гэсэн мэдүүлэг /хх52/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр такси тээврийн үйлчилгээ эрхэлж байхад Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.З-үйлчлүүлээд буухдаа гээсэн  “СамсунгА50” маркийн гар утсыг олж, бусдад худалдсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.  

“Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар хохирогч Б.З-“Самсунг А-50 загварын хар хөх өнгийн гар утсыг 650.000 төгрөгөөр хөрөнгийн үнийг тодорхойлсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дээрх үнэлгээгээр тогтоох нь зөв байна.  

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид эд зүйлийг буцаан хүлээлгэж өгсөн, иргэний нэхэмжлэгчид хохирлыг төлсөн /хх82/,  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-үйлдэл нь шунахай сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.  

Шүүгдэгчээс би хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг бөгөөд сард 50.000 төгрөг төлж, дээрх тохиролцсон ялаа дуусгах саналтай байна гэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт заасан “... учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Б. Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР