Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 17

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн   шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: иргэн Б-

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

 

“Ласти интернэшнл” ХХК-ийн иргэн Д.Болормаатай 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16/001 дугаартайХөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2667.22 м2 талбайтай 46 айлын орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:        У-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:           Х-

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:            Ц.Ганхуяг      нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б- шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У-аас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч  Б- нь “Ласти Интернэшнл” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2015/06/10 тоот “Зээлийн гэрээ” байгуулсан ба дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаар бүхий 000339007 дугаар гэрчилгээтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлалтай, 8,470 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлийн гэрээ байгуулсан өдрөө буюу 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2015/06/10А тоот “Барьцааны гэрээ”-г байгуулан барьцааны бүртгэлийг хуульд заасны дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн баталгаажуулсан болно.

Гэтэл “Ласти интернэшнл” ХХК 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Болормаатай давхар зээлийн болон барьцааны гэрээ байгуулсныг нэхэмжлэгч нь мэдээд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргахад Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 сарын 28-ний өдрийн 02/2008 дугаар албан бичиг, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/1012 –ны дугаартай албан бичгээр хариу өгөхдөө “... дээрх давхар барьцааг бүртгэхдээ өмнөх барьцаалагчид мэдэгдээгүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн боловч бүртгэлийг хүчингүй болгоогүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

“Ласти Интернэшнл” ХХК, иргэн Д.Болормаа нарын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар байгуулсан 2667.22 м2 талбайтай 46 айлын орон сууцны барьцааны гэрээний улсын бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж заасан болон 48.2.2-т заасан “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж заасныг тус тус зөрчсөн. Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг давхар барьцаалуулсан тухай өмнөх гэрээний барьцаалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд бүртгэлийг хийхдээ дээрх заалтыг зөрчсөн байна

Б- анхны барьцаалагч гэдгийг мэдэж байгаа. Харин Д.Болормаа дахин барилгыг барьцаалснаар Б-ийн эрх ашиг зөрчигдөж байгаа ба дахиад Д.Болормаагаас гадна өөр гуравдагч этгээд барьцааны гэрээ байгуулаад дахин барьцаалагч гарч ирэх магадлал байна. Дахин өөр хүн давхар барьцаанаас болж хохирох боломжтой  ба нэг барилга дээр олон барьцаалагч гарч ирэх нөхцөл байдал үүсээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна  Д.Болормаагийн “Ласти интернэшнл” ХХК-тай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар байгуулсан 2667.22 м.кв талбайтай 46 айлын орон сууцны барьцааны  гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-гээс  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-, “Ласти интернешнл” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж мөн өдрөө эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. “Ласти интернэшнл” ХХК, Д.Болормаа нарын хооронд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16/001/01 дугаарын барьцааны гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу бүртгэлийн байгууллага нь өмнөх барьцаалагч болох Батпүрэвт мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг хязгаарласан заалтуудыг 2015 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болгосон. “Ласти интернэшнл” ХХК-ийн Д.Болормаатай байгуулсан барьцааны гэрээнд Барьцааны зүйл нь Б-ийн барьцаанд байх тул барьцаалагчийн барьцааны эрх нь иргэн Батпүрэвийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжинэ гэж барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т заасан байна. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бол эхний ээлжинд Б-ийнх хангагдах учир  эрх ашиг нь хөндөгдөхгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар барьцаанд байгаа хөрөнгийг дахин барьцаалах гэж байгаа бол барьцаалуулагч нь эхний барьцаалагчид мэдэгдэх л үүрэг хүлээж байгаа. Иргэн хуулийн этгээд нь өөрийнхөө хөрөнгийг хэдэн ч удаа барьцаалж болохоор хуульчилсан байна. Барьцаалуулагч нь барьцаанд байгаа хөрөнгийг  давхар барьцаалуулах гэж байгааг хуульд зааснаар эхний барьцаалагчид мэдэгдэх үүргийг хүлээдэг юм. Нэгэнт хуулиар давхар барьцаалахыг зөвшөөрсөн байхад бид барьцааны гэрээг давхар бүртгэхээс өөр арга байхгүй. “Ласти интернэшнл” ХХК, Д.Болормаатай барьцааны гэрээг байгуулснаар Б-ийн эрх ашиг хөндөгдөөд байсан зүйл байхгүй Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Д.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Гуравдагч этгээд Д.Болормаа нь 2014 оны 12  дугаар сарын 22-ны өдөр Ласти интернэшнл ХХК-тай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 02 дугаар гэрээний үндсэн дээр барих гэж буй 144 айлын 8470 м2 талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. “Ласти интернэшнл” ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 31-ний дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг хөрөнгө оруулагч Д.Болормаад өгөх үүргээ биелүүлэхгүй, барилгын ажлын явц удааширч байсан тул талууд гэрээний хугацааг сунгаж явсаар 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дээрх хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, уг гэрээний үндсэн дээр 16/001/01 дугаар барьцааны гэрээ байгуулсан.

2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу хөрөнгө оруулагч Д.Болормаа нь өөрийн оруулсан хөрөнгө оруулалт болох хүртэх ёстой ашгийн хэмжээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 144 айлын 8470 мкв талбай бүхий орон сууцны барилгын өмчлөгч болсон байдаг.  Б- болон Ласти интернэшнл ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, тэргүүн ээлжинд шаардлагаа хангуулах эрхтэй этгээд болох Д.Болормаагаас зөвшөөрөл авалгүй 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хөрөнгө оруулагчийн эрхийг зөрчиж байх тул уг асуудлаар тусад нь шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн их суудлын хуралдаанаар барьцаалагч талд давуу эрх олгож байсан “...ипотекийн зүйлийг бусдад шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалсан газар дээр барилга байгууламж барих зэрэг бүхий л тохиолдолд барьцаалагчаас зөвшөөрөл авах...” талаарх зохицуулалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтын “..үл хөдлөх ... хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй” гэснийг зөрчсөн гэж үзэж, Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгосон байдаг.

Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зохицуулалт болон Цэцийн уг дүгнэлтээс үзэхэд өмнөх барьцаалагчид мэдэгдэлгүй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах нь барьцаалагчийн эрхийг хөндөхгүй тул Б-ийн уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Ласти интернэшнл ХХК-иас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад давхар барьцаалсан, уг бүртгэлийг бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагааны улмаас барьцаалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т  заасны дагуу барьцаалагч гэх Б-ээс зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг давхар барьцаалуулсан тухай өмнөх гэрээний барьцаалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан нь барьцаалуулагч болох Ласти интернэшнл ХХК-д үүрэг болгосон зохицуулалт болно.”Ласти интернэшнл” ХХК-иас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Д.Болормаад барьцаалсан талаар өмнөх барьцаалагч Б-т нэн даруй мэдэгдээгүй нь бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байна.Иймд дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж Б-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.        

 

Гуравдагч этгээд “Ласти интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраагаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ласти интернэшнл” ХХК-ний иргэн Д.Болормаатай хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээ нь хуулийн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй хийгдсэн тул Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Б-ээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэийн хэлтэст холбогдуулан “Ласти интернэшнл” ХХК-ийн иргэн Д.Болормаатай 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16/001 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан  2667.22 м2 талбайтай 46 айлын орон сууцыг барьцаалсан 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16/001/01 дугаарын барьцааны гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй  болгуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

                                                                                                                                                         

  Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололын 10 дугаар байрны А, Б блок 144 айлын 8470 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгын өмчлөгчөөр 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Ласти-интернэшнл” ХХК /56139114/ нь  улсын бүртгэлийн Y-2003018160 дугаарт бүртгэгдэж  000339007 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан бөгөөд иргэн Б-тэй 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2015/06/10а дугаар “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, мөн өдрөө эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр дээрх орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, нийтийн орон сууцны зориулалттай 1500 м2  газрын анхны барьцаалагч нь иргэн Б- болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Хариуцагч нь  дээрх орон сууцны өмчлөгч  “Ласти-интернэшнл” ХХК-ийн  2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Ласти-интернэшнл” ХХК, Д.Болормаа нарын хооронд хийгдсэн Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 16/001 дугаар гэрээ”, 16/001/01 дугаар “Барьцааны гэрээ”, “Ласти-интернэшнл” ХХК-ний /Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг нотлох баримтуудыг үндэслэн “Ласти-Интернэшнл” ХХК, Д.Болормаа нарын хооронд байгуулсан  “Барьцааны гэрээ”-г 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй”, 35 дугаар зүйлийн 35.1-д ”Давхар барьцааны улсын бүртгэлийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмаар хийнэ” гэж заасны дагуу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан журмаар барьцааны бүртгэлийг бүртгэсэн нь  хуулийн заалтуудтай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг бүртгэхдээ анхны барьцаалагч болох Б- надад мэдэгдээгүй давхар бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” 48.2.2-д “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй” гэж зааснаас үзэхэд  “Ласти Интернэшнл” ХХК,  Д.Болормаа нарын  “Барьцааны гэрээ”-ний бүртгэлийг хийхэд хариуцагч нь анхны барьцаалагч болох Б-ийн зөвшөөрлийг заавал авсан байх шаардлагагүй Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалт болон бусад хуулийн заалт нь давхар барьцааны улсын бүртгэл бүртгэхэд хамаарахгүй  заалт байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 -т “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг давхар барьцаалуулсан тухай өмнөх гэрээний барьцаалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэх хуулийн заалт нь хариуцагчид биш барьцаалуулагчид / “Ласти Интернэшнл”ХХК-д/ хамааралтай байна.

       Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “энэ хуулийн 33.1-д заасан тохиолдолд барьцаалагчийн шаардлагыг улсын бүртгэлд бүртгэсэн дарааллаар хангана”, “Ласти-Интернэшнл” ХХК, Д.Болормаа нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д “Барьцааны зүйл нь бүхэлдээ иргэн Б-ийн барьцаанд байх тул барьцаалагчийн барьцааны эрх нь иргэн Батпүрэвийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжинэ” гэж зааснаар анхны барьцаалагч нь иргэн Б- тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлээ хангуулах эрхтэй бөгөөд “Ласти-Интернэшнл”ХХК, Д.Болормаа нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн нь анхны барьцаалагч  иргэн Б-ийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдохЛасти-Интернэшнл” ХХК-ийн иргэн Д.Болормаатай 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16/001 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан  2667.22 м2 талбайтай 46 айлын орон сууцыг барьцаалсан 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16/001/01 дугаарын барьцааны гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй  болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Гуравдагч этгээд Д.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, “Ласти интернэшнл” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэснийг дурдвал зохино.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдохЛасти интернэшнл” ХХК-ийн иргэн Д.Болормаатай 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16/001 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан  2667.22 м2 талбайтай 46 айлын орон сууцыг барьцаалсан 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16/001/01 дугаарын барьцааны гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй  болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

        4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.НАРАНТУЯА