Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0633

 

 

 

 

 

 

Э.Пын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга Ж.Эын гаргасан давж заалдах гомдлоор Э.Пын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр:

“1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.3, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг баримтлан Э.Пын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг албан тушаалд эгүүлэн тогтоож,

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Э.Пад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 5.090.774 төгрөгийг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийлгэхийг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга Ж.Эт даалгаж” шийдвэрлэжээ.

Хоёр. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга Ж.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны төлөвлөгөө нь илт хуурамч хуулбарласан дүгнэх боломжгүй байтал ажлын гүйцэтгэлийг зүйл, заалт бүрээр үнэлээгүй мөртлөө хангалтгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна” гэж шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу сургуулийнхаа ажилтныг хууль бусаар халж, төрд хохирол учруулсан байхад энэ талаар шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй орхигдуулсан байна.

“...Тус сумын сургууль нь тендерт шалгараагүй компаниас нүүрс худалдан авч мөнгө шилжүүлсэн зарлагын баримтыг хэзээ, хаана, хэнд өгсөн нь тодорхойгүй нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь тендерт шалгараагүй компани руу мөнгө шилжүүлснийг үгүйсгэсэн байна.

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/2542 дугаар албан бичгээр 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулалттайгаар нэр бүхий багш нарын хамт архидан согтуурсан үндэслэлээр арга хэмжээ авагдсан байхад хариуцагч нотлоогүй зэргээр буруу шийдвэрлэсэн тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Маргаан бүхий захирамжид дурдсан үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байгаа, түүнчлэн хүлээлгэсэн хариуцлага нь гаргасан зөрчлийн шинж байдалтай нийцсэн байна.

Тухайлбал аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 44 дүгээр албан бичигт Э.Па нь 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулж, 60.5 хувьтай, 2018 онд 50 хувьтай, 2019 онд 60.54 хувьтай тус тус үнэлэгдсэн, 2020 оны тухайд гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулаагүй болохыг дурдсанаас гадна Боловсролын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлөх эсэхийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн нь уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 буюу “сумын Засаг дарга сургуулийн захирлыг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймгийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” зохицуулалттай нийцжээ.

Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн Хөхморьт сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/58 дугаар захирамжаар сумын төсөвт байгууллагуудын түлш халаалтын нүүрсийг “М К” ХХК-иар нийлүүлэхийг зөвшөөрсөн байхад уг тендерт шалгараагүй “Ө Ө” ХХК-иас сургуулийн халаалтын нүүрс худалдан авч эрх мэдлээ хэтрүүлсэн, шалгарсан компанийн нүүрс чанарын шаардлага хангахгүй байсан гэдэг ч үүнийг нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй,

-мөн тус компанитай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ сургуулийн бичигт хэрэгт байхгүй, үнийн хувьд харьцангуй хямд байсан гэх боловч хэргийн 104-111 дэх талд авагдсан нэхэмжлэхүүдээс үзэхэд 56 тн нүүрсийг тендерт шалгарсан “М К” ХХК-иас 7.840.000 төгрөгөөр, харин 59.5 тн нүүрсийг “Ө Ө” ХХК-иас 8.032.000 төгрөгөөр тус тус худалдан авч байснаас тооцоход 1 тн тутмыг үнийн хувьд адил 140.000 төгрөгөөр дээрх компаниудаас авч байсан байна.

Архидан согтуурахтай тэмцэх асуудлаар аймгийн Засаг даргын 2018 оны А/57 дугаар захирамж гарсан байхад 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноос тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь аймгийн цагдаагийн газрын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 31/2542 дугаар албан бичгээр тогтоогдсон,

-2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн илтгэх хуудаст ажлын хэсгийн гишүүд “…сургуулийн захирал Э.Пын тайланг үнэлэх боломжгүй, учир нь уг төлөвлөгөө нүүрнээсээ эхлээд Есөнбулаг сумын хоёрдугаар сургууль, дотор хуудаснууд дээр мөн хоёрдугаар сургууль гэсэн бичиг хуудас болгоны толгой дээр байсан, хариуцах нэгж Д.Ш гэсэн нэртэй төлөвлөгөө ирүүлснийг ажлын хэсэг өөр сургуулийн бичиг баримтыг хуулбарлан хуурамч гүйцэтгэлийн төлөвлөгөө хийгдсэн гэж үзэн “хангалтгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, учир нь хэргийн 48-68 дугаар талд авагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр энэхүү нөхцөл байдал тогтоогддог төдийгүй 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн сонсох ажиллагааны үеэр Э.Паас гүйцэтгэлийн төлөвлөгөөний талаар тодруулахад “…би мэдэхгүй, менежер мэднэ…” гэсэн нь тэмдэглэлд тусгагдсан, түүнчлэн хариуцагчаас 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/97 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа дээрх төлөвлөгөөний аль аль хуудаст хэрхэн хуулбарласан талаар тодорхой дурдсан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг ажлаас халсан Засаг даргын захирамж хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг баримтлан Э.Пын “Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч Хөхморьт сумын Засаг дарга Ж.Эын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

  ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

  ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН