Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 489

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01289 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Өлзийсайханд холбогдох

 

93 335 041.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг, А.Жамъянсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь зээлдэгч С.Өлзийсайхантай 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/231, БГ/231 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 2,5 хүүтэй, зээлийн гэрээний хавсралтанд заасан хуваарийн дагуу хэсэгчилэн эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатар гудамж 11/2 байр 21 тоотод хаягт байрших, 162,02 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг (Г№000274023, Ү-2203013487) барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.

Зээлдэгч С.Өлзийсайхан нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гарган банкны зүгээс зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж 317231-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулсан.

Өнгөрсөн хугацаанд буюу зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлээс 83,87 төгрөг, зээлийн хүүнээс 12 298 514.04 төгрөг нэмэгдүүлсэн хүүнээс 223 630.13 төгрөг тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

Үүнд үндсэн зээл 69 999 916.13 төгрөг, зээлийн хүү 18 022 013.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 245 681.03 төгрөг нийт 91 267 610.62 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд зээлдэгч С.Өлзийсайханаас нийт 91 267 610.62 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжпэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Үндсэн зээл 69 999 916.13 төгрөг, үндсэн хүү 18 022 013.47 төгрөг байсныг 19 748 038.79 төгрөг болгож 1 726 025.32 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү 3 245 681.03 төгрөг байсныг 3 586 086.09 төгрөг болгож 340 405.06 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 2 066 430.38 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 93 335 041.02 төгрөгийг зээлдэгч С.Өлзийсайханаас гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барыдаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Өлзийсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэн С.Өлзийсайхан би Багануур дүүрэгт баригдаж буй тус дүүргийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын ажилчдын 48 айлын орон сууцанд хувь эзэмшиж хөрөнгө оруулах зорилгоор “Капитал” банкнаас 70 000 000 төгрөгийн шуурхай зээл авсан юм. Уг барилгыг “Ханбаян” ХХК бариулж байгаа бөгөөд би хувиасаа нийт 125 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Одоо 65 хувийн гүйцэтгэлтэй байгаа уг барилгыг 2016 оны 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан боловч хөрөнгө оруулалт хийж чадаагүйн улмаас царцсан. Одоо бид 2017 онд уг барилгыг дуусгаж ашиглалтад өгөхөөр хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэж болно. Банкны зээл, хүүг төлөх боломжгүй байсаар өдийг хүрлээ. Би өөрөө “Петрокоая” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд энэ компани нь төв аймгийн Баян сумын нутагт байрлах нүүрсний уурхайг эзэмшиж олборлолт борлуулалт хийдэг юм.

Компанийн гүйцэтгэх удирдлагатай тохиролцсоны үндсэн дээр миний дээрх төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор нүүрсний борлуулалтын орлогоос төлж барагдуулахаар болсон юм.

Иймээс дээр дурдсан хугацааны зээл 69 999 916.83 төгрөг, зээлийн хүү 18 022 013.47 төгрөг нийт 88 021 930.30 төгрөгийг төлж барагдуулна. Харин хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байгаа байдлыг харгалзан нэмэгдүүлсэн хүү 3 245 681.03 төгрөгийг төлбөрөөс хасч тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Өлзийсайханаас үндсэн зээлийн төлбөрт 69 999 916 төгрөг 13 мөнгийг, зээлийн хүүд 3 580 934 төгрөг 87 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 716 186 төгрөг 97 мөнгийг нийт 74 297 037 төгрөг 97 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 19 038 003 төгрөг 5 мөнгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Өлзийсайхан 74 297 037 төгрөг 97 мөнгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203013487 дугаар бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 байр, 21 тоот, 162.02 метр квадрат талбайтай, 4 орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622 301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Өлзийсайханаас 529 432 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Капитал банк нь С.Өлзийсайхантай 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/231 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж 70 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдэн авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож үл хөдлөх хөрөнгө барьцаалсан.

2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл төлбөр болох нийт 91 267 610.62 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 066 430.38 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 93 335 041.02 төгрөгийг хариуцагч С.Өлзийсайханаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 19 038 003 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хариуцагч С.Өлзийсайханаас 74 297 037 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч нь нэхэмжлэгчид 70 000 000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрт 83.87 төгрөгийг, зээлийн хүүнд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 15 879 449.91 төгрөг төлөхөөс 12 298 515.04 төгрөгийг төлсөн болох нь №ЗГ/231, №ЗГ231-1 гэрээний хуулбар, 2012013195 тоот зээлийн хүүний тооцооллоор тогтоогдож байна” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна.

Учир нь Капитал банк нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл болох 69 999 916.13 төгрөг, үндсэн хүүнд 18 022 013.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 245 681.03 төгрөг нийт 91 267 610.62 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 066 430.38 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 93 335 041.02 төгрөгийг нэхэмжилсэн. Ийнхүү нэхэмжлэхдээ С.Өлзийсайханаас зээлийн хүүнд төлсөн 12 298 514.04 төгрөгийг хасаж тооцсон хэсгийг буюу 19 748 038.79 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүх үндэслэлгүйгээр давхардуулан хасаж шийдвэрлэсэн нь ямар нэгэн тоо, тооцоолол байхгүй бөгөөд хэрхэн тооцож энэхүү дүнг гаргасан нь тодорхойгүй байна.

Мөн түүнчлэн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг cap тутамд тооцож, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүүг бодсон болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь банк нэмэгдүүлсэн хүүг cap тутамд биш төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж тооцсон нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.1, 24.3-д заасантай нийцсэн. Банкны зээлийн үйл ажиллагааг нарийвчилан зохицуулсан энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байдаг. Мөн талуудын байгуулсан №ЗГ/231 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т “нэмэгдүүлсэн хүү гэж ... төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор гэрээнд заасан хувиар нэмэгдүүлж тооцохоор гэрээнд заасан хүүг” гэж заасан. Иймээс зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацааны хүү нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар 181/ШШ2016/01289 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт дурдсан 19 038 003 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж хариуцагчаас 93 335 041.02 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой юм.

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч С.Өлзийсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 91 267 610.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 066 430.38 төгрөгөөр нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч нэмэгдүүлсэн хүү төлөх ёсгүй гэж маргажээ.

/хэргийн 45 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч нь 70 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлд Ү-2203013487 улсын бүртгэлийн дугаартай 000274023 гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 11/2 дугаар байр, 21 тоот 162.02 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хэргийн 5-16 дугаар тал/

 

Мөн талууд дээрх зээлийн гэрээг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунгахаар харилцан тохиролцож 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулсан байна.

/хэргийн 14 дүгээр  тал/

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд, хариуцагч С.Өлзийсайхан нь зээлийн гэрээний хугацаанд төлбөрт 12 298 515.04 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хэргийн 35 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дууссан байх ба хариуцагч уг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч С.Өлзийсайхан нь үндсэн зээл 69 999 916.13 төгрөг, зээлийн хүү 19 748 038.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 586 086.09 төгрөг, нийт 93 334 041.02 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 19 038 003,05 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж, шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01289 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Өлзийсайханаас 93 335 041.02 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.” гэж,

3 дахь заалтын “529 432” гэснийг “624 625” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-иас төлсөн 253 140 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                       

                                               ШҮҮГЧИД                             М.НАРАНЦЭЦЭГ     

                    

                                                                                С.ЭНХТӨР