Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/54

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-н Б-д холбогдох эрүүгийн 2017000910063 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 30-нд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Г аймгийн С сум  дугаар баг, Б-н  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх Б овогт Д-н Б /РД:НЛ/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 5-509 тоотод төрсөн охин 13 настай Г.Х бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэрээ цэвэрлээгүй, хүүхдэд хувцсаа өгсөн гэх шалтгаанаар баруун гарын алга болон зүүн гарын шуу хэсэг рүү хоолны халбагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 5-509 тоотод төрсөн охин 13 настай Г.Х бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэрээ цэвэрлээгүй, хүүхдэд хувцсаа өгсөн гэх шалтгаанаар баруун гарын алга болон зүүн гарын шуу хэсэг рүү хоолны халбагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 05 дугаар сарын 14-нд би ажлаасаа буугаад амарч байсан. Тэгээд өглөө хүүхдийнхээ хувцсыг угаах гэж бүртгэж байхад Х-н өмд нь байхгүй байсан. Яасан талаар асуухад хүүхдэд өгсөн гэсэн. Тэгээд тэр хүүхэд рүү залгаж асуухад эгчээрээ өгч явуулсан гэсэн. Тэгээд эгч нь гээд нэг хүүхэд ирээд таныг хэн гэдэг юм. Танай хүүхдүүд шорон Ц-н хүүхдүүдтэй нийлдэг. Тэгээд өмдөө орхисон байна гэсэн. Урьд нь би хүүхдээ айлд хонолоо гээд худал хэлж танихгүй айлд хоносон байсан гэдгийг нь мэдээд уур хүрсэн байсан. Тэгээд хувцсаа айлд орхисон гэдгийг сонсоод их уурласан. Би тухайн үед хоол хийж байсан. Тэгээд хоолны халбагаараа зодсон гэв.

 

1.2. Насанд хүрээгүй хохирогч Г.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 5-509 тоот гэртээ байж байтал ээж Б намайг гэрээ цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар миний баруун алганы ар хэсэг рүү хоолны халбагаар нэг удаа цохисон. Мөн намайг найздаа өмдөө өгсөн байна, авчир гээд зүүн гарын шуу орчимд хэд хэдэн удаа хоолны халбагаар цохисон. Тэгээд би гэрээсээ гарч яваад аавынхаа гэрт ирсэн чинь аав гэртээ байхгүй байхаар нь найз С-н гэрт очсон. Тэгээд С-н гэрт байж байтал манай ээж ирээд намайг гэртээ харъя гэхээр нь би харихгүй гэсэн. Манай ээж намайг авч явна гээд үснээс зулгаагаад хэвлийн хавьд нэг удаа өшиглөсөн. Тэгээд манай эмээг дуудсан. Эмээ намайг гэр лүүгээ авч явна гэхээр нь зугтаагаад цагдаа дээр ирээд ээждээ зодуулсан талаараа хэлсэн. Тэгээд намайг хамгаалах байр луу авч явсан.

...Одоо миний биеийн байдал зүгээр байна. Тухайн өдөр намайг зодсон болохоор би зугтаасан. Урьд нь намайг зодож цохиж байгаагүй. Загнадаг байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

1.3. Гэрч Ч.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр 19 цагийн үед санагдаж байна. Гадаа харанхуй болсон байсан. Цаг хэд болж байсан талаар нарийн сайн мэдэхгүй байна. Манай охин Б над руу утсаар яриад Х айлд байна, явъя гэсэн явахгүй байна, та хүрээд ирээч гэсэн. Б Рашаантын 109 тоотод байсан. Тэгээд яваад очтол Х гэр лүүгээ явахгүй зугтаагаад тэр айлын хашаан дээгүүр давах гэхээр нь би ээжтэй нь хамт барьж авсан. Тэгээд гэр лүүгээ явахгүй гээд байхаар нь би Х манайд очъё гээд дагуулаад явсан. Х намайг дагаж явж байгаад зугтаагаад явсан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор хаашаа зугтаасан нь харагдаагүй. Ээж Б нь араас явсан. Би гэр лүүгээ харихаар явсан. Б араас нь хайгаад аавынх нь гэр лүү явж байтал О Ундраа дэлгүүрийн хажууд Х явж байснаа дахиад зугтаасан гэсэн. Би гэрээсээ гараад ганцаараа тэр хавиараа хайгаад олоогүй. Сүүлдээ Б Х олдохгүй байна цагдаад мэдэгдэе гэсэн. Би Б жоохон байж байгаад хэлэхгүй юу даа ангийнхаа хүүхдийнд очсон байж магадгүй гэсэн. Тэгээд сүүлдээ олдохгүй болохоор нь цагдаа дээр ирсэн чинь Хулан аль хэдийн ирээд ээж Б зодуулсан гээд цагдаад өгсөн байсан. Х хүүхэд хамгаалах байр луу аваад явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

1.4. Насанд хүрээгүй гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр би усанд явчихаад ирсэн. Тэгтэл Х эгч уурлаад гэрээс гараад яваад өгсөн. Х эгч гэртээ ирэхгүй байхаар нь ээж бид 2 араас нь хайгаад ангийнх нь хүүхэд С-н гэрт нь очсон чинь Х эгч байж байсан. Ээж Х эгчийг гэртээ харъя гэсэн чинь харихгүй гээд уурлаад байсан. Х эгч ээжээс зугтаах гээд байсан. Тэгээд ээж эмээг дуудсан. Эмээ Х эгчийг гэртээ авч хоноё гээд дагуулаад явж байхад Х эгч зугтаасан. Би ээжтэй хамт Х эгчийг хайгаад аавын гэрт ирсэн чинь аавын гэр цоожтой байсан. Тэгээд хайгаад явж байтал Х эгч Оргил Ундраа гээд дэлгүүрийн хажууд явж байхаар нь ээж нааш ир гээд дуудсан чинь цаашаа зугтаагаад явсан. Тэгээд тэр хавиар хайгаад олоогүй. Ээж намайг гэрт хүргэж өгчихөөд Х эгчийг хайхаар гарсан. Тэр орой ээж эмээ хоёр манай гэрт ирсэн. Х эгч ээжийг зодсон гээд цагдаад өгсөн гэсэн....Миний хажууд зодоогүй. Намайг өдөр усанд яваад ирсэн чинь Х эгч уурлаад гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

1.5. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Х-н эмээ нь надад хэлэхдээ гадуур дэмий тэнээд байхаар нь ээж нь цохиод авсан чинь цагдаад өгсөн байна гэж хэлсэн. Дараа нь намайг цагдаагаас дуудаж Х-н мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулсан.

...Б урд нь Хуланг зодсон цохисон талаар сонсож байгаагүй. Хэрэв ээж нь зодсон бол Х надад хэлнэ. Тийм зүйл огт хэлээгүй. Б надаас салаад өөр хүнтэй суусан. Би Б-н гэрээр орж үзээгүй. Манай хоёр хүүхэд над дээрээ гүйгээд ирдэг. Заримдаа манайд хонож өнжөөд явдаг.

...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаартай дүгнэлтэд:

- Г.Х-н биед баруун алганд шарх, зүүн шуунд цус хуралт, зүүн шуу, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

1.7. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

1.8. Насанд хүрээгүй хохирогчийн Г.Х-н нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Д.Б нь өөрийн хүүхэд болох Г.Хуланд анхаарал халамж муу тавьсан, үүнээс үүдэн хүүхэд нь гэрээсээ зугтааснаас болж гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Б-г хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Шүүгдэгч Д.Б-н Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/

 

2.3. Шүүгдэгч Д.Б-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/

 

2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-64 дүгээр хуудас/

 

2.5. Г.Дөлгөөний төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-н -г хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХМАНДАХ