| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2020/0047/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/49 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/49
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А овогт О-н Б-д холбогдох эрүүгийн 2017000000053 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 26-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Н-н Х дүүрэг, дүгээр хороо, Б-н тоотод албан ёсны хаягтай, /Г аймгийн Б сумын -р баг Лүнгийн тоотод түр оршин суух хаягтай/ Энхийн төлөө гэх медалиар шагнуулж байсан, урд ял шийтгэлгүй гэх А овогт О-н Б /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.Б нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 105 дугаар байрны 2-5 тоотод иргэн А.Ш-тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч О.Б нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 105 дугаар байрны 2-5 тоотод хохирогч А.Ш-тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2020 оны 05 дугаар сарйн 29-ний өдрийн 13-14 цагийн үед 105-р байран дахь гэртээ байж байтал гаднаас Ш, Э хоёр 0.75 литрийн савалгаатай хараа нэртэй 1 шил архи барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь бид гурав уг архийг хуваагаад ууж байтал Э би согтсон байна гээд уухаа больсон. Тэгээд үлдсэн архийг нь Ш бид хоёр ууж дуусгасан. Тэгээд архи ууж дууссаны дараа би гэрт байсан архиа гаргах гэж байхад Ш гар утсаар яриад байхаар нь “хамт сууж байж чи наад утсаа болиоч” гэж хэлтэл Ш чи миний дууг хорьдог хэн юм гээд над руу агсараад байхаар нь би Ш луу очоод сууж байхад зүүн нүднийх нь орчимд нэг удаа гараараа цохисон юм. Тэгтэл Ш өндийгөөд ирэхээр нь дахиад нэг удаа зүүн нүднийх нь орчимд өмнө нь цохисон газраа дахиж цохиод автал Ш манай гэрийн цагаан өнгийн татдаг шүүхээд налаад унасан юм. Тэгтэл Ш босч ирэнгүүтээ нүд болохоо байчлаа гэж хэлэхээр нь хартал Ш-н зүүн нүд хавдсан, зүүн нүдний угт урагдсан тэндээс цус гоожоод байхаар нь би эмнэлгийн нярав Ц руу залгаад мараль аваад манайд хүрээд ирээч гэж дуудтал 30 минутын дараа Ц хүрч ирсэн. Ц луу залгахад утасны цаг 15:24 болж байсан. Тэгээд би Ш-н нүдийг боогоод өгтөл өөрөө эмнэлэгт үзүүлнэ гээд манай гэрээс гарч явсан. Тэгээд удалгүй Э манай гэрээс гарч явсан ба 18 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал сумын цагдаа манай гэрт орж ирээд намайг авч яваад аймгийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.
...Би Ш-г гэрийн доржин дээр сууж байхад 1 удаа зүүн нүд рүү гараараа цохисон. Ш надад цохиулчихаад өндийгөөд босоод ирэхээр нь дахиж 1 удаа зүүн нүд рүү нь гараараа цохисон юм. Тэрнээс өөрөөр Ш-г цохиж зодсон асуудал байхгүй.
...2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ш бид хоёр Улаанбаатар хот руу явж толгойны томографик зураг авахуулж эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэж байгаа. Одоо бид 2 учир зүйгээ олсон бөгөөд би эмчилгээний зардлыг бүрэн хариуцсан. Бид хоёрын дунд хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
1.3. Хохирогч А.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2020 оны 05 дугаар сарын 29-ний өглөө найз С-н гэрт байж байтал Б над руу залгаад манайд ороод ир гэж дуудахаар нь би 105-р байрны 2 давхарт байдаг гэрт нь яваад орсон юм. Намайг ороход Б ганцаараа байсан ба 1 шил архи тавьчихсан уухуу гэж хэлэхээр нь найз нь хувцас угаах гэж байна гэж хэлээд гэрт нь байж байтал С над руу залгаад хамт Говьсүмбэр аймаг руу явчихаад ирье гэж хэлэхээр нь заза гэж хэлээд Б-н тавьсан байсан архинаас уулгүйгээр гэрээс нь гарч явсан. Тэгээд Ж, С, Э бид 4 Чойр орсон юм. Тэгээд Чойр орох замд Э тал шил архи барьчихсан байж байгаад жижиг аяганд хоёр удаа хийж өгөхөөр нь би уусан. Тэгээд Чойрт очоод Э дахин 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи аваад С, Ж хоёр ажлаа амжуулчихаад буцаад Баянталд 11-12 цагийн үед ирсэн. Баянталд ирээд Э бид 2 Э-н авсан байсан архийг аваад Б-н гэрт нь ороход Б ганцаараа байж байсан. Тэгээд бид гурав Э-н Чойроос авсан байсан 0.75 литрийн савалгаатай Хараа нэртэй архийг гурвуулаа хувааж ууж дуусгасан. Тэгтэл Б дахин 0.75 литрийн архи гаргаж ирэхээр нь бид гурав түүнийг хувааж уугаад юм яриад сууж байтал Б сууж байснаа гэнэт босч ирэнгүүтээ миний зүүн нүд рүү 2 удаа цохиод авахаар нь нүдээ дартал юм гоожоод байхаар нь хартал цус гоожсон байхаар нь нүдээ гараараа дараад сууж байтал Б утсаар яриад дуудлага өгөөд байх шиг байсан. Тэгээд би 10-20 минут сууж байгаад Б-н гэрээс ганцаараа гарч яваад сумын эмнэлэг дээр очсон. Намайг сумын эмнэлэг дээр очиход 16 цаг өнгөрч байсан ба намайг Б цохиход 16 цаг л болж байсан болов уу. Сумын эмнэлэг дээр очоод эмчид нь нүдээ үзүүлэх гэхэд намайг хараад Чойр руу очиж үзүүлэх шаардлагатай юм байна гээд марлаар боож өгөхөөр нь би явсан. Тэгээд сумын цагдаа ирээд ах Б-г машинтай нь аваад цагдаа З Б-г гэрээс нь авч гарч ирээд Говьсүмбэр аймаг руу явцгаасан юм. Тэгээд сумын 2 цагдаа Б-г аваад цагдаа дээр үлдээд ахтайгаа цуг аймгийн нэгдсэн эмнэлэг орж үзүүлсэн юм. Тэгээд эмнэлэгт очоод нүдний рентген зураг авахуулчихаад эмчид нь үзүүлэхэд ухархайн савхан яс цуурсан байх магадлалтай зүүн нүд тойроод хавдаж хөхөрсөн байна. Яаралтай Улаанбаатар хот руу явж нарийвчилсан зураг авахуулж гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн.
...Би өөрийн нүдийг үзүүлж харуулах ёстой газраар үзүүлж эмчлүүлэн хуучин хэвийн болчихвол гомдол санал гэх зүйл байхгүй. Миний нүдний гэмтлийн улмаас учирсан эмчилгээний зардлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
1.4. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 05 дугаар сарын 29-ний орой 18-19 цагийн орчимд ажил дээрээ байж байтал архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн туранхай биетэй согтуу залуу юм мөргөчихлөө нүдээ үзүүлэх гэсэн юм аа нүд харахгүй байна гээд марлаар боочихсон байдалтай эмнэлэгт орж ирсэн юм. Тэгээд би уг залуугийн биед үзлэгийг хийхэд зүүн нүднийхээ уг руу зүсэгдсэн юм шиг шархтай зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай байхаар нь би уг залуугаас нүдээ цохиулчихсан юм уу гэж асуухад үгүй ээ юм мөргөчихсөн юм гэж хэлж байсан. Тэгээд нүднээс нь цус гоожсон байсан болохоор шархыг нь цэвэрлэж өгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмчид үзүүлэх шаардлагатай юм байна гэдэг зөвлөгөөг өгч гаргаад цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа ирээд уг залууг авч явсан. Тэр залуугийн нүднээс өөр газар ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
1.5. Гэрч Ш.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад Б над руу залгаад хаана байгаа юм, мараль юм уу цагаан даавуу аваад манай гэрт хүрээд ирээч гэж хэлэхээр нь жаахан завгүй байна гэж хэлтэл гялс хүрээд ирээ гэхээр нь 20-30 минутын дараа Б-н гэрт мараль аваад очиход Б, Ш нэг танихгүй Э гэх нэртэй залуу тэр гурав байж байсан. Намайг ороход 0.75 литрийн савалгаатай Хараа нэртэй архи дуусаж байсан ба Ш нүдний шил зүүсэн байсан. Тэгээд Ш нүдний шилээ аваад миний авчирсан маралиар нүдээ бооход нь нүдийг нь харахад зүүн нүд нь улайж хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд өөрөө нүдээ боосон нь уначихаар нь би нүдийг нь боож өгөөд тэгээд гараад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 161 дугаартай дүгнэлтэд:
- А.Ш-н биед хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 10 дугаар хуудас/,
1.7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5 дугаар хуудас/,
1.8. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-инй 7 дугаар хуудас/,
1.9. 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн үзлэгийн хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч О.Б-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч О.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааг зохистой хэрэглээгүй, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулснаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хохирогч А.Ш-н Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,
2.2. Шүүгдэгч О.Б-н Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Бнь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт О-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ