Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сум 1 дүгээр баг, Баян-Өндөр гэх газарт хаягийн бүртгэлтэй, одоо Дэлгэр сумын Үнээн ус гэх газарт оршин суух, эрэгтэй, ДЕ56121713, Оньс овогт Цэвээнхүүгийн Энхтайваны нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Энхтайван, гэрч Х.Ивансан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1956 оны 12 дугаар сарын 17-нд Говь-Алтай аймагт төрсөн. 1971 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 8 дугаар анги төгссөн. Улмаар Төв аймгийн Архустайн трактор комбайны курст орж 1972 онд төгссөн. Төгсөөд Төв аймгийн Эрдэнэсант суманд очиж 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 31-нийг дуустал Төв аймгийн Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйд хадлан бригадад тракторын жолоочоор ажилласан.  1980 оны 02 сарын 25-ны өдөр ээлжийн амралт олгосон тушаал гаргаад 26 хоногоор амралтаа аваад энд нутагтаа ирсэн. Тухайн үед ээжийн бие нь муудаад ээжийгээ асраад жил гаруй болсон. Тэгээд дахин Төв аймагт очиж ажиллаагүй. Харин 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд тракторын жолооч, худгийн моторчин зэрэг ажил хийж байсан. Би цэрэгт яваагүй, ажиллах хугацаандаа баярын бичиг, шагнал урамшуулал авч байгаагүй. Дэлгэр сумын Бадрал нэгдлийн даргын тушаалууд архивт байхгүй зөвхөн цалингийн баримт байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрүүд хэзээ үрэгдсэн нь мэдэхгүй, олдохгүй байгаа. Тиймээс миний бүрдүүлж өгсөн баримтуудыг үндэсэн намайг 1974 оны 07 сарын 01-ний өдрөөс 1980 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэсантын тэжээлжийн аж ахуйд, 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд тракторчин, худгийн моторчиноор ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхтайван нь 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 07 сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд Төв аймгийн Эрдэнэсантын тэжээлжийн аж ахуйд тракторчиноор, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд тракторчин, худгийн моторчиноор тус тус ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор БНМАУ Хөдөө аж ахуйн яамны харьяа Төв аймгийн Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйн даргын 1974 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаартай “...Архустын техник мэргэжлийн сургууль төгсөж ирсэн техникчдийг бригадад хувиарлах тухай” тушаалын архивын хуулбар,

Төв аймгийн Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйн даргын 1977 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дугаартай “1977 оны ажилчин албан хаагчдын ээлжийн амралт олгох тухай” тушаалын архивын хуулбар,

Төв аймгийн Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйн даргын 1979 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай “ ээжлийн амралт олгох тухай” тушаалын архивын хуулбар,

1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар,

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дэлгэр сумын Бадрал нэгдлийн даргын тушаалууд шилжиж ирээгүй тул лавлагаа олгох боломжгүй тухай албан бичиг,

274 дугаартай 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дархан аймгийн барилгын сургалт үйлдвэрлэлийн төвийн сантехник цахилгаан хийн гагнуурын мэргэжлийн ангид 2 жил суралцсан, гагнуурчний 3 дугаар зэрэг олгосон үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 74 дугаартай Ц.Энхтайваны цалингийн лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргажээ /хх- 4-5, 6-7, 8-9, 10-11, 19, 20, 21/.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан цалингийн лавлагаанд зарим сарууд дутуу, Дэлгэр сумын Бадрал нэгдлийн даргын тушаал архивт байхгүй, хайгаад олдохгүй байгаа талаар нэхэмжлэгч гэж тайлбарлаж, хамт ажиллаж байсан Х.Ивансанг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан Х.Ивансангаас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Х.Ивансанг Дэлгэр сумын Бадрал нэгдэлд 1979 онд тракторын жолоочоор ажилд ороход нэхэмжлэгч Ц.Энхтайван тракторын жолоочоор ажиллаж байсан. Гэрчийг 1981 онд цэргийн албанд татагдаад явахад түүний эзэмшиж байсан тракторыг нэхэмжлэгч Ц.Энхтайванд хүлээлгэн өгч байсан талаар мэдүүлж байх боловч Ц.Энхтайваныг хэдийгээс хэдий хүртэлх хугацаанд ажилласан талаар тодорхой зааж мэдүүлээгүй, хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн болно /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.

Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримт болох БНМАУ Хөдөө аж ахуйн яамны харьяа Төв аймгийн Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйн даргын 1974 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128, Төв аймгийн Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйн даргын 1977 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 311, 1979 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 37, 1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаартай тушаалуудын архивын хуулбар, цалингийн талаар гаргасан Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 74 дугаартай лавлагаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Ц.Энхтайваныг 1974 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйд тракторчиноор,

1983 оны 1-3 дугаар сарыг дуусталх, 7, 9, 11, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1984 оны 1-8 дугаар сарыг, 10-12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1985 оны 5, 7 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1986 оны 1, 3, 4, 9-12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1987 оны 1, 3, 5-12 дугаар сарыг дуустлах хугацаанд, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн захиргаа аж ахуйд тракторын жолооч, худгийн моторчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг буюу 1974 оны 07 дугаар сарын 01, 02-ны өдөр, 1983 оны 4-6, 8, 10 дугаар сарууд, 1984 оны 9 дүгээр сар, 1985 оны 1-4, 6, 8-12 дугаар сар, 1986 оны 2, 5-8 дугаар сар, 1987 оны 2, 4 дүгээр саруудад ажилласан болох нь нотлогдохгүй байх тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна /хх-4-5, 6-7, 8-9, 10-11, 21/.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Оньс овогот Цэвээнхүүгийн Энхтайван /РД-ДЕ56121713/ нь

 1974 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйд тракторчиноор,

1983 оны 1-3 дугаар сарыг дуусталх, 7, 9, 11, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1984 оны 1-8 дугаар сарыг, 10-12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1985 оны 5, 7 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1986 оны 1, 3,4, 9-12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1987 оны 1, 3, 5-12 дугаар сарыг дуустлах хугацаанд, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн захиргаа аж ахуйд тракторын жолооч, худгийн моторчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.ЯНЖИНДУЛАМ