Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1115

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгч Э.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ж” нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Сэтэрхий зуутраг овогт Эрдэнийн Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 1806014191261 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, охины хамт Баянгол дүүрэг 3 дугаар хороо нарны хороолол 7-82 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар Х372052075, Сэтэрхий зуутраг овогт Эрдэнийн Эрдэнэбат.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Э.Эрдэнэбат нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 45 тоотоос айфоне-7 плас маркын гар утас, бэлэн 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.524.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрдэнэбат мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хэлэх зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох

баримтуудаас хохирогч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-14-16/, хохирогч Б.Мягмарсүрэнгийн дахин өгсөн /хх-17/, Dаmnо ХХК-ны 2018 оны 03 сарын 12-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-24-25/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-28/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-29/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-31/, шүүгдэгч Э.Эрэдэнэбатын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-34/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Э.Эрдэнэбат нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 45 тоотоос айфоне-7 плас маркын гар утас, бэлэн 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.524.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мягмарсүрэнгийн өгсөн: “...Би 2018 оны 02 сарын 07-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аризона караокед үйлчлүүлж байгаад нутгийн гэх Эрдэнэбат гэх залуутай танилцаж Сэнгүр нэртэй пиво ууж байтал би тасарч унасан. Өглөө сэрэхэд миний гар утас, бэлнээр 300.000 төгрөг алдагдсан байсан. Би гар утсаа мобикомоос 2.600.000 төгрөгөөр лизингээр 1 жилийн өмнө худалдаж авсан авч байсан. Одоо гар утсаа 1.400.000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утас хар өнгийн ай фоне 7 плас загварын гар утас байсан...” /хх-14-16/ гэх  мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мягмарсүрэнгийн дахин өгсөн: “Миний гар утас гал тогооны ширээн дээр байсан. Бид 2 хамт бичлэг үзээд байж байсан. Түүнээс биш тэр хүний машинд нь үлдээсэн зүйл байхгүй. Намайг машинд унагаасан гэж яриад л байсан. Баарнаас гарахад мөнгө миний өмдний халаасанд байсан. Би дахин мөнгөө гаргаагүй өмдний халаасанд л байж байсан. Тэгээд ууж байгаад тасраад унтсан байсан. Тэгээд сэргэтэл миний гар утас, мөнгө байхгүй байсан. Гар утсыг бол хараад л байсан. Харин мөнгө миний өмдний халаасанд байгаа гэж мэдээгүй байх.” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эрдэнэбатын яллагдагчаар өгсөн: “2018 оны 2 дугаар сарын эхэн үе цагаан сарын өмнөхөн гэж санаж байна. Би 13 дугаар хорооллын “Аризона” нэртэй бааранд Мягмарсүрэн гэх хүнтэй таарсан. Мягмарсүрэн бид хоёр нэг нутгыхан болж таарсан. Би өөрөө Завхан аймгийн харьяатай хүн юм. Тэгээд бааранд 3, 4 хүн шил пиво ууж байгаад баарнаас гараад Мягмарсүрэнгийн гэрт очихоор болсон. Мягмарсүрэний гэр нь Сэлэнгэ зочид буудлын баруун талд байсан шиг санагдаж байна. Бид хоёр хамт гал тогооны өрөөнд байсан. Тасрах гээд л ухаан санаа орж гараад нэг сэрэхэд өглөө 6 цаг болж байсан. Тэгээд би гэрээс нь гарсан. Гар утсыг нь хаанаас, хэрхэн, яаж авсан талаараа бол мэдэхгү байна. Орой нь би машинаа унах гэтэл машинд Мягмарсүрэний гар утас машинд байсан. Тэгээд би өөрөө буцааж аваачиж өгсөн.” гэх мэдүүлэг,

 

Dаmnо ХХК-ны 2018 оны 03 сарын 12-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-24-25/ гэх мэдүүлэг,    

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-28/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-29/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-31/,

Шүүгдэгч Э.Эрэдэнэбатын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-34/ зэрэг болно.

        

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Э.Эрдэнэбат нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мягмарсүрэнгийн өгсөн мэдүүлэг, “Damno” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, Э.Эрдэнэбатын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Э.Эрдэнэбат нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 45 тоотоос айфоне-7 плас маркын гар утас, бэлэн 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.524.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

          Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Э.Эрдэнэбат нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй, саналгүй гэдгээ илэрхийлсэн байна.

 

Шүүгдэгч Э.Эрдэнэбатын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.Эрдэнэбат нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Сэтэрхий зуутраг овогт Эрдэнийн Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Э.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                                                                         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Э.Эрдэнэбат нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.     

 

           4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Эрдэнэбат нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.      

 

   5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Эрдэнэбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Эрдэнэбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС