| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2020/0041/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/52 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/52
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх
иргэдийн төлөөлөгч Ш.Я,
хохирогч Ч.Э, түүний өмгөөлөгч С.Г,
шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И овогт С-н Н-д холбогдох эрүүгийн 2017000000027 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 01-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Г аймгийн Ш сумын дугаар баг, дугаар зөрлөгийн тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх И овогт С-н Н /РД:ЕЙ/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 22 дугаар зөрлөгийн 9 дүгээр байрны гадаа 2020 оны 04 дүгээр сарны 09-ний өдөр иргэн Ч.Э-г хувийн тараамжгүй харьцааны улмаас хэвлийн тус газар нь нэг удаа, цээжин тус газар нэг удаа, нийт хоёр удаа хутгалж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 22 дугаар зөрлөгийн 9 дүгээр байрны гадаа 2020 оны 04 дүгээр сарны 09-ний өдөр хохирогч Ч.Э-г хувийн тараамжгүй харьцааны улмаас хэвлийн тус газар нь нэг удаа, цээжин тус газар нэг удаа, нийт хоёр удаа хутгалж, түүний биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хутгалагдсан шарх, ходоодны урд хана, сэмжний нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн дэх цус алдалт, цээжинд шарх, цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулан алахыг завдсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Тухайн өдөр би архи уусан байсан. Э ахаас намайг ажлаас халуулсан талаар асуух гэж очихдоо айлгах зорилгоор хутга авч очсон. Тэгээд Т ахыг усаа аваад машиндаа хийж байхаар нь ард нь очиж зогссон. Тэгтэл Т ахыг эргэж хархаар нь намайг цохих гэж байна гэж бодоод гэдэс рүү нь хутгалсан. Тэгээд дахиад над руу ойртохоор нь дахин нэг хутгалсан. Тэгтэл гэрээс нь эхнэр, охин 2 нь гарч ирээд хүн аллаа болиоч гээд эхнэр нь над руу угаадас цацсан. Тэр хооронд Т ах С ахын гэр лүү явсан. Би араас нь замдаа уначих болов уу гэж бодоод явтал С ахын гэр лүү орсон. Тэгэхээр нь би наад байшингийн буланд нь суусан. Удалгүй манай охин ирээд эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгтэл Т ах эхнэртэйгээ машинаараа эмнэлэг явсан. Тэгсэн удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.
1.2. Хохирогч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Тухайн өдөр гэртээ хонь гаргаад гэдэс чанаад байж байсан. Манай гэрт эхнэр 2 хүүхэд болон манай туслах малчин С нар байсан. Харин манай том хүү С хонинд явсан байсан. Тэгээд гэдэс гаргаад идэх гээд сууж байхад Н гаднаас орж ирээд Э ахаа уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би наанаа ярьчих гэсэн чинь дуугүй зогсож байгаад гараад явсан. Тэгээд би хоол идэж, цайгаа уучихаад хороо руугаа явж малд ус өгөх гээд гэрээсээ гараад хар машиныхаа хойд талд нь усаа хийчихээд тойроод нөгөө талд нь усаа хийх гэж байхад зүүн талын байшингийн хажуунаас Н ирж байсан. Тэгээд усаа өргөөд машиндаа хийх гэж байхад гэдэс рүү хутгалсан. Би шоконд ороод юм хэлж чадаагүй. Тэгсэн дахин хутгалахдаа чамайг ална гэж хэлсэн. Тэгэхэд эхнэр гарч ирээд угаадас цацаж салгасан. Тэгтэл бүгдийг нь ална гээд хутгаа эргүүлээд байсан. Тэр хооронд эхнэр намайг зугтаарай гэж хэлэхээр нь би айсандаа С гэдэг айл руу гэдсээ гараараа дараад амь авраарай, хаалгаа түгжээрэй, намайг алах гээд байна гээд орсон. Тэгсэн нөгөө хүмүүс сандраад утсаа газар шидээд түргэн ч дуудаж чадаагүй. Тэгтэл эхнэр орж ирээд охин нь хутгыг нь авчихлаа хоёулаа явъя гэсэн. Тэгээд эхнэр машинаа жолоодоод би хажууд нь суугаад явсан. Эмнэлгийн түргэн тусламжийг харин хурдан авсан тулдаа амьд гарсан. Н эмчилгээ болон хагалгааны зардлыг төлсөн. Гэхдээ би өмнөх шигээ эрүүл болоогүй. Н хутгаа дүрчихээд дотор нь эргүүлээд байсан учраас дотор эрхтэн гэмтсэн. Мөн зүрхний гол судсыг залгасан гэсэн. Одоо янз бүрийн архи, дарс хэрэглэж болохгүй, биеэ сайн гамнаж яваарай гэсэн. Тиймээс цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би гомдолтой байгаа гэв.
1.3. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр буюу өнөөдөр 16 цагийн үед 22 дугаар зөрлөгт хамт байдаг Н манайд архи уусан согтуу орж ирсэн. Би Н ахыг суу хоол ид гэсэн чинь үгүй гэсэн. Н ах манай нөхөр Э гарч уулзъя гэсэн. Манай нөхөр гутлаа өмсөөд араас нь дагаад гараад явсан. Би тэр хоёрын араас удаагүй угаадас асгах гээд гартал гэрийн баруун хойд талд байсан машины хажуугаар Э Н ах нар зэрэгцээд явж байсан. Э хутгалчихлаа гээд бариад явж байсан савтай усаа газар хаясан. Би тэр хоёр луу хартал Н ахын гарт хутга харагдсан. Би Н ахыг болиочээ гээд барьж явсан угаадсаа Н рүү цацсан. Манай 10-р ангийн охин тэр хоёрын голоор ороод болиоч ээ гэсэн чинь Н өөдөөс нь хутгаа савчаад байсан. Би охиноо наадахаа орхиод Н-н дүү Ч-д хэл гээд явуулсан. Н цаашаа алхаж байгаад айлын амбаарын үүдэнд хутгаа бариад суусан. Н-н охин гарч ирж байгаа харагдсан. Би нөхрөө аваад шууд Шивээговь сумын эмнэлэг рүү явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
1.4. Насанд хүрээгүй гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн үед санагдаж байна. Ээж гэрээс гарахаар би зөрөөд гэрийнхээ хойд өрөө рүүгээ орсон юм. Тэгтэл ээж гадаа хүүеээ Н ахаа та яаж байгаа юм бэ гээд орилсон. Тэгэхээр нь би тавчикаа өмсөөд гэрээсээ гарахад гэрийн урд талд Н зүүн гартаа хутга барьсан аавын хэвлий орчмоос цус гарсан цусаа гараараа дарсан зогсож байсан. Тэгэхээр би шууд гүйж очоод Н ах аав хоёрын голоор орсон. Н ах бүгдийг чинь ална гэж байсан. Тэгтэл ээж намайг холд гэж хэлсэн. Тэгэхээр нь би холдоод Н ахын дүү дэлгүүрийн худалдагч хийдэг эгчид очиж эмнэлэг цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
1.5. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Э ах хонь гаргаад би гэдэс идээд байж байтал Н гаднаас халамцуухан орж ирээд Т ах уулзая гэсэн. Тэгэхээр нь Т ах ярих юм байвал энд ярь, ах нь малдаа явах гээд байна гэж хэлсэн. Т ахын эхнэр Нараа ах гэдэс ид гэж хэлсэн. Тэгсэн Н юу ч хэлэлгүй гараад явчихсан. Би гэдэс идээд цай уучихаад Т буюу Э ахын гэрээс гарахад Н урд талын байрны баруун хойд талын довжоон дээр сууж байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэдний гаднаас шууд 00 ороод малын хороо хашаа руу явсан. Би Т буюу Э ахын малыг энэ оны 02 сараас хойш харах болсон. Э ах араас ирэх байсан ирээгүй. Малын хашаан дээр байхад Т ахын машин Шивээговь сум руу их л хурдтай явж байгаа харагдсан. Тэгээд юу болсон юм болдоо гэж бодоод Э ахын гэрт ирээд болсон асуудлыг мэдсэн. Цагдаа нар ирчихсэн байсан. Манай Шивээгийн хүмүүс Э ахыг Т гэж дууддаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
1.6. Гэрч Ж.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр цагийг нь санахгүй байна. Би гэртээ хоол идээд сууж байтал манай нөгөө байрны Э манай гэрт орж ирээд Н намайг хутгалчихлаа та цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би юу болсон юм болоо гэж бодоод харахад Э зүүн гараараа хавирга хэсгээ дарсан цамц, өмд зэрэг нь цус болсон байдалтай байсан. Тэгээд би сандраад 103 дуудсан чинь Чойрын 103 луу залгасан байсан. Чойрын 103-с надад Шивээговь сумын эрүүл мэндийн төв рүүгээ залгана уу гээд нэг дугаар хэлсэн. Би тэр дугаарыг нь тогтоож чадалгүй утсаа салгасан. Тэгээд би гэрээсээ гарч гадаа хүн байвал эмнэлэг дуудуулъя гэж бодоод гэрээсээ гарахад манай гэрийн гадаа Эгийн эхнэр С ирсэн байсан. Тэгтэл миний араас Э манай гэрээс гараад явсан. Хаашаа явсныг нь би хараагүй. Тэгээд манай гэрт Эгийн зогсож байсан газар шалан дээр цус болсон байсан. Тэрийг нь манай нөхөр бид хоёр арчиж цэвэрлэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
1.7. Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Өнөөдөр гэртээ хоол идээд сууж байтал 17 цаг өнгөрч байхад гаднаас Э гэдсээ дарчихсан орж ирсэн. Яасан бэ юу болов гэхэд Н хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр Эгийн эхнэрийг дуудаад цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
1.8. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Өнөөдөр 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цаг 13 минутын үед Шивээговь сумын 2 дугаар баг 22 дугаар зөрлөгт хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага ирүүлсэн. Дуудлагын дагуу би жолоочийн хамт Шивээговь сумын 2 дугаар баг 22 дугаар зөрлөг рүү хөдөлсөн. 22 дугаар зөрлөг дээр очих үед эмнэлгээс хутгалуулсан хүн ирчихлээ гэж хэлсэн. Эргээд би эмнэлэг дээр ирэхэд шархны цусыг тогтоосон, шингэн залгасан байдалтай байсан. Аймгийн 7054103-т 16 цаг 32 минутад дуудлага өгсөн. Аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмч нар 17 цаг 40 минутын үед ирж өвчтөнг үзээд яаралтай авч явж хагалгаанд орно гээд 18 цаг 40 минутад хутгалуулсан хүнийг авч явсан. Биеийн байдлыг тогтворжуулж цус сэлбэж хийгээд аймгийн төв рүү авч явсан.
...Эход харахад элэг рүү мэс /хутга/ орж дотор цус их алдаж байна гэсэн онош тавьж байсан. Яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гээд аймгийн төв рүү явсан. Хэвлийдээ хутгалуулсан шархны хавиар их өвчтэй байна гэж өвчтөн хэлж байсан. Хутгалсан хүнээ огт хэлж байгаагүй. Битгий унтаарай гэж миний зүгээс даралт пульсыг нь хянах арга хэмжээ авч байсан. 1 литр 500 грамм орчим цус /шингэн/ сэлбэсэн. Намайг эмнэлэг дээр ирэхэд манай эмнэлгийн бүхий л алба хаагчид тухайн хутгалуулсан хүнд тусламж үзүүлж байсан. Тухайн хүний зүүн тал буюу эгэмний дунд шугамаар зүрхний доод хэсэгт 1 удаа нэвтэрсэн, язарсан, нөгөө талдаа баруун эгэмний гадна шугамаар элэг орчим гүнзгий шархтай хэмжээсийг нь сайн хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
1.9. Гэрч Г.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Хэрэг гарсан эсэхийг нь тухайн үед мэдээгүй. Эгийн авгай хүн хутгалчихлаа хүн аллаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр юу болоод байгаа юм бол гэж бодоод гэрээсээ гарсан зүйл байхгүй. Яагаад гэрээсээ гараагүй гэхээр саяхан 22 дугаар зөрлөгт нүүж ирсэн болохоор нээх дотносож танилцсан хүн байхгүй болохоор тэр үед л хэрэг гарсан юм байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
1.10. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13-14 цагийн үед Б Н ах хоёр гараашийн хажууд юм хийгээд байсан юм. Тэгээд би Х ахын хамт очиход машинаа гараашнаас гаргаж зургийг нь авна гэж байсан. Тэгээд Н ахыг гараашнаас машиныг нь түрж гаргаж байгаад зургийг нь 4 талаас нь авахуулаад буцаагаад гараашд нь түрэлцэж хийсэн. Тэгээд л шууд яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
1.11. Гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Хэрэг гарсан гэх өдөр 13 цагийн үед Н бид хоёр гараашных нь хажууд Н хуучин ipsum маркийн машины эвдрэлийн зургийг дарах санаатай уулзсан юм. Тэгээд машиныг түрж гаргах гэтэл урд дугуйг нь салгаад тавьсан байсан. Урд дугуйг угсрах гэтэл 17-н түлхүүр олдохгүй байсан. Н 17-н түлхүүр хайж гэр лүүгээ яваад олоод ирсэн. Тэгээд машиныг нь гараашнаас түрж гаргах гэж байтал Б, Х хоёр ирсэн. Тэгээд машиныг нь түрж гаргаад зургийг нь 4 талаас аваад буцаагаад гараашд хийх гэж байтал нэг танихгүй залуу /Б/ ирж явцгаасан. Н бид хоёр машиныг нь янзлах талаар хэсэг ярьж байгаад би шууд гэр лүүгээ явсан. Н ганцаараа үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
1.12. Гэрч Ц.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13-14 цагийн цагийн үед би гэрийнхээ гадаа байж байхад Б ирээд Б, Н ах 2 гараашийн хажууд юм хийгээд байх шиг байна гээд хоёулаа очих уу гээд бид хоёр Нийн гарааш дээр очсон юм. Тэгтэл Н Б хоёр гараашнаас машин түрж гаргах уу гээд зогсож байсан. Тэгээд Нийн гараашнаас машиныг түрж гаргатал Болдбаатар машины 4 талаас зургийг аваад байсан. Тэгээд буцаагаад машиныг нь гарааш дотор түрж оруулах гэж байтал Б гэх залуу ирсэн. Тэгээд Н, Б, Б, Б бид 5 машиныг нь түрж оруулсан. Тэгээд Б бид 3 гэр гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд гараашийн хажууд Б, Н 2 үлдсэн. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэх зүйл ахад нь байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
1.13. Гэрч С.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Намайг өчигдөр ажил дээр сууж байхад /2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр/ Э гэдэг хүний охин дэлгүүрт орж ирээд аавыг Н ах хутгалчихлаа эмнэлэг дуудаад өгөөч гэсээр орж ирсэн. Би утсан дээрээ кодыг нь хийж эмнэлэг рүү залгах гэсэн чинь сандраад залгаж чадахгүй байсан. Тэр хоорондоо Ггийн утас руу залгаад аав чинь хүн хутгалчихсан байна гэж хэлсэн. Г утсаа салгасан. Би дэлгүүрээс гараад юу болсон юм бол гээд харсан чинь С ахын амбаарын гадна Н ах суучихсан дэргэд нь охин Г нь зогсож байсан. Сандаг ахынхаас Э ах эхнэрийн хамт гэрийнхээ гадна ирж машиндаа суугаад сумын эмнэлэг рүү явсан. Миний харсан зүйл гэвэл энэ байна. Миний ажиллаж байгаа дэлгүүр болохоор 10 дугаар байранд байдаг. Э ахын байр нь 9 дүгээр байр юм. Би дэлгүүр дээрээ ажилтай байсан тул тэндээсээ холдож чадаагүй байж байтал цагдаагийн хүмүүс ирж Н ахыг аваад явсан. Э ах манай ах Нтэй ямар асуудлаас болж муудсаныг нь хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
1.14. Гэрч Ч.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Өчигдөр 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өглөөний 7 цагт 21 дүгээр зөрлөг рүү ШОХК-н уурхайн автобусаар ажилдаа явсан. Ажил дээрээ байж байтал 22 дугаар зөрлөгийн худалдагч манай нөхрийн төрсөн дүү Н над руу утсаар яриад Н ах Эг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Шивээговь суманд байдаг ахыг дуудаж өөрийгөө авхуулаад Шивээговь сумын эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очиход Эг яаралтай Чойр луу авч явах гээд байж байсан. Тэгээд тэд нарын хойноос Чойрын эмнэлэг дээр ирж хагалгаа дуустал гадна нь Эгийн гэр бүлийнхэнтэй байсан. Хагалгаа амжилттай болсон эмч нар гарч ирсний дараа бид нар гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
1.15. Гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Намайг өчигдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цаг 11 минутад зөрлөгийн төмөр замын дэлгүүрийн худалдагч Н эгч над руу яриад аав чинь Эг хутгалчихсан байна, чи хаана байна гараад ир гэсэн. Тэр үед би өвөөгийн гэрт байсан тул болсон асуудлыг сонсоод гэрээс гарч ирэхэд аав баруун талын байшингийн баруун талд байх амбаарын өмнө нэг эгчтэй зогсож байсан. Би гүйж очиход аав Н барьж байсан хүрэн иштэй хутгаа тэр хавьд шидсэн. Тэгэхээр нь би аавыг амбаарын өмнөх сандал дээр суулгасан. Тэр үед Э гуайн охин намайг түргэн дуудаад өгөөч гэхээр нь би сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэр үед ааваас муухай малын сэвс үнэртээд байхаар нь гаднах куртекээ тайлчих гэхэд тайлахгүй гээд байсан. Тэр үед С эгч гарч ирээд чи өөрөөсөө болж ажлаасаа халагдсан биз дээ, арчаагүй пиздаа гээд элдвээр харааж эхэлсэн. Тэгтэл түүний араас Э ах гэдсээ дарчихсан гарч ирсэн. С эгчийг Э ах машинаа асаа яаралтай эмнэлэг явъя гэж хэлээд машинтайгаа эмнэлэг рүү явсан. Аав тамхи татъя гэхээр нь би тэнд байсан эгчийг гуйгаад тамхинд явуулсан. Би тэр хооронд аавд та яаж байгаа юм бэ зүгээр л хаячих хэрэгтэй байсан ш дээ гэхэд миний охин ажил хийгээд ээж, дүү нартайгаа байж бай, аавынх нь гэнэт ажлаас халагдсан мөнгө ирнэ, тэр мөнгөөр зээлээ дараад байж бай гэж хэлээд байж байтал төд удалгүй цагдаа нар ирсэн. Аав цагдаа нарыг ирэхэд би буруутай, баригдаад явъя, ах нь 2 охинтой гэж хэлсэн. Гэтэл тэр ирсэн цагдаа ах аавыг та ажлаасаа гарчихсан юм уу гэж асуусан. Хэнтэй архи уусан юм бэ гэж асуусан чинь аав би ганцаараа архи уусан гэж хэлж байсан. Тэгээд цагдаа нар аавыг авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
1.16. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Халагдсан үндэслэл бол үндсэндээ тэр юм. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Н нь орлон тор засагчаар ажилтай байсан юм. Гэтэл тухайн цаг хугацаандаа архи уусан гэсэн иргэний мэдээлэл утсаар ирсэн. Гарам дээр авто машин вагоны өмнүүр дайрч мөргүүлсэн асуудал 04 дүгээр сарын 04-ний өдөр болсон. Комисс газар дээр нь ажиллаж байхад иргэний мэдээлэл ирсэн. Бид нар тухайн үед иргэний мэдээллийг газар дээр нь үзэж шалгах боломжгүй байсан тул бригадын дарга С-д үүрэг өгч Нтэй уулз гэж хэлсний дагуу замчин явуулж үзүүлэхэд Н нь архи уучихсан байна гэж надад мэдээлэл ирсэн. Түүний дагуу би Нийг 1 дэх өдөр ирж уулз гэсэн үүрэг өгөөд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
1.17. Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажлын газраас 683 километрын гарам дээр сэлгээний тэрэгтэй суудлын авто машин мөргөлдсөн байна гэсэн дуудлага ирсэн. Ангийн дарга А, жолоочийн хамт намайг ирж аваад бид хэд осол болсон газар дээр очихоор явж байтал замд ангийн даргын утас дуугарсан. Одоо бид нар газар дээр нь очиж байна гэдгээ хэлсэн. Даргаас хэн бэ юу ярьж байна гэж асуухад 94.... дугаараас ийм осол гарлаа, та мэдсэн үү, тор харагч нь согтуу байж болох юм уу гэж нэг эмэгтэй хүн ярьж байна гэж хэлсэн. Газар дээр нь бид нар очоод бригадын дарга С-с өнөөдөр тор засагчаар хэн нь ажиллаж байгаа вэ гэж асуухад Н гарч байгаа гэсэн. Н хаана байна гэхэд согтуу байна, ажилд гараагүй гэсэн мэдээлэл ирсэн. Энэ нөхөр архи уугаад байна, одоо яах уу гэж ангийн дарга асуусан. Тэгэхээр нь би удаа дараалан архины асуудал гаргаж байна гэхэд за яахав би 1 дэх өдөр ир гээд дуудчихлаа гэсэн. Н нь 1 дэх өдөр ирээд өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгч халагдсан гэсэн. Халагдах үндэслэл нь бол ажлын байран дээрээ согтуу байснаас халагдах өргөдлөө өөрөө өгсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
1.18. Гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ажлын цагаар архи ууж ажлаасаа гарч байсан. Тийм. Ажлаасаа халагдсанаас хойш нилээн хугацааны дараа би ажлаасаа ирээд гэрийнхээ гадна хөл гараа угаагаад сууж байхад Н согтуу ирж чи намайг ажлаас халуулсан, матсан байна лээ гээд ална тална гэж байсан. Тэрнийг Эгийн авгай гэрийнхээ үүдэнд сууж байгаад харсан. Түүнээс биш өөр харсан үзсэн хүн байхгүй. Тэр үедээ Н намайг хөөгөөд би зугтаагаад Нийг гэр лүүгээ орсны дараа би гэр лүүгээ орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
1.19. Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Н 07:30 цагт торонд явах зааварчилгаа авч ажилдаа гарсан. Тухайн үед Н эв эрүүл ажилдаа гарсан. 11 цагийн орчим 22 дугаар зөрлөгийн гарам дээр ачааны галт тэрэгний өмнүүр суудлын авто машин орж мөргүүлсэн осол гарсан. Уг осол дээр байж байхад Замын 3 дугаар ангийн дарга А над руу яриад Нийн тухай ажилдаа байхгүй, архи уусан гэсэн мэдээлэл хүнээс ирлээ, чи хүн явуулж шалга гэсэн үүрэг өгсөн. Тэрний дагуу тор засагч Э-г явуулж Нийг үзээд ир гэсэн. Н ажлын байранд дээрээ байгаагүй. Оронд нь өөр хүн ажилд гаргаад Нийг би өөрөө хайж явахад зуныхаа амбаар тоочигийн байрандаа согтуу унтаж байсан. Би Нийн дэргэд байсан багажаа аваад /тэр байр, амбаараас нь/ гарсан. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа ирэхээр нь байгууллагын дарга таныг дуудсан, яаралтай очиж уулз гэж хэлээд явуулсан. Тэр өдөртөө хөдөлмөрийн гэрээг цуцалсан байсан.
...Тор харагч нь төмөр замын гарамд хяналт тавина. Өөр 681-690 дугаар километрийн торон хашаанд үзлэг шалгалт хийж ойрхон мал амьтан байвал холдуулах арга хэмжээ авах ёстой байсан. Тэр өдөр нь Н нь 686 дугаар километрийн баруун талдаа 50 метр тор холбох үүрэг авч ажилд гарсан. Уг үүргээ биелүүлээгүй. 11 цаг гээд өөр хүн оронд нь гаргасан. Гарам дээр хяналтын камер гэж байдаг болохоор өглөө зааварчилгаа авсан хүн эрт гарамны ерөнхий байдлыг шалгачихаад нийт 20 километр явж тороо шалгаад орой буухдаа гарамны ерөнхий байдлаа дахин шалгаж буух ёстой байдаг юм. Дарга руу замчин Нийг архи уугаад тасарсан байгааг ямар хүн хэлснийг би мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,
1.20. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 22 дугаар зөрлөгөөс урагш 13 километрт байрлаж ажилладаг юм. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө би ажилдаа гараад ажил дээрээ байж байхад бригадын дарга С 11 цагийн үед над руу залгаад замчин Н ажил дээрээ байна уу очиж үзээд хариу хэл гэсэн. Түүний дагуу би явж Нийг хайсан боловч ажил дээрээ байгаагүй. Байхгүй байна гэж бригадын даргад мэдэгдсэн. Би ажилдаа гарахгүй бол болохгүй нь гэж хэлээд ажилдаа гарсан. Түүнээс өөр мэдэж байгаа юм байхгүй. Сүүлд зөрлөгийн замчдаас 2020 оны 04 дүгээр сарын 09-нд Н нь Эг хутгалсан гэх асуудлыг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,
1.21. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 109 дугаартай дүгнэлтэд:
- Ч.Эгийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хутгалагдсан шарх, ходоодны урд хана, сэмжний нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн дэх цус алдалт, цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 68 дугаар хуудас/,
1.22. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 105 дугаартай дүгнэлтэд:
- С.Нийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 72 дугаар хуудас/,
1.23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2338 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн шороо чулууны хэсэгт цус илэрч байна.
- Илэрсэн цус нь С.Эгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн шинжээч, ШУ-ны магистр, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэнүүн гэжээ. /хх-ийн 79 дүгээр хуудас/,
1.24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2337 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Улаан хүрэн өнгийн модон иштэй хутганы ажлын хэсэгт цус илэрч байна.
- Илэрсэн цус нь С.Эгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн шинжээч, ШУ-ны магистр, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэнүүн гэжээ. /хх-ийн 85 дугаар хуудас/,
1.25. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 443 дугаартай дүгнэлтэд
- С.Н нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байсан байна.
- С.Н нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна.
- С.Н нь одоо ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна. С.Н нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
- С.Нд эмнэлгийн чадвартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
Дүгнэлт гаргасан: Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/
Гишүүн: Я.Ганхүү /сэтгэцийн эмч/
Илтгэгч: Л.Баттулга /ахлах зэргийн сэтгэцийн эмч/ /хх-ийн 91 дүгээр хуудас/,
1.26. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-8 дугаар хуудас/,
1.27. Шүүгдэгч С.Нийн согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
1.28. Эд мөрийн баримт хурааг авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
1.29. Хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-ийн 17, 20 дугаар хуудас/,
1.30. Улаанбаатар төмөр замын Замын 3 дугаар ангийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 40/269 дугаартай албан бичиг, /хх-ийн 138 дугаар хуудас/,
1.31. Улаанбаатар төмөр замын Замын 3 дугаар ангийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б-I-92 дугаартай С.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээр цуцлах тухай тушаал /хх-ийн 139 дүгээр хуудас/,
1.32. Улаанбаатар төмөр замын Замын 3 дугаар ангийн даргын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б-92 дугаартай хөдөлмөрийн гэрээр цуцлах тухай тушаал /хх-ийн 140 дүгээр хуудас/,
1.33. Замын 3 дугаар ангийн 6-р хэсгийн замчин Самдангийн Нийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 141-142 дугаар хуудас/,
1.34. Хохирогч Ч.Эгийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх-ийн 146-175, 178-182 дугаар хуудас/,
1.35. Хохирогч Ч.Эгийн гаргасан хохирлын тооцоо /хх-ийн 198-203 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Нийн өмгөөлөгч Б.Батчимэг нь гэм буруугийн шүүх хуралдаанд “Прокуророос шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг зөвшөөрч байна. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй ээ. Гэхдээ шүүгдэгч С.Нийн хувьд хохирогч Ч.Эг алъя гэсэн санаа зорилго агуулаагүй гэдгийг шүүх бүрэлдхүүн анхаараарай” гэх дүгнэлтийг гаргажээ. Өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан “...шүүгдэгч С.Нийн хувьд хохирогч Ч.Эг алъя гэсэн санаа зорилго агуулаагүй...” гэх дүгнэлтийг шүүх бүрэлдхүүн хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгч С.Н нь “Ч.Э нь намайг дээш нь матаж ажлаас халуулсан” гэх шалтгаанаар гэрээсээ хутга авч очин хохирогч Ч.Эг гэрээс нь дуудаж гарган хэвлийн тус газар нь нэг удаа, цээжин тус газар нэг удаа, нийт хоёр удаа хутгалж алахыг завдсан болох нь хохирогч Ч.Эгийн “...Н миний хажууд ирээд хавирга гэдэс орчимд нийт 2 удаа хутгалсан. Тэгээд би яг үхэх юм байна гэж бодоод Сандагдорж ахын гэр лүү зугтаасан. Тэгтэл Н миний араас чамайг гүйцээнэ гэж хэлээд хөөхөд аз болж манай эхнэр охин хоёр гарч ирээд чи хүн аллаа ш дээ гээд орилоод миний хойно үлдсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Сын “ ...Э Н ах нар зэрэгцээд явж байсан. Э хутгалчихлаа гээд бариад явж байсан савтай усаа газар хаясан. Би тэр хоёр луу хартал Н ахын гарт хутга харагдсан. Би Н ахыг болиочээ гээд барьж явсан угаадсаа Н рүү цацсан...” гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч Э.Э-н “...Н ах зүүн гартаа хутга барьсан аавын хэвлий орчмоос цус гарсан цусаа гараараа дарсан зогсож байсан. Тэгэхээр би шууд гүйж очоод Н ах аав хоёрын голоор орсон. Н ах бүгдийг чинь ална гэж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Ж.Лын “...Э манай гэрт орж ирээд Н намайг хутгалчихлаа та цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би юу болсон юм болоо гэж бодоод харахад Э зүүн гараараа хавирга хэсгээ дарсан цамц, өмд зэрэг нь цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Н.Ггийн “...Би гүйж очиход аав Н барьж байсан хүрэн иштэй хутгаа тэр хавьд шидсэн. Тэгэхээр нь би аавыг амбаарын өмнөх сандал дээр суулгасан. Тэр үед Э гуайн охин намайг түргэн дуудаад өгөөч гэхээр нь би сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн... гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иргэдийн төлөөлөгч Ш.Ялалт нь шүүгдэгч С.Нийг гэм буруутай байна гэж дүгнэсэн болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч С.Н нь “Ч.Э нь намайг дээд байгууллагад хэлж ажлаас халуулсан” гэх шалтгаанаар согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж үйлдэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Нийг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Г.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2014-2015 оны хооронд Н манай 31 дүгээр зөрлөгт замчин хийдэг байсан. Тэр үеэс эхэлж мэднэ. Ер нь гайгүй, хүнд тусар хуу хүн байгаа юм. Даруу төлөв зантай... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
2.2. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Даруухан зантай, сайн хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
2.3. Гэрч Ц.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Жаахан түргэн ууртай, хүн шоглох дуртай хүн байгаа юм. Тэрнээс өөр илүү дутуу зан байхгүй. Хааяа архи уудаг... гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
2.4. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Нийн хувьд янз бүрийн илүү дутуу асуудал байхгүй. Өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг ажилтан... гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
2.5. Гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн хоёр хүнийг хоёууланг нь танина. Найз нөхөд садан төрлийн холбоо байхгүй. Би 2009 онд Шивээговь сумын 22 дугаар зөрлөг дээр бригадын даргаар ажиллахаар очиход Н нь бригадын даргаар ажиллаж байсан. Э болохоор сургуулийн хүүхдийн автобусны жолоочоор ажиллаж байсан юм. 2009 оноос хойш 2 хүнийг таних болсон.
Н нь архины асуудал гаргадаг хүн. Э бас архи уудаг, хамт архи дарс уугаад л явж байдаг байсан. Н ямар нэгэн архи дарсны асуудал гаргадгаас өөр янз бүрийн ааш авиргүй хүн юм. Харин Э болохоор дандаа хүнийг матаж явдаг хүн байсан. Хамт ажиллаж байхад ажилчидтайгаа амраад сууж байхад ангийн дарга удирдлага руу танай энэ Энхболд чинь замчидтайгаа ажлаа хийхгүй амраад байна гэж хүртэл матаж байсан юм. Их л сонин зантай, хүнийг муулна, араар нь бөгс ухаж явдаг хүн дээ... гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
2.6. Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Надтай ажиллах хугацаанд миний дүгнэж байгаагаар Н нь дотогшоо дуугуй, нээлттэй биш, архинд дуртай хүн. Яагаад архи уугаад байгаа юм бэ гэж асуухад бие өвдөөд архи уучихлаа гэж хэлдэг юм. Өөрийнх нь яриагаар өмнө нь хутгалуулж олон удаа хагалгаанд орж байсан. Тэрнээсээ болж өвчнөө намдаах гэж архи уудаг гэж ярьдаг байсан. Эгийн талаар мэдэхгүй. Мэнд мэдэж үзээгүй. Замчидын яриагаар хүмүүстэй байнга хэрүүл ам хийж малаа тор луу оруулдаг, мөн ажилчидыг матдаг гэж ярих юм билээ. Миний хувьд янз бүрийн асуудлын талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
2.7. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Н нь архинд дуртай. Миний мэдэхийн намайг ажилд орсноос хойш Н нэг удаа архины асуудлаас болж ажлаасаа халагдаж байсан. Халагдаад нилээн хэдэн жилийн дараа эргээд ажилдаа орж байсан. Архинд л их дуртай хүн юм билээ. Дандаа архины асуудлаар халагдаж байдаг. Архи уучихаараа хүнтэй муудалцаж маргалдаж байгааг нь би харж байгаагүй. Эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг хүн... гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,
2.8. Гэрч И.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
1972 оны 10 дугаар сарын 01-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. Айлын том хүү, 7 дүүтэй. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн 8-р ангийн төгссөн. Төмөр замд замчин, бригадын дарга зэрэг ажил алба эрхэлж байсан. С.Н нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Шивээговь сумын 2 дугаар баг, 21-р зөрлөгт амьдардаг. Эхнэр Тунгалагтуяа Улаанбаатар төмөр замын 21-р хэсгийн худалдагч, том охин Г 22 настай, ШУТИС-н 4-р курсын оюутан. Бага охин Гэрэлтунгалаг 15 настай. Шивээговь сумын 3-р сургуулийн 9-р ангийн сурагч. Манай хүү С.Н нь их томоотой, үгэнд сайн ордог. Хүнд тусар хуу, хамт олон дундаа нэр хүндтэй. Төлөв даруу зантай. Ар гэрийн анхаарал халамж сайн... гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,
2.9. Шүүгдэгч С.Нийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 120 дугаар хуудас/,
2.10. Шүүгдэгч С.Нийн хувийн байдлыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 123-128 дугаар хуудас/,
2.11. Шүүгдэгч С.Нийн өвчтөний түүх /хх-ийн 129-134 дүгээр хуудас/,
2.12. Шүүгдэгч С.Нийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 135-136 дугаар хуудас/,
2.13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 143 дугаар/,
2.14. Зүүнбаян гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 129 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 189-191 дүгээр хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгч С.Нийн өмгөөлөгч Б.Батчимэг нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч С.Нийн хувийн байдлын тухайд төлөв даруу, хүнтэй эвсэг харьцаатай болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн хохирогч Ч.Эд учирсан хохирол болох 2 220 970 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдэхээр завдсан шинж байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээгээр оноож өгнө үү ” гэх саналуудыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэрэг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг үндэслэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч Ч.Эгийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хутгалагдсан шарх, ходоодны урд хана, сэмжний нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн дэх цус алдалт, цээжинд шарх, цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан, түүний хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Н нь хохирогч Ч.Эд хохирол болох 2 220 970 /хоёр сая хоёр зуун хорин мянга есөн зуун дал/ төгрөг төлж учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нийн цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй болно.
Хохирогч Ч.Э “би цаашдаа амралт сувилалын газраар явж эмчилгээ хийлгэнэ. Үүний зардалд 10 000 000 /арван сая/ төгрөг нэхэмжилнэ” гэж байгаа боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 25 сантиметр урттай, бариул хэсэг нь 10 сантиметр, ажлын хэсэг нь 15 сантиметр хүрэн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт С-н Н-ийн хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Н-д оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ийн цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 25 сантиметр урттай, бариул хэсэг нь 10 сантиметр, ажлын хэсэг нь 15 сантиметр хүрэн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.БАТТУЛГА
Т.ЭНХМАНДАХ