| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0553/Э |
| Дугаар | 0573 |
| Огноо | 2020-05-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 0573
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Өсөхбат,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Ч.А-, түүний өмгөөлөгч Т.Мөнхдалай /ШТЭД-1472/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Ч.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 06193 0537 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .......................оршин суух, урьд
..............................................
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.А- нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ............... тоот хашаанд Д.Э-хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь баруун духны сэртэн баруун нүдний ухархайн гадна дээд хана, баруун хацрын нум болон гайморын хөндийн урд болон гадна хана дайрсан нийлмэл хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Иргэн Д.Э- цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх6/, хохирогч Д.Э- мэдүүлэг /хх17-18, 44-45/, гэрч Ц.Ц-мэдүүлэг /хх67/, шинжээчийн 14413 дугаартай дүгнэлт /хх22/, шинжээч эмч Д.Сарангэрэлийн мэдүүлэг /хх26-27/, Ч.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх91/, яллагдагчаар татсан тогтоол /хх83/ болон шүүгдэгч Ч.А-гийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх55, 58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх68, 71-75, 80-81/, “Их түмэн арвижих” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх60/, хохирол төлсөн тухай баримт /хх108/ зэрэг холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Ч.А-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Д.Э- цагдаагийн байгууллагад гаргасан “...Т- гэгч орж ирээд “хөгшин кобра юу байна” гэж малгай аван шидэхэд нь “юмгүй дээ” гэж хэлэхэд “чиний өгсөн утас ярьж болохгүй байна” гэж хэлэхэд нь “ярьж болохгүй бол хаячихгүй юу даа” гэж хэлэхэд та нар мөнгөний сургаар том болж дуугараад байна уу” гээд байсан. Би харин “цалин хүлээгээд сууж байна” гэж хэлэхэд босч ирээд алгадаад авсан. Тэгэхээр нь “би чамд урьд зүгээр зодуулаад нуугаад өнгөрсөн, одоо чамд зүгээр зодуулаад байгаад байхгүй шүү” гэж хэлээд гарахад араас гарч ирээд зодоод унасан. Ах Ц-нь гарч ирээд салгасан боловч цонхоор гарч ирээд дахин зодсон. Гомдолтой байгаа тул шалгаж өгнө үү...” гэх гомдол /хх6/,
2. Хохирогч Д.Э- “...би арьс ширний компанид барваанч хийдэг юм. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө ажил зогсчихоод манай ажлынхан яармагт барилга дээр өрлөг хийсэн. Өрлөгөө дуусчихаад Ц-гэх найзын хамт гэрлүү нь явах замдаа 0.5 литрийн Хараа архи аваад Ц- гэрт очиж уусан юм. Тэгээд 16 цаг 30 минутын үед цалингаа буухыг хүлээгээд утас чагнаад сууж байтал Ц- дүү А- нь согтуу орж ирээд намайг “хөгшин кобра минь” гэж хэлээд малгайг авч шидээд “надад өгсөн утас чинь ажиллах байна” гэж хэлээд ширээн дээр шидсэн. Тэгэхээр нь би “наад утас чинь угийн ямбий юм чинь хаячихгүй юу” гэж хэлтэл А- “та нар мөнгөний сургаар их том байна” гэж хэлээд зүүн талын хацар луу гараараа нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би “чамд нэг зодуулсан хоёр зодуулж чадахгүй” гэж хэлээд Ц- гэрээс нь гарах гээд үүдний хаалган дээр нь байж байтал миний ардаас А- хүзүү рүү гараараа цохиод, өмсөж байсан куртикээ тайлаад толгой дээр бүтээж байгаад толгой руу 2-3 удаа цохисон. Тэр үед Ц-гарч ирээд салгаад А-г үүдний амбаарт оруулахад дотор хаалгаар Ц- гэрт нь ороод цонхоор нь буцаж гарч ирээд намайг заамдаж толгойгоороо баруун талын шанаа орчим нэг удаа их хүчтэй мөргөсөн юм. Тэр үед миний толгой манараад хамарнаас цус гоожсон. Надад учирсан гэмтлийг А- мөргөж учруулсан...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хуурай дүү А-д бага ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх17-18, 44-45/
3. Гэрч Ц.Ц-“...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай ажил зогсчихоод яармагт барилга дээр Э- ахын хамт өрлөг хийсэн. Тэгээд өрлөгөө хийж байхад материал нь дуусаад 13 цагийн үед ажлаасаа буугаад бид хоёр Энхжин худалдааны төвийн цайны газарт хоол идчихээд манай гэрт ирсэн. Нэг шил архи задлаад хувааж уусан юм...Би нэг хэсэг орон дээрээ унтаж байтал гэв гэнэт манай гэр дотор хэрэлдсэн чимээ дуугараад байхаар нь сэрээд хартал манай дүү А-, Э- хоёр хоорондоо маргалдаад манай гэрээс гарсан юм. Би араас нь гартал Э- надад “танай дүү миний баруун талын шанаа руу толгойгоороо мөргөчихлөө шүү дээ” гэж хэлээд тонгойгоод суучихсан байсан...баруун шанаа хавиас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх67/
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14413 дугаартай шинжээчийн “...Д.Э- биед баруун духны сэртэн баруун нүдний ухархайн гадна дээд хана, баруун хацрын нум болон гайморын хөндийн урд болон гадна хана дайрсан нийлмэл хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх нь шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Духны баруун сэртэн хүрсэн нийлмэл хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хх22/,
5. Шинжээч эмч Д.Сарангэрэлийн “...баруун духны сэртэн баруун нүдний ухархайн гадна дээд хана, баруун хацрын нум болон гайморын хөндийн урд болон гадна хана дайрсан нийлмэл хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэсэн гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд юм. Толгойгоороо баруун хацар орчимд нэг удаа мөргөхөд үүсэх боломжтой юм. Тухайн гэмтлүүд нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй юм. Ганцхан хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн хугарлаас болж үүсч байгаа гэмтлүүд юм...” гэх мэдүүлэг /хх26-27/,
6. Шүүгдэгч Ч.А-гийн яллагдагчаар өгсөн “...би гэнэт уурлаад Ц- ахын гэрээс Э- ахыг чирч гаргахад надтай зууралдаад босч ирээд миний футболкноос татаад урчихсан. Тэгэхээр нь би баруун талын шанаа орчимд нэг удаа мөргөсөн юм...” гэх мэдүүлэг /хх91/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ч.А-:
Шүүгдэгч Ч.А-, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар, дүгнэлтээс дүгнэн үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод шүүгдэгч Ч.А- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Э-ыг үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь гараараа цохиж, мөн нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Э- “...Ц- гэрээс нь гарах гээд үүдний хаалган дээр нь байж байтал миний ардаас А- хүзүү рүү гараараа цохиод, өмсөж байсан куртикээ тайлаад толгой дээр бүтээж байгаад толгой руу 2-3 удаа цохисон. ...намайг заамдаж толгойгоороо баруун талын шанаа орчим нэг удаа их хүчтэй мөргөсөн юм. Тэр үед миний толгой манараад хамарнаас цус гоожсон...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ц.Ц-“...манай дүү А-, Э- хоёр хоорондоо маргалдаад манай гэрээс гарсан юм. Би араас нь гартал Э- надад “танай дүү миний баруун талын шанаа руу толгойгоороо мөргөчихлөө шүү дээ” гэж хэлээд тонгойгоод суучихсан байсан... баруун шанаа хавиас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээч эмч Д.Сарангэрэлийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч хохирогчийг толгойн тус газарт цохиж, мөргөсөн үйлдлийн улмаас хохирогч Д.Э- эрүүл мэндэд “...баруун духны сэртэн баруун нүдний ухархайн гадна дээд хана, баруун хацрын нум болон гайморын хөндийн урд болон гадна хана дайрсан нийлмэл хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, тархи доргилт...” бүхий гэмтэл учирсан, духны баруун сэртэн хүрсэн нийлмэл хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14413 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Д.Сарангэрэлийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг ухамсарлан хохирогчийн нүүр, толгойн тус газарт цохиж, мөргөсөн идэвхтэй үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдсон гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.А-г согтууруулах ундааны зүйл уусан үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Хохирогч Д.Э- нь эмчилгээний зардалд 110.000 төгрөг авсан цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн, хохирол төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Ч.А-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргажээ.
Шүүгдэгч Ч.А-гийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг, хохирлын нөхөн төлсөн, ялтай байдал байхгүй учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял сонгон оногдуулах дүгнэлт санал гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ч.А- нь хохирогчид баримтын хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан “хохирогч зуух руу нулимаад байсан” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч нь эхнэр, 10 сартай хүүхдийн хамт амьдардаг, “Их түмэн арвижих” ХХК-д ажилладаг, тогтмол цалин орлоготой болох нь ажлын газрын тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолтоор тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...” заасан болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн гомдол саналгүй хөнгөн ял оногдуулахыг хүссэн мэдүүлэг, өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд заасан торгох ялыг сонгож ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой байхаар тогтоож шийдвэрлэв.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-г 11.000 /арван хоёр мянган/ нэгж буюу 11.000.000 /арван нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР