Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 0601

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Д.Агар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал /ШТЭД-1420/,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Л.Чинбат /ШТЭД-1772/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Агараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-өд холбогдох эрүүгийн 2003 00229 0145 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр  хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Улаанбаатар хот, ...............тоотод оршин суух, урьд

......................................

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А- нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21 цаг 38 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын ам “МТ” шатахуун түгээх газрын зүүн замд .... УБО улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн дариу зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртөсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж  болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт “иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх” тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартай буцаж ирэх, г/ тухайн ослын цагдаагийн байгууллага “ажилтан”-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Н-мөргөж амь насыг нь хохироон, дээрх зам тээврийн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хэргийн газарт үзлэг хийсэн гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх7-14, 16-21/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх22-27/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх28-39/, 102-ын дуудлагын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх41-42/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мэдүүлэг /1хх44-45/, гэрч Ж.Э-мэдүүлэг /1хх145/, гэрч Р.Г-мэдүүлэг /1хх147/, шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 641 дугаартай дүгнэлт /1хх215-224/, техникийн шинжээчийн 181 дугаар дүгнэлт /1хх228-229/, Б.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх3-4/-г шинжлэн судлав.

            Хохирогчийн өмгөөлөгч /давхцаагүй байдлаар/: хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх48-58/, хохирлын баримтууд /1хх78-147/, гэрч Г.Э-мэдүүлэг /1хх162/, гэрч Т.Г-мэдүүлэг /1хх170/, шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан тэмдэглэл /2хх49-59/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримт 15 хуудсыг шинжлэн судлав.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч /давхцаагүй байдлаар/: Шүүгдэгч Б.А-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх159-160/, гэрч С.Н-мэдүүлэг /1хх179/, хохирол төлсөн баримт /2хх16/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх26/, шүүгдэгчийн ажлын байрны болон оршин суугаа газрын тодорхойлолт /2хх36-38/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг шинжлэн судлав.      

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Б.А-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зурагт “...замын өргөн 7м, амь хохирогч ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зам хөндлөн гарч байсан байх ба зам гарахад 1.7м дутуу байхдаа мөргөгдсөн...” тухай тэмдэгдэгджээ. /1хх7-14, 16-21/,

2. Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх22-27/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...уг автомашины урд салхины шилний жолооч талын урд хэсэгт дотогш цөмөрч хагарсан байх ба хагарсан шилний үртэс жолооч талын урд салон дээр үүрч унасан...байсныг бэхжүүлэв...” гэжээ. /1хх28-39/,

4. 102-ын дуудлагын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ослын талаар гэрч М.У-утсаар ярьсан яриаг буулгажээ. /1хх41-42/,

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд гаргасан “...миний бие талийгаач Л.Н-төрсөн хүүхэд байгаа юм. Манай эмэгтэй дүү Ж- тус өдрийн 21 цаг 35 минутын орчим яриад ээж нь Дархиа ахынд нь очих гээд Орбитын тойргоос 1000 төгрөгний таксинд суугаад буух гэж байна гэж утсаар ярьж хэлсэн байсан. Би гомдолтой байна. ...энэ хүн миний сайхан ээжийг дайрч алчихаад одоо хүртэл биднээс уучлалт гуйгаагүй. Ажил явдал дээр нь ч ирээгүй. ...миний ээж үе мөчний өвчтэй, хөлийн хуруун дээр нь яс ургасан учраас байнга зөөлөн гутал өмсдөг, жолоочийн хэлсэнтэй адил гүйгээд байхаар хүн бишээ...оршуулгын зардал, буяны 49 хоногт зарцуулсан 22.684.414 төгрөгний зардлаас шүүгдэгчийн өгсөн 8.010.000 төгрөгийг хасаад 14.674.414 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх44-45/,

6. Гэрч Ж.Э-“...2020 оны 3 дугаар сарын 03-ны 21 цаг 30 минутын орчим ...нисэх рүү гэррүүгээ Найрамдал зуслангийн замаар МТ колонкийн замаар уруудаад явж байхад зам дээр нэг хүн хэвтэж байсан бөгөөд хажууд нь нэг залуу утсаар яриад зогсож байсан. Тэгэхээр нь осол гарсан байна гэж бодоод машинаасаа буугаад очиход уг залуу зам дээр хүн дайруулсан байна би 102-т дуудлага өгөөд зогсож байна гэж хэлсэн. Намайг бууж очиход машинд дайруулсан эмэгтэй амьсгаатай байсан...” гэх мэдүүлэг /1хх145/,

7. Гэрч Р.Г-“...21 цаг 40 минутын орчим Найрамдлын замын МТ колонкоос тамхи аваад гарч ирэхэд колонкийн эсрэг талаас талийгаач цагаан өнгийн суудлын машинаас буугаад зам дагаад уруудаад алхаж байсан. Би араар нь зам хөндлөн гараад 50 метр орчим явж байхад тас гэж хүчтэй чимээ гарахаар нь хартал суудлын жижиг тэрэг арын гэрэл нь гялалзаад маш хурдтай хойноос урагш чиглээд хот руу чиглээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх147/,

8. Гэрч С.Н-“...2020 оны 3 дугаар сарын 06-ны өглөө ажил дээрээ байж байтал А- ирээд 2-3 хоногийн өмнө Орбитын замд хүн дайрсан өөрөө цагдаа дээр очих гэхээр хэлж чадахгүй байна чи очоод хэлээд өгөөч гэсэн тэгээд би ... урьд нь гэрчийн мэдүүлэг өгч байсан Гантулга гэх цагдаа дээр очиж манай нэг ах хүн дайрчхаад өөрөө ирж чадахгүй,  намайг очоод хэлээд өгөөч гэж хэлсэн гэж хэлсэн тэгээд шууд 2 цагдаатай цуг А- ахын гэрт очоод цагдаа нар ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх179/,

9. Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 641 дугаартай дүгнэлтэд “...талийгаач Л.Н-цогцост баруун зулай, чамархайн чулуулгийн урдуур хөндлөн явж турк эмээл дайран суурийн зүүн хонхор болон баруун дух, чамархайн заадсаар доош явж төгссөн шугаман хугарал, их тархины зүүн зулай, дагз, баруун зулай, дагз, бага тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хүзүүний 1-р нугаламын бүрэн мултрал, нугасны бүрэн бус тасрал. Баруун эгэм, баруун талын олон хавирганы шууд бус хугарал, сэмж, чацархайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гавал тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед босоо байрлалд мөргөгдөх, цохигдох, савагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.5, 3.1.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломж муу байна. ...Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байна. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” /1хх215-224/,

10. Техникийн шинжээчийн 181 дугаар дүгнэлтэд “...Тоёота приус маркийн ....УБО улсын дугаартай автомашины жолооч Б.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн дариу зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртөсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж  болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт “иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх” тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартай буцаж ирэх, г/ тухайн ослын цагдаагийн байгууллага “ажилтан”-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 12.2-д заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...явган зорчигч Л.Н-нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийшээ сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй” гэжээ. /1хх228-229/,

11. Б.А-ийн яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн “...Орбитын тойрог дээр настай эмэгтэй хүн гар өргөсөн тэгэхээр нь зогсож аваад Найрамдал зуслангийн наад талд очно гэсэн тэгээд хүргэж өгөөд буцаад МТ шатахуун түгээх станц өнгөрөөд явж байтал гэнэт зүүн гар талаас ертөнцийн зүгээр зүүн талаас хүн гүйгээд гараад ирсэн тоормос гишгээд зүүн гар тал руу дарахад тэр хүн буцаж ухас хийгээд жолоодож явсан машины жолооч талын урд хэсгээр мөргөгдсөн, айсандаа болоод шууд гэррүүгээ гудамжаар яваад... 2020 оны 3 дугаар сарын 04, 05-нд цагдаад хандах гэж очоод орж чадаагүй, 06-ны өдөр би өөрөө цагдаад хандаж чадахгүй юм байна гэж бодоод үеэл дүү Нэргүйбаатар болсон зүйлийн талаар хэлж цагдаад хэлж чадахгүй байна чи очоод хэлээд өгөөч гэж гуйсан...” гэх мэдүүлэг /2хх3-4/.

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.А-

Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурьдаж байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.А- нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21 цаг 38 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын ам “МТ” шатахуун түгээх газрын зүүн замд .... УБО улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Н-мөргөн амь насыг нь хохироож, улмаар ослын газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдож байна.  

            Тодруулбал, гэрч Ж.Э-“...2020 оны 3 дугаар сарын 03-ны 21 цаг 30 минутын орчим ...нисэх рүү гэррүүгээ Найрамдал зуслангийн замаар МТ колонкийн замаар уруудаад явж байхад зам дээр нэг хүн хэвтэж байсан бөгөөд хажууд нь нэг залуу утсаар яриад зогсож байсан. ... уг залуу зам дээр хүн дайруулсан байна би 102-т дуудлага өгөөд зогсож байна гэж хэлсэн. Намайг бууж очиход машинд дайруулсан эмэгтэй амьсгаатай байсан...” гэх мэдүүлэг,

            гэрч Р.Г-“...Найрамдлын замын МТ колонкоос тамхи аваад гарч ирэхэд колонкийн эсрэг талаас талийгаач цагаан өнгийн суудлын машинаас буугаад зам дагаад уруудаад алхаж байсан. Би араар нь зам хөндлөн гараад 50 метр орчим явж байхад тас гэж хүчтэй чимээ гарахаар нь хартал суудлын жижиг тэрэг арын гэрэл нь гялалзаад маш хурдтай хойноос урагш чиглээд хот руу чиглээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, бүдүүвч зураг, гэрч М.У-дуудлага өгсөн ярианы бичлэг, гэрч С.Н-мэдүүлэг, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.         

            Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 641 дугаартай дүгнэлтэд амь хохирогч Л.Н- учирсан гавал тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед босоо байрлалд мөргөгдөх, цохигдох, савагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Түүнд учирсан гэмтлүүдийг нас барахаас өмнө үүссэн гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлүүд болохыг тодорхойлоод, дүгнэлтэд дурдсан “баруун зулай, чамархайн чулуулгийн урдуур хөндлөн явж турк эмээл дайран суурийн зүүн хонхор болон баруун дух, чамархайн заадсаар доош явж төгссөн шугаман хугарал, их тархины зүүн зулай, дагз, баруун зулай, дагз, бага тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хүзүүний 1-р нугаламын бүрэн мултрал, нугасны бүрэн бус тасрал. Баруун эгэм, баруун талын олон хавирганы шууд бус хугарал, сэмж, чацархайн цус хуралт” бүхий хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэжээ.

            Зам тээврийн ослын шалтгаан нөцлийг тодорхойлох зорилгоор тусгай мэдлэгийн хүрээнд 181 дугаартай Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд тус дүгнэлтэд шүүгдэгч Б.А-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн дариу зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртөсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж  болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт “иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх” тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартай буцаж ирэх, г/ тухайн ослын цагдаагийн байгууллага “ажилтан”-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 12.2-д заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гэж үзлээ.

            Харин тус дүгнэлтэд явган зорчигч Л.Н-нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийшээ сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй үндэслэлгүй дүгнэлт гэж үзлээ.

            Учир нь хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч нь үзэгдэх орчинд явган хүний гарцгүй газраас зам хөндлөн гарсан, нийт туулах 7м өргөнтэй замын 5.3м-ийг туулсан үедээ мөргөгдсөн, амь хохирогчийн хувийн байдлын хувьд 63 настай, хөл муутай хүн байсан болох нь түүний эрүүл мэндийн талаар холбогдох баримт, тайлбараар тогтоогдож байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн амь хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

            Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.

Дээрх тохиолдолд жолооч анхаарал болгоомжтой зорчих, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй үед шаардлагатай тохиолдолд тээврийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авахаар хурдыг сонгож явж чадаагүйгээс буюу зогсоох арга хэмжээ авалгүй зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг дайрч осол гарган хүний амь нас хохирсон, улмаар осол гаргасан жолоочид хууль болон дүрмээр хүлээлгэсэн дүгнэлтэд дурдсан үүргийг зөрчин хэргийг газрыг санаатай орхин зугтаасан нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А-ийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, гэмт хэрэг үйлдсэнээ мэдсээр байж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруугийн санаатай үйлдэлд нь мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оршуулгын зардал, буяны 49 хоногт зарцуулсан 22.684.414 төгрөгний зардал гарснаас шүүгдэгчийн өгсөн 8.010.000 төгрөгийг хасаад 14.674.414 төгрөг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу буяны үйл ажиллагаатай холбоотой зайлшгүй зардлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ад олгуулах нь зүйтэй байна.

Тиймээс хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн буяны үйл ажиллагаатай холбоотой гаргасан нийт зардлаас 1хх144 талд авагдсан 1-8 дугаартай баримтгүй зардал нь зайлшгүй гарах зардалд хамаарна гэсний үндэслэлтэй гэж үзэж, харин буяны ажилд оролцсон нийт 800 хүнд “зэд” өгөхдөө хүн тус бүрд 5.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг өгсөнийг зайлшгүй зардалд хамаарахгүй гэж үзэн нэхэмжилж буй үнийн дүнгээс хасч тооцов.

Иймд шүүгдэгч Б.А-өөс 10.674.414 төгрөг гаргуулын хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ад олгуулж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Б.А-өд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, мөн хуулийн тусгай 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэнээ өөрөө илчилсэн, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Б.А- нь хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн осол гаргасан талаар үеэл дүү С.Н- дамжуулан цагдаагийн байгууллагад мэдэгдэн өөрийгөө илчилсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэж, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

            Дээр дурдсанчлан амь хохирогчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдэл байхгүй байх тул хохирогчийн буруутай үйл үйлдлээс осол гарсан гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн газрын орхиж зугтаасан байдал, гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүй тэнсэж шийдвэрлүүлэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. 

            Шүүгдэгч Б.А-ийн хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-өд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх 2  жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

            Оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  түүний В ангиллын ....... дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтааж авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шүүгдэгч 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялж шилжүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А-өөс 10.674.414 /арван сая, зургаан зуун далан дөрвөн мянга, дөрвөн зуун арван дөрөв/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ад олгуулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  түүний В ангиллын .....дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР